Tuesday, April 28, 2009

Эссэ уншиж алжаалаа тайлна уу?

Ален Арман “Улаанбаатар хотын тулгамдсан асуудал”
/эссэ/
Суурин соёл иргэншил, нүүдлийн соёл иргэншлээс ялгагдах гол онцлог нь хувь хүн, айл өрх зөвхөн амиа аргацаах аж ахуй эрхлэн амьдрах бус бусадтай, хөршүүдтэйгээ хамтран, нийтийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, өөрт чухал шаардлагагүй ч бусдад хэрэг болох зүйлийг хийж бүтээж, түүгээрээ амьдрах эх үүсвэрээ болгодогт болов уу гэж би боддог. Өөрөөр хэлвэл хамтын аж ахуй эрхэлж, нэг нь нөгөөгөө нөхөх зарчмаар амьдрал үргэлжилдэг.
Монголчуудын хувьд Их Юань гүрний нийслэлийг Бээжинд шилжүүлсэн 100 гаруй жил төрийн удирдах хаад ноёд, тэдний шууд хараат албатууд л “хотжисон” хэв маягт ууссан төдийхөн, таван өнгийн амттан оргилон гардаг усан оргилууртай хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн Хархорин нийслэл /улмаар Эрдэнэзуу хийд гэх/ цаашлаад Гэлүгваагийн урсгалын нөлөөгөөр улс орны өнцөг булан бүрд цэцэглэн баригдсан сүм хийд зэргээр л манайхны хот гэсэн ойлголтыг тоймлон багцалвал түүхийн өмнө буруудах вий хэмээн эмээнэ. Тийм ч учраас өнөөг хүртэл хөгшчүүл “Хот хүрээ” гэж тодотгон нэрлэх нь чухам тэрхүү ойлголт ухамсарт нь шингэснийх буй заа.
Өдгөөгийн Улаанбаатар анх 1639 онд мөн л Бурханы шашны томоохон төв болж байгуулагдсан бөгөөд 1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн Газрын 14 –р хуралдаанаар Улаанбаатар хот хэмээн хувьсгалын улаан өнгийг эрхэмлэсэн баатрын нэрийг зүүтлээ Орд-Өргөө /Занабазарт зориулсан/, Их Хүрээ /1640-1778/, Нийслэл хүрээ /1911-1924/ хэмээн он цагийн аясаар /Наймаа хот, Амгаланбаатар гэх мэт албан бус нэрсийг үл оруулав/ нэрлэгдэж иржээ. Энд бас нэг сонирхолтой баримт байгаа нь Их хүрээ 1778 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Туул, Сэлбэ, Дунд голын хөндийд төвхнөтлөө 1640-1855 оны хооронд нийтдээ 28 удаа нүүж байсан гэдэг эрдэмтэдийн судалгаа байдаг. Мөн түүнчлэн Монголын Нууц Товчоонд дурьдсанаар, хаад ноёд өөрийн эзэмшлийн бүс нутаг дотроо цаг улирал, дайн тулааны нөлөөгөөр нааш цааш нүүдэллэн байсан нь харагддаг.
Эндээс манай монголчуудын хувьд хот, тэр дундаа улсын нийслэл гэдэг ойлголт мөн л нүүдлийн соёл иргэншлийн салшгүй хэсэг болсон амьдрах хэв маяг, малаа маллах бэлчээр ус, цагийн байдал /өвөл зун, гадна дотны дайсан/ зэргээс гадна хаад ноёдын тухайн цагт байршиж буй газар гэсэн утгатай байсан болов уу гэж дүгнэж болохоор байна.
Одоогийн Улаанбаатарт тулгамдаад буй асуудлыг тодорхойлохын тулд дараахь 3-н хүчин зүйлийг дурьдвал зүйтэй болов уу.
- Туул голын хойд хөвөөнд, Сэлбэ, Дунд голын сав газарт, 4 талаараа Сонгино, Баянзүрх, Богд Хан уул, Чингэлтэй хайрханаар хүрээлэгдэж, далайн түвшнээс 1310 м өндөрт оршдог.
- 2008 онд 1 сая иргэнтэй болсон баяраа тэмдэглэсэн. Жилд хөдөө орон нутгаас 30 гаруй мянган хүн шилжин суурьшдаг. Нийт хүн амын 70 хувь нь гэр хороололд амьдардаг.
- Хот төлөвлөлтийг 1954 онд анх 20 жилийн хугацаатай төлөвлөсөн. 1990 оны ардчилсан хувьсгалаар чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэн. “Би л болж байвал” гэх нүүдэлчин сэтгэхүй оршсоор...гэсэн 3 хэсэгт авч үзье.
Нэг. Нийслэл хот маань өөрөө газар орны тогтоцын хувьд, одоо нүүрлээд буй олон асуудлыг шийдвэрлэх боломжгүй “хонхорт” оршдог. Дэлхийн улс орны томоохон хотуудыг байгуулсан газар орны байдлыг ажиглахад, ихэвчлэн задгай, тэлэх боломжтой, томоохон хэд хэдэн гол мөрний огтлолцол дээр, цаашлаад нуур, тэнгисийн эрэг хөвөөг “бараадсан” харагддаг. Энэ нь өөрөө ундны усны эх үүсвэрийн шавхагдашгүй нөөцөөс гадна тээвэр, газар тариалан, үйлдвэрлэл хөгжих боломжийг нээдэг. Гавъяат сэтгүүлч Ч. Жамьян саяхны “Өдрийн сонин”-д 1990 оноос өмнө Улаанбаатар хотын эргэн тойрон 80 гаруй булаг шанд байсан ч өнөөдөр 10 хүрэхгүй шахам үлджээ хэмээн их л харуусангуй бичсэн. Булаг шанд байтугай Дунд гол аль дээр “нүд аниад”, оронд нь орон сууцны хороолол босгох “жинхэнэ эх оронч” санаачлага өрнөж, Сэлбэ гол хотын хойд хэсгийн уулсын суга жалгаас хавар цагт л урсан ирдэг шар усыг хашигч ч юм уу, зуны цагт машин болон хувцас угаах “хамгийн том ванн”-ны үүрэг гүйцэтгэх болсоор, Туул голын цэвэр усанд арьс ширний үйлдвэрийн хорт бодис цутгагдаж, эрэг дээрх 10 хүрэхгүй гүний худагын хашаанд нь тулгаад гольфийн талбай, тархи нь хоосон чинээлэг нэгний оромжийг босгосоор байгаа энэ үед хүн амаа эрүүл байлгахын тулд шийдвэртэй арга хэмжээ авах цаг нэгэнт болжээ. Бидэнд уух ч ус, ургамал модоо ч услах ч ус хэрэгтэй байна. Энэ уснаас л болж, энэ “хонхор” газар өвлийн цагт хамаг утаа униар хоргоддог, цааш байшин барилга барих талбайн нөөцгүй болсон гэх мэт олон зовлон өсөн нэмэгдэж, хотод асуудал болсоор байна гэхэд буруудахгүй болов уу. Энэ талаар дараа дурьдах учир ингэсгээд орхиё.
Хоёр. 2008 онд нийслэл сая дахь иргэнээ хүлээн авлаа гэж хэд хэдэн хүүхдийг хооронд нь хэн нь азтай иргэн болохыг нь шалгаруулах шахам сүр дуулиантай, бас байрны түлхүүртэй томоохон шоу болсон. Гэтэл нийслэлийн хэмжээнд 3-хан амаржих газартай. Жил бүр албан ёсны шилжүүлэгтэй 30000 гаруй хүн шилжин суурьшиж байна. Монгол улсын иргэн оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй ч дийлэнхи нь хэдэн малаа зарж, хямдхан төмрийн сэг аваад, түүгээрээ халтуур хийнэ. Түгжрэлд энэ халтуур хийж ашиг олсоныхоо татварыг төлөх нь байтугай, төмрийн сэгээ ч хүн шиг угаачих сэхээгүй нөхдүүдийн оруулж буй “хөрөнгө оруулалт”, хөдөө орон нутгыг хүний амьдран байж болох газар болгох гэж оруулж буй хотын хүмүүсийн татварын мөнгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалт хоёр яг тэнцэнэ. Бас дээр нь тэдний дийлэнхи нь төрж өссөн, ачаад ирсэн гэртээ амьдарна. Зарим нь дугуй тоосго шатааж, нөгөө нь гудамны ам таглаж бууна. Харин гуравдахь нь “хүн тавьдаг газар” хэнэг ч үгүй хашаа хатгана. Хүүхдүүд нь гуч дөчөөрөө гурав дөрвөн ээлжээр хичээллэнэ. Ханиад томуу хэн хэндээ халдаах нь юу ч биш. Би дуртай газраа амьдрах эрхтэй гэнэ. Бас улс орон даяар 40000 орон сууц хөтөлбөр хэрэгжих гэж 3 жил дуншсаар байх хооронд нэг жилд л 30000-50000 /албан, албан бусаар/ хүн нийслэлийг зорьсоор, харин гэр хороололд амьдарч буй өрх, нийт өрхийн 70 хувийг эзэлсэн хэвээр байдаг. Нийслэлийн цахилгаан дулааны 4 станц, 160 гаруй уурын зуух, 200000 гаруй автомашин, бас гэр хороололд амьдарч буй дээрх айл өрхүүд, жилийн талд нь утаагаар утаж, та биднийг чимээгүй үхэл рүү түлхсээр байна. Амьд нь үхсэнийгээ хүндлэх ч сэхээгүй энэ цаг үед алсыг харсан, аль алинд нь эв донж, эрх ашгийг нь харгалзсан, зөв мэргэн шийдвэр гаргах цаг нэгэнт болжээ. Тэрнээс бус сайхан хөтөлбөр зарлаж, тэртэй тэргүй уугих утааг мянган удаа барууны үнэтэй аппаратаар хэмжээд, хүний эрхийг түмэнтээ тунхаглаад, эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж байдаг гэдэгсэн. Бас дарга нар ч гэсэн уушигтай байдаг байлгүй дээ, уг нь бидэнтэй адилхан. Үгүй юм болов уу?
Гурав. Манай улс хот төлөвлөлтийг 1954 онд анх 20 жилийн хугацаатай төлөвлөсөн түүхтэй юм байна. Хамгийн сүүлд өнгөрсөн онд хийсэн. Харин энэ хооронд хот төлөвлөлт хэд хэдэн онд хийж байв гэдгийг нээлттэй, мэдээлэлжиж буй хотын цахим хуудаснуудаас хайгаад, онгичоод олсонгүй. Осолгүй л “Монгол Улсын Нийслэлийн Засаг даргын Захирамжаар Улаанбаатар хотын “Зураг төсөл” компанийг 1998 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн, “Хот байгуулалтын хүрээлэн” болгон өөрчлөн зохион байгуулсан.
Нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 сарын 21-ны 456 тоот захирамжаар Хот төлөвлөлт, Эрдэм шинжилгээ зураг төслийн хүрээлэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол улсын Засгийн газрын 2004 оны 182 тоот тогтоол, Нийслэлийн Засаг дарын 2004 оны 370 дугаар захирамжийн дагуу тус хүрээлэнгийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж үйл ажиллагааны хувьд өргөжин мэдээлэл технологийн төвтэй болон ажиллаж байна.” Гэсэн энэ мэдээллийг “шүүрдэв”. Бас цаашлаад баахан байгууллагынхаа бүтэц, схем, хэн нь ямар хэлтэс, секторын дарга болохоо зарлаж, өрөөнийхөө утасны дугаартай тавьжээ.
Тэр гоё мундагыг нь гайхаад байсан, 2008 онд баталсан гэх “Хот төлөвлөлт”-өөс нь ганц ч үг үсэг алга. Тэгэхээр тэрнээс өмнөхийг нь хайгаад ч нэмэргүй нь ойлгомжтой. Магадгүй маргааш хэн нэг нь, хаа нэг газар хороолол босгох, иргэнлиг санал гаргаж магадгүй учраас хаа хамаагүй, яг таг төлөвлөж болохгүй, бас хаа хамаагүй хүнд харуулж болохгүй байх л даа. Ямар азаар М. Энхболдын үед санаачилсан, Солонгосчуудтай нийлээд Сүхбаатарын талбайн урд хэсгээс Ленин клуб хүртэл газар доогуурхи нүхэн гарц- Үйлчилгээ амралтын байгууламж босгох ажил одоо хүртэл эхлэхгүй байгаа юм бол. Эсвэл Т.Билэгт, Б. Мөнхбаяр хоёр өөрсдийнхөөрөө нөгөө талаас нь Төв шуудангаас Гадаад харилцааны яам хүртэл барих гээ юм болов уу. Уг нь дэлхийн аль ч улсад Төрийн ордных нь өмнө газар доорхи зах байдаг гэж сонсогдоогүй юм. Магадгүй манай хот төлөвлөлтийн үнэн төрхийг ийм өчүүхэн зүйлсээс олж харах боломжтой билээ.
Бидэнд 1990 оны ардчилсан хувьсгал маш их зүйл өгсөн. Үндсэн хуулиндаа хувийн өмчтэй байж болохыг баталгаажуулсан. Наймаа хийж баяжиж болохыг зөвшөөрлөө, орон сууц, малыг нь хувьчилж, газрыг нь өмчлүүллээ, хэн хаанаа яаж амьдрах нь дурын хэрэг боллоо. Харамсалтай нь чөлөөт зах зээлийн эдийн засагт аймаар үгтэй бичигдээгүй хуулиуд үйлчилдэг нь “Бүх зүйлийг зах зээл өөрөө зохицуулна”, “Ухаантай юм бол мөнгө чинь хаана байна”, “Хэн хүчтэй нь амьдарна” “Мөнгө бүхнийг дийлнэ” гэх зэрэг афоризмууд юм.
Энэ бүхэн дээр хүн эхээс төрөхдөө л мээмнээсээ зуурч аваад, сүү гарахгүй бол орилж чарладаг, аманд нь ямар нэг шингэн /гэхдээ амттай/ орж байж л тайвширдаг, тэр зөн совин буюу ээж нь яагаад сүүгүй байгааг /өвдсөн ч юм уу, хоол муутай байгаа ч юм уу, мөнгөгүй ч юм уу/ ойлгох ухаарах сөхөөгүй, нялх нойтон хүүхдийн “Би л болж байвал...бусад нь хамаагүй” гэх нүүдэлчин сэтгэхүй ардчиллын буянд цатгалдаж яваа Нийслэлчүүдийн /урьд хойно хэзээ нүүж ирсэн нь хамаагүй, чухам одоо Улаанбаатар хотод хаягийн бүртгэлтэй суугаа/ тархи толгойнд 20-н жил хаяг шошго нь арай сайжирсан шигээ оршсоор байгаад л өнөө бидний хэлэлцэн буй Нийслэлийн тулгамдсан асуудлууд урган дэлбээлсээр байгаа юм.
Зарлиг биелүүлэхгүй бол толгойг нь авдаг байсан цагт бус, Толгойтой нь ярихгүй бол зарлиг үйлчилдэггүй цаг үед амьдарч байгаа учир, суурин соёл иргэншил өөрөө хамтын шийдэл, хамтын хүчин чармайлтанд оршидог учир, эх нь булингартай бол адаг нь ч булингартай байдаг тул, бид хүн гэдгээ ойлгож, хүн шиг амьдрах ёстойгоо санах цаг болжээ. Тэрнээс бус хэн хэзээ хотод ирж, хаана юу хийж, юугаа яаж идэн амьдарч байгаадаа учир нь бус биз ээ.
2008/04/23 Улаанбаатар