Friday, September 2, 2011

Ален Арман “Диваажингийн зүрхэнд Там байдаг”


Диваажингийн хүний зүрх өвдөж гэнэ гэж шувууд үүрийн бүдэг гэгээ Тэнгэрийн хормойноос үл мэдэг манхайхтай зэрэгцэн сандралдан шулганалдаж эхлэв. Цочирдсон Дэлхий эргэхээ мартсанаас, Сар яахаа мэдэхгүй бас л байрандаа зогтусаж...Нар хиртэж, хар бараан өнгөнд булуулсан амьдрал зогсох шиг болж, ертөнцийн төгсгөлөөс эмээсэн, амьтан бүгд орох байх газраа олж ядан, хөл толгойгоо олохгүй үймэн бужигналдаж эхлэв.
- Чөтгөр гэж...Хэн, хаанаас юу олж дуулаад, хорвоогийн амар амгаланг эвдэн бусниулна вэ? гээд, сүүлийн тэрбум жаран нэг ч олигтой дугхийж үзээгүй ч худал унтсан дүр эсгэн хэвтэж байдаг, бас үргэлж л уурлаж бухимдаж явдаг Тэнгэр дэрлэж хэвтсэн гурван солироо шагай мэт няслаж хаятал, тэр гурвын нэг нь Диваажингийн хүний тухай бодон шаналсан Дэлхий дээр, нөгөөх нь угийн хүйтэн цустай юм болохоор үргэлж л хөдөлж байж гэмээ нь сая бие нь бүлээцдэг, өдийг хүртэл ингэж удаан хөдлөлгүй хөших нь байтугай түр ч атугай амсхийж ч үзээгүйгээс, эрүү ам нь тачигнатал чичирч зогссон Сарыг, үлдсэн нь харин хэрэгт дурлан тэр хоёрыг сэмхэн ажиглаж байсан Нарыг онож бөөн гал, утаа униар болох нь тэр.
- Хараал ид гэж...
Тэнгэр огцом хайхрамжгүй байдлаасаа болж, түгшиж бачимдсан түмэн амьтныг бүр ч түйвээгээд хаясандаа гэмшсэн үү, дагзаа нэг маажсанаа гэмгүй царайлан ийн амандаа бувтнаад, өөрөөс нь өршөөл эрж, ертөнцийн хөндийгөөр цуурайтах уйлан гаслах дууг дарахын тулд хүссэн хүсээгүй, хүү Диваажингийн хүний гэрт нь очихоос өөр замгүй боллоо.
Уйлан шаналж гасласан дуу Тэнгэрт яг л тэртээ тэрбум жарны өмнө дунд дүү Бурхан нь бага дүү Чөтгөрийг зоддог байсан гашуун түүхийг нэхэн сануулдаг учир тэр нулимс чимээгүй урсах анирыг ч тэсэж үл төвдөн, чихээ даран, өөрөө ч мэдэлгүй уурлаж уцаарладаг. Тэнгэр ингэж бусдад ярьдаг ч үнэн хэрэгтээ тэс өөр учиртайг түүнээс өөр хэн ч мэдэхгүй.
Уйлах дууг гагц түүний хүү Диваажингийн хүн л намжаах эрдэм чадалтай.
Хаалгыг тогших гэж гараа явуулснаа хэзээ эцэг нь хүүгийнхээ гэрт зөвшөөрөл авч ордог байлаа гэж бодоод, шууд л түлхээд орчихов. Мөнхийн модны хөндийд илүү дутуу юмгүй, элбэг сайхан нүдэнд дулаахан тохижуулсан умгар ч гэлээ уужуухан, амарч хэвтэхэд, хөл нуруу тулаад байхааргүй энэ өрөөнд Тэнгэр Диваажингийн хүнийг төрөхөд нь өлгийдөн авсан билээ. Байдал яг л тэр хэвээрээ. Гэхдээ нэг л зүйл дутаад байх шиг. Хөвдөн орон дээр үргэлж инээмсэглэж явдаг Диваажингийн хүний нүүр үхсэн хүнийх шиг цонхийн хэвтэнэ. Аан энэ золиг чинь инээмсэглэхгүй байгаа юм байна шүү дээ. Тэгээд л нэг юм үгүйлэгдээд байсан юм байна шүү гэж бодсон Тэнгэр орных нь хөлөн дээр өнцөгдөн суугаад:
- Хүү минь чи зүгээр үү? гэж асуув.
Диваажингийн хүн үл мэдэг мушийхаа аядан өндийх гэж оролдсоноо цээжээ даран ёолоод, амьсгаадан:
- Эцэг минь таньд хэлж чадаагүй өдийг хүрсэнд уучлаарай. Бүр бага байхаас л зүрх минь өвддөг байсан юм. Би таньд хэлж сэтгэлийг тань чилээгээд яахав гээд юу ч болоогүй мэт царайлж явсаар ийм болчихлоо...гэж энэ бүхэнд өөрөө л буруутай юм шиг гэмшингүй бувтнав.
Тэнгэр хөмсгөө зангидан санаа алдаад, гараа учир зүггүй түчигнэх Диваажингийн хүний зүрхэн дээрээ тавиад:
- Энэ чиний буруу биш ээ.
Диваажингийн хүн учрыг ойлгоогүй тул юу гэхээ мэдэхгүй, түүн лүү асуусан янзтай ширтэв.
- Хүү минь...Би чамайг анх бүтээхдээ л бусдын шаналал зовлон, нус нулимсыг үгүй хийхийн тулд зүрхийг чинь тэр хүмүүсийн энэлэл, эмтрэл, эцэс төгсгөлгүй шунал тачаал, хорсол бухмдал, хараал зүхлийг шингээх сав болгочихсон юмаа. Тэнэг хөгшин миний л буруу...
гэж Тэнгэр өөрөө өөртэйгээ ярьж байгаа юм шиг шал ширтэн өгүүлснээ, өвчиндөө шаналан ярвайх хүүгийнхээ хүйтэн хөлстэй духыг нь илээд, гэнэт шийдсэн янзтай ухасхийн босож:
- Тэгэхээр байна шүү. Ерөөсөө энэ ертөнцийн хүмүүст өөрсдөд нь тэр тамыг нь өгчихье...Тэд нар яаж шаналж зовох нь надад ямар хамаа байна. Хүү минь өвдөж зовохгүй бол болох нь тэр...Аль дээр л ингэдэг байж...гэлээ.
Диваажингийн хүн гайхсан янзтай эцэг рүүгээ хараад:
- Эцэг минь та тэдний дууг хүлцдэггүй шүү дээ...Би яах вэ? Таныг шаналж уурлахад энэ ертөнц яаж тэсэх билээ?
- Чөтгөр алгад...Хэрэв Бурхан байгаагүй бол би Чөтгөрт энэ тамыг бүгдийг нь өгчих байсан юм...
- Эцэг минь тэгвэл хөөрхий Чөтгөр ахын зүрх минийхээс ч илүү их өвддөг байхдаа...
- Үгүй дээ. Тэр чинь угийн ийм юмнаас л таашаал авдаг золиг...Харин чи бол тэдний өмнөөс шаналдаг. Ялгаа нь үүндээ л байгаа юм. Гэтэл Бурхан тамыг хүртэл Чөтгөрт өгч болохгүй. Тэр илүү их баярлах тусам бүр их хүчтэй болж хүмүүс бид хоёр итгэхээ больж, тэгээд л орчлон оршин тогтнохгүй гэж ятгаад байхаар нь л би Дагина эхээс чинь зөрж, чиний зүрхийг там болгосн юмаа...Ээ тэнэг толгой...
Диваажингийн хүний нүдэнд нулимс цийлэгнэв.
- Тэгэхээр ээж надад хайргүйдээ биш хайртайдаа л орхиж явсан байх нь ээ?
Тэнгэр буцаж орон дээр нь сандайлан суугаад гарыг нь атгаж, уруулаа хазан:
- Тиймээ хүү минь тэр чамд маш их хайртай. Тэгээд чамайг бусдын өмнөөс хэрхэн зовж шаналахыг харж тэсэхгүй гээд биднийг орхисон юм.
- Би түүнтэй хэзээ нэгэн цагт уулзах болов уу?
Тэнгэрийн нүүрэнд зөрүүдлэхэд нь илэрдэг аянга цахилгаан цахилж:
- Үгүй...Өөр олон юм надаас битгий асуу. Чи өөрөө шийд нэг бол энэ тамыг хүмүүст өгье. Үгүй бол ингээд л хэвтэж байхаас яахав...Ямар уух эм тан гэж байх биш...Би ч гэсэн энд ингээд л, хий дэмий чамайг худлаа хараад л сууж байхаас...хэмээн хөндий хахир дуугарлаа.
Диваажингийн хүн Тэнгэрийн гарыг чанга атгаад, сэтгэл догдлон харж:
- Та түүнд одоо хүртэл хайртай хэвээрээ юм байна шүү дээ...
- Үгүй ээ...За за өвдөж байж, битгий олон юм яриад бай. Сайхан амраад ав...
- Та ээжтэй очиж уулз л даа...Тэр бас таньд хайртай хэвээрээ байгаа даа...Эсвэл хоёулаа хамт очъё...
Тэнгэр хар шуурга босгон өндийгөөд:
- Хэзээ ч үгүй...Үхэж байсан ч үгүй. Харамсалтай нь үхэж чадахгүй юм даа...
- Яагаад? Аав аа...
- Намайг эцэг гэж дууд...Тийм хайр байдаг юм гэж үү? Тэр эх чинь очиж очиж ганц хүүгийн минь зүрхийг там болгохыг ятгасан Бурхантай нялуурч байгаа...
- Тийм гэж үү?
- ....
- Энэ өвдөлт өдөр ирэх бүр л нэмэгдээд байх юм. Үүрд мөнх ийм байх уу?
- Бурхан тэр юу юм бэ? Юу ч бүтээгээгүй. Тэр зөвхөн амалдаг. Хүмүүст жаргалыг л амалдаг. Гэтэл бид хоёр тэднийг жаргаах хамаг гол ажлыг бие сэтгэлээ тарчлаан сэмэлж хийдэг...
- За аав аа, та биш би л өвдөж байгаа шүү дээ...
- Юуны чинь чи өвдөж байгаа гэж...Чамайг яаж өвдөж байгаа бол гэж бодохоос төрсөн өдрөөс чинь хойш нэг өдөр бүтэн нойртой хоносонгүй. Өдөр шөнөгүй, өөрөө тамд унасан юм шиг өвдөж тарчилж, уурлаж уцаарлаж явна...
Диваажингийн хүн арайхийн босоод, аавынхаа ардаас инээмсэглэн тэврэхэд, Тэнгэрийн бие сулхан чичигнэж, дотроо уйлж байгаа нь мэдрэгдлээ.
- Аав аа та уйлж байна...
- Намайг эцэг гэж дууд гэсэн байхаа...Тэгээд ч би уйлаагүй...
- Аав аа битгий муухай аашлаад бай л даа. Хүүгийнх нь өвдөлт намдаж байна...Та яагаад уйлах дуу байтугай нулимс урсах чимээнд ч дургүйг хүү нь сая л ойлголоо...
- ....
- Та минь өөрөө үргэлж уйлж явдаг болохоор тэр чимээг үзэн яддаг юм байна шүү дээ...
Тэнгэр юу ч хэлэлгүй эргэж, жоохон хүүхэд шиг эхэр татан чичигнэж, хүүгийнхээ мөрөнд нүүрээ наан мэгшиж эхлэх нь тэр...Энэ мөчид орчлонгийн бүх зүйл эгэл хэвэндээ зохисож, дэлхийд намуухан бороо шивэрч, хүн амьтан айж түгшихгүй амар амгалан болох нь тэр...
2011/08/19

Wednesday, July 13, 2011

Ален Арман “Би дайнд дургүй”

Баатар хөвгүүн мангасыг дарж үзэсгэлэнт гүнжийг авраад, ард олноо амар сайхан жаргуулжээ... Энэ бол нялх балчир байхдаа сонсож бас уншиж байсан ихэнхи үлгэрт гардаг үйл явдал. Тэгээд тэдэн шиг мундаг хүн болох юмсан гэж мөрөөддөгсөн.

Хүн гэдэг амьтан анх бусдын хоол байсан ч, хожим нь хүчээ нэгтгэн сүрэглэн явж, мод чулуу атган, морь нохойг сурган байж, араатны хоол нь биш харин ангууч нь болсон.

Хүүхэд байхдаа би үеийнхээ хөвгүүдтэй байлдаж тоглодог байлаа. Ер нь буу, сэлэм эргүүлэн тоглож үзээгүй эрэгтэй хүүхэд гэж байхгүй биз дээ. Нэг нэгнийгээ аймхайгаар нь дуудан байж, нүүр гараа хөх няц болгон, шалбалж гэмтээх бол энүүхэнд. Гэвч хулчгар бишээ харуулах гэж шалбархайгаа нэг долоочихоод, бусдыгаа уриалан “дайснуудтай тулалддагсан”. Байрны юм уу, ангийн охидууд харж байвал, тэдний бахадсан ч юм уу, айсан дууг сонссон бол бүр өнгөрөө.

Арай том болоод, бокс, кёкушинкай карате гэх мэтээр дугуйлан секцэнд явж, дайн байлдаантай кино үзэх дуртай болсон. Одоо ч хааяа хүч сорьсон тэмцээн сонирхож, түүхэн юм уу, тулаантай кино шимтэн үздэг. Гэхдээ би ясны яахаас ч буцахгүй алуурчин шиг цусанд дуртайдаа биш, оюун ухааны минь тэртээ харанхуй буланд түлхүүрийг нь аль дээр гээчихсэн торонд хашигдсан зэрлэг адгуусны, хэн нэгний цусыг урсган амьдралыг нь таслан байж, ялан дийлэхийн баяр бахдалыг амталдаг нэг тийм амьтны зөн совингоо бүүр түүрхэн эргэн санагалзаж байгаа царай нь тэр биз гэж боддог.

Зүгээр хараад суух амар бөгөөд аюулгүй. Хэн нэгэн миний өмнөөс хөгийн новшийг үхтэл нь балбаж, эрх чөлөө, итгэл үнэмшлийнхээ төлөө эцсийн амьсгалаа зориулахыг харах юу нь муухай гэж. Миний хэлэх дуртай үг, бид ямар хүй нэгдэл, хүннүгийн үед амьдарч байгаа биш, энэ чинь 21-р зуун шүү дээ.

Эхлээд хоолоо олж идэхийн тулд, дараа нь хүний хоолыг булаахын тулд, сүүлд нь бусдыгаа хооллож байгаагаа харуулахын тулд хүмүүс бие биентэй зодолдох байтугай улс гүрнүүд бие биентэйгээ дайтдаг.

Учир нь Бид Бурхан байхыг хүсдэг. Амжилт, алдар хүндийн оргил руу өгсөх тусам бусдын амь амьдралыг өөрийнхөө өчүүхэн нэр хүндийг гутаасны төлөө цааш нь харуулах бол юу ч биш. Гэмгүй хүнийг алсан алуурчин, түүнийг цаазаар авч байгаа төр ч адилхан. Эсрэгээрээ хүн аллаа гэж төр нь шагнадаг тийм үе байдаг.
Дайн тулааны үед л дээ. Тийм үед ийм алуурчдыг өөрсдөө хүсээгүй байхад нь л мянга мянгаар нь үйлдвэрлэнэ. Май чи энэ сэлмээр тэрнийг цавч, энэ буугаар түүнийг бууд гэж, юугаа ч мэдэхгүй үлгэр уншиж, кино л үзэж, дайнд эр хүн эрэлхэг гавъяа байгуулдаг гэдэгт итгэсэн сая сая хөвгүүдийг үхлийн өөдөөс өчүүхэн ч болов эмзэглэлгүй илгээнэ.
Тэгээд өөрсдөө ялвал яах уу, ялагдвал яах уу, тэнцвэл тэгнэ, энэ тэр гэчихсэн, яг л одооны жаалууд “писи”-д бөөнөөрөө байлдаантай тоглоом тоглож байгаа юм шиг инээж хөхрөлдөн, харааж зүхэн, тэр буланд хэдэн зуун мянга үхчихлээ, өө хулгайч одоо яах уу ч гэх шиг, эсвэл П... минь чи наад хэдээ наанаа хаяад өөр газар очооч ч гэх шиг...Аймшигтай.
Аль ч Армийн жанжин штабт ийм л яриа болж байдаг юм. Өнөөгийн “писи”-ний өрөөнд бужигналдаж байгаа хүүхдүүд ч өөрсдийг нь Бурхан гэж бодогдуулдаг учраас ийм тоглоомонд шунаж бүр сүүлдээ мэдрэл нь мууддаг. Тээр дээр ч цусанд шунасан нөхдүүд яг л ийм байдаг юм даа.

Тэгэхдээ тоглоом тоглож байгаа бацаануудаас нэг ялгагдах юм нь, үхсэнийх нь ар гэрт нэг эмгэнэл, төмөр зүүлт өгнө. Хүү чинь эрэлхэгээр тулалдсан гэхээ мартахгүй ээ...Ичих ч үгүй. Ээж ээ гээд үхэж байгаа амьтан ямар юмных нь эрэлхэгээр тулалдах вэ дээ?

Яг үнэндээ дайнд хэзээ ч кинон дээр гардаг шиг сүрлэг ая эгшиглэдэггүй юм, дүү нар минь. Бас үхэж байхдаа чи юуг ч бодож, хайртай ээж, дурлалт бүсгүйгээ ч санаж амжихгүй. Зөвхөн цус, нулимс, тарчлаан, орилоон, айдас, амьд үлдэхийн хүслэнд л живнэ. Амьдрал там байсныг чи сая л ухаарна. Юуны төлөө тулалдаж байгаагаа, ямарч буруугүй, танихгүй, өөр шигээ адилхан л ээжийн хүүг юуны учир алах ёстойгоо чи ойлгохгүй.

Амсхийх зуураа бүгд энэ тухай боддог ч, ахиад л байлдаж эхлэхэд мартахаас өөр аргагүй. Учир нь ихэнхи хүн эх орныхоо төлөө ч юм уу, эрэлхэг зоригтойгоо харуулахын тулд биш, харин амьд үлдэхийн тулд эсвэл аргаа бараад тулалддаг юм.
Үгүй бол чамайг урвагч гэнэ. Хүүхэд байх үеийнх шиг чинь зүгээр нэг шоолоод өнгөрөхгүй. Тойрч зогсоод, дүүжлүүрт санжигнуулж, урвагчийг хар даа гэж, хүүхдүүдэд үзүүлэн болгоно. Жоохон ухаан муутай бол аав чинь ч чамайг үзэн ядна. Эсвэл гутарч амиа хорлоно.

Тэгэхгүйн тулд чи тулалдаж, гэмгүй хүнийг, хэний төлөө юуны учир хороож байгаагаа ч тунгаах хэрэггүй, зөвхөн гохоо дарж, өмнөөс чинь гарч ирсэн тэр нэгэн хүнийг өөдгүй новш, энэ бүхний буруутан гэж цааш нь харуулахаас өөр замгүй. Тэр хүн болсон нь, бас энд чиний өмнөөс буу бариад ирсэн нь, дээр нь чамайг ийм тамд унагасны буруутан. Өөр хэн ч биш. Хүн хүнээ алдаг нь хүн болж төрснийх нь буруу. Ингэж л өөрийгөө тайтгаруулахаас өөр замгүй. Тэр үедээ чи соёл иргэншилтэй хүн, үхдэл булаацалдсан цөөвөр хоёр ямар ч ялгаагүйг ойлгоно.

Тиймээ харамсалтай нь дайн бол соёлын салшгүй бөгөөд хамгийн том үзүүлэлт. Учир нь бид хамгийн анх зэвсэг хийж сурсан. Түүнийгээ ашиглан амиа хамгаалах төдийгүй, амьтан агнаж махыг нь идэж, өвсөн биш холимог тэжээлтэн болсон. Дээр нь ухаан нь задарсан гэж байгаа. Ээ хөөрхий хамгийн сүүлд тэр зэвсгээсээ болж сөнөх биз дээ. Дэлхий дулаарч юм уу хөлдөж, харь гаригийнхан ч юм уу хаа нэг газраас сүүлт од ирж мөргөтөл...Хүн ганцхан хүнийг хормыг дотор амилуулж чадахгүй байтлаа сая сая хүнийг хормын дотор сөнөөх зэвсэг бүтээсэн нь нотлох баримт нь. Уг нь цус алдалт юм уу, задарсан салсан биеийн хэсгүүдийг хормын нийлүүлэх технологи бий болвол дэлхий дээр жам бус үхэл байхгүй болно гэж эрдэмтэд нотолдог. Дахиад л санаа алдая.

Бид техник биш биднийг зөвхөн шал угаалгах гэж угсардаггүй, программчилдаггүй бөгөөд сэтгэл зүрх маань биш юмаа гэхэд, сэмхэн нуугдсан бусдыг ялан дийлэхийн ид бахыг амтлах туйлын хүслэн, том жижиг гэлтгүй бүх л амьтанд байдаг хойно санаа алдахаас өөр яалтай ч билээ. Гэхдээ...

Цагийн дотор цаасан дээр гэрээ байгуулж, гарын үсэг зурахын тулд сая сая хүн үхэх ёстой юм бол бидэнд соёл иргэншил ямар хэрэгтэй юм бэ? Зүгээр л зэрлэг чигээрээ алалцаад, агуйдаа хэвтэж байвал барав биш үү?

Намайг эх хүн л ойлгоно. Хэсэгхэн тасархай овоолсон мах болгохын тулд тэд үр хүүхдээ баярлаж гуниглан, зовж шаналан, ядарч зүдрэн, хайрлаж харамлан байж тээж төрүүлэн, өсгөж өндийлгөдөггүй юм. Харин эрэгчингүүд ойлгохгүй. Тэд ямар Хүнийг бий болгох шидтэй Бурхад биш. Харин алж чадна. Тиймээ би дайнд дургүй. Бүр түүнийг үзэн яддаг.

2011/07/13

Sunday, June 19, 2011

Ален Арман “Амьдарна гэдэг сэтгэнэ гэсэн үг”

/Vivere est cogitare/

Тийм ээ хонгор минь, чиний зөв. Амьдарна гэдэг сэтгэнэ гэсэн үг. Вольтер ингэж хэлдэг байсан юм гэл үү? Тэр өөрийнх нь мэндэлсэн тэр өдрөөс яг 315 жилийн дараа намайг нэг хүн загнана гэж мэдээгүй байх даа. Нэг хүн ч юу байхав. Нэг бүсгүй. Тэр боловсролтой, чадалтай, хэд хэдэн хэлтэй /тэр англи герман оросоор тэднээс огт ялгагдахгүй ярьдаг ч шар арьс нь цагаан болоогүй л юм даа/, устай /мартахаа шахаж тэднийх зуслангийн хашаандаа зөвхөн тэднийхэн л хэрэглэдэг гүний худагтай/, удам угсаа сайтай гэр бүлээс гаралтай /аав ээж нь тэгж ярьдаг/ тийм л бүсгүй. Тийм мундаг удам угсаа нь өвөөгөөс нь цааш нэр усгүй бол би өөрөөсөө дээш 15 өвгөө мэднэ. Тэд юу хийж явсныг нь, ямар түүхтэйг нь хүртэл мэднэ. Тэгсэн мөрт би хүмүүсийг дуурайж удам ярих дургүй.

За орхиё. Тэгсэн түүнд гэр орноо цэвэрлэж, аяга таваг, шалаа угааж, хогоо асган, хоол хийж, хүүхдээ асарч гэртээ суудаг эр хүн таалагддаггүй юм гэнэ. Тэгээд надаас асуусан чи өөрөөсөө ичихгүй байна уу гэж...
- Юунд ичих юм бэ?

Би яг зам хөндөлдөн зогссон бухан бяруу шиг духайн хараад ингэж асуусан. Түүний хэлснээр эр хүн гэр орноо цэвэрлэх биш гэр орноо авч явах ёстой юм гэнэ? Аймаар бас залхуутай юм. Тэгээд л малчин монгол гээд л нааш цааш нүүгээд байх хэрэг үү? Чингисийн үед байсан бол хамаа алга, тэр үед газар нутаг бэлчээрээ тэлэх ёстой.
Үгүй юм гэнэ. Авч явна гэдэг өөр утгатай юм байх. Юм хумаар дутаахгүй байлгахыг хэлдэг гэнэ.

Гайхлаа. Би түүнийг тэрбум тэрбум хүмүүсийн уйлан хайлан нулимсаа цувуулан, шүлсээ савируулан байж хайдаг хайраар уг нь дутаагаагүй юмсан. Тэгэхээр хоргодох байшин, хөл мөрөндөө углах бас чихний нүх болон хумсаа будсан хуруунд углах есөн жорын төмөр болон түрийвчин дотор багсайсан цааснууд хайраас үнэтэй юм байлгүй дээ.

Бүхэл бүтэн Монгол улсад нисдэг, шинэ 2 нисдэг тэрэг бэлэглэе гэж даналзсан Өвөрмонгол эрд анхны хайр нь бас ингэж хэлсэн юм гэнэ лээ. Эр хүн эхнэрээ тэжээх мөнгөтэй байх ёстой. Тийм учир би чамтай суухгүй гэж. Хөөрхий тэр үед хармаа нь хов хоосон байж. Надтай нэг тааралдахдаа энэ түүхээ ярьж өгсөн юм.
Харин өнөөдөр тэр авгай юу бодож суугаа бол. Эхнэрээ тэжээх мөнгөтэй нөхөр нь түүнийг хайрлаж байгаа болов уу? Инээдтэй ч юм даа.

Гадаадад гарч, хятад биш дээр нь хятадтай хамгийн их харшилтай монгол мөртлөө хятадаараа дуудуулан аяга таваг угаах, гэртээ ажилгүй тэнэгээрээ дуудуулан байж алив өвгөн нь угаая гээд угаах хоёр юуны ялгаа. Аяга угаахын төлөө заавал далай тэнгис дээгүүр нисэх хэрэгтэй гэж үү? Миний ухаан хүрэхгүй байна. Бас би нисэхээс айдаг. Хэт өндөрт нисэж яваад унавал яана. Аймаар өвдөнө дөө, үхдэггүй юмаа гэхэд.
За тэгээд түүний хэлснээр гэр бүлээ баян цатгалан амьдруулах ёстой юм гэнэ. Өлсгөөгүй дээ. Уг нь жоохон мацаг барьсан бол өөрт нь л хэрэгтэй байхсан. Байнга л турна гэж үглэж мөнгө, цаг, “нервээ” үрж явдаг амьтан.

Идэх хоолны тухайд гэвэл магадгүй би социализмын үед хүмүүжсэн бас ах дүүс олуулаа өссөн. Аяга будаа, зүсэм талхаа дараачийн нэгнээ өлсөж байгаа гээд өөрөө гэдэс хэр дундуурхан хонхолзох мөрт идэлгүй үлдээдэг учраас таргалж ч бас баяжиж ч чаддаггүй юмаа гэж.
Бас нэгхэн гарын үсэг энэ цаасан дээр зуруулаад өгвөл 4 өрөө байр бас унаж яваа жипээ өгье гэсэн хүнийг өрөөнөөсөө хөөгөөд гаргаж байсан учраас баяжиж чадаагүй. Өвөг дээдэс минь энэ газар шорооны төлөө цусаа урсгаж явсан юм. Намайг тэрнийг нь зараад жип унаж, хаузанд амьдраг гэж бодоогүй нь лав.
Хайргүй мөртлөө нүдээ анин “сексдэж”, хэн нэгний зүрх бас амьдралыг няц гишгэж, хохь чинь хэн та нараас гуйсан юм гэж хожим нь хөл дээрээ тогтсоныхоо дараа хог шаар шиг загнахгүйн тулд, хөөрхийсийг доромжлохгүйн тулд би баяжих боломжоо орхиж байсан.

Бусдын амьдралыг сүйтгэж байж баяждаг. Би тэгэхийг хүсээгүй ээ.
Дээр нь тэнэг ч гэсэн хэдэн ном уншсан юм. Одоо ч олдвол уншиж байдаг. Амьдралын утга учир бол ертөнцийн жамыг танин мэдэж, түүнийг ухаарч, хэнд ч гомдоллохгүй, хэнээс ч илүүг хүсэхгүй, чадлынхаа хирээр бусдад гэрэл гэгээг бэлэглэх юм гэдгийг ойлгосон бас ойлгосондоо баярласан.

Он цагийн түчигнээн дунд олж уншиж чадсан хэн нэгний төлөө амиа өгөхөөс ч үл эмээн үхэл амьдралын төлөөх тулалдаанд орохын өмнө эгнэн жагссан цэргүүд шиг олон олон номны мөр дундаас, тэр цэргүүдийг эргэж ирэхийг нь хүлээж харуулдан суугаа энхрий залуу бүсгүйн дуу хоолой шиг ийм л сайхан ухаарлыг олсон л юм даа...

Тэнгэр, Бурхдын нэрийг бузарлаж шавь нь гэж өөрсдийгөө ичих ч үгүй нэрлэх лам, бөө сэтэртэн хохимой толгойтнууд хойд насандаа тамд ч унахаас үл айна. Тэд булан тохой болгонд яг л жоом, бясаа шиг үүрлэжээ. Нөгөө хэд нь өөрсдөө тэднийг өсгөж өндийлгөөд тэжээгээд байх юм. Сонирхолтой нь, намайг аяга хоол ид гэж гэртээ урихгүй мөрт надаас дор төвд, санскриттай нөхрийг сар болгон шахуу дайлж цайлна. Нөгөөх нь гүсүнтүгийн мандал, сандуйн жүд, ногоон дарь эх 3-ыг хольж хутган бувтнана. Тэгээд бас л нэг юмыг ойлгосон. Би хүний амь амьдралыг үргэлж өөрийнхөөс илүүд үнэлж дээдэлж явдаг учир тэдэн шиг хүн луйвардаж чадахгүй. Тэгэхээр баяжихгүй юм байна. Энэ төрөлдөө лав.
Бурхан багш, би бурхан бишээ гэж хэлдэг байсан юм гэнэ лээ. Христ хүртэл Мухаммед ч гэсэн тэгж л хэлдэг байсан. Харин тэдний залгамжлагч нар нь, маань залбирлаас өгсүүлээд, сүм дуган, туг далбаа, бүрээ бишгүүр бас өргөл барьцыг хүртэл марталгүй бий болгосон. “Артхашастра” дээр бил үү “Махабхаратад” бил үү ямарч байсан тэр үеийн эх сурвалжууд дээр ийн тэмдэглэсэн байдаг.
Би л лав бурхан тэнгэрийн өмнөөс чиний нүглийг арилгалаа гэж сүнсээ хүртэл тамд унаган, худлын худал бүр гутамшигийн туйл болж “буян үйлдэх тэнгэр бурханы шавь” бишээ.

Хов хоосон, байгаа нь байхгүй мэт, байхгүй нь байгаа мэт энэ ертөнцөд эцсийн дүндээ амьдрал залгуулах гэж л идэж уух ёстой юм шүү дээ, хүн бид.
За орхиё. Тэгээд бодлоо эр хүний ажил гэж юу вэ? Нөгөө юу яах уу? Үгүй дээ тэрнийг чинь хоёулаа л хийдэг. Тэгээд ч нэр нь эр эмийн ажил. Хамгийн инээдтэй нь амьтан дур ханахын тулд биш үр удмаа үлдээх гэж л “сексддэг”.

Хүн - Сээр нуруутан, хөхтөний аймаг, сүүн тэжээлтэн мөн байхаа. Үгүй бил үү?
Би буруу уншсан юм болов уу? Миний толгой ажиллахгүй байна. Тэнгэр өршөөг. Гомдол болон бухимдал цайрав.

2010/08/05

Wednesday, April 27, 2011

Ален Арман “Замаа алдсан бүсгүй, зам харуулдах эмгэн, замаа олоогүй залуу гурав”

Бүүдийсэн баргар өдөр. Сэмжин үүл, сахилгагүй нэгний тавьсан түймрийн утаа хоёрын аль нь мэдэгдэхгүй нэг тийм саарал тэнгэр. Саяхан даа, уржигдархан амралтын өдөр манай зуслангийн байрны дэргэдэх хашааны, урьдын цэнхэр өнгөө нар салхинд гээсэн, нимгэн банзан “амбааранд” нэг хуучин “цагаан пүрштэй” ор, жижиг зурагт, тогоо шанага гэх мэтхэнтэй ирж төвхнөсөн, яг л энэ бүүдгэр тэнгэр шиг був буурал үстэй, залуудаа нуруулаг байсан нь илт ч, нас тавилан хоёрт уу, эс бөгөөс нэг л өдөр ирсэн гай зовлонгоос уу, бүү мэд, нуруу нь нэг тийм хачин бөгтгөр туранхай эмгэн, гав ганцаар довжоон дээрээ өдрийн турш тамхи ороон баагиулсаар зам ширтэж хоёр хонов.
Хэдийдээ ч цай унд уудаг юм, хэнийгээ ч хүлээж суугаа юм, бүү мэд.

- Сайн байна уу, эмээ?
- Сайн сайн хүүхээ, наадах чинь юу юм бэ?
- Аан энэ жоохон сүү. Манайх тээр доод улаан тугтай манаачийнхаас өглөө болгон авдаг юм. Та цайгаа сүлж уугаарай...
- Өө хүү минь баярлалаа. Гэхдээ яах гэсэн юм бэ? Эмээд нь нөгөө цаасан савтай сүүнүүд байгаа. Та нар өөрсдөө хэрэглэ. Их баярлалаа.

Гандсан хүрэн улаан дээл шигээ ганцаардмал бас гашуу оргитол савсуулах дүнсэн тамхи шигээ ааг омогтой нь илт тийм нэг ертөнц. Авах шинжгүй, бас намайг хүн гэж анзаарсан янзгүй алсыг ширтэх эмгэний “элэгдсэн бор нэхий дээл” шиг нүд, зөөлхөн салхийг ч даахгүй нулимсаа “барна”.

Буцъя даа. Тавхан алхам газар. Гэхдээ тэртээ хол дуудаад дуулаад, уйлаад учирлаад ч эргэж ирэхгүй одсон эмээгээс минь ялгаа юу байхав. “Бидонтой” сүүгээ дэргэд нь “хаячихаад”, дуудах вий гэсэндээ ганцхан харайгаад гэртээ орлоо.

Хаа нэг салхи эргэхэд, уржигдраас дасал болсон өнөөх улаан тамхины утаа үл мэдэг “зөвшөөрөлгүй гэрт дайран орж” ирэх нь, эмгэн үүдэн дээрээ сууж байгааг мэдэгдэнэ.

Ай хөөрхий амьдрал чи энэ тамхи шиг гашуун бөгөөд уугисан юм санж уу. Тийм ам заваартуулсан, ийм цээж хорсгосон байх нь чиний бах тав уу?
Дэлхий нар буруу эргэж байж, нар жаргадаг юм байна. Тэнэг нээлт хийчихээд, үүдээрээ шагайвал эмгэн алга, хөнгөн цагаан “бидон” маань одоо харин тэдний довжоог сахин намайг харуулдана.

Зөрүүд ч эмгэн бол доо. За яахав. “Бидоноо” авах гээд дөхвөл тэднийхээс тэс өмнөө дуу хоолой цангинах нь тэр.

- Тэгсэн чинь би тэр залууд юу гэж хэлсэн гээч...Ха ха ха...Намайг ийм хямдхан гэж бодоо юу? Наад мөнгөөрөө өөртөө оймс авч өмс гээд тэр мөнгийг нь нүүр лүү нь шидчихсэн...Ха ха ха...Нүд нь ямар том болсон гээч...Та харсан ч болоосой...Ха ха ха...

Залуухан бас уянгалаг хоолой. Харин ярьж, инээж байгаа нь засаршгүй бөгөөд увайгүй.

- Тэгээд тэр байна шүү...Ёо ёо элэг хөшлөө. Хэрэв чамд багадаад байгаа бол би нэмээд өгье л дөө, хэд хэрэгтэй юм гэнээ...Ха ха ха...Тэгэхээр нь би, чамайг тэгж хоосруулж, хэдэн хүүхдийг чинь гуйлгачин болгоод яах вэ гэчихсэн...Ха ха ха...Маргааш над руу ярьж л таарна...ха ха ха...Хоёулаа тэгээд сайхан өөрсдийн гэсэн зуслангийн “хаустай” болноо...

Эмгэн энэ охиныхоо араас л тийм эцэж цуцахыг үл хайхран зам ширтдэг байж. Ийм замаа алдсан хүний араас санаа зовохоос өөр яах ч билээ гэх мэтийг бодсоор “бидоноо” аваад эргэтэл, хаалга нь цэлсхийтэл нээгдлээ.

Бүрхүүлгүй чийдэнгийн гэрэлд эрэгтэй хүүхэд шиг богинохон халимагтай, уран гоолиг хүзүүтэй, чийрэг тэгшхэн бие нь өө сэвгүй нь илт тодрох, нимгэн “сарафан” ёс төдий нөмөрсөн залуухан бүсгүй зогсож байлаа. Даанч царай нь харагдахгүй юм.

- Хэн бэ?
- Уучлаарай, би “бидоноо” л авсан юм.
- Аан...зөв зөв. Харин эмээг маань уучлаарай. Угаасаа тэр хүнээс юм авах дургүй муухай ааштай. Баярласан шүү. Хайран сүү. Ёстой уучлаарай.
- Зүгээр ээ. Сайхан амраарай.
- Чи ч гэсэн сайхан амраарай. Бас дахин уучлаарай.

Гайхаж хоцорлоо. Түрүүхэн эх захгүй, шалиг замбараагүй зүйлийг хэнээс ч ичилгүй чалчиж байсан бүсгүй тэр мөн үү? Мөөн мөн байлгүй яахав. Хоолой нь яг мөн. Гэхдээ үнэхээр харамссан өнгөтэй байсан, сая надтай ярихдаа. Бас тэр уучлал гуйж чаддаг юм байна. За за бурхан өршөөг. Жүжигчин юм болов уу? Ямар сайхан бие хаатай юм бэ? Ёстой л нээрэн мөнгөтэй хүн бол мөнгө хаяхаас ч өөр аргагүй...Царайг нь харж чадаагүй нь тоогүй юм боллоо. Маргааш яаж ийж байгаад түүний царайг харах хэрэгтэй. Ямар үзэсгэлэн гоо бол? Нүд нь тас хар болов уу эсвэл...Амьдрахын эрхэнд л тэгж муу муухай юм хийж байгаа биз дээ? Тэрнээс биш хэн ч тийм замаар амьдрахыг хүсэхгүй....Ер нь тэр зүгээр л жүжигчин байх. Тэгээд нэг тийм хөгшин хүнээс мөнгө салгадаг дүрийнхээ бэлтгэлийг хийж байхад нь би сонсоо биз. Яг тэгсэн байж таарна. Тэрнээс ийм сайхан хоолойтой ийм сайхан бие хаа зүс царайтай бүсгүй биеэ үнэлэгч байж таарахгүй...Бурхан минь би түүний царайг нь хараагүй шүү дээ. За тэр тийм чухал биш. Сарнайн иш өргөстэй ч дэлбээ нь ямар зөөлхөн билээ...

2010/05/04

Ален Арман “Би жагсана...”

“Өнөөдөр тэр хөдөлгөөний тийм тэргүүн тэнд хэвлэлийн бага хурал хийж, тийм тийм муу муухай бузар булай юмыг эсэргүүцэж, тэнд тулган шаардах бичиг өглөө. Хариугаа тэдэн гэхэд өгөхгүй бол тэгж ингэж тэмцэнэ, тэмцлийн хамгийн тийм хэлбэрийг сонгоно, ингэнэ.”

Бид өдөр тутмын ийм усан мэдээг, ус цаг уурын мэдээнээс ч доогуур үнэлдэг болоод удаж байна. Хальт хараад л өнгөрдөг. Харамсалтай нь тэд үүнийг ойлгодоггүй. Тэмцэл тэдний яс маханд шингэсэн болохоор тэр юм болов уу, гэтэл?

Хатуухан үнэнийг хэлэхэд, энэ шударга бус, эрх тэгш биш байдал, хээл хахууль улсын мөнгө идэх, эрх мэдлээ ашиглах, ард түмнээ басамжлах бол хуучнаар капитализмын соёлтойгоор хэлвэл ардчилалын байдаг л, жирийн нэг үзэгдэл юм шүү дээ. Бүгд социализмын муу муухайг гайхан тоталитар, авторитар, тиран энэ тэр гэсээр сталин, чойбалсангаас цэдэнбал хүртэл үхтэл нь харааж зүхэн байж ийшээ баяжих тухай мөрөөдөн мөлхөж, ирсэн.

“Мөнгөтэй л бол болох нь тэр”
Мэдээж мөнгөөр хамгийн их дутагдаж байсан, люмпен болон жирийн айлуудын хүүхдүүд түүн рүү дундаж сэхээтнүүдээс илүү шунан, ханцуй шамлан орсон.
Харин хар ажил хийж сураагүй дундаж сэхээтнүүдийн дийлэнхи нь золиосонд гарав. Тэд наснаасаа эрт тэтгэвэрт хөөгдөх нь хөөгдөж, наймаа хийж олсон мөнгөө найздаа хулхидуулаад, өгсөн архийг нь ууж уучлаад, архинд орж, амьдралаа сүйтгээд ихэнхи нь одоо байхгүй.

Шинэ монгол, ингэж 37 оны хэлмэгдүүлэлтээс, 60-70 оны сэхээтний төөрөгдлөөс илүү олон мянган хүнээр амьдаар нь “туг тахин” байж ардчиллыг сонгосон. Тэд сонгосон нийгмийнхээ золиос болсны учрыг хэн нь ч ойлгоогүй, зөвхөн “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Чи л өөрөө буруутай”, “Тийм ухаантай юм бол мөнгө чинь хаана байна” гэх мэт хатуу үгийг зөв хэмээн бодож өөрсдөдөө бурууг өгсөн.

Харин мөнгөний амт үнэрийг хоосон ходоодондоо дүүртэл нь чихэж эхэлсэн залуус 20-р тогтоолоос эхлээд л, энэ юун луйвар вэ гэж гасалж эхлэв. Тэднийг гахай зөөж, спирт найруулж байх хооронд анх удаа ард түмнээ байтугай АИХ-ын депутатуудаа, хэдхэн бага хурлын гишүүд нь хулхидсан байлаа.

Ромын сенаторууд энэ үгийг хэлэх дуртай байж.
“Өөрчилж болохгүй шийдвэр бол хамгийн муу шийдвэр”
Харин манайд хэн ч энэ шийдвэрийг өөрчлөхийг хүссэнгүй. Ингэж эхэлсэн тэмцлийн түүх их, бага хувьчлал, байр мал, сонгууль энэ тэр гэсээр өнгө хэлбэрээ өөрчилсөн ч, нөгөө л агуулга бол хэвээрээ. Энэ хэлбэрийн хувьслын нэгээхэн илрэл бол хувьсгалд уриалан дуудагч тэмцэгч нэртэнгүүд юм.

“Мөнгө бүхнээс хүчтэй”
Бид мэдсээр байж энд ирсэн. Тэмцлийн нэр хүндийг өдрийн 5000 төгрөгөөр гутаасан, одоо бол зангиа зүүж, хэвлэлийн бага хурал зарлах мөнгөтэй, салж нийлж ханадаггүй авгай нөхөр шиг тийм тийм холбоо үндэсний нэгдсэн энэ тэр гэж орилж хашгичих нөхдүүд бол зүгээр бухимдсан ард түмэн биш.

Ард нь нөгөө 5000-гаар нь уриаг нь бариад зогсох 100 хүрэхгүй өвгөн эмгэн ч ард түмэн биш юм.
Ард түмэн энэ бүхнээс үнэхээр залхсан учраас улстөрчдөд ч, увиагүй худалч дараагийн улс төрчдөд ч итгэж, хүүхдээ хоосон хонуулж байснаас гээд 21 мянган төгрөгөндөө дугаарлаж зогсоно.

21 оны тэмцэгчдэд 90 жилийн дараа 21000 төгрөг ард түмэндээ бэлнээр өгдөг болно гэж хэлсэн бол баярлаад, үр хойч минь бидний буянаар жаргах юм байна гэж нулимс унагах байсан.
Учир нь тэдний ихэнхи нь хятад пүүс дэлгүүрт л хэдэн хув цай, хуй торго, хэдэн шаазан архины өртэй байснаас дэлхий дээр мөнгөний ханш гэж нэг юм байдаг. Тэр бол өсөж үржиж, унаж босож байдаг тухай зүүдлээ ч үгүй. Юун энэ үнэт цаас энэ тэр.
Өрийн дансыг шатаагаад л хаявал болох нь тэр гэж бодож явсан. Өрийн дансыг шатааснаар биш өөрийнхөө дотоод сэтгэлгээг “шатааж шинэчлэхгүй” бол үргэлж мөнхөд өртэй байсаар байх болно.

Тиймээ мөнгө бүхнээс хүчтэй. Тийм учраас өөрөө унасан хүүхэд уйлах ёсгүй.
Учир иймд юмны үнэ нэмэгдэхэд жагсдаг, тэр жагсаалыг ивээн тэтгэх тийм хүн гарч ирсэн цагт, тэгээд тулган шаардах бичиг сүртэйгээр өгдөг болох тэр цагт бид харин зөв юмныхаа төлөө тэмцэж эхлэх нь тэр.
Тийм жагсаалын төлөө би л лав мөнгө өгөхгүй байсан ч жагсана.

Ромын консулууд ингэж хэлдэг байж. Ажлаа өгөөд буухдаа:

- Feci,quod potui, faciant meliora potentes...

“Би чадах бүхнээ хийсэн. Цаашид хэн чадна, тэр нь илүү сайн хийг л дээ”. Бас ингэж нэг хэлээд сурчих юмсан.

2011/02/24

Ален Арман “Барууны сармагчин”

Конгийн дэд ерөнхийлөгч байсан нөхөр хариулж байна.

- Тэд жижигхэн биетэй зэрлэг сармагчин шүү дээ...

Түүнээс Гааг дахь Олон улсын шүүх /Аймаар сүржин нэртэй ч мэдээж хүн шүүгчээр нь ажилладаг, магадгүй тэд “G20”-ийн иргэн л байж таарна/ таны хувийн армийн цэргүүд яагаад хүний мах иддэг байсан юм бэ гэж мааш соёлтойгоор асуусан асуултанд, байгалийн баялгаа бас л Барууныханд найр тавьж өгсөн аавынхаа буянд Баруунд мааш өндөр боловсрол эзэмшсэн тэр нөхөр ингэж хариулсан юм. Хэдхэн хоногийн өмнө.

Тэгэхээр боловсрол бол юу ч биш юм. Баян байх нь бүр ч юу ч биш аж. Хүн төрөлхтөний хувьд хүн байхын утга учиртай харьцуулвал. Тэр нөхөр мэдээж Баруунд боловсрол эзэмшихдээ Бага ястны “парти” энээ тэрээнд л уригдаж байсан болохоос жинхэнэ яс цагаан лордуудын “банкет”- нд очиж байгаагүй байх. Манайд ч гэсэн Барууны бараг хаяанд боловсрол эзэмшсэн нөхдүүд Баруунд “баки” байсан юм шиг нутагтаа ирээд, нөгөө сармагчин шиг нөхдүүдээ загнах...

Үнэндээ тээр ардчилсан ертөнцөд “Чайна таун” болон мексикүүд л маниустай нийлдэг шүү дээ. Сайндаа ч биш, арьсны өнгө болон зүс ижилхэн дээр нь цагаан арьстнуудаас илүү найз нөхөртэй байхыг нүүдэлчин генээрээ хайдаг учир тэдэнд татах “тамхи”, уух юм авч өгдөг юм чинь.

За тэгэхээр хүн бол жоохон юм үзээд ирэхээрээ, юм үзээгүйгээ сармагчин гэдэг нь ойлгомжтой болчихлоо. Бүр хоол хийдэг юм байна. Зөвхөн өлссөн хүн Ганнибал болдог юм биш. Эр зориг орохын тулд эсбөгөөс элдэв одон медалиас илүүтэй реклам сурталчилгаа хийхийн тулд Ромыг чичрээж байсан ч өөрийн нутаг нэгт урвагчдын буянаар хүний нутагт өлбөрч туйлдаж, хэдэн цэргээ бусдад нь чанаад өгчихсөн Карфагений алдарт жанжны нэрээр хүн төрөлхтөн хүний махчинг нэрлэдэг болсон нь угтаа бол Ромчуудын хар ПИАР.

Гэтэл бид түүхээ сөхвөл Чоносын зоригт эрчүүдийг 70 тогоонд чанахаас өгсүүлээд, ээж нь дайнд мордож буй хүүдээ хойлогны мах чанаж өгөөд, хойлогны мах идсэнээ хэнд ч битгий хэлээрэй гэж захидаг байж. Учир нь тэр мах хүний биенд дархлаа тогтоодог, шарханд маш сайнаар нөлөөлдөг учир том тулалдааны дараа шархадсан цэргүүдэд нь хойлогны мах идсэн цэргийг нь чанаад өгчихдөг байсан гэх. Мэдээж би нүдээрээ хараагүй бас үргэлж тэгж нэгэнд нь нөгөөг нь идүүлдэггүй л байсан байж таараа.

Гэхдээ л юм элбэг одоо цагт 25 кг-ийн ууттай гурилаар нэг гэр бүлийн 4 хүн бүтэн 6 сар амьдарч байхыг харин хоёр нүдээрээ харсан шүү.

Нэгэнт л идэх юмны тухай ярьж буй учир мал руугаа оръё. Саяхан Сүхбаатар Дорнодод шүлхий гарав. Үхсэн малын нөхөн олговорт бас өвдөөгүйг нь вакцинжуулах гэж 4.5 тэрбум төгрөг нөөцөөс хайрлав. Нийслэл болон бусдад нь хувиарласан мөнгийг огт тооцсонгүй. Үхсэн малын зах зээлийн ханшны 90 хувийг нь малчдад олгодог юм байна.

Гэтэл үхсэн хүүхдийн нөхөн олговорыг хэн олгох юм бэ? Малд байтугай ноолуурт нь нөхөн олговор олгодог юм байж ийм хууль хэн ч санаачлахгүй байгаа нь хачирхалтай. Заавал тэр нялх амьтдыг үхүүлж, хэдэн халтар төгрөгийг сүйтгэгдсэн амьдрал, эдгэхгүй шархных нь оронд өгөөдөх гэсэнгүй. Хариуцлага болон хүн чанарын холбоог л сануулах гэсэн минь энэ.

Эмнэлгийн шалан дээр ээж ааваа ч танихгүй болтол дэмийрч байгаа тэр хүүхдүүдэд хэн хэвтэх ор байг гэхэд эм тариа авч өгөх юм бэ? Эмнэлэг дотор болон дэргэд нь шавсан хурган дарга нарын хамаатны аптекийг хөгжүүлсээр байх уу? Бидэнд Яармагт цоо шинэ спортын ордон биш тийм ордонд уралдах эрүүл саруул хүүхдүүд төрөх шинэ эмнэлэг хэрэгтэй.

Сөүл Бээжин байтугай Эрээн ч холдох, тэр бол Баруун шиг санагдах тэр хүүхдүүд монгол хүн болж төрсөн нь буруу юм гэж үү? Эсвэл мал бол сармагчингаас дээр болж таарлаа. Ганц удаа дэгдсэн, угаасаа жил болгон, сар болгон шахуу давтагддаг тэр малын өвчинд мал шиг нөхдүүдийн хувиарласан мөнгөөр хоёр биш юмаа гэхэд, ядаж 500 ортой хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй хүүхдийн ганц эмнэлэг элбэг барих байтугай сүндэрлүүлнэ. Эсвэл зөвхөн сургуулийн хүүхдүүдэд үйлчлэх 150 автобус жилийн бензин, засвар үйлчилгээтэй нь авч болохоос гадна монголын 1 сая орчим хүүхдүүдийг яг Британи шиг хорин хэдэн төрлийн вакцин биш юмаа гэхэд халдварт шарын вакцинаар бүрэн хангах, бүүр цаашлавал доод тал нь бүтэн 10 жил вакцин үйлдвэрлэж нөгөө хайртай малыг нь вакцинжуулах үйлдвэр барьж болно. Ирэх даваа гариг гэхэд нийслэлийн бүх мал вакцинжах юм гэнэ.

Бурхан минь, нэг сайхан өдөр хотын бүх хүүхдүүд халдварт шарынх биш юмаа гэхэд ханиадны вакцинд хамрагдаж дууслаа гэдгийг ядаж нэг сонсчихоод үхэх юмсан.
Нусаа гоожуулсан “бацаануудаас” автобусанд 100 төгрөг ичихгүй нэхдэг болсон цаг. Тэгчихээд бас үдийн цай бүр хоол энээ тэрээ гээд “хуцаж” өгнө. Хар хүйтэнд автобусанд суух мөнгөгүй тэр нялх амьтанд юуны чинь үдийн цай. Чих байтугай гар нь хөлдчихгүй бол их юм.
Тэгсэн мөртлөө шүлхийн голомтоор жипний уралдаан хийж, яаж гар хөл байтугай жипний дугуйг спиртээр угааж ариутгах ёстойг үзүүлж таниулан, өөрсдийгөө ПИАР-даж суваг болгоноор “зовж шаналж” яваа хүмүүс лав биднийг сармагчин гэж дотроо боддог байж таарлаа. Үгүй бол ингэж малаас дор харьцахгүй шүү дээ.

Нээрэн мартсанаас, маркетинг ПИАР гэдэг бол улстөрчдийн сурталчилгаанд л зориулагдсан дандаа хулгайн юм гаргадаг, элий балай суваг болгоноор галзуурч солиортол нь бараагаа харуулахыг хэлдэггүй юм шүү, мундаг маркетерууд минь.

Нэг зүйл хэлэхэд заавал Баруунд юм үзсэнээр хүн болдоггүй бас ядуу чадуу хүн болж төрсөн нь сармагчины хувь тавилан эдлэх ёстой гэсэн хууль байхгүй дээр нь хэрэв солонгост дайн дэгдвэл манай “капиталист”-ууд сөнөх нь тэр. Учир нь амьдрахын тулд гэрээ зарж, гэр бүлээ салгаад, харьд одсон, элэг гэхээр юмгүй болтлоо бэтгэрч бас бор дарс хүртсэн доод тал нь 15.000 хүн амьд амьтны зөн совингоор амьд үлдэхийн тулд нутагтаа эргэж ирэх бөгөөд хамгийн аюултай нь тэд хамгийн хог шаарын хар ажил хийгээд, сард бүүр доод тал нь 1000 - долларын цалин авч болдогийг ойлгосон “сармагчингууд” учир мань мэт шигээ Занданмагнайуянга, Баруун Зүүн гэж мэтгэлцэхгүй бас хулхидуулж байгаагаа мэдэж байсан ч дуугүй 10 мянгын “хишгээ” хүртээд, чимээгүй суухгүй нь лав. Учир нь хэн ч гэсэн урьд нь авч байсан цалингаасаа дор цалинтай ажил яавч хийхгүй. Энэ бол зах зээлийн биш юмаа гэхэд хөгжлийн хууль...

Хишиг гэдэг чинь Богдын үед л борчуудад зориулсан боов шоовхон тараахыг хэлдэг байсан санагдах юм...21 он биш 21-р зуун шүү дээ. За тэгээд хэн мэдэх вэ дээ, хувьсгал байтугай хувьсгал гэдэг үгнээс хүртэл айгаад нэг нь нэрээ өөрчилсөн байж ч мэднэ. Удахгүй нөгөө нь ардчилал байтугай ардчилал гэдэг үгнээс айж намынхаа нэрийг бүү өөрчлөөсэй гэж залбиръя.

За тэр яахав. 100 жилийн өмнө шахуу зурсан Марзан Шарав гэдэг хүний зургийг та хэд одоо нэг олоод үзээрэй. Амаа аймаар том ангайж ард түмнийг амьдаар нь залгиж байгаа гадаад, дотоодын хар шар хувалз энээ тэрээг хараад, таньд 21 он 21-р зуун огт ялгаагүй санагдана.

Сармагчин ухаан нь хөгжөөгүй байхдаа л урд мөчөөрөө модны үндэс, чулуу атгаж, араатан амьтнаас өөрийгөө хамгаалж сурсан гэж бодохоор, цагаан болон шар арьстнууд хэлэх үггүй болохоороо хар арьстнуудаа сармагчин гэж хараадаг юм биш, ер нь хүн тэнэг нэгнийгээ мод чулуу атгатал нь сармагчин гэж дээрэлхдэг болж таарлаа.
Үгүй яахав одоо цагт ихээхэн дургүй хүргэвэл шууд л буудчих юм чинь...

Цаана чинь “Хар ус” гэдэг 50.000 орчим цэрэгтэй хувийн арми ч Америкт байна, ай даа. Тэднүүс Афган, Иракт Америкийн цэргүүдийг бас буу сумыг нь хүртэл хамгаалдаг гэсэн шүү. Гэтэл 5-хан алхмын цаана нь нэг негр нөгөөгөө сармагчин гээд алаад идэж суудаг...Ээ базарваань...
Барууны зоопаркад сармагчин байсан нь ч дээр юм уу?

2010/11/26

Ален Арман “Их тэсрэлтийн өмнөх Хоёр амбаартай Барлаа мэд”

Уржигдар буюу 2011 оны 4 сарын 7 нд Наран дээр сүрхий дэлбэрэлт болж, дэлхий өчигдөр өдрийн турш соронзон шуурганд цохиулж, японы Сэндэйгээс 40 км зайд далайн гүнд дахин 7,3 магнитутын газар хөдлөлт болж 1-2 метр цунами хуйлрав. “2012” гэдэг киног үзээгүй хүн байхгүй. Хүн болгон л нээрэн ингээд живээд үхвэл яанаа гэх.

Япончуудын шинэ онигоо “Монголчуудаа тайван байцгаа”.
Тэнд нэг улс усанд автах гээд зовох мөртлөө 2 сая долларын ноолууран хөнжил биш стандартанд нийцсэн цэвэр ус, бэлэн хоол байвал болж байна гэж “ярваганах” зуураа Монгол сумочдын түрүүчээс нь “авилгал”-ын хэрэгт “яллаж” хөөх завсар, энд маниус нь дүүрэг болгонд 64 сая төгрөгөөр “усаа юүлэх сав” барьж, барьсан болон бариулсан 10-аад нөхдийн “садан”-гууд, доод 2 биш “дээд 2 нүхнийхээ усыг юүлэх” шахам баярлаж бахадсанаа гайхна.

Хүн ядарч зовох тусам бурхан мэт ухаарах бус аль болох л ганц олдох амьдралынхаа хором бүхэнд, бусдын тансаг гэсэн бүхнийг амсаж, эдлэхийг хүсдэг амьтан аж.
Ямар сайндаа Афганд олныг хамарсан үрэлгэн баян хурим хийхийг хориглож байхав дээ, саяхан. Талибан, террорист энэ тэр гэх завсар бас нөгөө “лам юмыг яаж мэдэх вэ гээд, юутай төрдөг” гэдэг шиг, баян тансаг хурим болдог л юм байна, цаана чинь. Бүр өрсөлдөөд байхаар нь Засгийн газар нь хориглож байна гэнэ дээ.

Тэнэг гэхэд хэцүү. Үнэхээр л ганцхан удаа амьдрах юм чинь. Та бүхэн дэлхийн дайнуудын үеэр талх биш шампаньск, үнэртэй ус, бялуу, уруулын будаг контрабандын гол наймаа байсан гэвэл итгэх үү?

Мэдээж буудуулах гэж байж “энэ тэр нүхэндээ” нуудаг алт, алмааз үнэтэй, үнэтэй. Тэгж зовсон жүүд үндэстэн 2000 жилийн өмнө энд манай нутаг байсан гээд 48 онд дахин мэндэлж болсон юм чинь, бид Чосонгоос Чех хүртэл энэ манай нутаг гэж заргалдаж болохгүй л юм байхдаа?

Батлан хамгаалах яамны стратеги судалгааны төв гэсэн байхаа тэнд ажилладаг Сүх-тэй залуу “хасгуудыг гетодоё” гэж бизнетворк гэдэг сайтан дээр “хуцаж”, жинхэнэ төрийн эсрэг гэмт хэрэг үйлдээд сууж байхад дүлий дүмбэ нөхдүүд, тэр олон үндэстнийг Чингис шиг удирдаж чадахгүй юм чинь зарга үүсгээд яах вэ, тусламжаа дуугүй авч байя гэж суух биз дээ.

Ядаж уг нь бид, ноосоор дэлхийд 4-т ордог улс шүү дээ чааваас. Нүүрсийг нь ярихгүй ээ. Ямар Орос Хятадаас өөр “тас тэврэх” хөрш байх биш.

Намууд бэлэн мөнгө амлахгүй гэж гэрээ байгууллаа гэнэ. Намууд байтугай нам дотроо араасаа “хутгалдаг” шүү дээ. Нөгөө Бамбарын зулзага одоо тэр авилгачдаас бэлэн мөнгийг чинь авч өгнө гээд, өнөө Уянгаа Лянхуагаа турхирна. Өөрсдөө өгөөш бэлдчихээд, дараа нь тэр өгөөшөндөө өөрсдөө унаад байх юм.

Хөөрхий хаврын чуулган эхлэх өдөр манай оюутнууд солиотой юм шиг гэнэт архигүй монгол гэж ордон тойров. Цөөврүүд олуулаа аймаар ч, аймхай хүчгүй арслан ганцаараа сүртэй юм дөө. Түүнээс л айж бэлтрэгнүүдээ архигүй энэ тэр гэж гороолуулаад, орой нь архидуулаа биз.

Хамгийн сайн магтаал бол хэн ч магтаал гэж ойлгоогүй байхыг хэлнэ гэж Гораций бил үү, Цицерон хэлсэн юм гэнэ лээ. “Пиар” яг үүнтэй адил юм. Гэтэл манайд бол нэг муу “хүнсний лангуу”-ны менежер л хужаагаас ямар бүтээгдэхүүн авчирснаа зурагтаар чалчиж өгнө. Тэр архи, утасны маркетингийн дарга нарыг муулсангүй. Улстөрчдийг бол бүүр дурьдаагүй шүү.
Тэрнийг нь олон зуун мөртлөө “хямдхаан” мэдээллийн сувгууд нь хямдхаан үнэтэй “цацаж” өгнө.

Энэ хооронд араб даяар хувьсгал гарна. Тэрнийг нь соёлтой гэдэг цусны цагаан бөөмний өвчтөнгүүд Вангатай холбоно. Тэр болгар авгай Т.Живков буюу тухайн үеийн намын даргынхаа охинтой найзлаад, бас л мундаг сайн авилгач, пиарчин байсан байх магадлалтай байна. Соц нийгэмд бүгд хүлээн зөвшөөрсөн үзмэрч байна гэдгийг, тэр нийгэмд байж үзсэн нь нэг бодоод үзээрэй. Бусад нь намайг буруутгавал буруутга, буруугаа өмнө нь хүлээчихье.

Харин энд цианит натритай архи уусан нэг бөө бөөлнө. Зурагтаар, би бол чөлөөтэй бөөлнө, одоо дэлхий сөнөнө энэ тэр гээд төлбөртэй ярилцлага өгөөд сууж байх юм. Бас болоогүй ээ, 2012 киноноос санаа хусчихсан, аймаар том давалгаа Гималайн нурууг давна ч гэх шиг.

Яг үнэндээ бол хөдөлгөөнгүй матери гэж огт үгүй учир сүүлийн 100-200 сая жилийн чулуун мандлын шилжилтийг судлаад эрдэмтэд, 50 сая жилийн дараа гэхэд Австрали тив ойр хавийн арлуудаа хаман түрж умард зүгт буюу Ази тивийн өмнөд хэсэг рүү шахна. Үүний улмаас Энэтхэгийн хойг, Төв Ази руу улам хүчтэй түлхэж Гималай, Тянь шань, Памирын уулс нурууд улам өндөрсөнө гэж тооцоо гаргаад байна.

Юун чулуу шилжинэ гээд байнаа гэж асуух байхаа, чулуун нүүрс ухдаг нөхөр. Дахиад эхлэе. Нарны соронзон шуурга нэг идэвхиж нэг буурдаг. Та зууханд гал асаж байгааг нэг хараад үзээрэй. Хар ухаанаар зүйрлүүлэв.

Мартсанаас бид Сүүн зам гэдэг доод тал нь 100 сая гаруй нартай оддын системд хамаарагддаг. Түүнийг галактик гэж нэрлэнэ. Сар бол нартай адилхан өөрөө гэрэлтдэг гэдэг зарим хүнд хэлж байна, бусад нь уучлаарай.

Ер нь дэлхийн төрх байдлыг өөрчилсөн геологийн томоохон үйл явцууд 150-200 сая жилийн давтамжтайгаар явагддаг бөгөөд энэ нь галактикийн нэг жил гэсэн үг юм. Бас энэ нь галактикаас нарны аймаг дэлхийд үзүүлэх таталцлын хүчтэй шууд холбоотой ба энэ таталцлын нөлөө тойрог зам дагууд харилцан адилгүй байдаг. Жишээ нь уг хүч нарны аймаг галактикийн төвд ойртох үед алслан холдох үеэс 27 -35 хувь ихэсдэг байна. Үүний зэрэгцээ дэлхий нар хоёрын хоорондын зайны өөрчлөлтийн улмаас нарнаас ирэх цахилгаан соронзон цацрагийн хэмжээ өөрчлөгдөнө.
Галактикийн төвд ойртох үеийг галактикийн өвөл, холдох үеийг зун гэдэг ба бид одоо бол галактикийн өвөл амьдарч байна.
Энэ үед дэлхийн агшилт суларч, тэлэлт нэмэгдсэнээр уртрагийн дагуу эвдрэл болно. Жишээ нь: сая Японд болсон газар хөдлөлт.
Харин зун нь дэлхийн агшилт эрчимжиж, царцдаст өргөргийн дагуу хагарал бий болно гэдэг дүгнэлтийг одоогийн супер дуран авиатай биш, аль 50-60 оны эрдэмтэд цаасан дээр гаргачихсаныг, одоо ч зарим мундагууд ойшоохгүй байна.

Ямар, ямар дуран авиа, хиймэл дагуул ч гэх шиг. Хүн төрөлхтөн техниктэй байснаар хүчтэй болсон юм биш, ухаантай байсан учраас л тэр техникийг бүтээсэн юм. Бас зөвхөн “нүдний шил” зүүснээр хүн ухаантай болдоггүй юм. Яахав сүртэй л харагддаг байх л даа.

Бас нэг талаар зарим нэг өвчнийг гэр бүл салгахгүйн үүднээс, эмч нар шалтгааныг нь
худал хэлдэг шиг, хүн төрөлхтнийг айдас хүйдэст авхуулахгүйн тулд улстөрчид энэ тооцоог нуудаг ч байж магад.

За хэзээ ч үхэх юм билээ, юунаас нь айдаг юм бэ, яагаад би талхны өөдөс хайх ёстой юм бэ, хамгийн үнэтэй үнэртэй усаар “нөгөө 2 нүхээ угаая” гээд ард түмэн алх хадууртай алалцаад байвал, юун “Хоёр амбаартай Барлаа мэд” байгуулах. Ёстой пиар байтугай пиво архи өгөөд ч нэмэргүй юм болно. Тийм ч учраас дэлхийн улсууд улам бүр мэргэжлийн армитай болж байна.

Гэрээт цэрэг гэсэн сайхан нэртэй. Нэгэнт хэдэн жил цалингаа авсан хүн бууд гэвэл буудах л байх, ядаж тал нь. Харин хүчээр хонины бэлчээрээс нь чирээд ирсэн халтар жаал бол хамгийн том дарга сумын дарга гэж боддог ч, халтайсан ах дүүс рүүгээ буудахгүй л дээ.

За тэгээд дайнаас өмнө галав юүлэхэд хатуухан хэлвэл 7 тэрбум хүнээс 20 сая нь л үлдэхэд хүн төрөлхтөн “аврагдлаа” гэсэн үг. Техник технологи, урлаг утга зохиол байтугай сонгуулийн системтэйгээ үлдэнэ гэсэн үг. Тэгээд сүйрлийн дараа асар удалгүй хамгийн түрүүн солиу гажуу реклам, пиарыг нь дамжуулах “цагаан хоолой” хэрэгтэй болно. Даргын гарт чанга атгаастай. Учир нь тэр даргаар сонгогдох ёстой учир дууг нь олон түмэнд түгээх хэрэгтэй. Түүх ийм л байсан юм даа, найзууд аа.

2011/04/09

Ален Арман “Агуу”

Мэдэхгүй. Энэ орчлонд юу агуу вэ? Бидний нүдэнд үзэгдэж байгаа хэдэн тэрбум гэрлийн жилийн өмнөх од гариг уу, өчигдөр автобусанд настай эмгэнд суудал тавьж өгсөн нусаа гоожуулсан хүүхэд үү, бага байхад минь зөв хариулсан байхад зүтгэсээр байгаад сайн тавьсан өнөө нэрийг нь ч санахгүй байгаа багш уу, хувь хишгээ хүртэх гэж хар хүйтэнд өдөржин зогсох хөгшдийг “освенциумын” хуяг шиг зандрах банкны ажилтнууд уу...?

“Бүү мэд, мэдсэнийг бүү ав” гэдэг нь Чингис хааныг хорлосон тангадын хараал юм гэдэг. Уг нь би яс үндсээр ялгаварлан гадуурхагч биш. Зүгээр л нүүрэн дээр “бачка” гардаг учраас л “төрсөн эхийг минь санагдуулна” гэдэг “со”-той реклам болон “со” үсэгтэй учраас л “со” болчихдог хятад “эгч” нарын /орос ах гэдэг юм чинь өөр зүйрлэх юм олдсонгүй/ гуанзанд орж халуун ногоотой хоол идэх дургүй. Дээр нь, дээр доор олон мэдрэлийн “со”-той нөхдүүд миний мэдрэлийг “со”-той болтол оролдох учир үүр шөнөөр хэн нь “агуу” болохыг бодов.

Мартахаасаа өмнө нэг юм хэлье. 1950-аад онд Буриад Монголын Автономит гэдэг нэр устсан шиг, ер нь монгол угсаатан Чингисийн байна уу, хэний ч шивэртэй оймсыг ямар хааных гээд, хаанаа ч залсан байг өөрийгөө өвөр болон ар монгол бүр буриад хотон гэж боддоггүйтэй адил, “со”-чууд ч өөрсдийгөө тэгж боддоггүй.
Тэр газар зүйн байрлал дээр нь одоо хүртэл амьдрал нь “хоосон” элэг нь хатсан олон олон ах дүүс бий.

За тэр яах вэ, МЭӨ 1122 онд Ци Цзы гэдэг тухайн үедээ л том сайд Хятадад өөр хаан гарч ирсэнд дургүйцэн, өөрийн талын юм уу, омгийн 5000 орчим хүнийг дагуулан ар тийш нүүж, нэгэн сайхан хүч султай овог аймагтай “хоосон” хойг олсон нь одоогийн нөгөө ах дүүс хүний өмнөөс хэрэлдээд байгаа “Чосон” буюу Өглөөний сэрүүн тунгалагийн орон хэмээх нэр зүүсэн гэдэг. За өнөө цагаар бол сайд хэвээр нь байлгахгүй гэхээр нь шинэ нам байгуулсан юм уу даа. Тэгэхээр “со” бичиг ч гэсэн хятадаас л эх авсан хэрэг.

Эндээс эх сурвалж буюу түүх хаанаас эхэлдэг тухай бодоход хүрэв. Түүнийг хүн л бичдэг. Бидний алдар хүндтэй жанжин энэ тэр гээд байгаа олон олон “агуу” алдартан бол тухайн үедээ байтугай одоо ч тэр, хүний хэмжүүрээр бол “цайрчихсан алуурчид” шүү дээ.

Өөрөө “агуу” болох гэж хүмүүсийг алж хядаж, нулимс хараалан дунд умбаж яваад, өнөөдөр хөшөө дурсгалдаа биднийг мөргүүлэх нь үнэхээр “агуу” бөгөөд “со” хувь тавилан юм даа. Нялх хүүхдүүдийг мориор гишгүүлж, хүний толгойгоор овоо хийгээд дээр нь морьтойгоо гарч зогсох, өөртөө бууж өгсөнгүй гээд хэдэн мянгаар нь өлсгөж юмуу тахал тарааж алах, хөхүүл эхийн мээмийг таслаж нохойгоо тэжээх энэ бүхэн “агуу” үйл юм байх аа даа. Амаа мэдэхгүй амьтдын ярьж буйгаар.
Тэр хүн “агуу” жанжин байсан гэж би хүүхдэд хэлдэггүй, алуурчин бол гэсэнтэй адил сонсогдоно.

Эрхэм та уучлаарай би Юлий Цезараас өгсүүлээд, түүнийг самарсан хүүхний өвөг дээдсийн хаан нь болох Александр Македонский энэ тэр бас Ашуг хаан за даа, дээр нь нэрийг нь ч мэдэхгүй олон алдартны тухай ярьж буй болохоос, нөгөө юм л бол тал талаас нь “мөлждөг” нэг хүнийг чинь яриагүй шүү.

Амьтан идэх хоолны төлөө бие биенээ хөнөөдөг. Харин хүн зөвхөн өөрийгөө “агуу” болохыг мэдрэх гэж хүнээ хөнөөдөг. Зөвхөн алт зэс, нефть булаацалдаад байлддаг юм биш. Архины мөнгө адилхан гаргасангүй гээд хутгалах бол байдаг л шалтаг. Тэр өөрийгөө хүндлүүлэхийг хүсдэг байх нь.

Надад руу “мэйл” бичдэг нэг “со” нөхөр өөрийгөө “агуу” хувь тавилантай болохыг дээр нь бас намайг тийм гэж итгүүлэх санаатай “со“- но.
Уучлаарай, та нар л тэр шамбалын байна уу, шар улаан, цэнхэр хувьсгалаа хий. Нээрэн цаана чинь бүр “мэргэшсэн мэргэжлийн хувьсгал импортлогч” - д байгаа шүү дээ. Захиалгаа өгөхгүй юу? Эсвэл тэд эхнээсээ энд тэнд удирдах зөвлөлд ороод завгүй болчихоод намайг сонирхоо юу. Би тэгж далдганадаг “со” биш.

Орчлонд “со” юм их болж байна. Нөгөө “агуу” АНУ-д ижил хүйстэн армид байх эрхтэй болж байх шиг. Нүхээ андуураад тийм болдог юм уу гэтэл, хоёр нүх хүртэл “хоосон” орон зайнд юу яагаад байгаа нь нөгөө “агуу” ихийг харуулж байгаа хэрэг буюу та нарын “со” биз.
Удахгүй сургуульд нь хүртэл ижил хүйстнүүдийн анги бий болох нь л дээ, “агуу” улс юм чинь.

Сургууль гэснээс нөгөө бөгс бөөрний биш зүгээр л нэг ханиадны 70% нь сургуулиас, 30% нь цэцэрлэгийн багтаамжаас болж дэгддэг, нэг ширээн дээр 3 хүүхэд суух бол юу ч биш гээд л нэг нөхөр толгойгоо сэгсрэн сууна. Гэтэл хурган дарга нарын өрөөнд бараг нэг анги хүүхэд хичээллэхээр том байдаг.

Гайхалтай нь дэлхийн хамгийн ууган парламент болох Их Британы лордуудын танхимыг та очиж биш юмаа гэхэд гадаад мэдээгээр нэг хараад, өөрийнхөө их хурлын танхимтай харьцуул. Тэр муу Британичуудын хажууд үнэхээр “агуу”. Арабын султанууд авч тоглодог шонхорынхоо төлөө шинэ байр барь гэж мөнгө шидэх зуур анд нөхөр “төлөг”-үүд 2 сая долларын улаан модон сандал ширээ хийж өгнө. Их л үнэтэй “агуу” ууц юм байх.
Тэгээд бодов. За тэр ханиад яахав. Харин нийт ард түмний ядуурлын 70 % нь эрчүүдийн, 30 % нь эмэгтэйчүүд хүүхдүүдийн өөрсдийнх нь буруу өөр хэнийх ч биш гэж нөгөө Олон улсын нэр барьсан судалгаачингууд толгойгоо сэгсрэн суух цаг айсуй.

Нээрэн манайд ирсэн олон улсын байгууллагын ажилтнууд нэг бол ижил хүйстэн бас дээр нь ДОХ-той үгүй ядаж гэр бүлгүй нөхөд байдаг нь яах вэ. Ажиллах хугацаа нь дууссаны дараа манайд том том компаний захирал зөвлөх болдог нь “агуу” их хайр биш гэж үү?

Ер нь “хоосон” хүн л өөрийгөө үнэтэй элдэв эд хэрэглэл, чимэг зүүлтээр чимдэг. Бид ч “хоосон”, бидэнд “агуу” царайлах нөхдүүд ч “хов хоосон” байдаг.
Тийм ч учир жинхэнэ гоо бүсгүйчүүд амьтны арьс нөмөрдөггүй “хоосон” зургаа авахуулдаг.

Будда байтугай Мухаммед, Христ хүртэл өөрийгөө Бурхан биш ертөнцийн жам ёсыг хүмүүст ойлгуулах гэж яваа хүн гэж хэлдэг сургадаг байсан юм гэнэ лээ.
Үхсэнийх нь дараа бүгд найз болдог шиг үлдсэн хэд нь “со”-рч, “со”-той мань мэтэд нөгөө нөхрийг ямар “агуу” болохыг итгүүлж, хэдэн үеэр маань “тархи угааж”, тухайн үедээ л “медиа пи ар” болох бүрээ бишгүүр, бувтнуур, бүжиг энэ тэрийг бий болгосон.

Та нар заавал Их бага хөлгөн гэлтгүй лал, хэрээст энэ тэрийг монголоороо орчуулаад үзээрэй. Хэлтэй мөртлөө толгой нь “хоосон” олон хүн хэн нэгний орхисон “хоосон” зайг нөхдөг болсон юм хойно. Яг адилхан ийм л байгаа.

- Бурхан минь, намайг бас үйлдсэн нүглийг минь өршөө.
Нөгөө “агуу” нөхдүүд ч ингэж залбирдаг байсан, байгаа, байх ч болно.

2010/12/24