Saturday, December 22, 2012

"Огторгуйд аялагч Калипагийн шинэ жилийн захидал" уран зөгнөлт туужаа бүх ЕБ-ын сургуулиудын номын санд тараах филантропи үйл ажиллагааны маань нээлт бидний нэрлэж заншсанаар Төв шуудангийн зааланд өчигдөр 12/21-ний 15:00 цагт болж олон хүмүүс оролцлоо. Би энэхүү уран зөгнөлт туужаа Монголын бүх хүүхдүүдэд 2012-2013 оны шинэ оны бэлэг болгохоор шийдэж, өөрийн найз нөхөд болон фэйсбүүкийн танилуудынхаа дэмжлэгтэйгээр хэвлэн гаргаж, Монгол Улсын ерөнхий боловсролын бүх сургуулийн номын санд үнэ төлбөргүй бэлэглэхээр шийдсэн юм. Монголын хүүхдүүд шинэ жилээр аль юм болгон, хаана үйлдвэрлэгдсэн нь хортой эсэх нь мэдэгдэхгүй чихэр жимс, хар тугалгатай хямдхан хуванцар тоглоом бэлгэнд авах вэ гэж бодсоны үндсэн дээр зах зээл нь байгаа ч энэ номоо зарж борлуулалгүй хүүхдүүдэд хандивлахаар шийдсэн юм. 21 жилийн өмнө хүүхэд байхдаа бичсэн энэ тууж өнөөдөр ч утга санаа үйл явдлын хувьд орчин үеийн хүүхэд залуусын сэтгэхүйд гологдохгүй байх хэмээн гүнээ найдаж байгаа минь нэг их буруу биш болов уу? Энэхүү арга хэмжээ нь манай улсад уран зөгнөлт чиглэлийн бүтээл төрөлгүй 20 гаруй жил тасарсан байсныг сэргээсэн, мөн түүнчлэн зохиолч хүн өөрийн шинэ номоо улсынхаа бүх сургуулиудад үнэ төлбөргүй бэлэглэж байгаа зэргээрээ манайдаа анхдагч филантропи үйл ажиллагаа болсоон. Улс орон даяар тараах ажлыг ивээн тэтгэж, нийгмийн хариуцлагатай байгууллага гэдгээ нотлон харуулсан "Монгол шуудан" ХК-ны хамт олонд гүнээ талархаж байгаагаа энэ дашрамд бүх хүүхдүүдийнхээ зүгээс илэрхийлье

Thursday, November 22, 2012

Ален Арман "Гурван цаг, нэгэн биенд"

Хүн яагаад ч юм, цаг хугацаанаас айдаг. Бугуйндаа зүүчихээд эсвэл утсан дээрээсээ харах тоолондоо, бид юунд ч юм, яарч адгадаг. Учир нь тэр зогсдоггүй. Чиний, миний зүүж байгаа цаг юм уу, чиний миний амьдралын цаг зогссон ч, ертөнцийн цаг хугацаа урагшилсаар л байдаг. Хүн зэрлэг адгуус байх тэр цаг үедээ, нар сараар баримжаалан, шөнийн түнэр харанхуй нөмрөхөд, агуйдаа гал асаан, айдсаа дарах гэж суудаг байсан биз. Амьд үлдэх хүсэл мөрөөдлийг, хамгийн түрүүнд гэрэл хийгээд нар амьд амьтанд өгдөг. Тийм ч учраас нарны туяа нэвтлэн орж үл чадах, далайн алс гүнд нялцгай биетнүүд өөрөөсөө өнгө, өнгийн гэрэл гаргадаг. Гэхдээ энэ бол өөр түүх. Тэр эрч хүч, энерги цаг хугацааны дотор нь оршдог. Яг л эсэн доторхи бөөм, машин техникийн мотор гэсэн үг. Энэ тухай дараа хүүрнэ сүү. Бид дээр үед сайхан байж гэж ярьдаг. Үнэндээ, жилдээ ганц шинэ жилээр олддог мандарин, алим хоёр тасархай амттай байхаас өөр яах билээ. Нэг л хадаас хазгай хадчихвал, хувьсгалын эсэргүү гээд толгойгоо авахуулах юм уу, тэмээчин болж говьд цөлөгдөнө. Тэгэхээр хүмүүс олон юм чалчихгүй, оногдсон ажлаа сайн хийлгүй яахав. Архины үйлдвэр нь улсынх, ажлын газрынхан нь намын хурлаараа гэр бүлийнх нь асуудлыг хэлэлцдэг учир, ямар ч хүн бас эрээ цээргүй эр эмийн явдал хийгээд, ууж идэх зэргийг хязгаарлалгүй л яахав. Гэхдээ бид өнгөрсөн цаг хугацаан дээр, өнөөдрийн амьдралыг бий болговол, маргааш өчигдрөөс огт огт ялгаагүй болно. Энэ нь өөрөө амьд байгалийн хийгээд физикийн энгийн хуультай зөрчилдөнө. Хөдөлгөөнгүй МАТЕРИ ГЭЖ ҮГҮЙ. Хэрэв хөгжиж дэвшиж чадахгүй бол тэр махбодь мөхнө. Тэгэхээр ямар ч бие, ямар ч цаг үед, өөрчлөгдөн хувьсах буюу орчин ахуйтайгаа зохицолдох ёстой. Ердөө л байгалийн шалгуур. Гэхдээ хөгжил хөдөлгөөн гэдэг нь заавал харагдах өнгө хийгээд хэсэг зуурын аятай нөхцлөөр бүрэлдэхгүй. Энэ нь хүний амьдарлаар жишвэл, хоосон толгойтой хүн хөнгөхөн зугаа цэнгэлээр хэсэг зуур л амь зогоож болох жишээгээр илэрнэ. Цаг нь болохоор цалин мөнгө хийгээд, цаашлах зорилго чиг үгүй амьтан, өөрөө нийгмийн хог шаар болох нь зүй ёс. Гэтэл хаа ч хамаагүй хөл доор хэвтэж байдаг, жирийн нэг хөх ногоон замаг ямар ч байсан 3,5 тэрбум жилийн настайг тогтоочихоод байна. Тэр энэ урт хугацаанд нүдэнд харагдах байдал нь бараг л өөрчлөгдсөнгүй. Үүнээс аливаа амьд биетийн өөрчлөлт хөгжил нь, дотоод мөн чанартаа л хувьсан дэвшихгүй бол гаднах өнгө, ганц хоногийн насгүй гэдгийг тод харж болно. Өнөөдрийг хүртэл дэлхий дээр хичнээн тэрбум зүйлийн амьд амьтан хийгээд амьдрал байсныг хэн ч тогтоож чадаагүй байна. Үйлдлийн систем нь хэдэн тэрбум компьютер, технологи бий болсоор байгаа ч, цацраг идэвхт изотопоор аливаа биетийн насыг тогтоодог, аль 1950-аад оны арга илүү боловсронгуй нарийвчлалтайгаар ашиглагдсаар. Энэ нь ертөнц анх “Их тэлэлт” хийн тэсэрч дэлбэрсэнтэй ч холбоотой, орчлонд цацраг идэвхт бодисгүй зүйл нэгээхэн ч үгүйтэй ч холбоотой. Тэгэхээр бид өнгөрсөн буюу уг үндсээсээ аливаа хөгжил дэвшлийн цаашдын замыг харах хэрэгтэй болж байна. Өнгөрсөн цаг хугацаанд сайн хийгээд сайхан зүйлс зөндөө бий. Жишээ нь над мэтийн хөрөнгө мөнгөнд дөрлүүлэээгүй, хүсэл мөрөөдөлтэй залуусыг бий болгосон. Настай хүнд суудал тавиад өгчихдөг, ядарсан нэгэнд аяга хоол өгчих тийм сэтгэлийн тэнхээтэй хүмүүсийг бий болгоход, өнгөрсөн нийгэм чамгүй хувь нэмрээ оруулсаан. Яг үнэндээ коммунизмыг үндэслэгч Карл Маркс, В. Ленин /Ульяанов/ нарын сургааль үгийг, намын дарга нар биш, мань мэтийн хэдэн мангар бацаан л илүү амьдралд хэрэгжүүлсэн байх. Гэтэл Ардчилсан хувьсгал өрнөж, талбай дээр үймээн дэгдээгчид жагслаа гэж түүх, нийгмийн хичээл дээрээ хэлээд, онц авч байсан нөхдүүд, өөрсдөө тэр үймээн самуунгүй нийгмийнхээ золиос нь боллоо. Нас, муу санаа хоёр бага нөхдүүд мөнгө, нохой зан хоёрт далаараа тавиулав. Эргээд эртний түүх рүү хэсэг өнгийе. Хүн, нэг л өдөр араатны хямдхан өдрийн хоол байхаа болихоор шийдээгүй юм. Тэд үүнийг ухаарталаа хичнээн он, цаг хугацааг элээснийг, тэдний үр удам бид ч мэдэхгүй. Гэхдээ л тэд, хамтарч нэгдэн, нийлж хөгжих ёстой гэдгийг тодорхой хугацааны дараа ойлгосон учраас л, бид нийгэм журмыг байгуулж, эхлээд амьтдыг, дараа нь өвчнийг, одоо харин өөрсдийнхөө муу муухай зан араншин бүхнээс салах оролдлого хийсээр... Төгс төгөлдөр лүү тэмүүлэх нь ямарч хүний хүсэл мөрөөдөл. Гэтэл Монголчууд бид улам ухарсаар байлаа...Ардчилсан хувьсгал ялсан тэр жилүүдэд хүн чанар, сайхан сэтгэл хоёр хүч тэнцвэргүй тулаанд хуга ялагдсан юм. “Би л болж байвал...” гэсэн хар амиа хичээх хөгийн бэртэгчин амьтдаар монгол улс дүүрлээ. Албан тасалгааны цонхоор дарга нар, ард түмний амьдралыг гайхаж харсан шигээ “Албан тасалгааны цонхоор...” гэж дуулангаа, ардчилал гэдэг чинь энэ гэж ард түмнээ амыг нь ангайтал панаалдана. Хүн чанарын энэ хүч тэнцвэргүй тулаанд туйлдсан иргэд хуучнаа эргэн санагалзаж, олон жилийн өмнө огцруулсан намдаа саналаа өгсөөр... Учир нь шинэ нийгмийн шилжилтийн золиос болсон хүмүүс зовлон бэхшээлийнхээ буруутнаар нь, ардчилалыг авчирсан хүмүүсийг гэж дотроо зүхэж байлаа. Гэхдээ гараа хөдөлгөж, тархиа ажиллуулаад, нэгдэж нийлээд ирвэл ганц айлын ч биш улс орны амьдрал өөрчлөгдөж сайжирч болно гэдгийг тэд жил ирэх тусам ойлгож... Жил ирэх тусам эргэлзэж, намдаа өгдөг нөгөө санал нь багасаар... Цаг хугацаа хэзээ ч эргэж ухардаггүй, бас тэр биш, бид л хөгширч, амьдралыг арай өөрөөр харж эхэлдэг. Тэгсэн мөртлөө цаг хугацааг буруутгах гээд байдаг. Үнэндээ, өчигдөр болсон хийгээд, өнөөдөр болж байгаа бас маргааш болох учиртай бүхэнд цаг хугацаа ямар ч хамаагүй. Тэр зөвхөн хязгаар үгүйг л, тодорхой хэмжээ, хэлбэр дүрсэнд оруулахын тулд л урагшилдаг. Гэтэл бид яг л цаг хугацаа юм бүхний эзэн мэт хуумгай ханддаг. Учиг нь энэ бүхэн, ердөө л гурван цагт зэрэг оршиж, эргэцүүлэн бодож зогсоо ухаант хүний л хийж байгаа ажил гэдгийг ойлгодоггүй. Гэхдээ тэр заавал цагаа харах учиртай. Учир нь агуйд гал түлснээр, тэнгэрт нарыг мандуулахгүй. 2012/11/22

Tuesday, June 26, 2012

Ален Арман "Монголд хэн жаргалтай вэ?"

/Найраглал/ Монголд хэн жаргалтай вэ? Мэдэх хүн байна уу? Хүнээс дутуугүй амьдрах гэдгийг Хэмждэг зүйл нь юу юм бол? Хариултыг би удаан хайсангүй. Халамцуу яваа, харваас 40 гарсан Харлаж, халцарсан нүүртэй Хэрзгэр, туранхай биетэй Хиртэй хөх богино цамцтай Ханзарзай хулхи пүүзтэй Хужаа шар торонд хэдэн төмс ууталсан Харц нь гөлгөр, халаас нь нимгэн нэгэн эртэй тааралдлаа. Тээнэгэлзэх юмгүй замыг нь тосож очоод, Таниас нэг юм асууж болох уу гэлээ. Тэгсэн тэр зогтусаж, гайхсан янзтай амаа ангайгаад, гараа халаасандаа хийж байна. Хэл амаар доромжлох нь уу, хутга шөвөг гаргах нь уу гэтэл, Хүүхэн хараа нь томорч, хатсан уруулаа нэг шилэмдээд, Хөлнөөс минь толгой хүртэл нэг сүрхий гүйлгэснээ Тал тал тийш хяламхийгээд, тунчиг намуухнаар Та надаар тоглоогүй биз гэж байна. Таниар уу, яалаа гэж, яагаад тэгж бодоо вэ.. гэтэл Хөөрхий эрийн нүүрэнд нар мандаж, хүүхэд шиг хөл нь газар хүрэхгүй баярлаж Дороо дэвхцэх шахан, догдолсондоо бүр чичрээд Хээ шаагүй сугадаж аван, хаачихаа хэлэлгүй чирэх нь тэр Хамт уух ханьтай болсондоо хөөрсөн юм болов уу гэтэл Хотын гудамжинд ховорхон үзэгддэг Хатуу модон сандал хайж явсан нь тэр юм байж. Хөөрхийг хэлмэгдүүлж муугаар бодсондоо Хэлэх үггүй бантаж зогстол, өнөөх эр Илгэн өмдөө шороо болохыг ч тоолгүй Их дэлгүүрээс, цирк ордог гудамжны нэг сандал дээр түсхийтэл сандайлах нь тэр. Та ч гэсэн суу гээд тохойноос минь татлаа. Тортой төмсөө хөлөн тушаагаа шидлээ. Төгс биш ч гэлээ төгс орчлонд Тэнэг ч гэлээ, хүн юм чинь хүн шиг л амьдармаар байна шүү Тэгж хэлснээ санаа алдаад, Түрүүн эргэлзсэнд минь уучлаарай. Таныг надаас юм асууна гэж огт бодсонгүй. Адилхан хүнээр тоглох байтугай Амьдаар нь тамладаг, арай ч дээ гэмээр Арчаагүй нийгэмд амьдарч байна шүү дээ, бид. Ардчилалын буян сайд, дарга нарын аманд л Алт мөнгөн бороо цутгаж байна. Хаана байна тэр эрх чөлөө, эд баялаг... Хорин хоёр жил “худлаа шааж, хуухнагаа хөхүүллээ” Хөрсөн доорхоо байтугай хөлөө хаана тавихаа Харийнханаар заалгаж, хонины номхон морь, Хотоо манасан хөгшин банхар шиг Хэзээ юу өгөх бол гэж горьдон хэвтэж, Төрсөн нутагтаа боол, Тоонот гэртээ зарц нь боллоо. Адилхан монгол улсын иргэн мөртлөө Аавынх нь түрийвчээр амьдрал нь шийдэгдэж байна. Аавынд ороход ч, Америкт амьдрахад ч тэр. Аль эсвэл ар, өврийн хаалгаар хамаг юм бүтнэ. Арай гайгүй улсын цэцэрлэгт багыгаа оруулах гэтэл Улалзах нүүргүй улайм цайм хандив нэртэй хахууль нэхлээ шүү, Тэр муу захирал нэртэй бүдүүн авгай гээд Уураа, ууттай төмсөндөө гаргаж, нэг өшиглөх зуур Улайсан нүүр нь бүр ч хүрэнтэн мэнчийлээ, мань эрийн. Тэгснээ гэнэт толгойгоо өндийлгөөд Тэнгэр ямар байгааг нэг ажаад, Сайхан өдөр болох нь ээ, аягүй бол бороо орох нь гэж Саяхан бухимдаагүй юм шиг сэтгэл амар бувтнангаа, Хэзээ угаасан нь мэдэгдэхгүй хагтаж, ширэлдсэн үсээ Хоёр гарын арван хуруугаараа, хэд сайн базаж дугтраад, Ингэхээр янгинахаа байчихдаг юм. Эм уугаад ямар ч нэмэргүй. Ингэхэд...байз нээрэн... За дүү минь чи надаас юу асуух гэлээ? Зай өгөлгүй, шүршиж орхисонд “сорри” гэчихээд, Санаа нь зовсон янзтай, дагзаа маажин, үл мэдэг хулмаганаад Запасны хэдэн англи үг зурагт, радиогоос дуулсаар байгаад Заваартаж ингэж хэлдэг болчихлоо, золиг чинь гэж өөрийгөө зэмлэлээ. Элэгдэж, эмтэрсэн ч Эвдэрч, хагараагүй сэтгэл гэж үүнийг л хэлдэг байх. Хэцүү, хүнд ч Хувирч өөрчлөгдөдгүй чанар гэж ийм л байдаг байх. Санаа алдаад, инээмсэглэхэд минь Сайх эрийн нүдэнд бяцхан тунирхал харваж Тэгнээ тэр, та намайг тэнэг гэж бодсон биз Тэгэхээр одоо надаас юу ч асуухгүй, тийм ээ гээд. Хариу хэлэхийн завдалгүй, хамаг амьдралаа хүүрнэлээ. Хорин хоёр жилийн өмнө би ийм байсангүй. Хорвоо даанч хатуу юм. Хөл гар бүтэн ч гэлээ Худал хуурмагт хүлүүлчихдэг юм байна. Хүний дайтай амьдарна гэдэг Нохой санаалахыг хэлдэг ч юм шиг. Юунд итгэж хаашаа явахаа Ерөөсөө би мэдэхээ байлаа. Хэн ч үгийг минь сонсдоггүй, хүүхдээ ч загнах эрхгүй Харин сонин нэг юм анзаарсан.. Хамгийн хайртай хүмүүс чинь л Хогийн нэр хоч хайрладаг юм билээ. Нэр хугарахаар яс хугар гэж Нээрэн үнэн юм билээ...гэснээ Түй түй...гай болж гар хөл хугарчих вий, Тэгвэл ч ёстой өнгөрнө шүү. Эртээр манай нэг таньдаг нөхөр Энүүхэндээ гэхэд над шиг л иймэрхүү гар л даа Хөлөө хугалаад хэдэн сар хэвтсэн гэж бодно. Ёстой аймаар түй түй түй... Хэдэн хүүхдээ тэгж ч өлсгөхгүй шүү гэснээ, Тамхиа гаргаж баагиулаад, тасарсан яриагаа үргэлжүүллээ. Эхлээд эхнэр, эцэст нь найз нөхөд Энэ муу архичин гэдэг юм билээ. Май, чи муу битгий хуц гэхээр Агсам тавилаа гэнэ. Намайг хэн байсныг мартжээ гэхээр Айлгаж ичээлээ гэнэ. Тэгсээр сүүлдээ тэнэг юм шиг, хэн ч, юу ч гэсэн Тоохоо огт болих юм. Тэгэхдээ би гудамжных биш шүү. Дүү эндүүрэв. Хоёр хүүхэдтэй хүн шиг л хүн. Харин даанч хүн шиг л амьдарч чадахгүй юм. Манайх гэр хороололд, мах үнэд орчихоод өнөөдөр төмс авлаа. Зах дээр хүнтэй ээлжилж тэрэг түрдэг болохоор, Заримдаа ч хоосон хонох энүүхэнд. Яг тогтсон ажил хийе гэхээр нас хүйс өндөр нам нь тэнцэхгүй юм Яагаад тэгээд үндсэн хуулин дээрээ ялгаварлаж болохгүй гэж заасан байдаг юм бол. За ингээд хальж өгнө дөө ах нь. Давхиулаад байвал, дарга цэрэг нарыг ч шүүмжилнэ. Би гайхдаг юм. Гурван сая хүрэхгүй хүнийг Гутал хувцастай, хоол ундтай байлгах Хүний хэрээс хэтэрсэн, хийж боломгүй зүйл юм байх даа. Хужаа, хужаа гэж худлаа муулж байхаар Хэдэн тэрбум хүнээ тэжээдэг аргыг нь сурмаар юм. Орос орос ах нар гэж онгирч далдганахын оронд Олон түмнээ яаж зангидаж чаддагийг нь мэдмээр юм. Аль эсвэл тэр Америкаасаа асууж мэдэж болдоггүй л юм байх даа Айхтар том улстөр лүү орчихсон явна. Бүү мэд. Гэхдээ л бодоод байхад, Гайхахаас өөр арга алга. Наад зах нь манайх л гэхэд дөрвүүлээ, таван ханатай гэрт Нөгөө нохойгоо оруулвал 5 ам, амь амьдарч болоод л байна. Дөчийн бидонтой усаар 2 хонох нь ч яахав Дахин дахин сонгуулиар дэмийртэл хулхидуулах л муухай байна. Таван кг-ийн гурилаар сар болох нь ч яахав Төрийн эрх барилцуулна гэж худлаа шаалгуулж залхлаа. Харин тэгсэнд орвол Хорин нэгийг маань өгөөд, холхон очиж хуцсан нь дээр биз. Тэнгэрийн бурхадын “бааж” байгаа нь Тэртэй тэргүй маньд ямар хамаа. Үгүй чи бод доо. Гэр хорооллын усны...усны шүү Үнийг нь байрныхантай адил хямдрууллаа гээд байх юм. Үлгэрт гардаг үүлэнд тулсан ордонд биш уг нь байранд л оруулчихвал Үглэж дуулаад байдаг утаа энэ тэр чинь угаасаа алга болчих юм биш үү? Үнэг биш дээ биднийг зальдаад яахнав дээ, чадахгүй юм бол Үнэндээ нэг муу труба л татаад хаячих хэрэгтэй ш дээ. Яриаг нь тасалчих вий гэж сандарсандаа Яарч тэвдэн, гараа дэлгээд, Ямар баян улсад Ядуу байгаагаа ойлгохгүй байна. Энэ сайхан улсыг Эрхбиш нэг улс шиг хөгжүүлж, Биднийг биш юмаа гэхэд Бяцхан үрсээ бодож болдоггүй л юм байх даа гэж нэмлээ. Та бод доо. 50 сая давжээ...Ганцхан өрөө байр шүү. 50 сая малтай мөртлөө 10 мянга хүрч шүү, мах. Хөгшид банкинд өртэй үхэх ердийн үзэгдэл Хүүхнүүд бөгсөө зарах энгийн зүйл юм уу? Ай хөөрхий ах дүүсээ хараад байхад Айлын хатавчинд өрхөөн татахгүй гэсэндээ Аз жаргалын эрэлчин харьд боол болдог юм байна. Амьдралаа авч явж чадахгүй болохоор Аргаа бараад архи уудаг юм байна, над шиг нь. Хорин нэгэн онд хувьсгал хийсэн, Хоёр сая найман зуухан мянган Монголчууд Хорин нэгдүгээр зуунд ингэж ч суух гэж дээ. Хойч үе минь харааж зүхэх байх даа. Харалган хөгийн амьтад гэж Ходоод нь цадсан ч сэтгэл нь ханаагүй Хайран улсыг яайран болгосон Хариуцлагыг нь хамт бидэнд л тохох биз. Хог түүж, хов зөөж биш Хар санаж, хүний бөгс ухаж биш Өдөр болгон инээмсэглэж чаддаггүй юмаа гэхэд Өчигдөртөө харуусаж толгойгоо шаахгүй Цээжээ дэлддэг тэр Чингисийнхээ Үлдээсэн өвийг нь Үрэн таран хийхдээ, ичдэггүй эмзэглэдэггүй. Үглэж дуулаад байдаг энэ сайхан улсаа Үгүйрүүлж, мөлжихдөө ханадаггүйн учир юу юм бол? Элсэн цөл дунд тэр арабын улсууд Энэнээс сайхан амьдардаг юм гэсэн биз дээ. Хамгийн сонирхолтой нь тэр улсын иргэд нь Хар ажил огт хийдэггүй гэж дуулсан. Гэтэл... Монгол хүн би... Малчин удамтай ч, малаасаа дор амьдармааргүй байна шүү дээ. Тал дүүрэн бэлчсэн 50 сая малтай ч Тогоондоо чанах махгүй өлөн зэлмүүн хономооргүй байна. Туулын хөвөөнд сүндэрлэсэн нийслэл өргөө хотоо хар. Тамхиа хаядаггүйн учир минь энэ, Тэртэй тэргүй утаагаар амьсгалж байгаа юм чинь. Уушиг бол уже ум манибадмехум болоо биз. Гэж дахин нэг тамхи гаргаж асаангаа Гэм хийсэн аятай өөрийгөө зөвтгөлөө. Маргааш мандах нарны тухай машид сайхан ярих биш Мөрөөдөл хүсэл шингэсэн сүүн цацал өргөж Мөрөө дурайлгасан замынхаа аяны жолоог мялааж Мөнх биш ч энх амьдармаар байна. Маргааш биш өнөөдөр жаргамаар байна...гэлээ. Хот хөдөө хаана ч хамаагүй Хөгшин залуу хэн нь ч ялгаагүй Харамсах зүйл, хожимдсон ухааралгүй Хүн шиг л амьдармаар байна. Мангар ч гэлээ мангар учиртай энэ орчлонд Монгол хүн байна даа, энэ чинь Малаасаа дор амьдармааргүй л байна шүү. Түм биш дээ гуравхан сая хүн Түй чёрт гэж газар нулимлаа. Үүнийг л хүн шиг амьдаръя гэж хэлээд байгаа юм шүү дээ Үнэндээ би чамайг залхаачих шиг боллоо. Уучлаарай гэхдээ үнэхээр их баярлалаа гээд Ууттай төмсөө шүүрч аваад мань эр бослоо. Нулимс цийлэгнэсэн нүдэнд нь итгэлийн гал нь бөхөөгүй Нугдайж бөгтийсөн нуруунд нь тэнхэлийн бяр дутаагүй Ийм нэгэн эр ингэж хэлээд явлаа. Инээмсэглэх аядан толгой дохихоо мартсангүй. Харин би бодолд автан үлдлээ. Хариу нэхсэн асуултаа өөрөө өөртөө тавилаа. Монголд хэн жаргалтай вэ? Мэдэх хүн байна уу? Хүнээс дутуугүй амьдрах гэдгийг Хэмждэг зүйл нь юу юм бэ? 2012/06/26

Saturday, April 14, 2012

Ален Арман “ 4 – 1 = 3 буюу 4 сарын 13-ны хар баасан гариг”

Өнөөдөр 4 сарын 13-ны баасан гариг.

Америкийн сэтгэл судлаач Доналд Доссей гэдэг нөхөр олон жилийн судалгаан дээрээ тулгуурлан “Хүн энэ сарын энэ өдөр ямар нэгэн муу юмтай учирхад бэлэн байдаг шигээ тэр муу зөн мэдрэмжээсээ ч гэсэн салж болно” гэсэн байдаг.
Үүнд Христын шинэ болон хуучин библийн ишлэл зүйрлэлүүд гүн шингээстэй нь ойлгомжтой. Энэ нь бид компьютерийг барагтай л бол цахим төхөөрөмж гэж нэрлэдэггүй, амархнаар нь товчлоод “PC” гэдэгтэй яг адилхнаар, загалмайтны шашин шүтдэггүй хүнд хүртэл муу өдөр гэж бодогдох болсон түүхтэй юм. Мэдээж хэрэг 1970 онд сар луу хүн төрөлхтний итгэлийг тээн ниссэн “Аполлон” хөлөг яг энэ өдөр сүйрсэн нь, улам гүн итгэл үнэмшил төрүүлжээ.
Бүр түүхийг сөхвөл Пифагор, Аристотель хоёр 3-ын тоог “төрөх, өсөх, үхэх” гэж томъёолж байсан нь бий. Мөн аль ч улсын шашин шүтлэг, мөргөлийн зан үйлд эцэг - хүү - ариун сүнс, брахма- вишна- шива, гор-исида-осирис, хепри-ра-атум гэх мэтээр гурвалсан гинжин хэлбэртэй ориших бөгөөд ямар ч хэл дээр ямар ч маань мэгзмийг 3 удаа давтаж байж сая шидээ олно гэж үздэг.

Энгийнээр Ертөнц 4 зүгтэй байдаг бөгөөд үүнээс нэгийг нь хасахад, хорвоо юугаар ч дутахгүй бөгөөд, тулгын гурван чулуу шиг өнгөрсөн, одоо, ирээдүйн гал бадамласаар байх болно гэсэн зэвүүн ч гэлээ жинхэнэ амьдралд ойр ойлголт, билэгдэл эртнээс нааш хүн төрөлхтөнд байжээ. Шинжлэх ухаан, нанотехнологи орон зайг байтугай цаг хугацааг товчилж болно гэдгийг нотлон харуулсаар байгаа нь тогтсон хэв маягийн үлдэгдлээ цэвэрлэх ёстойг бидэнд далдуур сануулж буй хэрэг.
Үүнээс ч үндэслэн Бид 4 сарын 13-ныг Хар баасан гариг гэж дээрх түүхүүдийг мэдэхгүй ч гэлээ зүрхшээн ярьдаг
.
Шинжлэх ухаанд Параскавидекатриафобия гэж Доналд Доссейн гаргасан нэр томъёо нь грекийн παρασκευή (тав дахь) болон δεκατρείς (13 ) гэсэн үгнүүд юм. Мөн 13-ны баасан гаригаас айх өвчнийг трискаидекафобии гэж нэрлэдэг байна. Эцэст нь долларын тэмдэгтийн ард талд пирамидын 13 түвшин, бүргэдийн толгой дээр нь 13 од, сарвуунд нь 13 сумыг дүрсэлсэн байдаг нь эртний массончуудын нууц бүлгэмийн билэгдэл гэж ч үздэг. Ямартаа ч гадаад улс орнуудын эмнэлгүүдэд №13 тоот өрөө, барилга зочид буудлуудад 13-р давхар гэж байдаггүй.

Төгсгөлд нь Хар баасан гариг нь тийм ч элбэг тохиолддоггүй бөгөөд 2011- 2020 онуудад 10 хан удаа тохиох аж. Үүнээс супер хар буюу 4 сарын 13 ны өдөр 2 хон удаа тохиолдох байсны нэг нь өнөөдөр юм байна.
«The two unlucky entities ultimately combined to make one super unlucky day.» гэж ярьдаг энэ өдөр итгэл үнэмшил, утга учрын чанадыг мэргэд хэрхэн ухаж, хужрыг яаж тунгаахыг гагцхүү цаг хугацаа шүүх бөгөөд хүний хүсэл тэмүүлэлд давшгүй, дийлэшгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй буюу.

Амжилт хүсье 

Sunday, April 8, 2012

Зүрх сэтгэл хоёроо шатааж амьдар. Түүний чинь гэрэл, дулаан хоёрт хүссэн хүсээгүй хүмүүс шавна даа гэж ккк

Saturday, April 7, 2012

Миний дотор чамд хэлж чадаагүй хоёр үг бий. Тэр үгсийг сонсоод чи тэвчээртэй байх ёстой. Хайр - цаг - аа аваад явмаар байна даа гэж ккк
Нулимсаараа усалсан хайрыг чинь би ургуулж чадахгүй. Тэр та хоёрын хувь тавилан. Харин нуугдаж байсан тэр сэтгэлийн гунигийг чинь үргээх салхи нь байж болох юм гэж ккк

Wednesday, March 14, 2012

Ален Арман"Эгэл бөгөөд энгүй Амьдралын философи"

Амьдрал бол ердөө л идэш тэжээлээ зөв тохируулж тааруулна гэсэн үг ш дээ. Нэг их цатгалан байвал холестирин ихэсдэгтэй адил хэт их баяжих нь хүний хараал, зүхэл хорлолыг төрүүлнэ. Байнга өлсөөд л явбал бие турж, сульддагийн адил ядуу гуйлгачин явбал траарсан болгон дээрэлхээд, юу нь сайхан байхав. Яг л сайхан жингээ бариад, хааяа сайхан цохиод, хэрэгтэй бол хэсэг өлсөөд гэлдэрч байх бол ер нь бол хамгийн төгс шийдэл мөн. Тиймээ амьдрал бол идэш тэжээлээ хэрхэн зөв тааруулах вэ гэсэн энгийн бөгөөд эгэлгүй философи дээр тогтож байдаг юм даа гэж ккк

Friday, February 10, 2012

Ален Арман “Амьдралын мод”

/Зүрх сэтгэлийн минь гүнж, зүс оюун төгөлдөр Аврорадаа төрсөн өдөрт нь зориулж оёсон нэгэн шинэ малгай энэ буюу/

Нэг сайхан цурхиртлаа уйлах юмсан гэсэн бодлоороо бороо шүхэрлэж, тэнгэрээс унах дусал болгонд атаархан, тэдэнтэй хамт газарт шингэн уусаж, наран ургахад цацрагийг нь тосон дэлбээлэх онгог цэцгийг амилуулах юмсан, ганц амьдарсны хэрэг юун, хэнд ч гомдож гутрах билээ гэж гуниглан гэлдэрч явлаа, Сэтгэл.

Үнэндээ бол элсэн цөл шиг эзэнгүй хатсан сайраа жоохон ч болов норгох гэсэндээ л, уйлахыг хүсэж явсан, тэр.
Чадахгүй болоод, нэг их мундаг юм шиг бусдын нулимс болохыг хүссэн, тэр.

Үүл халхалсан ч үнэнийг олж чадвал чиний өмнөх бүх зүйлс гэрэлтэн гийж, эргэн тойронд юу ч өөрчлөгддөггүй.

Гагцхүү цээжин доторх Зүрх яг л харанхуй өрөөнд хоригдсон ангасан араатан хана мөргөн архирах шиг хавиргаа дэлдэн түчигнэж, хатаж үхэхээсээ өмнө хаашаа ч хамаагүй гарч гүйх гэж тэлчлэн тэчъяадах тэр мөчид, чийг үнэртсэн салхи чих гижигдэн амьсгаадаж ирээд:
- Бурхан минь байз, чи тийшээ хараач...
Хаврын үнэр цоргих тэр агшинд ганцхан дусал Гүнжийн нулимс харангадсан Зүрхэн дээр дуссан.
- Сэтгэл чинь дэвтэв үү?
- Үгүй ээ...Зүрх л амь орлоо...

Аз жаргал гарт нь атгагдсан хойно л, хүн хамгийн аз жаргалгүй амьтан болж хувирдаг. Урьд нь түүнийг олж, өөрийн болгохын төлөө юу ч хийхээс буцахгүй зоригтой байдаг байсан бол, одоо харин цаг мөч тутамд түүнийг алдахаасаа айн эмээж, арчаагүйтэж эхэлдэг. Шөнө зүүдэндээ хүртэл харуулд гарна. Сэтгэл сэлмээ атган, Зүрхийг хүчээр чирээд, хайртын минь зүрх, сэтгэлийг өөр нэгэн үлгэр шиг зүүд эзэгнэх вий гэж, бусдын ямар ч буруугүй зүүдийг хүртэл буруу хар хэмээн бухимдан элдэн хөөж, зүгээр ч нэг амар тайван нойрсож чадахаа болино.

- Би ганцхан чинийх...Надад үлдсэн ганцхан дуслыг зөвхөн чамдаа л зориулна.

Гүнжийн нулимсыг ийн аминчлан шивнэхийг сонссон Зүрх, шөнөжин дайтаад ядарсан Сэтгэлийг дуг хийх тэрхэн зуур, Гүнжийн нулимсыг алс холын Аз жаргалын оронд хүргэж өгье гэж ятгана.

- Чи ингээд сүүлчийн дуслаа унагавал хатчихна шүү дээ, түүнээс л би айж байна. Хар л даа. Намайг хичнээн их туйлдаж, цөхөрснийг. Чамайг байгаагүй бол энэ нөхөр намайг аль хэдийн үхүүлчихээд, өөрөө бусдын нулимс болно гээд бурхадтай хэрүүл хийж явах байсан даа...

Гүнжийн нулимс нэвт гэрэлтэх болор тунгалаг харцаараа зүрхийг зэмлэсэн янзтай ширтээд:
- Юун дэмий зүйл ярина вэ, чи. Би түүнд яг л чам шиг итгэж байна.

Сэмхэн сэрсэн мөртлөө унтсан дүр үзүүлэн хэвтэж байсан Сэтгэл, Гүнжийн нулимсыг мөрөөдлийн цэцэг түүхээр чимээгүйхэн гарсан хойно Зүрхийг загнан зандчив.

- Чи муу хар тэнэг. Түрүүхэн үхлээ гээд гаслаж гангинаад байснаа мартжээ...Юу гээд солиороод байгаа юм бэ? Хохь чинь шүү...
Зүрх энэ удаа огт айсангүй, ёжтой гэгч нь инээмсэглээд:

- Хонгор минь чи л хохирно доо. Би угаасаа хүсэж явсан өөрийн дуслаа хүртчихсэн. Миний хувьд үүнээс илүүг нэхэхгүй ээ. Харин чи, чи одоо болтол хатсан сайр хэвээрээ байх чинь. Гайхмаар юм. Өнөө бусдын нулимс болж ертөнцийг ургуулах чинь яалаа, баатар минь...

Буруугаа ойлгосон Сэтгэл юу ч дуугарсангүй. Зүрх ч гэсэн түүнийг тайван орхин, Гүнжийн нулимсны ардаас явлаа.
Сэтгэл гэв гэнэт, хэрэв энэ бүхэн ингээд энэ хэвээрээ үргэлжлэх л юм бол, Гүнжийн нулимс сүүлчийн дуслаа унагаж, өөрийнх нь төлөө гэсэн ертөнцийн хамгийн үзэсгэлэн төгс нулимс, орчлонгын хамгийн гүн гунигын боол болно гэдгийг ухаараад балмагдан цочив.

Энэ мөчид бороо орохын өмнөх шиг зөөлхөн чийг ханхалж эхлэх нь тэр. Тэгээд тэр, өөрийнхөө хамаг сайн сайхан бүхнээ эрж олох гэж, яг л нэг уранхай дээлээ нөхөх даавууны өөдөс хуучин хэмхэрхий модон авдарнаасаа хайн, самгардаж суугаа зөнөсөн эмгэн шиг, дотроо байгаа бүхнээ сандчин онгичлоо.

Элдэв хог новшоор дүүрсэн тэр агуйн гүн ёроолд, Сэтгэлийн хэзээ ч юм анзааралгүй унагачихаад мартаж орхисон, урьдын нэгэн анхилам сайхан жимст модны үр, түүний нэгэн дусал нулимсыг хүлээн, тэнгэр өөд тэмүүлэн амилахад бэлэн хэвтэж байв.

Баярлаж догдолсон Сэтгэлийн дотор нэг л хачин юм дээшээ огшоод, учиргүй уйлах гэтэл дусал ч унасангүй. Нэг л их бороо орох гэж байгаа юм шиг үүл нүүгэлтэж, нүүгэлтэж юу ч бололгүй тойроод алга болдог шиг. Цээжинд нь бөөн хар юм бөглөөд байгаа мөртлөө л хичнээн хүчлээд ч болсонгүй, зангирсан үүлсийг хүчит шуурга элдээд оддог шиг.

- Зүрх минь ээ би чадашгүй нь. Чи түүнийг Аз жаргалын оронд хүргэж өгөөд, тэнд хамт үлд дээ. Эргэж ирэх хэрэггүй. Би даанч чадахгүй нь. Чадахгүй нь уучлаарай...
Сэтгэл ийн орилоод, газар өвдөглөж толгойгоо барин гаслан уухилтал:

- Би хаашаа ч явахгүй ээ. Чамтай хамт байх гэж ирчихээд, зөвхөн Зүрхийг чинь л аваад явахгүй. Үхэл ч намайг чамаас минь салгаж чадахгүй. Сэтгэл дотор чинь үүрд хамт байвал л болох нь тэр. Тэгэхээр энэ сүүлчийн дуслыг минь аваад, амьдралын модоо усал, хайрт минь. Чи намайг ямар их хайрладаг шиг чинь, би ч гэсэн чамдаа тийм их хайртай юм шүү дээ. Май энэ дуслыг ав...

Гүнжийн нулимс ийн шивнээд, Сэтгэлийг тэврэн энгэртээ наахад, тэр өөрийнх нь төлөө үхэж чадах тэр хайрын өмнө, яг л нялх хүүхэд шиг, үхэл хүртэл нүүр буруултал, цурхиран асгаруулах нь тэр. Зүрх харин инээж зогссон юм гэдэг, золиг чинь. Тэр муу хатсан сайрыг тэгж нуур болтлоо мэлмэрүүлэхийг нь хараад, уртаа гэгч нь сайхан санаа алдсанаа мөрөө үл мэдэг хавчаад, амандаа ингэж бувтнасан юм гэнэ лээ.

- Амьдралын мод ургах нь дээ, амрах цаг минь болж...гэж.

Тийм ээ. Яг л ингэж хэлсэн гэдэг юм даа. Тэр модны онгон нахиа яав ч худлаа ярихгүй дээ.

2012/02/09

Ален Арман “Гишүүнтэйгээ золгоё”

Зах дээр мах өнөөдөр 8000 гарчихжээ, хөөрхий. Мал сүрэг төрийн хамгаалалтанд байдаг улсад махных нь үнэ өсөлгүй яахав. Ямааныхаа ноолуурт дээр үед 34 тэрбумыг өгсөн бол одоо хониныхоо ноосонд 300 тэрбумыг өгөх нь ч зөв. Ер нь хонио уучлаад ууц тавихаа ч болих хэрэгтэй. Сайхан даа сайхан.

Ногоон цагаан хоолтон болвол ядаж биед тустай гэж байгаа шүү дээ. Ер нь мал бол монгол хүнээс үнэтэй. Хүүхдүүдэд А гепатитынх байг гэхэд ханиадны вакцин ч тарих боломжгүй мөртлөө нөгөө шүлхийн вакцинаар бол бүх салаа туурайтанг бүрэн хангасан гэж байгаа юм шүү дээ. Ашгүй дээ, хөөрхий муу мал минь хэдэн мянган жил маниусыг тэжээх вэ. Одоо л нэг амрах цаг нь ирж. За тэр худаг ус, хашаа хороо яахав. Малгай цас оронгуут л нэг боодол лаа, нэг боодол өвс заавал аваачиж өгөх энэ тэр асуудлыг бол бүүр тоож яриад яах юм бэ. Асуудал ойлгомжтой.

Тэгээд бодлоо. Энэ цагаан сараар махан бууз хийж идэх хэрэггүй. Идье гэсэн ч чадал хүрэхгүй юм чинь. Яахав төмстэй бууз, байцаатай банш бол хийх нь ойлгомжтой. Тэрнийгээ нөгөө тахиа гахайны бульоноор амталчихвал бараг л мах гэсэн үг л дээ. Гэхдээ нэгэнт монгол хүн байна даа. Бид чинь махан идэштэй. Тэгээд ч цаашдаа мах идэх нь байтугай олж үнэрлэх ч хөг өнгөрч байгаа юм чинь, ядаж сүүлчийн удаа нэг сайхан гэдэс гарч авах нь зөв.

Тийм арга ч байна.

Яаж махан бууз идэх вэ гэвэл төсвөөс төрсөн тэрбумтан дарга нар, сонгогдсон болон сонгогдох горьдлого тээж яваа, ирээдүйн их хурлын гишүүдийнхээрээ золгуут хийж, хэдэн үмх махтай бууз цохихгүй юу. Тэд чинь амьдрал сайхан байна, эдийн засаг эрс өсөж байна гэдэг юм чинь, маниусыг бодвол хэдэн хийл махан бууз худалдаад авчихтайгаа л байж таарна.

Хүн өөрөө хаалгыг нь тогшоод ороод ирж байгаа нь сонгуулийн хууль ч зөрчихгүй, бас монголын ёс юм чинь оруулахгүй байх муухай. Ороод ирсэн хойно хэдэн жигнүүр буузандаа голоо цохихгүй байлгүй дээ. Урд зүгийн хөршүүддээ маниусаас 3 дахин хямд нүүрс өгөхдөө, ганц ч үг ганхийдэггүй, хүн чанартай нөхдүүд юм чинь.

За харин нөгөө хувьсгал энэ тэр ярьдаг нөхдүүд больж үз. Цөөхөн монголчууд зүгээр л сайхан дарга нартайгаа золгуут хийгээд л явцгаая л даа. Эвтэй найртай сайхан шүү дээ. Энэ л бидний хувьд энэ цагаан сараар махтай бууз идэх маш том боломж. Бас тэд маань маниусыг ямар их өлсөж явдгийг нэг сайн хараг дээ, ядаж.
Эдийн засгаа хөгжүүлж, ижил тэгш хувиарлах гээд толгой өндийхгүй, хэдэн толгойгоо бодоод, ажил ихтэй яваа улс, бидний амьдралыг хэдий завандаа хэрхэн, яаж анзаарах билээ.

Гишүүнтэйгээ золгоё оо хө, гээд л яваад орчих. Далимд нь малаа 100 саяд хүргээд, Гиннесийн номонд бүртгүүлчихвэл бас аятайхан юм биш үү.

За сайхан шинэлээрэй.

2010/02/10

Tuesday, January 10, 2012

Ален Арман "Уучлал битгий гуй, хонгор минь"

Надаас уучлал битгий гуй, хонгор минь
Нартад энэнээс долоон дор юм зөндөө бий.
Зүс бие төгөлдөр залуухан бүсгүйг
Зүгээр л хараад өнгөрөх эр үгүйм чинь
Өөрийгөөн зүхэж,өршөөл битгий гуй амраг минь
Өнгө, мөнгөний хорвоод энэ юу ч биш
Тормолзсон танхилхан янаг бүсгүйг
Тэвэртээн багтаах зайгүй эр үгүйм чинь
Уучлал гуйн өвдөг бүү сөхөр, хайрт минь
Увайгүй орчлонд өдий хүртэл юу эс үзэв
Уяхан урьхан чам шиг бүсгүйг
Уургалахыг хүсэхгүй эр үгүйм чинь
Нулимс унаган нүглээн бүү наманчил амраг минь
Нүүдлийн шувуу хүртэл нуурандаа эргээд ирдгийм
Үүлэн борооны мананд хайр дурлалаа гээчихээгүй бол
Үнэндээ надаас уучлал гуйхын хэрэг юун
Зүрх сэтгэлийг чинь л тэр хулгайлчихаагүй бол
Зүгээр дээ, Надаас битгий уучлал гуй хайрт минь

2005/07/11