Tuesday, October 15, 2013

Ален Арман "Царайны сайхнаар цай сүлнэ"

/Fronti mulla fides/

Тийм царайны сайхнаар цай сүлнэ, яадаг юм
Ядаж нүд баясдаг нь худал гэж үү?
Тэнэг учир надад тооны багш хэрэггүй
Тэг дундуураа тасархай хүнийг ойлгоход хэцүү
Явдалтай гэвүү? Гунхаж байнаа, яг л согоо
Яасан тэгээд хэн онгон эхээс төрсөн юм бэ?
Би л лав үгүй. Христ магад.

Царайны сайхнаар цай сүлнэ, яадаг юм
Пад хар орчлонд хар цай багадаа юу?
Вальс эргэх хос, хөлгүй байвал юу болох вэ
Дутуу гэж доромжилсонгүй, бүтэн бүхэн сая сайхан
Ядрах цагт түшиг хайж байгаа бол таяг хийгээд ав
Чадуу цагт хань хэрэгтэй бол нохой тэжээ
Эсвэл доошоо орохгүйн тулд зүтгэ, хүсвэл Гэрийн үйлчлэгч, зарц гэдэг ажилтан ав.
Театрын танхим пиг дүүрэн, үзэгчид хэнийг хүлээдэг гээч
Аварга Кинг конг л биш бол жирийн сармагчинг лав биш.

Царайны сайхнаар цай сүлнэ, яадаг юм
Харж байж дурлахаас тэмтэрч байж хайрладаггүй.
Хогон дээр сарнай биш шарилж ургадаг
Сохор хүн ч үнэрийг нь ялгана. Согтуу толгой ч зүсээр нь шилнэ.
Санана шүү дээ, хожим нь түүнийг дурсаж
Сайхан амьтан байсан даа гэхэд залуу нас мөнхөрдөг
Царайны сайхнаар цай сүлнэ, чи ч гэсэн сүлнэ ш дээ
Чадал чинь л хүрдэг юм бол, сачий чинь лав багадахгүй.
Царайны сайхнаар цай байтугай далай сүлнэ.
Наран шарлагын газар гахайнд лав зохихгүй.
Тиймээ царайны сайхнаар цай сүлнэ. Би л лав сүлнэ.

2010/07/15

/Нэтээр их тарсан шүлгүүдийн минь нэг. Зарим нөхдүүд өөрөө бичсэн гээд элийрээд сууж байдаг л юм билээ ккк. Жоохон засаад орууллаа./

Tuesday, October 8, 2013

Ален Арман "Хааны хайрын түүх"

Халуун байлаа. Хөлс урсаад л...НТВ телевиз дээр барууны түүхэн сэдэвтэй кино эхэлж байна. Гол дүрд нь бидний мэдэхээр нөгөө “садар сэгсүүхэй” /секс символийг ийн хөрвүүлэв. зохиогч/ Мерилин Монрог “өөрөөсөө дор” хэмээн шуугиан дэгдээсэн, анх “Орчуулгын түүх” үе мултарсан хоёрын хайрын тухай кинонд тоглож алдаршсан Скарлет Йоханссон байна. Ерөнхий утга нь “6 хатан сольсон 8-р Генри Тюдор буюу Англи улс, Ромын сүм хийдээс тусгаарласан түүх”. 8-р Тюдор ямар хүн байв. Яагаад 6 эхнэр солив. Энэ үзүүлэлт одоо ч томхон “Гиннес”. Хоёрыг нь цаазалж, хоёроос нь салаад, нэгийг нь “цааш нь харуулж”, бараг сүүлийн ганцтай нь “хүн ёсоор” амьдарсан хачирхалтай түүхийг та бүхэнд чадан ядан уншсан сонссоныхоо тогооноос хүргэсүү. Тэр нэг бүсгүйгээс салж, нөгөө хүүхэнтэй суухын тулд бүх дэлхийн улстөр, шашны түүхийг өөрчилж. Тэгсэн мөрт нөгөө түүхийг өөрчилсөн хүүхнээсээ салахын тулд цаазалсан байх юм. Харин кинон дээрээ бол нэг айлын эгч дүү хоёртой учир ургуулах маягтай. Нээрэн кино л юм чинь дээ. “Зүрхний массаж”- гүй бол явж өгдөггүй дайнч эр байв уу? Зүгээр л хөнгөн, шалиг дүр эсгэсэн, харгис хэрцгий дарангуйлагч байв уу? Тэр үед бүсгүйчүүд түүнийг бүчиж байлаа. Яг л түмэн өнгийн төгөлдөр тансаг цэцэгс хивс мэт зулсан, төгсгөл үгүй мэт уудам тал дунд, дураар идээшлэн давхих эрх дураар эмнэг хангал, халтар азарга шиг, цатгалдсан мөрт үнэр агь цэцэгсийг туурайгаараа тас тас няцалж, нэг бол дээр нь хөрвөөж, туучиж... Олох нь ч амар, орондоо оруулах нь ч амар, одоо яв гээд хөөх нь ч амар байж. Учир нь тэр бол Хаан. Хааны таалалд нийцнэ гэдэг их юм байхгүй юу, тэр үед. Хоч нь “Хуузат”. VII-р Генрихийн бага хүү. Багаасаа овоо ч ном уншиж, нанчилдаанд ч нилээдгүй суралцаж, тэр бүхэнд өөрийнхөө зорьсон зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй, хатуужил тэвчээртэйг харуулжээ. Өнгөц харахад гэрлэлтүүд нь түүнийг хувийн зугаа цэнгэл хөөсөн, амиа бодсон “ханаж цадашгүй донтон” мэт сэтгэгдэл төрүүлэвч, ачир дээрээ зүгээр л нэг Европын улс орнуудын гадаад, дотоод бодлого, Англи улсын тэргүүлэх ноёдуудын ураг төрөл, удам угсаагаа “хамгийн дээд сэнтий”-д дөхүүлэх гэсэн увайгүй оролдлого, яг үнэндээ нөгөөх нь албан тушаал, алт эрдэнэс, эзэмшил газар, аймаар муухай шуналын үр дүн л байжээ. Тэр олон эхнэр сольсон шигээ, олон янзын нөхцөл байдалд дасан хувирч өөрчлөгдөж чаддаг байж. Ажиглаад байхад, түүн шиг хатуу чанга хүмүүст ийм чанар маш ховор тохиолддог. Уг нь тэр биш, түүний том ах Артур хаан ширээнд суух ёстой байсан ч гэв гэнэт үхсэнээр “Бурхан хаадыг ивээдэг” гэсэн үг үнэн болов. Одоо бол “Бурхан Америкийг ивээдэг” гэх болж. Ахтай нь сүйлсэн, уруулан дээрээ жижиг ургацагтай болохоос бусдаар үзэсгэлэн төгс Арагоны Катеринатай суучихав. 1524 онд Арагоны Катерина буюу авааль эхнэрээсээ “аль уже” уйдчихсан хааны нүдэнд шадар түшмэлүүдийнх нь нэг болох Томас Болейн гүнгийн охин, лорд Персигийн залуухан гэргий Анна Болейн өртжээ. Зүгээр ч нэг өртсөнгүй, өр зүрхийг нь булаажээ. Хааны зүрх үнэтэй бөгөөд хэн ч тэр зүрхний хэмнэлээр амьдарч, амьсгалах ёстой. Бас баярлах. Лорд Перси чухам эхнэрээ хаанд “бэлэглэж”, салахыг зөвшөөрөхдөө баярласан болов уу? Хуримаа ч товлов. Гэтэл нээрэн мань эр айл гэр салгаж явах мөрт өөрөө тэр тухай бодоогүй явж. 8-р Генрих Тюдор хаанд Мария буюу ирээдүйд 1-р Мария бүр цаашилвал Цуст Мария гэх хочтой хатан хааныг төрүүлж өгсөн Катеринагаас салах зөвшөөрлийг дэлхийн Католик шашны төв Ватиканы хамба өгөх ёстой. “Тэд” юунаас ч юм удаад байв. Дургүй нь хүрсэн Генрих 1530 онд парламентын “ээлжит бус чуулган” хуралдуулж, Английн сүм хийдийг Ром бюу Ватиканы захиргаанаас чөлөөлсөн хийгээд Английн хаан нь Английн сүм хийдийн тэргүүн Хамба байх тухай хуулийн төслийг “хэлэлцүүлэн батлуулсан”- аар өнөө бидний мэдэх Протестант урсгалын эх суурь тавигдсан байх юм. Эрх чөлөөгөө иймэрхүү замаар олсон Английн сүм хийдийн “Тэргүүн Хамба” “тэр хоёр”-ын хуучин гэрлэлтийг нь тэр дор нь “салгаад хаяв”. Эрх чөлөөтэй болсон гоонь эр ч шинэ эхнэртэйгээ 1533 онд хуримлав. Намрын 9 сард охинтой болсон бөгөөд Елизавета гэж нэрлэсэн тэр охин та бидний, яагаав нөгөө худалч хуурамч эр нөхөрт гарахгүй хэмээгээд “хаан сэнтий”-тэйгээ “хуримладаг” хатан хааны тухай нэг кино байдаг даа, тэр 1-р Елизавета юм. Анна Болейн хоёр жил ч бололгүй хааныг “уйдаав”. Сайхан Джейн Саймуртай амьдарвал сая нэг юм хүн болж төрсөний хэрэг бүтнэ гэж бодсон байх, тэр хүүхнийг хараад Генрих. Гэвч анхныхаас нь салгаж, хоёрдахь нь болж наалдсан Аннаг салахыг зөвшөөрүүлэхээс улайрсан бух руу цэцэг бариад очих амар мэт санагдаж. Мөрөөрөө холдоод өгөхгүй бол мулт цохиж хаяна гээч болов. Эзэн хааныг эзгүйчилнэ гэнээ. Ямар муухай хатан бэ? Тэгээд хэнтэй тэр вэ? Ордонд болсон нэг удаагийн бүжгэн дээр эртнээс хатан хаанд дурлаж явсан Генри Норис хатан хааны газарт унагасан бээлийг авч өгөх төдийд түүнтэй янаг амрагийн явдалтай бүр цаашлаад хааныг хороож, төр шашныг эзэнгүй болгох гэж байсныг “үнэнч нохдууд” нь дор нь “илрүүлэв”. Бас төрсөн дүү Рошфор лордтой хийгээд бас бус ордны нилээн хэдэн нөхөдтэй нэг бол “явсан” нөгөө бол “хайрласан” байв. Бас тэдний нэг Смитокс нь “хэргээ” өөрөө “сайн дураар хүлээв”. Үнэхээр байж болшгүй. Эзэн хааныг хуурч. 1536 оны 5 сарын 15 нд Аннагийн толгойг авав. Харин охиныг нь хаан ширээ залгамжлах эрхгүй болгов. Гэвч түүх яаж өөрчлөгдсөнийг дээр товч дурьдсан. “Зөрүүд эхнэрээ номхотгосон” бэлэвсэн эр маргааш нь л, Джейн Саймуртай сүй тавив. Хөөрхий хүүхэн бас л жаргал үзсэнгүй. Төрөх гэж 2 долоо хоног тарчилсаны эцэст эмч нар хаантай нууцаар зөвлөлдөв. Хатныг уу? Хүүхдийг үү? - Хүүхдийг амьд гаргаж авч болох л юм бол тэр хүүхэн яах вэ? Би хэдийг бол хэдийг, хаанаас бол хаанаас ч олно... Тэр эдгээр үгийг тайван бөгөөд шийдмэг хэлсэн гэж түүхэнд тэмдэглэжээ. Хэнээс ч юунаас айлгүй, хэнийг ч юуг ч тоолгүй хайрлаж явсан хатдууд нь харин ч хэнээс ч юунаас ч долоон дор “амьтад” байв, 8-р Генрих Тюдорт. Бодоод байх нь ээ, нөгөө нэг азарга сайхан түмэн өнгийн цэцэгс хивс мэт зулсан тал дунд давхиж яваагаа ухаарсандаа бус, зүгээр л бөөн идэх уух юм, хоолон дунд орчихоод баярлан тонгочиж давхидаг байж. Тас тас татаад л... Европ даяар түүний тухай одооны аймшгийн кино шиг яриа ам дамжина. Харин 4 дэх “сонголт” нь болсон, герцог Иоанн Клевскийн охин Анна “азтай” байв. Тэнэг хүн тэг дундуур нь гэдэг дээ. Төрөлхийн маанагдуу Анна хуримын шөнөө үсэндээ өндөгний шар түрхчихээд, өвөрт нь орсон хийгээд, эр эм хоёрын үүрэг бол нойрсохын өмнө гараа үнсээд, бие биендээ: - Сайхан амраарай, сайхан зүүд зүүдлээрэй хонгор минь ...гэж хэлээд л боллоо гэж барагдуухан ойлгодог, бүдүүн хадуун бүсгүй байж. Энэ хүүхнийг протестантын “Сарнайн хүлэг баатрууд”-ын үлдэгдлийн нэг, Хааны ерөнхий сайд Томас Кромвель “олж иржээ”. 1539 онд 8-р Генрих шинэ эхнэртэйгээ “хөрөг зураг”-аар нь танилцаж. Зураач хэтэрхий гоё зурсан гэдгийг мэдээгүй, сэтгэл нь хөдөлсөн, 48 настай Генрих гар нь салгалан: - Аваад ир, одоохон аваад ир...гэж. Удаа ч үгүй: - Чи энэ муухай мануухайг хаанаас олоод ирээв? Төрхөмд нь хурдхан буцаа...гэж Кромвель руу хашгичлаа. - Гэгээн дээдэс минь хэрэв та хурим хийх тохироогоо зөрчвөл бүх Европ бидний эсрэг, өршөөгөөрэй Английн эсрэг дайн зарлавал яана. - Чөтгөр гэж...гэхдээ тэр үсэндээ өндөгний шар түрхдэг тэнэг мануухайтай чинь би л лав ойртохгүй шүү... Салах хүсэлтийг Анна зөвшөөрөв. Хэл ам ч дэгдээсэнгүй. Энийг авна, тэрийг авна гэх мэтээр харин ч нэг хөрөнгө зоорьтой болоод авав. Хэд хэдэн бэхлэлт цайз болон “гэр бүлээ цуцлуулсаны төлөө” жил бүр 4000 фунт “шагнуулах”-аар болов. Одоогийнхоор лав 4 сая хавьцаа байхаа, фунтээрээ шүү дээ. 19-хөн настай зүс бие төгс Катерина Говард, энэ удаа буюу 5 дахь удаа хатан нь болох хувь тавилангаар хөгшин Генрихийн овоо хараанд өртөв. Ирээдүйд юу болохыг насны залуугийн харгайгаар ухаараагүй аальгүй “бяцхан охин” “цаазын тавцан” руу инээд алдан өгсөв. Хааны хатан гэдэг сайхан титэм. Харамсалтай нь их л эрт “эр эмийн ажил”-д дуртай болсон тэр жоохон охин олон ч нууц амрагтай байж. Хаанаас өмнө нь ч, хойно нь ч. Олон жилийн өмнө “хэлмэгдсэн” Анна Болейнийг бодвол үнэхээр цаазлуулахад ч багадам “гэмт хэрэг” олныг үйлджээ. Ямар Генрихт хүүхэн олдохгүйн биш. Сүүлчийн буюу 6 дахь эхнэр нь, хөгшин лорд Невилийн бэлэвсэн гэргий, мөн л хөгшин Латимер бэйсийн бэлэвсэн гэргий, бээлийн авхай Катерина Парр байв. Сонирхолтой гуншин шигээ тэр хэнтэй ч хэл амаа ололцож чаддаг ухаалаг хүүхэн байв, явж явж нэг юм ашгүй дээ. Тэр хэл ам, хэрүүл уруул, албан тушаалын наймаа, авилгал, атаа хорсол, хааны галзуу мэт ааш араншин, урьдын хатдын хүүхдүүдийн хар сэрийг өөрөөсөө маш чадварлагаар тойруулна. Дээр нь үнэнч гэж...Генрихийн нөгөө “үнэнч нохой”-нууд түүнийг 4 жилийн турш “мөрдөж мөшгисөн ч огт мөр олсонгүй”. 1547 онд гуравдахь удаагаа бэлэвсэрхэд нь нэг юм орхив. “Экс” хааны хатныг одоо хэний даалгавраар хэн мөрдөх вэ дээ? Ингэж л Англи Ватиканаас, эхнэр нь Генрихээс салсан юм даа. 2009/08/22