Saturday, June 29, 2013
Monday, April 29, 2013
Надад МҮОНРТВ-ийн Захирлуудын зөвлөл гэсэн нөхдүүд ийм "гомдол" гаргажээ.
"МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО,
ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА
Л.ПҮРЭВДОРЖ ТАНАА
Үндэсний зөвлөлийн гишүүн
А.Арманы ёс зүйн тухай
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж олон нийтийн эрх ашигт үйлчлэх үндсэн үүргээ нэр төртэй биелүүлжбайна. Үндэсний хэмжээнд төдийгүй Монгол орныг дэлхий дахинд сурталчлан таниулах, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг үзэгч сонсогч олондоо цаг тутамдхүргэж, хууль тогтоомжийн хүрээнд үйлажиллагаагаа тасралтгүйявуулсаар байна.
Сүүлийн үедМҮОНРТ-ийн үйлажиллагааг илэрхий мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл зарим сонин хэвлэл,сайт, арилжааны телевизээр удаа дараа цацагдах боллоо.
Энэхүү гүтгэлгийн шинжтэй мэдээлэлд МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүн А.Арман байнга оролцож байгаа нь манай хамт олны дургүйцлийг хүргээд зогсохгүй Үндэсний Радио, Телевизийн нийт ажилтан, удирдлага үзэгч сонсогчдын хооронд үл итгэлцэх байдлыг бий болгох, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх оролдлого болон харагдаж байна.
Бодит байдалтай нийцэхгүй энэхүү мэдээлэл нь хэн нэг иргэний үзэл бодол гэхээсээ илүү ОНРТ-ийн удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлийн байр суурь мэтээр ойлгогдожбайна.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний эрх боловч Үндэсний Зөвлөлийн гишүүн А.Арманы удаа дараагийн, энэхүү мэдээллийн асуудлаар Үндэсний зөвлөл хэлэлцэж, бидэнд зохих ёсны хариу өгнө гэдэгт итгэлтэй байна.
/Үндэсний зөвлөлийн гишүүн А.Арманы сонинд өгсөн ярилцлага, телевизээр дамжуулсан мэдээллийг хавсаргав/
МҮОНРТ-ИЙН ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛ
гэжээ. ккк. Харин энэ нөхөд удирдах дээд байгууллагынхаа гишүүний санал, шүүмжлэлийг хүлээж авахаас татгалзаад зогсохгүй, түүнд нөлөөлөх гэж янз бүрээр оролдож, татвар төлөгчдийн мөнгийг дураараа үрэн таран хийдгээ зүй ёсны зүйл гэж үзэж байгаагаа нотлон харуулж, үзэгч түмний болон тэнд ажилладаг нийт уран бүтээлчдийн нэрийг барьж гомдол гаргаж байгаа нь хариуцлагагүй алхам юм. Би энэ талаар удахгүй хэвлэлийн бага хурал хийж,энэхүү мэдэгдэл нь ҮЗ-ийн гишүүн надад шууд нөлөөлөх гэсэн ээлжит оролдлого гэж ҮЗ болон бусад холбогдох байгуулагуудад нь гомдол гаргах бодолтой байна. Хэнийх нь зөв гэдгийг хүн болгон мэдэж байгаа хойно. Бас миний бүх хэлсэн ярьсныг бүртгэчихжээ, чааваас гэж ккк
Friday, April 26, 2013
Ален Арман “Улс төр хэмээх Ясны төлөөх дажин”
Төр бол улстөрчдийн ярьдаг шиг амьгүй хоосон зүйл биш. Сэтгэлгээний түвшинд бол амьд. Тэр дан ганц хүн биш, тэр улс орныг удирдах эрхийг эдэлж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн цул байдаг. Эртний түүхээр бол алтан ураг, шинэ түүхийн утгаар бол намууд гэж болох.
Монгол төрийн түүхийг харахад, ихэнхидээ дотоодын дажин байдаг. Нэг л их хоорондоо алалцаж, хядалцсан, хэн нэгнийгээ юм уу, хэсэг бүлгээ урагшаа юм уу, хойшоо, нэг бол модон илжгэнд үгүй бол Москвад Любянкад аваачиж хороолгосон байдаг. Харин гадагшаагаа хийсэн дайн нь худалч хүнд хоёрхон гэхэд болно. Нэг нь Чингисийн байлдан дагуулал, нөгөөх нь 39 оны Халхын голоос 45 оны чөлөөлөх дайн. Энэ хоёроос бусад үлдсэн бүх цагт бид бие, биентэйгээ дажинтай байжээ. Эхэндээ дэлхийн талыг эзэлсэн агуу том улсыг хуваан захирах дотоодын самуун нь тийм ч аюул ихтэй байсангүй. Таслаад л авчихна. Гэвч сүүлдээ эзэлсэн улс орнуудаасаа зугатаж, буцаж Хархоринд төвлөрөх болсон тэр үеэс л асуудал хурцдав.
Одоо хэн, аль хэсгийг нь тасалж авах вэ? Урьд нь улсаа 4 өнгөнд хуваадаг байсан их гүрний сүүдэр, баруун, зүүн гэж нэгэн биений хоёр гар бие, биенээ хэмлэх болов. Энэ нь эцэс сүүлдээ зүүний шашины том мяндагтан, соёл урлагийн их мастер нөхөр, барууны бас л шашины мяндагтан, гэхдээ дайны мастер нөхөртэйгээ муудалцаж монголын тал эзгүйрснээр, үндсэндээ Монгол төрийн бодлого урд юм уу, хойноос шууд шалтгаалах болсон. Уг нь урьд нь урвагчдаар дамжуулж нөлөөлөх гэдэг байсан бол сүүлдээ шууд л өөрийнхөө тоглоомын хүнийг удирдагчаар нь тавьдаг болов. Тэр их түүхийг товчлоход ийм байна.
1990 оны үйл явдлын дараа оросын цэргүүд гарахад, сая л нэг юм бид хэнээс хараат бус амьдрах эрхтэй гэдгээ мэдэв. Хэн юу хийснийг, бүгд мэдэх учир одоо дахин дурьдах шаардлага алга.
Харамсалтай нь ингэж эрх чөлөөтэй болсон тэр өдрөөс хойш, бид дахин дажинд автаж эхлэв. Энэ дажин нь мэдээж, бүх л хүн төрөлхтний бүх цаг үеийн, хамгийн агуу шалтаг болох, эрх мэдэл, эд хөрөнгөтэй холбоотой. 2 сая хүрэхгүй хүнд хэдэн арван нам ноогдох болов. Гэхдээ хоёр цуллаг намууд буюу нэг нь хуучин төр барьж байсан, нөгөөх нь тэр төрийг унагаж чадсан нөхдүүдийн намууд улстөрд гол жин дарж байв. Энэ жинг дарж байгаа хоёр нам дотроо болон хоорондоо цаг үргэлж улс төр гэсэн ясыг хайр найргүй, нойр хоолгүй булаалдаж эхлэв.
1992 онд шилжилтийн хурц үйл явцад дургүйцдэг, хөрөнгөтний зах зээлийг Маркс, Ленинээс онолоос л уншсан учир айж явдаг, урьд нь бага байсан идэж уух нь бүр хомсдсон, ажилгүй болж амьдрал нь доройтсон бас ардчиллын тухай А гэх мэдлэггүй иргэдийн дийлэнхи нь хуучин намаа дугуйлсан учир МАХН ялав.
Харин 1996 онд бага сага ч гэсэн юм үзэж, нүд тайлна гээч болсон иргэд, ер нь энэ ардчилал, зах зээл чинь дажгүй байж магад гэх энгийн төсөөлөл, залуучуудад нэг өгөөд үзье гэсэн нийгмийн сэтгэл зүйтэй нягт уялдаатайгаар “Ардчилсан холбоо эвсэл” олонхи болж чадав. Мэдээж энэ ялалтанд тухайн үеийн анхны Ардчилсан Ерөнхийлөгчийн үүрэг ролийг үгүйсгэж үл болно. Бас АХ эвсэл 50 суудал, МАХН 25 суудал авсан байтал, +1 гэгдэх хамгийн чухал суудал МАХН тал руугаа гэхдээ, ард олны дунд шударга тэмцэгч нэртэй хүнд ноогдсон нь бас л судлууштай түүх. Бас Ардчилсан хүчний хямралд 97 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн шууд нөлөөлсөн нь ч үнэн.
Ийнхүү Ардчилсан холбоо эвсэлд орсон намуудын дотоодын дажингийн үр дүнд, 2000 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулав. Энэ ялалтыг удирдсан хүн нь өөрөө ирээдүйд түүхт МАХН-ыг 2 хувааж саринулах юм гэж тэр үед хэн ч санаагүй. Бас нэг сонирхолтой зүйл нь тэр үеийн АН /МҮАН/, Шашинтны ардчилсан нам гэдэг нийгмийн дэмжлэгийг аваагүй, намтай эвсэл болж орсон нь сонирхолтой бөгөөд алдаатай алхам болсон. Бодвол, барууны улс төрд, тэр дундаа манайхны хууль эрхзүйгээр холбогддог эх газрын буюу Европын улс орнуудад ардчилсан хүчнүүд нь шашны чиг хандлаган дор улс төрийн үйл ажиллагаагаа явуулдаг туршлагын амжилтгүй тургшилт болсон байх. Би түүхийг өөрийн өнцгөөс гэхдээ товчлон дурьдаж байгаагаа дахин сануулсуу.
2004 онд ер нь аль нэг нам нь хэт олонхи байх онцгүй юм байна гэсэн иргэдийн сонголтоор бараг ойролцоо санал авсан учир сонгуулиар МАХН, АН тэргүүтэй “Зөвшилцлийн” ЗГ байгуулав. Энэ сонгуульд АН дотоод нөөц бололцоогоо шавхахын оронд, тухайн үеийн удирдлагын харанлган бодлогын уршгаар гаднаас хүч нэмж “Эрэл”-ийн Эрдэнэбатын намтай эвсэл болж орсон нь мөн л ирээдүйд үргэлжлэх дажингийн үрийг тарьсан хэрэг байв. Тухайн үед намаасаа нэр дэвших бололцоогүй болсон АН-ын 3 гишүүн бие даан их хуралд орсон нь үүний тод жишээ. Хэрэв АН дотоодын хямралаа даван туулж чадсан бол энэ сонгуульд ялах бололцоо байсан нь эндээс харагддаг. Бас Гүндалай одоогийн Централ тауэрийн барилга луу баахан эмгэд, хөгшид дагуулж хашааг нь нурааж, нөгөөдүүл нь хятад ажилчдынх нь хоолны махыг хувааж авсан нь, тэр үед төр баригч, түмэн олон хоёрын амьдралын ялгааг тод харуулав.
2008 онд МАХН 45, Ардчилсан Нам 28, бусад нам болон бие даагч 3 хүн их хуралд сонгогдов. Гэвч 7сарын 1-нээс болж, стандарт бус Хамтарсан гэгдэх Засгийн газар байгуулагдав. Энэ Засгийн газар өөрсдийгөө Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөсөн гэж өмөөрдөг ч, яг үнэндээ нийгмийн сэтгэлзүй өнөө хэр эдгээр стратегийн асар том орд газруудын гэрээг эргэн харах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байгаа нь, хожим юуны үр болж ургахыг хэлж таамаглахад бэрх. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч ялав. Үүнд урт шар дээлт л биш бол, хэн ч яахав гэсэн нийгмийн болоод намынх нь дотоод уур амьсгал хүчтэй нөлөөлсөн нь дамжиггүй. Энэ ялалт АН-д ирж буй том дэмжлэг байлаа. Дээр нь энэ сонгуульд өвдөг шороодсон шар дээлтэй нөхөр намынхаа хуучин нэрээр өрх тусгаарласан нь АН-д ашигтай нөхцлийг бүрдүүлсэн юм.
Тийм ч учраас 2012 он гарангуут АН-ын дарга Хамтарсан ЗГ-аас гарах мэдэгдэл хийж ээлжит сонгуулийн буухиа эхэллээ. Үүссэн нөхцөл улстөрийн байдал, сонгуультай холбогдон батлагдан гарсан хуулиудын онцлог болон гео улстөрийн нөхцлийн өөрсдөд нь ирэх давуу талуудыг сайтар ойлгож, хамтарсан засгийн хоцрогдсон халамжийн бодлогоос болж, нийгэмд унасан нэр хүндээ сэргээх уриа, төлөвлөгөөг тунхаглаж, сонгуулийн стратегиа нягт төлөвлөж, зөв алхмууд хийснээр, УИХ болон Нийслэлд АН олонхи болж, Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан ч, 8 сарын дараа сөрөг хүчин Ерөнхий сайдыг ҮХ зөрчсөн, эдийн засаг унасан, төрийн байгууллагын ажилтнуудыг хомроголон халсан, хэвлэл мэдээллийг хаасан боосон, ууланд зугаалж нисдэг тэрэг хэрэглэсэн, хүргэнээ ЗГ-ын хэрэг эрхлэхийн дэд дарга болгож, түүний эхнэрт 17 тэрбумын тендер авч өгсөн гэдэг шалтаг, шалтгаанаар огцруулах санал тавьсан байна. Нийгэмд нисэж явсан инээдтэй мессежний нэг нь Чингисийн нэрээр бонд гаргасан учир Бурхан халдун хилэгнэлээ гэв. Тэр үед хөвсгөлд нэг зальжин охин бурхдаар бөөлждөг гэж хүмүүсийг луйвардаж байсан нь нотлогдож ч байх шиг.
МАН-ы хувьд сая явуулсан бодлого нь ойлгомжтой. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, их хурлын болоод, орон нутгийн сонгуульд унасан нэрээ сэргээх, бас магадгүй намынхаа алдагдаж эхэлсэн боловсон хүчний бааз суурийг хадгалж үлдэх зорилготой байж болох. Одоо тэд хуулиараа 6 сарын дараа л ЗГ-ыг огцруулах саналаа оруулж болно.
Тэр болтол ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль болж өрнөнө. Урьд товч сануулсанчлан, Ерөнхийлөгчийн сонгууль ямар нэг байдлаар ялагч талдаа давуу тал өгдөггүй юмаа гэхэд, дэм болдог нь нотлогдсон зүйл.
АН намаас одоогийн Ерөнхийлөгч дэвших нь бараг тодорхой байгаа. Харин цөөнх болон бусад намууд ямар нэр дэвшигч гаргаж ирэхийг нийгэм хүлээж байна. Нэр дэвшигчээ ард түмнээсээ шалгаруулна гэснээс болж, МАН-ы сайт сонгуулийн хууль зөрчиж хаагдсан нь бас л сонирхолтой үйл явц.
Энэ бүхний эцэст бидний нүдэн дээр л хоёр том нам, бусад хэдэн жижиг намууд архиралдаад байгаа мэт ч, хаяа дэрлэсэн хийгээд далайн чанад дахь хөршүүдийн геополитикийн нүүдлүүд, дэлхийн дэнжигнэж буй эдийн засгийн хямралын сүүдэр, үндэстэн дамнасан компаниудын өлөн шүлс ч, энд хамт үсчиж байгааг сануулах нь илүүц биз.
Биднийг баян хирнээ ядуу байлгаж байгаа хамгийн гол нүгэлгүй буруутан нь манай газрын доорхи баялаг маань болж байх шив. Монголын улстөр хэмээх мөлжүүр ихтэй ясны төлөөх дажин дуусах цаг хэзээ бол?!
Хэзээ нэг Монгол гэдэг айл, намууд нь тооно мэт, түшээд нь багана мэт, ард иргэд нь хана хаалга мэт, нэгэн гэртээ ая тухтай, амар тайван суух бол. Хэзээ нэг монгол, монголоо Хүн гэж хардаг болох бол.
2012/04/25
Tuesday, March 5, 2013
"БҮСГҮЙЧҮҮДДЭЭ БОСОЖ ӨГЦГӨӨЕ" хөдөлгөөн
Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан, нийтийн тээврээр зорчиж байгаа бидний ээж, эгч, эхнэр, охидуудаа хүндэлж, ядаж энэ өдөр суудал тавьж өгөхийг нийт эрчүүддээ уриалж, энэхүү хөдөлгөөнийг өрнүүлж байна. Та бүхэн энэ хөдөлгөөнийг цааш нь боломж боломжоороо дамжуулж бас зав зай гарвал хэдэн хүнд ч гэсэн мэдэгдэж сануулахыг бодоорой. Худлаа шоу, хоосон магтаалаар биш жинхэнэ амьдралд хэрэг болох өчүүхэн үйлдлүүдээрээ үзэсгэлэнт бүсгүйчүүдээ баярлуулж, өөрсдөө ч далимд нь инээмсэглэлээр шагнуулцгаая :-)
https://www.facebook.com/events/479755612078384/
Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан, нийтийн тээврээр зорчиж байгаа бидний ээж, эгч, эхнэр, охидуудаа хүндэлж, ядаж энэ өдөр суудал тавьж өгөхийг нийт эрчүүддээ уриалж, энэхүү хөдөлгөөнийг өрнүүлж байна. Та бүхэн энэ хөдөлгөөнийг цааш нь боломж боломжоороо дамжуулж бас зав зай гарвал хэдэн хүнд ч гэсэн мэдэгдэж сануулахыг бодоорой. Худлаа шоу, хоосон магтаалаар биш жинхэнэ амьдралд хэрэг болох өчүүхэн үйлдлүүдээрээ үзэсгэлэнт бүсгүйчүүдээ баярлуулж, өөрсдөө ч далимд нь инээмсэглэлээр шагнуулцгаая :-)
https://www.facebook.com/events/479755612078384/
Saturday, December 22, 2012
"Огторгуйд аялагч Калипагийн шинэ жилийн захидал" уран зөгнөлт туужаа бүх ЕБ-ын сургуулиудын номын санд тараах филантропи үйл ажиллагааны маань нээлт бидний нэрлэж заншсанаар Төв шуудангийн зааланд өчигдөр 12/21-ний 15:00 цагт болж олон хүмүүс оролцлоо.
Би энэхүү уран зөгнөлт туужаа Монголын бүх хүүхдүүдэд 2012-2013 оны шинэ оны бэлэг болгохоор шийдэж, өөрийн найз нөхөд болон фэйсбүүкийн танилуудынхаа дэмжлэгтэйгээр хэвлэн гаргаж, Монгол Улсын ерөнхий боловсролын бүх сургуулийн номын санд үнэ төлбөргүй бэлэглэхээр шийдсэн юм.
Монголын хүүхдүүд шинэ жилээр аль юм болгон, хаана үйлдвэрлэгдсэн нь хортой эсэх нь мэдэгдэхгүй чихэр жимс, хар тугалгатай хямдхан хуванцар тоглоом бэлгэнд авах вэ гэж бодсоны үндсэн дээр зах зээл нь байгаа ч энэ номоо зарж борлуулалгүй хүүхдүүдэд хандивлахаар шийдсэн юм.
21 жилийн өмнө хүүхэд байхдаа бичсэн энэ тууж өнөөдөр ч утга санаа үйл явдлын хувьд орчин үеийн хүүхэд залуусын сэтгэхүйд гологдохгүй байх хэмээн гүнээ найдаж байгаа минь нэг их буруу биш болов уу?
Энэхүү арга хэмжээ нь манай улсад уран зөгнөлт чиглэлийн бүтээл төрөлгүй 20 гаруй жил тасарсан байсныг сэргээсэн, мөн түүнчлэн зохиолч хүн өөрийн шинэ номоо улсынхаа бүх сургуулиудад үнэ төлбөргүй бэлэглэж байгаа зэргээрээ манайдаа анхдагч филантропи үйл ажиллагаа болсоон. Улс орон даяар тараах ажлыг ивээн тэтгэж, нийгмийн хариуцлагатай байгууллага гэдгээ нотлон харуулсан "Монгол шуудан" ХК-ны хамт олонд гүнээ талархаж байгаагаа энэ дашрамд бүх хүүхдүүдийнхээ зүгээс илэрхийлье
Thursday, November 22, 2012
Ален Арман "Гурван цаг, нэгэн биенд"
Хүн яагаад ч юм, цаг хугацаанаас айдаг. Бугуйндаа зүүчихээд эсвэл утсан дээрээсээ харах тоолондоо, бид юунд ч юм, яарч адгадаг. Учир нь тэр зогсдоггүй. Чиний, миний зүүж байгаа цаг юм уу, чиний миний амьдралын цаг зогссон ч, ертөнцийн цаг хугацаа урагшилсаар л байдаг.
Хүн зэрлэг адгуус байх тэр цаг үедээ, нар сараар баримжаалан, шөнийн түнэр харанхуй нөмрөхөд, агуйдаа гал асаан, айдсаа дарах гэж суудаг байсан биз. Амьд үлдэх хүсэл мөрөөдлийг, хамгийн түрүүнд гэрэл хийгээд нар амьд амьтанд өгдөг. Тийм ч учраас нарны туяа нэвтлэн орж үл чадах, далайн алс гүнд нялцгай биетнүүд өөрөөсөө өнгө, өнгийн гэрэл гаргадаг. Гэхдээ энэ бол өөр түүх.
Тэр эрч хүч, энерги цаг хугацааны дотор нь оршдог. Яг л эсэн доторхи бөөм, машин техникийн мотор гэсэн үг. Энэ тухай дараа хүүрнэ сүү.
Бид дээр үед сайхан байж гэж ярьдаг.
Үнэндээ, жилдээ ганц шинэ жилээр олддог мандарин, алим хоёр тасархай амттай байхаас өөр яах билээ. Нэг л хадаас хазгай хадчихвал, хувьсгалын эсэргүү гээд толгойгоо авахуулах юм уу, тэмээчин болж говьд цөлөгдөнө. Тэгэхээр хүмүүс олон юм чалчихгүй, оногдсон ажлаа сайн хийлгүй яахав. Архины үйлдвэр нь улсынх, ажлын газрынхан нь намын хурлаараа гэр бүлийнх нь асуудлыг хэлэлцдэг учир, ямар ч хүн бас эрээ цээргүй эр эмийн явдал хийгээд, ууж идэх зэргийг хязгаарлалгүй л яахав.
Гэхдээ бид өнгөрсөн цаг хугацаан дээр, өнөөдрийн амьдралыг бий болговол, маргааш өчигдрөөс огт огт ялгаагүй болно. Энэ нь өөрөө амьд байгалийн хийгээд физикийн энгийн хуультай зөрчилдөнө.
Хөдөлгөөнгүй МАТЕРИ ГЭЖ ҮГҮЙ. Хэрэв хөгжиж дэвшиж чадахгүй бол тэр махбодь мөхнө. Тэгэхээр ямар ч бие, ямар ч цаг үед, өөрчлөгдөн хувьсах буюу орчин ахуйтайгаа зохицолдох ёстой. Ердөө л байгалийн шалгуур.
Гэхдээ хөгжил хөдөлгөөн гэдэг нь заавал харагдах өнгө хийгээд хэсэг зуурын аятай нөхцлөөр бүрэлдэхгүй. Энэ нь хүний амьдарлаар жишвэл, хоосон толгойтой хүн хөнгөхөн зугаа цэнгэлээр хэсэг зуур л амь зогоож болох жишээгээр илэрнэ. Цаг нь болохоор цалин мөнгө хийгээд, цаашлах зорилго чиг үгүй амьтан, өөрөө нийгмийн хог шаар болох нь зүй ёс.
Гэтэл хаа ч хамаагүй хөл доор хэвтэж байдаг, жирийн нэг хөх ногоон замаг ямар ч байсан 3,5 тэрбум жилийн настайг тогтоочихоод байна. Тэр энэ урт хугацаанд нүдэнд харагдах байдал нь бараг л өөрчлөгдсөнгүй.
Үүнээс аливаа амьд биетийн өөрчлөлт хөгжил нь, дотоод мөн чанартаа л хувьсан дэвшихгүй бол гаднах өнгө, ганц хоногийн насгүй гэдгийг тод харж болно.
Өнөөдрийг хүртэл дэлхий дээр хичнээн тэрбум зүйлийн амьд амьтан хийгээд амьдрал байсныг хэн ч тогтоож чадаагүй байна. Үйлдлийн систем нь хэдэн тэрбум компьютер, технологи бий болсоор байгаа ч, цацраг идэвхт изотопоор аливаа биетийн насыг тогтоодог, аль 1950-аад оны арга илүү боловсронгуй нарийвчлалтайгаар ашиглагдсаар. Энэ нь ертөнц анх “Их тэлэлт” хийн тэсэрч дэлбэрсэнтэй ч холбоотой, орчлонд цацраг идэвхт бодисгүй зүйл нэгээхэн ч үгүйтэй ч холбоотой.
Тэгэхээр бид өнгөрсөн буюу уг үндсээсээ аливаа хөгжил дэвшлийн цаашдын замыг харах хэрэгтэй болж байна.
Өнгөрсөн цаг хугацаанд сайн хийгээд сайхан зүйлс зөндөө бий. Жишээ нь над мэтийн хөрөнгө мөнгөнд дөрлүүлэээгүй, хүсэл мөрөөдөлтэй залуусыг бий болгосон. Настай хүнд суудал тавиад өгчихдөг, ядарсан нэгэнд аяга хоол өгчих тийм сэтгэлийн тэнхээтэй хүмүүсийг бий болгоход, өнгөрсөн нийгэм чамгүй хувь нэмрээ оруулсаан. Яг үнэндээ коммунизмыг үндэслэгч Карл Маркс, В. Ленин /Ульяанов/ нарын сургааль үгийг, намын дарга нар биш, мань мэтийн хэдэн мангар бацаан л илүү амьдралд хэрэгжүүлсэн байх.
Гэтэл Ардчилсан хувьсгал өрнөж, талбай дээр үймээн дэгдээгчид жагслаа гэж түүх, нийгмийн хичээл дээрээ хэлээд, онц авч байсан нөхдүүд, өөрсдөө тэр үймээн самуунгүй нийгмийнхээ золиос нь боллоо.
Нас, муу санаа хоёр бага нөхдүүд мөнгө, нохой зан хоёрт далаараа тавиулав. Эргээд эртний түүх рүү хэсэг өнгийе.
Хүн, нэг л өдөр араатны хямдхан өдрийн хоол байхаа болихоор шийдээгүй юм. Тэд үүнийг ухаарталаа хичнээн он, цаг хугацааг элээснийг, тэдний үр удам бид ч мэдэхгүй. Гэхдээ л тэд, хамтарч нэгдэн, нийлж хөгжих ёстой гэдгийг тодорхой хугацааны дараа ойлгосон учраас л, бид нийгэм журмыг байгуулж, эхлээд амьтдыг, дараа нь өвчнийг, одоо харин өөрсдийнхөө муу муухай зан араншин бүхнээс салах оролдлого хийсээр...
Төгс төгөлдөр лүү тэмүүлэх нь ямарч хүний хүсэл мөрөөдөл.
Гэтэл Монголчууд бид улам ухарсаар байлаа...Ардчилсан хувьсгал ялсан тэр жилүүдэд хүн чанар, сайхан сэтгэл хоёр хүч тэнцвэргүй тулаанд хуга ялагдсан юм. “Би л болж байвал...” гэсэн хар амиа хичээх хөгийн бэртэгчин амьтдаар монгол улс дүүрлээ. Албан тасалгааны цонхоор дарга нар, ард түмний амьдралыг гайхаж харсан шигээ “Албан тасалгааны цонхоор...” гэж дуулангаа, ардчилал гэдэг чинь энэ гэж ард түмнээ амыг нь ангайтал панаалдана.
Хүн чанарын энэ хүч тэнцвэргүй тулаанд туйлдсан иргэд хуучнаа эргэн санагалзаж, олон жилийн өмнө огцруулсан намдаа саналаа өгсөөр...
Учир нь шинэ нийгмийн шилжилтийн золиос болсон хүмүүс зовлон бэхшээлийнхээ буруутнаар нь, ардчилалыг авчирсан хүмүүсийг гэж дотроо зүхэж байлаа. Гэхдээ гараа хөдөлгөж, тархиа ажиллуулаад, нэгдэж нийлээд ирвэл ганц айлын ч биш улс орны амьдрал өөрчлөгдөж сайжирч болно гэдгийг тэд жил ирэх тусам ойлгож...
Жил ирэх тусам эргэлзэж, намдаа өгдөг нөгөө санал нь багасаар...
Цаг хугацаа хэзээ ч эргэж ухардаггүй, бас тэр биш, бид л хөгширч, амьдралыг арай өөрөөр харж эхэлдэг. Тэгсэн мөртлөө цаг хугацааг буруутгах гээд байдаг.
Үнэндээ, өчигдөр болсон хийгээд, өнөөдөр болж байгаа бас маргааш болох учиртай бүхэнд цаг хугацаа ямар ч хамаагүй. Тэр зөвхөн хязгаар үгүйг л, тодорхой хэмжээ, хэлбэр дүрсэнд оруулахын тулд л урагшилдаг. Гэтэл бид яг л цаг хугацаа юм бүхний эзэн мэт хуумгай ханддаг.
Учиг нь энэ бүхэн, ердөө л гурван цагт зэрэг оршиж, эргэцүүлэн бодож зогсоо ухаант хүний л хийж байгаа ажил гэдгийг ойлгодоггүй. Гэхдээ тэр заавал цагаа харах учиртай. Учир нь агуйд гал түлснээр, тэнгэрт нарыг мандуулахгүй.
2012/11/22
Tuesday, June 26, 2012
Ален Арман "Монголд хэн жаргалтай вэ?"
/Найраглал/
Монголд хэн жаргалтай вэ?
Мэдэх хүн байна уу?
Хүнээс дутуугүй амьдрах гэдгийг
Хэмждэг зүйл нь юу юм бол?
Хариултыг би удаан хайсангүй.
Халамцуу яваа, харваас 40 гарсан
Харлаж, халцарсан нүүртэй
Хэрзгэр, туранхай биетэй
Хиртэй хөх богино цамцтай
Ханзарзай хулхи пүүзтэй
Хужаа шар торонд хэдэн төмс ууталсан
Харц нь гөлгөр, халаас нь нимгэн нэгэн эртэй тааралдлаа.
Тээнэгэлзэх юмгүй замыг нь тосож очоод,
Таниас нэг юм асууж болох уу гэлээ.
Тэгсэн тэр зогтусаж, гайхсан янзтай амаа ангайгаад, гараа халаасандаа хийж байна.
Хэл амаар доромжлох нь уу, хутга шөвөг гаргах нь уу гэтэл,
Хүүхэн хараа нь томорч, хатсан уруулаа нэг шилэмдээд,
Хөлнөөс минь толгой хүртэл нэг сүрхий гүйлгэснээ
Тал тал тийш хяламхийгээд, тунчиг намуухнаар
Та надаар тоглоогүй биз гэж байна.
Таниар уу, яалаа гэж, яагаад тэгж бодоо вэ.. гэтэл
Хөөрхий эрийн нүүрэнд нар мандаж, хүүхэд шиг хөл нь газар хүрэхгүй баярлаж
Дороо дэвхцэх шахан, догдолсондоо бүр чичрээд
Хээ шаагүй сугадаж аван, хаачихаа хэлэлгүй чирэх нь тэр
Хамт уух ханьтай болсондоо хөөрсөн юм болов уу гэтэл
Хотын гудамжинд ховорхон үзэгддэг
Хатуу модон сандал хайж явсан нь тэр юм байж.
Хөөрхийг хэлмэгдүүлж муугаар бодсондоо
Хэлэх үггүй бантаж зогстол, өнөөх эр
Илгэн өмдөө шороо болохыг ч тоолгүй
Их дэлгүүрээс, цирк ордог гудамжны нэг сандал дээр түсхийтэл сандайлах нь тэр.
Та ч гэсэн суу гээд тохойноос минь татлаа. Тортой төмсөө хөлөн тушаагаа шидлээ.
Төгс биш ч гэлээ төгс орчлонд
Тэнэг ч гэлээ, хүн юм чинь хүн шиг л амьдармаар байна шүү
Тэгж хэлснээ санаа алдаад,
Түрүүн эргэлзсэнд минь уучлаарай.
Таныг надаас юм асууна гэж огт бодсонгүй.
Адилхан хүнээр тоглох байтугай
Амьдаар нь тамладаг, арай ч дээ гэмээр
Арчаагүй нийгэмд амьдарч байна шүү дээ, бид.
Ардчилалын буян сайд, дарга нарын аманд л
Алт мөнгөн бороо цутгаж байна.
Хаана байна тэр эрх чөлөө, эд баялаг...
Хорин хоёр жил “худлаа шааж, хуухнагаа хөхүүллээ”
Хөрсөн доорхоо байтугай хөлөө хаана тавихаа
Харийнханаар заалгаж, хонины номхон морь,
Хотоо манасан хөгшин банхар шиг
Хэзээ юу өгөх бол гэж горьдон хэвтэж,
Төрсөн нутагтаа боол,
Тоонот гэртээ зарц нь боллоо.
Адилхан монгол улсын иргэн мөртлөө
Аавынх нь түрийвчээр амьдрал нь шийдэгдэж байна.
Аавынд ороход ч, Америкт амьдрахад ч тэр.
Аль эсвэл ар, өврийн хаалгаар хамаг юм бүтнэ.
Арай гайгүй улсын цэцэрлэгт багыгаа оруулах гэтэл
Улалзах нүүргүй улайм цайм хандив нэртэй хахууль нэхлээ шүү,
Тэр муу захирал нэртэй бүдүүн авгай гээд
Уураа, ууттай төмсөндөө гаргаж, нэг өшиглөх зуур
Улайсан нүүр нь бүр ч хүрэнтэн мэнчийлээ, мань эрийн.
Тэгснээ гэнэт толгойгоо өндийлгөөд
Тэнгэр ямар байгааг нэг ажаад,
Сайхан өдөр болох нь ээ, аягүй бол бороо орох нь гэж
Саяхан бухимдаагүй юм шиг сэтгэл амар бувтнангаа,
Хэзээ угаасан нь мэдэгдэхгүй хагтаж, ширэлдсэн үсээ
Хоёр гарын арван хуруугаараа, хэд сайн базаж дугтраад,
Ингэхээр янгинахаа байчихдаг юм. Эм уугаад ямар ч нэмэргүй.
Ингэхэд...байз нээрэн...
За дүү минь чи надаас юу асуух гэлээ?
Зай өгөлгүй, шүршиж орхисонд “сорри” гэчихээд,
Санаа нь зовсон янзтай, дагзаа маажин, үл мэдэг хулмаганаад
Запасны хэдэн англи үг зурагт, радиогоос дуулсаар байгаад
Заваартаж ингэж хэлдэг болчихлоо, золиг чинь гэж өөрийгөө зэмлэлээ.
Элэгдэж, эмтэрсэн ч
Эвдэрч, хагараагүй сэтгэл гэж үүнийг л хэлдэг байх.
Хэцүү, хүнд ч
Хувирч өөрчлөгдөдгүй чанар гэж ийм л байдаг байх.
Санаа алдаад, инээмсэглэхэд минь
Сайх эрийн нүдэнд бяцхан тунирхал харваж
Тэгнээ тэр, та намайг тэнэг гэж бодсон биз
Тэгэхээр одоо надаас юу ч асуухгүй, тийм ээ гээд.
Хариу хэлэхийн завдалгүй, хамаг амьдралаа хүүрнэлээ.
Хорин хоёр жилийн өмнө би ийм байсангүй.
Хорвоо даанч хатуу юм.
Хөл гар бүтэн ч гэлээ
Худал хуурмагт хүлүүлчихдэг юм байна.
Хүний дайтай амьдарна гэдэг
Нохой санаалахыг хэлдэг ч юм шиг.
Юунд итгэж хаашаа явахаа
Ерөөсөө би мэдэхээ байлаа.
Хэн ч үгийг минь сонсдоггүй, хүүхдээ ч загнах эрхгүй
Харин сонин нэг юм анзаарсан.. Хамгийн хайртай хүмүүс чинь л
Хогийн нэр хоч хайрладаг юм билээ. Нэр хугарахаар яс хугар гэж
Нээрэн үнэн юм билээ...гэснээ
Түй түй...гай болж гар хөл хугарчих вий,
Тэгвэл ч ёстой өнгөрнө шүү.
Эртээр манай нэг таньдаг нөхөр
Энүүхэндээ гэхэд над шиг л иймэрхүү гар л даа
Хөлөө хугалаад хэдэн сар хэвтсэн гэж бодно.
Ёстой аймаар түй түй түй...
Хэдэн хүүхдээ тэгж ч өлсгөхгүй шүү гэснээ,
Тамхиа гаргаж баагиулаад, тасарсан яриагаа үргэлжүүллээ.
Эхлээд эхнэр, эцэст нь найз нөхөд
Энэ муу архичин гэдэг юм билээ.
Май, чи муу битгий хуц гэхээр
Агсам тавилаа гэнэ.
Намайг хэн байсныг мартжээ гэхээр
Айлгаж ичээлээ гэнэ.
Тэгсээр сүүлдээ тэнэг юм шиг, хэн ч, юу ч гэсэн
Тоохоо огт болих юм. Тэгэхдээ би гудамжных биш шүү.
Дүү эндүүрэв. Хоёр хүүхэдтэй хүн шиг л хүн.
Харин даанч хүн шиг л амьдарч чадахгүй юм.
Манайх гэр хороололд, мах үнэд орчихоод өнөөдөр төмс авлаа.
Зах дээр хүнтэй ээлжилж тэрэг түрдэг болохоор,
Заримдаа ч хоосон хонох энүүхэнд.
Яг тогтсон ажил хийе гэхээр нас хүйс өндөр нам нь тэнцэхгүй юм
Яагаад тэгээд үндсэн хуулин дээрээ ялгаварлаж болохгүй гэж заасан байдаг юм бол.
За ингээд хальж өгнө дөө ах нь.
Давхиулаад байвал, дарга цэрэг нарыг ч шүүмжилнэ.
Би гайхдаг юм.
Гурван сая хүрэхгүй хүнийг
Гутал хувцастай, хоол ундтай байлгах
Хүний хэрээс хэтэрсэн, хийж боломгүй зүйл юм байх даа.
Хужаа, хужаа гэж худлаа муулж байхаар
Хэдэн тэрбум хүнээ тэжээдэг аргыг нь сурмаар юм.
Орос орос ах нар гэж онгирч далдганахын оронд
Олон түмнээ яаж зангидаж чаддагийг нь мэдмээр юм.
Аль эсвэл тэр Америкаасаа асууж мэдэж болдоггүй л юм байх даа
Айхтар том улстөр лүү орчихсон явна. Бүү мэд.
Гэхдээ л бодоод байхад,
Гайхахаас өөр арга алга.
Наад зах нь манайх л гэхэд дөрвүүлээ, таван ханатай гэрт
Нөгөө нохойгоо оруулвал 5 ам, амь амьдарч болоод л байна.
Дөчийн бидонтой усаар 2 хонох нь ч яахав
Дахин дахин сонгуулиар дэмийртэл хулхидуулах л муухай байна.
Таван кг-ийн гурилаар сар болох нь ч яахав
Төрийн эрх барилцуулна гэж худлаа шаалгуулж залхлаа.
Харин тэгсэнд орвол
Хорин нэгийг маань өгөөд, холхон очиж хуцсан нь дээр биз.
Тэнгэрийн бурхадын “бааж” байгаа нь
Тэртэй тэргүй маньд ямар хамаа.
Үгүй чи бод доо. Гэр хорооллын усны...усны шүү
Үнийг нь байрныхантай адил хямдрууллаа гээд байх юм.
Үлгэрт гардаг үүлэнд тулсан ордонд биш уг нь байранд л оруулчихвал
Үглэж дуулаад байдаг утаа энэ тэр чинь угаасаа алга болчих юм биш үү?
Үнэг биш дээ биднийг зальдаад яахнав дээ, чадахгүй юм бол
Үнэндээ нэг муу труба л татаад хаячих хэрэгтэй ш дээ.
Яриаг нь тасалчих вий гэж сандарсандаа
Яарч тэвдэн, гараа дэлгээд,
Ямар баян улсад
Ядуу байгаагаа ойлгохгүй байна.
Энэ сайхан улсыг
Эрхбиш нэг улс шиг хөгжүүлж,
Биднийг биш юмаа гэхэд
Бяцхан үрсээ бодож болдоггүй л юм байх даа гэж нэмлээ.
Та бод доо.
50 сая давжээ...Ганцхан өрөө байр шүү.
50 сая малтай мөртлөө 10 мянга хүрч шүү, мах.
Хөгшид банкинд өртэй үхэх ердийн үзэгдэл
Хүүхнүүд бөгсөө зарах энгийн зүйл юм уу?
Ай хөөрхий ах дүүсээ хараад байхад
Айлын хатавчинд өрхөөн татахгүй гэсэндээ
Аз жаргалын эрэлчин харьд боол болдог юм байна.
Амьдралаа авч явж чадахгүй болохоор
Аргаа бараад архи уудаг юм байна, над шиг нь.
Хорин нэгэн онд хувьсгал хийсэн,
Хоёр сая найман зуухан мянган Монголчууд
Хорин нэгдүгээр зуунд ингэж ч суух гэж дээ.
Хойч үе минь харааж зүхэх байх даа.
Харалган хөгийн амьтад гэж
Ходоод нь цадсан ч сэтгэл нь ханаагүй
Хайран улсыг яайран болгосон
Хариуцлагыг нь хамт бидэнд л тохох биз.
Хог түүж, хов зөөж биш
Хар санаж, хүний бөгс ухаж биш
Өдөр болгон инээмсэглэж чаддаггүй юмаа гэхэд
Өчигдөртөө харуусаж толгойгоо шаахгүй
Цээжээ дэлддэг тэр Чингисийнхээ
Үлдээсэн өвийг нь
Үрэн таран хийхдээ, ичдэггүй эмзэглэдэггүй.
Үглэж дуулаад байдаг энэ сайхан улсаа
Үгүйрүүлж, мөлжихдөө ханадаггүйн учир юу юм бол?
Элсэн цөл дунд тэр арабын улсууд
Энэнээс сайхан амьдардаг юм гэсэн биз дээ.
Хамгийн сонирхолтой нь тэр улсын иргэд нь
Хар ажил огт хийдэггүй гэж дуулсан.
Гэтэл...
Монгол хүн би...
Малчин удамтай ч, малаасаа дор амьдармааргүй байна шүү дээ.
Тал дүүрэн бэлчсэн 50 сая малтай ч
Тогоондоо чанах махгүй өлөн зэлмүүн хономооргүй байна.
Туулын хөвөөнд сүндэрлэсэн нийслэл өргөө хотоо хар.
Тамхиа хаядаггүйн учир минь энэ,
Тэртэй тэргүй утаагаар амьсгалж байгаа юм чинь.
Уушиг бол уже ум манибадмехум болоо биз.
Гэж дахин нэг тамхи гаргаж асаангаа
Гэм хийсэн аятай өөрийгөө зөвтгөлөө.
Маргааш мандах нарны тухай машид сайхан ярих биш
Мөрөөдөл хүсэл шингэсэн сүүн цацал өргөж
Мөрөө дурайлгасан замынхаа аяны жолоог мялааж
Мөнх биш ч энх амьдармаар байна.
Маргааш биш өнөөдөр жаргамаар байна...гэлээ.
Хот хөдөө хаана ч хамаагүй
Хөгшин залуу хэн нь ч ялгаагүй
Харамсах зүйл, хожимдсон ухааралгүй
Хүн шиг л амьдармаар байна.
Мангар ч гэлээ мангар учиртай энэ орчлонд
Монгол хүн байна даа, энэ чинь
Малаасаа дор амьдармааргүй л байна шүү.
Түм биш дээ гуравхан сая хүн
Түй чёрт гэж газар нулимлаа.
Үүнийг л хүн шиг амьдаръя гэж хэлээд байгаа юм шүү дээ
Үнэндээ би чамайг залхаачих шиг боллоо.
Уучлаарай гэхдээ үнэхээр их баярлалаа гээд
Ууттай төмсөө шүүрч аваад мань эр бослоо.
Нулимс цийлэгнэсэн нүдэнд нь итгэлийн гал нь бөхөөгүй
Нугдайж бөгтийсөн нуруунд нь тэнхэлийн бяр дутаагүй
Ийм нэгэн эр ингэж хэлээд явлаа.
Инээмсэглэх аядан толгой дохихоо мартсангүй.
Харин би бодолд автан үлдлээ.
Хариу нэхсэн асуултаа өөрөө өөртөө тавилаа.
Монголд хэн жаргалтай вэ?
Мэдэх хүн байна уу?
Хүнээс дутуугүй амьдрах гэдгийг
Хэмждэг зүйл нь юу юм бэ? 2012/06/26
Subscribe to:
Posts (Atom)