Friday, September 25, 2009

А. Арман "“Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялагдсан уу? МАХН ялагдсан уу?”"

(Илтгэл)

Public Relations - Манайхан монголчлоод ПИАР гэж яриад хэвшчихсэн. Энэ үгийн утга нь энгийнээр тухайн асуудлаар олон түмний санаа бодол, хүсэл сонирхолд нийцүүлэн үйл ажиллагаагаа чиглүүлэх, өдөөх улмаар олон түмний хүсэл сонирхлыг чиглүүлэн залж өөртөө буюу зорилтот асуудал руу татах гэж ойлгож болно. Энэ урлагийг ганцхан улс төрд хэрэглэдэггүй, санхүү бизнес, урлаг уран сайхны бүхий л салбарт хэн нэгэн хүн юм уу байгууллага, үйлчилгээ хэв маягт ашигладаг. Бүр хямралын энэ цаг үед ч баруунд бүр ойрхон орос улсад ихээр ашиглаж байна. Манайд зөвхөн улстөрийн сонгуулийн менежментийн нэг хэсэг гэж ойлгогдоод байдаг ПИАР нь ядуу буурай орнуудад олонлогийн хүсэл тэмүүлэл, амьдрах хэв маяг нь зөвхөн улс төрд орсноор биелэгдэх бүрэн бололцоотой байдаг буюу бүх зүйлээ улстөртэй холбож ойлгодог нэг талтай, нөгөө талаас сонирхогч хүрээ өргөн учраас эсгий хийх газар нохой гүйх нь олширсон учир цэцэглээд байх шиг. Энд нэг сонирхолтой баримт дурьдая.

Манайд ихэвчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд буюу сэтгүүлч эсвэл реклам үйлдвэрлэгчид нэг бол дарга нар ПИАРчин байдаг. Гэтэл баруунд цөмийн дайныг хамгийн өндөр түвшинд хүргээд дараа нь өөрийн гараар тэр галыг унтрааж чадсан гэж болох Рональд Рейган дэргэдээ фантастик, футурологичид буюу ирээдүй судлаачид зөгнөлт зохиолчдыг цуглуулжээ. Магадгүй АНУ-ын түүхэнд хамгийн өндөр төсөвтэй ч гэсэн хамгийн их ухаан суулгасан Оддын дайны төлөвлөгөө бол магадгүй тэр дайнаас гарах хамгийн зөв арга зам байсан байх. Тухайн үедээ шүү.

PR нь өөрөө сонгуулийн менежментийн нэг хэсэг биш төдийгүй өөрөө бие даасан улс төрийн сэтгэлзүйн салбар шинжлэх ухаан бөгөөд ПИАРчин гэдэг бол шийдвэр гаргах түвшинд ойр хүмүүсийн хэн нэгэндээ юм уу даргадаа долигнох, түүний тушаалаар явдаг үйл ажиллагаа биш юм. Энэ хоёр ойлголтыг өнөөдөр манайд ялган ойлгож байгаа мэргэжилтэн байдаг болов уу?

Товчхондоо чи мөнгөө төлсөн бол дуугаа захиалж болно. Гэхдээ чиний найрыг зон олны сэтгэл зүрхэнд бусдын хурим найраас илүү сайхан хоногштол ямар дууг ямар дуучнаар дуулуулахаа бид мэдье, үгүй бол хариуцлагаа хүлээе гэсэн энгийн зарчмыг PR гэж ойлгож болно. Өөрөөр хэлвэл олон нийтийн сэтгэл зүйг тухайн нэр дэвшигч рүүгээ чиглүүлэх, түүнийг ямар ч хамаагүй үнэ цэнэ, арга ажиллагаагаар гаргах нь тухайн суртал ухуулгын багийн үүрэг хариуцлага болохоос биш, тийм чадвар чадалтай мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэх ёстой болохоос биш, хэн даргад ойр, хэн худлаа рекламны пауз, хэн хэвлэл мэдээлэл хариуцсан хүн ПИАРчин биш юм. Ямар ч хүнд алдаа оноо байдаг.

Амьдрал өөрөө хар цагаан бас баялаг.

Чухам энэ дундаас чөтгөрийг хүртэл тэнгэрийн элч болгон хувиргах нь улстөрийн сонгуулийн суртал ухуулгын багийн хийх ёстой ажил болохоос биш нийгэм угаасаа манай хүний эсрэг байна, даргын хэлснээр тэр хүнээр муулуулчихъя гэх мэтээр нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх бус хүлээн зөвшөөрсөн, буланд шахагдсан, тулга тойрсон, хариуцлага хүлээхээс айсан, бие даан шийдвэр гаргахаас эмээдэг нөхдүүд ийм тоглоомоор тоглодоггүй юм. Бас худал үнэн баахан ном халтардуулан хольж хутган орчуулчихаад, өөрийгөө тухайн сэдвээр ПИАРчин гэх нөхдүүд ч гэсэн хүмүүсийн дан ялангуяа улстөрийн өндөрлөг өөд мацагсдын халаасыг мөн ч ичих нүүргүй ухаж байна. Уг нь хулгайчаас хулгайлж байгаа юм чинь ямар хамаа байна гэж бодож болох ч хулгайч ч гэсэн хүн. Хүний сэтгэлийг өөрчилж ухуулах нь ПИАР-ын гол зорилго болохоос Хүний сэтгэлийг хөдөлгөх дуу захиалсан хүнийхээ хармааг нь ухах нь ПИАР-ын зорилго биш. Тийм учир өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын сонгуулийн төв штабаас явуулсан суртал ухуулгын ажлуудыг тоймлон задлах гээд үзье. Нийт алдсан саналын дүнг дүнг 100 хувь гэж тооцвол:

- Тэжээлгэгч ОНХМХ. Тэд зөвхөн мөнгө авах төдийгөөр өөрийн сонин хэвлэл тв-дээ орлого олох гэнэ. Юуг ч хамаагүй нийгэмд цацна. Гэвч энэ нь тэдний буруу биш тухайн нэр дэвшигчийн сурталчилгааны баг бэлдэж өгөх ёстой мэдээллийг өөрсдөө сайн дураар бэлтгэсэн болж зориудаар тийм өндөр өртөгтэй захиалга авдаг. Юм хийсэн болж харагдах л юм даа. Үнэндээ наад захын нэг томхон компаний маркетингийн төлөвлөгөөг харахад эхлээд зах зээлээ судлаад, судалгаан дээрээ үндэслэн цаашаа хаана ямар мэдээллийг хүргэж гэж ажилладаг нь харагдана даа. Хэн ч үзэхгүй уншихгүй мэдээллийг түгээсний төлөө төлсөн тэр их мөнгөөр, олон нийтэд арай ойр дөхөм зүйл хийх хэрэгтэй байсан юм. 10 % санал алдсан. Хэт эмх замбараагүй мэдээлэл өөрөө хүмүүсийг эгдүүцүүлэхэд хүргэсэн.

- ОХУ-ын Ерөнхий сайд Путин ирж “нэмэр” болов. Санаатай, санаагүй тэгээд л таарчихсан. Монголчууд орост дургүй болсондоо биш соц-ийн үеийн “сайн сайхан чанар”-ын тухай “эргэн дурсдаг” хөгшчүүл багасаж, 1990 онд ардчилалтай хамт төрсөн хүүхдүүд энэ сонгуульд оролцов. Тэр залуучуудад Путин биш Обама ч юм уу нэг хамтлагийн дуучин дээр нь ойлгомжтой. Ядаж хальт мульт англи хэлтэйг хэлэх үү. Тэгээд ч хэн нэгнээс, хэт их гүрнээс айх цаг нэгэнт өнгөрчээ. Мэдээлэлжсэн эрин зууны хамгийн том хамгаалалт бол энэ юм. Нөгөө талаасаа нээлттэй нийгмийн давуу тал. Гэхдээ мэдээж нийт сонгогчдын багахан хэсэг буюу 5 % нь л гэнэтийн айлчлалд эмзэглэсэн.

- АН-ын хувьд сөрөг сурталчилгаагаа МАХН-ы эсрэг биш Энхбаяр гэдэг хувь хүн авилгалчин, эхнэр нь нөхрийнхөө толгойг мэддэг, тагнуулын газар давхиж очоод, хүн болгоныг чагнасан, аав ээж нь ийм тийм газар авсан, байр бэлгэнд авсан, тийм машин унадаг, ээж нь ач зээгээ хараад сууж байхын оронд томоохон компаний захирлуудтай наймаа ярьж явдаг, дүү нь тийм улсад манайхыг төлөөлдөг гэх мэтээр зөвхөн мань хүний хувийн асуудал руу дайрах объектоо тодорхойлж, МАХН болон түүний мянга мянган жирийн гишүүд рүү илтээр довтлоогүй нь нэг том алхам болсон. Энэ тактик 10%- ийн саналыг авсан.

- Мөн түүнчлэн манай Элбэгдорж жоохон тиймхэн л дээ, гоё худлаа уран ярьдаг панаалтай гэхдээ л...гэхдээ л Энхбаяр л биш бол чөтгөр ч яахав гэсэн өөрийгөө “ил тодоор” муулан, өрсөлдөгчөө “давслан” муулах дамжуулалтын арга хэрэглэсэн нь МАХН-ыг дэмждэг олон олон дэмжигчдийн саналыг шилжүүлэн авч чадсан. Энэ тактик 10% хавьцаа авсан.

- МАХН нэр барьж албан тушаалд очсон олон олон увайгүй түшмэдүүдийн энэ сонгуульд оруулсан “хувь нэмэр” байгаа. АН-д ч гэсэн ийм түшмэдүүд байдаг ч, тэд одоохондоо МАХН-ын ах дүү, амраг садан, нутаг усаараа 1990 оноос хойш байр сууриа бэхжүүлсэн нөхдүүдийн дэргэд хөхнөөсөө гараагүй жаалууд гэсэн үг. Уг нь аль нэг дээд, дунд шатанд ажиллаж байгаа түшмэдүүдийг зэрэгцүүлвэл адилхан авилгачин, ичгүүр сонжуургүй наймаачид байгаа. Тэд ичиж нэрэлхэхээ мэдэхгүй, зогсолтгүй эргэж байгаа дэлхийн хөгжлийн чиг хандлагыг ухаарах сөхөөгүй хэзээд даргаараа байх юм шиг хүмүүстэй харилцдагаас тэднийг тоож үздэггүй, хорхог боодог хийх, хэдэн төгрөг атгаад золгохоос хэтэрдэггүй учир амьдрал ямар байгааг ойлгохгүй “Тасралтын синдром”-оор өвчилсөн. Ард түмэн тэдний гэв гэнэтийн “сэхсэн” амьдралд маш эмзэглэдэг. Уг нь өөрсдөө хүртэл гадаадад гар утастайгаа явж, хаана байсан утасгүй интернетэд холбогдож байгаа хойно ганц хоёр гадаад мэдээ харж баймаар юм. Гэхдээ энэ нөхдүүд энэ сонгуульд тийм ч их гай болоогүй ээ. Үсрээд л 5%-ийн саналыг алдсан.

- Бусдын гараар могой бариулах арга. Цогтгэрэл, Энхтүвшин, Ч.Энхээ, Энхтуул, Эхнхсайхан, Жаргалсайхан гэх мэт. Уг нь стратегийн хувьд дайралтыг нөхөрлөж явсан улсуудаар нь хийх нь зөв хэдий ч, тактикийн хувьд нийгэмд үнэ цэнээ алдсан жоохон шизотой, нэг бол архинд донтсон эсвэл айсан, нөгөө бол үргэлж бусдыг матаж явдаг гэх мэт өөрсдөө өрсөлдөгчийг нь муулахаас илүүтэйгээр муу нэр дагуулж ирэх баг гаргаж ирсэн нь лав 10 %-ийн санал алдсан. Уг нь Элбэгдоржийг мэдэх улстөр нийгмийн зүтгэлтнүүд зөндөө байсан. Улстөрчдөөс хол байдаг ч олон түмэнд нэртэй сайхан нэртэй зүстэй улс зөндөө бий. Даанч мянган гавъяат дуулаад барсангүй.

- Хойш хургасан, асуудлыг шийдвэрлэхгүй орхисон 7/1 болон арьс өнгө, яс үндсээр ялгаварласан үзэл. Энэ чинь 1936 он биш 2009 он байгаа юм л даа. Элбэгдорж өөрөө л Шинжааниас нүүдэллэж ирээгүй бол өвөг дээдэс нь Шинэ Зеландиас ирсэн байлаа ч огт хамаагүй юм. Боолын үр удам дэлхийн гүрнийг удирдах болсон цаг даа. Энэ ажиллагаа 20% буюу хамгийн их саналыг унагасан.

- Хамгийн жижигхэн явуулга. Бохь 5% авсан. Уг нь судалгаагаа олигтойхон шиг хийгээд хэрэв тэд нь сайн хийдэг байсан бол бохь, тамхины иш, хог тарихын эсрэг сурталчилгаа хүмүүст хүрдэггүйг мэдэж авсансан бол оронд нь жишээ нь байр сууц түрээсэлж амьдардаг гэх мэтийн сурталчилгаа явуулсан бол дээр байхсан. Бохь хаясан гээд муулуулж буй нөхрийг харж байгаа хотод хөдөө маягаараа амьдардаг нөхөр гэрээсээ тавхан алхмын зайд морь харчихаад, гараа ч угаахгүй тэр рекламыг үргэлжлүүлэн үзээд сууж байгаа гэдгийг тооцоолох л ёстой байсан. Өөрөөр хэлвэл тухайн улс үндэстэн иргэдийн соёл уламжлал амьдрах хэв маяг өөрөө ПИАР-ын салшгүй хэсэг байдгыг мартсан. Сингапур бол өөр, бохины эсрэг хууль гаргасан цаг үе нь диктатурын үе байсан. Тэгээд ч бохиноос болж метронд нь гэмт хэрэг их гардаг байсан. Тэгэхээр хог хаяж байгаа нь ямар хортой вэ гэдгийг харуулах хэрэгтэй байсан. Манайд одоохондоо бохиноос болж вагон машин хоёр мөргөлдөөгүй л байна.

- Мориноос унаж байгаа сөрөг сурталчилгаанд Элбэгдоржийг унагаа дагуулсан гүү унасан зургийг монтажилсан нь илт. Наад захын нэтэд суудаг “бацаан” хараад л фото шоп гэнэ дээ. Үүний оронд өнгөрсөн хавар С.Баяр мориноос бас унаж нуруундаа гэмтэл авсан учир түүгээр ч юм уу мориноос унах бол байдаг л зүйл, харин яаж над шиг гэмтэж бэртээгүй юм гэх мэтээр хэлүүлсэн бол нөгөө бол мориноос унаж үзээгүй монгол хүн байхгүй, унаж байж бөх, уралдаж байж хүлэг гэх мэт зүйрлэж дөрөөлсөн аргаар үргэлжлүүлсэн бол дөрөөлөх гэж байгаад морь нь даагаагүй тэр сөрөг сурталчилгааг дарж чадах байсан. Эсвэл зүгээр л тэр унаж байгаа фокус муутай сонирхогчийн бичлэгийг дахин хийж мань эрийг инээмсэглэн босож ирээд морио илбээд, мордон давхих гэх мэтээр зохиомжилсон бол тэр уналт дарагдах байсан.10 %.

- Сургалтын төлбөрийг чөлөөлнө гэж шанаган цацалтын аргаар үзсэн. Гэвч дөнгөж сургууль төгсөлтийн үе таарсан, конкурс эхлэх болоогүй буюу би юм уу манай хүүхэд яах ч юм билээ гэсэн хандлага нөгөө талаар зорилтот бүлэг оюутны дийлэнхи нь жилийн эцэст төлбөрөө төлчихсөн байлаа. Тухайлсан сурталчилгаан дээрээ төлбөрөө төлсөн оюутнуудын төлбөрийг буцаан олгоно гэх мэтээр жоохон давс хужир нэмсэн бол саналын хувьд даялах боломж байсан. Дээр нь зах зээлийн хуулиар мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалт үнэ төлбөргүй мөн түүнчлэн мань хүний л бүтээлцсэн хуулиудаар 45000 төгрөгийн тэтгэмж авдаг болчихсон гэх мэтээр хэдийгээр тэнд суралцаж буй суралцагч цөөхөн ч гэсэн нийт масст сурах нэг нь үнэгүй сураад л байгаа гэсэн ойлголт тогтчихсон. Бас гадаадын их дээд сургуулиудад суралцах нь цааш явах арга зам гэх хандлага, ерөнхийдөө зах зээлийн шилжилт дуусах шатандаа явааг энэ бүхэн харуулж байна. Өөрөөр хэлвэл зах зээл дөнгөж эхэлж байх үед хүн болгон дээд боловсролтой болох гэж дайрдаг байсан цаг өнгөрч тэр дундаа үнэгүй боловсрол өөрөө аюултай гэдгийг хүүхдээ 100 долларын хувийн цэцэрлэгт өгч чадахгүй учраас гэрийнхээ дэргэд мань хүний хоолных нь мөнгийг нэмүүлсэн цэцэрлэгт өлсчихсөн ирдэгийг нь мэдэх цэвэрлэгч хүүхэн ч ойлгохтойгоо болжээ. Хүн хүүхдээсээ сүүлчийн үмх талхаа ч хайрладаггүй. Өөрөө уранхай хувцастай хүүхэд нь оргиналь нэртэй үнэтэй хулхи пүүз өмсөөд явж байгааг алийг тэр гэх вэ? Тэгэхээр зорилтот бүлэг нь уг нь зөв байна. Залуучууд. Гагцхүү тэднийг хэрхэн татах вэ гэдэг дээр алдаа гаргажээ. Боловсролын яам ч тиймээ л гээд байсан болохоос ямар ч судалгаа тооцоо, хөрөнгө санхүүгийн боломж бололцоог дурьдсангүй. Үүний оронд гадаадад сурч ажиллаж байгаа хүмүүст хар цагаан нь хамаагүй эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь улс төлдөг болно. Нөгөө бол хөдөлмөрийн хөлсниий доод хэмжээг 330.000 төгрөг болгоно, төрийн албан хаагчдын цалинг 50 хувь нэмнэ гэх мэт хийсвэр мөртлөө амьдралд ойр сонсогдох улиг болсон амлалтууд оноо алдахгүй байх байсан. Хэрэв сонгогдлоо гэхэд хөрөнгө мөнгөний асуудал тэгтэй тэргүй дээд боловсролыг үнэгүй болгохтой л адил хавьцаа гарах биз.5%

- Төгсгөлд нь МАХН-ын сонгуулийн штаб хоёр толгойтой ажиллаж Ерөнхийлөгчийн сонгуулийн штаб, МАХН-ын Удирдах зөвлөл хоёрын чухам аль нь асуудлыг шийдээд байгаа хэн нь фронтыг удирдаад байгааг мэргэжлийн хүмүүс ойлгохгүй байлаа. Генералууд ойлголцохгүй бол цэргүүд яахаа ч мэдэхгүй шүү дээ. 10 %.

Энэ чиглэлээр судлах гэж оролддог учир, ерөнхий хэдэн, өөрт харагдаж ойлгогдсон асуудлыг бичлээ. Одоо УИХ-ын нэг суудлын нөхөн сонгуульд нэр дэвшиж магадгүй байгаа Н. Энхбаярын хувьд хэд хэдэн гарц бий. Нэг нь, энэ холион бантангын үед пауз авч амсхийх, бусдын гараар өөрийн хийсэн хэзээ нэгэн цагт буруудах институт, процедураас хэлбэрийн төдий холдох, өөрийнх нь нэр хусавч арилахгүй, нэг талаар өөрийнх нь нэртэй байнга ардчилсан намынхан холбодог, “төрүүлсэн” хүүхдүүд гэх бүх шатны дээд, дунд, авилгачин түшмэдүүдээс Элбэгдоржоор салах арга. Уг нь маш ухаалаг ирээдүйг харсан улстөрчийн өөрийнхөө ч, улс орныхоо ч төлөө хийж чадах алхам. Тийм ч учир сонгуулийн үр дүн 10 хувь дээр эргэлдэж байхад хүлээн зөвшөөрсөн байж болох. Хоёрт, энэ амсхийлтийн дараа дахин хоёр дахин ерөнхийлөгчид зүтгэх боломж. Тэр залуу хүн. Дахиад ч улстөрд олон жил зүтгэх боломж бий. Нөхөн сонгуульд оролцвол Их хурлын дарга болох зам ч нээлттэй. Ерөнхий сайд бол одоо түүний суух сандал биш.
За нэг иймэрхүү. Та бүхэн нам эвсэл гэж талцалгүй бас харж, уншиж, бодно биз ээ. Дараачийн удаа Элбэгдорж ялахад нөлөөлсөн хүчин зүйлсүүдийг бичих гэж оролдсуу. Анхаарал тавьсанд баярлалаа.
2009-09-20