Sunday, July 12, 2009

Ален Арман “Наадмаар 00-д төрсөн бодол” /Өөрчлөх үү?/

“Наадмаар 00-д төрсөн бодол”
Наадам боллоо. Нээлтээ үзэв. 69, Пикап холилдсон хэдэн тамирчин цэнгэлдэхийг тойров. Дарга нар минь дээ та нар өөрсдийнхөө гоё гоё машиныг улсдаа нэг өдөр өнгө зүс ижилсүүлэн ажиллуулчих сэтгэл төрсөнгүй юу. Тусгаар тогтнолынхоо баяр дээр дөрөв тавхан машин ижилсүүлчих чадалгүй хоосон тархитай улс, бүхэл бүтэн 2 байтугай хорин Оюу толгойтой байгаад ч яах юм бэ. Тууз барьсан бүжигчид арайхийн тэр туузаараа даллах хооронд нэг хүүхэн оосроор бууж ирэв. Дагагчид нь бодвол нөгөө Алунгоогын 5 хүүхэд л юм шиг байгаа юм. Ээжийгээ тэр троссноос нь суллахаа мэдэхгүй гүйж сөхөрч унах хооронд троссыг таатж байсан нөхөр золтой л наадмын нээлтийг будаа болгож Алунгоог минь чирээд алга болсонгүй азаар нэг юм зогсож цааш үргэлжлэв. Тэгтэл хэдэн төрийн далбаа барьсан нөхөд эрүүл согтуу нь мэдэгдэхгүй энд тэндгүй давхина. Тэгсэн тэдэнтэй зэрэгцээд Поло тоглодог хувцас өмссөн нөхөд “шааж” байна. Би юу ч ойлгосонгүй. Ичмээр байнаа бичсэн аялгуу тань гайхамшигтай ч, та л лав улсын наадмын найруулагч биш юм. “Дважды” Төрийн шагналт Д. Жанцанноров гуай минь дээ...Ядаж байхад гол баатрынх нь морь олигтойхон ч цоройгоод өгөхгүй. Тэр тэнэг мориноос өөр цоройж ядсан морь, сүлдэндээ морь залсан, морьтон монголд НӨҮ л байж дээ. Ямар ч аргаа барсан, ямар ядуу, ямар бүтэл муутай тэгсэн мөртлөө яасан их мөнгө үрсэн юм бэ? Энэ наадмын арга хэмжээг бүх уран бүтээлчдийн дунд нээлттэй тендерээр явуулдаг болохгүй бол сүүлдээ дэлхийн соёлт түмний шившиг болно шүү дарга нар минь. Ядаж нэг удаа ч гэсэн нэр нүүрээ шударга чадалтай залуучуудаар тахлуулсан нь та нарт л хэрэгтэй байх. Ядаж нүүрээ улайлгахгүй...Радиогоор зар явна. Хүй долоон худаг, Цэнгэлдэх гэх мэт газруудад автомашинаар нэвтрэх зөвшөөрлийг зарна гэнээ...Уг нь авах гээд хайтал олдоогүй юм. Наадмын комисс шагчидтай нийлсэн үү, амьдрахын эрхэнд хэн нэг нь илүүгээ зарав уу? Ямарч байсан наадмын талбай дээр тэрнийгээ зарлаж байгааг бодвол их л зоригтой “хүнд гар” бололтой. Залгаж үзлээ. Амьдрах гэж ядсан хүнд бүх төрлийн зөвшөөрөл 10 арваараа байна гэдэг санаанд нэг л багтамгүй. Тэгэхээр энд бяцхан мафи үүсчээ. Уг нь энэ нөхдүүдийг газрын мафи гэж сонссоноос хүндэтгэлийн концертын билет, авто зогсоолын зөвшөөрлийн мафи гэж сонссогүй юмсан. Хямрал энэ мэтээр томчуудыг доош нь оруулжээ. Цэнгэлдэхийг ёс мэт “гороолов”. Ундааны сав, гялгар уут хөлд орооцолдоно. Билэгт гэдэг дарга өөрөө хот даяар хэрэглэхийг хориглосон гялгар уутнууд дээгүүрээ гишгэн, дээгүүр харсаар төв хаалгаар далд орно. Хог түүчид, хот тохижилтынхон хоёр булаацалдах шахан шуудайлах нь энд менежментийн тодорхой алхам үгүйлэгдэж байгааг харуулах мэт. Бараг Нарантуул нүүгээд иржээ. Нарны малгай, нүдний шил яахав гэхэд “гаагаа”, гадуур хувцас зарах нь жаахан тиймхэн. За бас нээрэн л хүний эрх юм даа. Хуучин цагийг “ностальжийдаах” гэж хийсэн нь илт дугуй хэлбэртэй хэдэн хуушуур авч идэв. Амт муутай. Тос нь хуучин. Яах гэж авав даа гэсээр ёсыг бодож “цохив”. Уг нь эрүүл ухаантай хүн бол ёс байтугай ёр байсан ч өөрөө өөртөө хор болох зүйлийг идэхгүй л дээ. Даанч бид бүгд “хордчихож”. Сэтгэхүй маань бие биенийгээ даган худал хөөрч, цагаан сараар бууз, наадмаар хуушуур идэхгүй бол болохгүй ч гэх шиг. За тэр яах вэ? Үндэснийхээ хувцсааар гоёлгүй яахав, Монголоороо гоёлгүй яахав. Гэхдээ бодох зүйл байнаа. Өмсөж зүүсэн маань...Та бүхэн санаж байн уу? 10-аад жилийн өмнө анх кабель орж ирэхэд бид нар Өвөрмонголчуудын хувцаслалтыг хараад шоолдог байсан бол одоо гадныхан бид нарыг шоолох цаг болжээ. Дуурь бүжгийнхэн, Түмэн эх чуулгынхан, ардын дуу бүжгийн чуулгынхан тэнд цугларчихсан юм шиг л эрээн мяраан. За даа соёлын довтолгоо юм уу гэхээр Өвөрмонголын Одон тв дээр цаг агаар зарлахдаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дэлүүн болдог, ЗАО МИНЬ УДЭ гэх мэтээр /яг л ингэж бичдэг юм даа/ бүх л суурин газрыг өвөрмонголчлон урьдчилан сануулж “тус” болно. Өнгөрсөн цагаан сараар шинийн нэгэнд Монгол Үндэсний ТВ-ээр, шинийн хоёронд Боловсрол сувгуудаар Өвөрмонгол БНХАУ-д дагаар орсоны ойн концертыг бүтнээр нь гаргаж байсан бөгөөд монгол зохиолын дуучиддаа цаг байхгүй гэчихээд, иймэрхүү ажлыг өлхөн хийчих надаас илүү “жинхэнэ эх орончид” монголоор дүүрэн бий болчихож. Бас тэр концертонд нь нөгөө эх орноо хайрлаад ханадаггүй, тусгаар тогтнолынхоо төлөө үхэхэд ч бэлэн гээд уйлаад ухаанаа олохгүй явдаг гавъяат мавъяат залуу хөгшин, хип хоп, рокерууд нь эр эмгүй бараг бүгд хөтлөгчидтэйгээ хөтлөлцөөд оччихсон авъяасаа Агуу их гүрний удирдагчдад үзүүлнэ. Энэ бүхнээс гадна дотны хэн ч харсан Монгол бол Хятадын нэг хэсэг гэж ойлгоно. Аан сайн ойлгохгүй байсан Ар, Өвөр гэсэн хоёр Монгол юм байна ш дээ гэнэ. Мөнгөтэй хүнд эх орноо зарж буй алдартнууд минь дээ зах зээлийн дахгуу явж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ ядаж дуулах дуугаа зөв сонгоочээ. Эх орныхоо тухай дуулна гэдэг хэдхэн мо-гийн наймаа биш шүү дээ. За эргээд наадам руугаа оръё. Тосонд чанасан, гуриланд ороосон мах цохисоны үр дүн нь тун ч удалгүй илэрч, бие засах газар орчлонгын хамгийн сайхан газар мэт санагдав. Нурж унах шахсан, хальт мульт будсан хэдэн туйпуун байшингийн гадаа ”оочерлов”. Уг нь зохион байгуулагчид нь 100 гэж байсан ч манаач цэвэрлэгч нар нь 200 төгрөг болгожээ. Бид түрээсэлж байгаа гэж загнаж байна. Комиссын даргаа та бүхэн өөр 00-д ордог байх л даа. Хэрэв түрээслүлсэн юм бол яах гэж бидний мөнгөөр энэ бүхнийг засаж сэлбэдэг юм бэ? Хэдэн зуун сая төгрөгөөр шүү. Бид ямар мал юм уу? Заваан бохир. Тийм сэжиг хүрмээр газар хэнд ч юм гомдмоор санагдаад Шударга л бай л даа гэж өөрийн эрхгүй бодлоо. Наадмын комисс 10 био жорлон байрлуулсан гээд л рекламдаад байсан. Тэр нь 10 бие засах газар биш, арав ширхэг л жорлон юм байна лээ. Яагаав энд тэнд 2,3-аараа байгаа цэнхэр өнгөтэй. Ер нь жоохон ичмээр юм аа. Хуушуур бууз зарах газрын зөвшөөрөл өгөх гэж пижигнээд байдаг, тэрнийг нь идсэн хүн бие засдаг гэдгийг огт бодохгүй юмаа. Ядаж хлорамины уусмал цацах ч ухаангүй. Тэгсэн мөртлөө мээр Мөнхбаяр халдварт өвчин гараад байна гэж дүвчигнээд, Хүүхдийн баярын “хулгайч” болсоноо мартчихаж. Энэ заваан “ОО”-оос халдварт байтугай гоц халдварт өвчин гарахыг ч үгүйсгэх арга алга. Тэр хүүхдийн баярыг хориглодог нь сайндаа ч биш, хүүхдүүдийг өвчнөөс сэргийлсэндээ ч биш, харин ч их том улстөр юм билээ. Нялх үрээ дагуулсан эцэг эхчүүд хүүхдийн ПАРКАА тэр авилгачдаас нэхнэ гэдгийг мэдсэн учир тэд тэгсэн байх гэж хар буугаад л байгаа юм даа. За тэр ч яахав нөгөө 00 дотроо хир удаан амьсгалаа түгжих дасгал хийх завсраа морь харчихаад, хүйтэн усаар нь гараа хальт угаасан болоод хурдхан шиг гарч эрүүл агаар амьсгалав. Одоо Хүй долоон худаг явж, жинхэнэ морь харна. Тэнд ямар “00” байгаа бол?
2009/07/12

Ален Арман “Наадмын комисс дээр хэлсэн үг” /фельетон/

- Нөхдөө наадмын тухай хэлэх хэдэн үг байна.
Нэгд: Наадам дөхлөө. Манай Эрийн гурван наадам нэр эртнээс улбаатай ч орчин үетэйгээ хөл нийлүүлж өөрчлөхгүй бол болохгүй нь. Энэ нэр манай ЗГ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй "Жендерийн тэгш бус байдлын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эмэгтэйчүүдэд оруулах хөрөнгө оруулалтаар дамжуулан хямралаас гарах тогтвортой арга замыг бүсчилэн хөгжүүлэх нь" төслийн үйл ажиллагаатай зарчмын хувьд зөрчилдөж байна. Тэгэхээр энэ жилээс эхлэн Эрийн 3-н наадам гэлгүй Жендерийн тэгш наадам гэж нэрлэх санал оруулж байна. Эсвэл Иргэний 3-н наадам гэвэл бүр догь сонсогдож байгаа биз. Нөгөө иргэний нийгмийнхэн ч тайвширна даг.
Хоёрт: Манай үндэсний бөх бол 8-80 настнууд бүгд барилдаж болдог хамгийн шударга нээлттэй хатуу өрсөлдөөнтэй тэмцээн билээ. Гэхдээ энэ тэмцээний сайхан нэр хүндийг сүүлийн үеийн залуу бөхчүүд маш их унагаж байна. Учир нь тэд гадны хиймэл уураг, булчинтай мэт харагдуулдаг силиконон хөх шиг материал биендээ шахуулсан байдаг учир Баянмөнх, Мөнхбат, Цэрэнтогтох, Балжинням гэх мэт цагтаа шуугиулж явсан ч одоо арайхийн хөл дээрээ тогтож байгаа өвгөчүүл ганц татахад л тэрий хадан унаад байна. Тийм болохоор нэг бол тэр залуу бөхчүүдийн допингийн шинжилгээтэй хамт силиконон булчин шахуулсан эсэхийг нь шалгах, нөгөө бол ахмад бөхчүүдийг ятгаж тэр залуучуудтай золгонгуутаа унаад өгч бай гэж үүрэгдэх нь зөв.
Гурав: Сур харвааны талаар нэг үг байна. Одоогоос 3 жилийн өмнө Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн наадмын нээлтэн дээр урилгаар ирсэн гадны нэг том төлөөлөгч /би улс орны дипломат ёсыг бодож энэ удаа нэрлэхээс татгалзав./ надаас сур харвалтан дээр ингэж асуулаа.
- Чингис хааны үед дайснууд чинь дандаа окопонд байсан юм уу?
- Яасан?
- Тэр та нарын харваад байгаа бай чинь окопонд нуугдсан цэргийн толгой шиг л юм.
Та бүхэн энэ ярианаас чухам юу хэлэх гээд байгааг минь анзаарсан байхаа. Энэ байг жоохон дээшлүүлж өлгөөд морьтой биш юмаа гэхэд ядаж явган цэргийн хэмжээнд хүргэх арга байхгүй юу нөхдөө. За бас нэг Японоос ирсэн нүдний хараа маш их муу бараг – 20 зүүдэг нөхөр ингэж асууж байна.

- Танайхан ч аргагүй л зэрлэг нүүдэлчин хэвээрээ юмаа. Амьд байтай. Тэр хүмүүс оногдвол хэд, оногдохгүй бол хэдэн доллар авдаг вэ?
- Юу? Хэн?
- Яагаав тэр хоёр хэсэг бөөнөөрөө зогссон оногдох ёстой, бас онохгүй болохоор нь оносонгүй ээ гэж орилоод байгаа хүмүүс...Танай энэ харваачид чинь дан сохор хүмүүс байдаг юм уу хаашаа юм? Бараг сохор надаас долоон дор юм. Би ч шил зүүлгүй сум тоолно доо.
За тэгэхээр тэр уухайчдын өмнүүр тусгай сум нэвтэрдэггүй шилэн хаалт тавих мөнгө наадмын төсөвт суугаагүй юмаа гэхэд ядаж мотоцикльчдоос каска малгай ч юм уу, хоккейн холбооноос хувцас хэрэглэл түр авчирч өмсгөх хэрэгтэй байна. Юмыг яаж мэдэх вэ? Манайд ямар зун хоккей тоглох биш. Хувцасаа амбаар саванд далд хийчихээд олоход хэцүү байж магад. Тэгэхээр ер нь Замын цагдаагийнхан уухайчдын тоогоор каска малгай олж ирсэн нь зөв байх.
Дөрөвт: Энэ жилээс эхлэн хурдан морины бүх насны уралдааны хажуугаар автомашины бартаат замын улсын уралдааныг зэрэг явуулахаар боллоо. Тэгтэй тэргүй машинаар дагахыг хориглоод хориглоод нэмэргүй байгаа учир нэг сумаар хоёр туулай буудаж, хурдан морины нас тус бүртэй зэрэг уралдах машиныг мотороор нь ялгаж машины уралдааныг явуулсан нь зүйтэй. Жишээ нь даагатай 1000 хүртэлх мотортой жижиг тэрэгнүүд гэх мэтээр. Нас ахих тусам мотор нь томрох юм. Тэгээд ч гадна дотны морь үзэх сонирхолгүй зочид машины лав үзэх биз...гэхдээ машин морь хоёрыг барианд яаж оруулах вэ? Зэрэг ороод ирвэл яах вэ гэх мэт аар саар асуудлыг хурдан морь, автомашины уралдааны хамтарсан комисс одоо хуралдаад шийдчих...
2009/07/10