Friday, September 2, 2011

Ален Арман “Диваажингийн зүрхэнд Там байдаг”


Диваажингийн хүний зүрх өвдөж гэнэ гэж шувууд үүрийн бүдэг гэгээ Тэнгэрийн хормойноос үл мэдэг манхайхтай зэрэгцэн сандралдан шулганалдаж эхлэв. Цочирдсон Дэлхий эргэхээ мартсанаас, Сар яахаа мэдэхгүй бас л байрандаа зогтусаж...Нар хиртэж, хар бараан өнгөнд булуулсан амьдрал зогсох шиг болж, ертөнцийн төгсгөлөөс эмээсэн, амьтан бүгд орох байх газраа олж ядан, хөл толгойгоо олохгүй үймэн бужигналдаж эхлэв.
- Чөтгөр гэж...Хэн, хаанаас юу олж дуулаад, хорвоогийн амар амгаланг эвдэн бусниулна вэ? гээд, сүүлийн тэрбум жаран нэг ч олигтой дугхийж үзээгүй ч худал унтсан дүр эсгэн хэвтэж байдаг, бас үргэлж л уурлаж бухимдаж явдаг Тэнгэр дэрлэж хэвтсэн гурван солироо шагай мэт няслаж хаятал, тэр гурвын нэг нь Диваажингийн хүний тухай бодон шаналсан Дэлхий дээр, нөгөөх нь угийн хүйтэн цустай юм болохоор үргэлж л хөдөлж байж гэмээ нь сая бие нь бүлээцдэг, өдийг хүртэл ингэж удаан хөдлөлгүй хөших нь байтугай түр ч атугай амсхийж ч үзээгүйгээс, эрүү ам нь тачигнатал чичирч зогссон Сарыг, үлдсэн нь харин хэрэгт дурлан тэр хоёрыг сэмхэн ажиглаж байсан Нарыг онож бөөн гал, утаа униар болох нь тэр.
- Хараал ид гэж...
Тэнгэр огцом хайхрамжгүй байдлаасаа болж, түгшиж бачимдсан түмэн амьтныг бүр ч түйвээгээд хаясандаа гэмшсэн үү, дагзаа нэг маажсанаа гэмгүй царайлан ийн амандаа бувтнаад, өөрөөс нь өршөөл эрж, ертөнцийн хөндийгөөр цуурайтах уйлан гаслах дууг дарахын тулд хүссэн хүсээгүй, хүү Диваажингийн хүний гэрт нь очихоос өөр замгүй боллоо.
Уйлан шаналж гасласан дуу Тэнгэрт яг л тэртээ тэрбум жарны өмнө дунд дүү Бурхан нь бага дүү Чөтгөрийг зоддог байсан гашуун түүхийг нэхэн сануулдаг учир тэр нулимс чимээгүй урсах анирыг ч тэсэж үл төвдөн, чихээ даран, өөрөө ч мэдэлгүй уурлаж уцаарладаг. Тэнгэр ингэж бусдад ярьдаг ч үнэн хэрэгтээ тэс өөр учиртайг түүнээс өөр хэн ч мэдэхгүй.
Уйлах дууг гагц түүний хүү Диваажингийн хүн л намжаах эрдэм чадалтай.
Хаалгыг тогших гэж гараа явуулснаа хэзээ эцэг нь хүүгийнхээ гэрт зөвшөөрөл авч ордог байлаа гэж бодоод, шууд л түлхээд орчихов. Мөнхийн модны хөндийд илүү дутуу юмгүй, элбэг сайхан нүдэнд дулаахан тохижуулсан умгар ч гэлээ уужуухан, амарч хэвтэхэд, хөл нуруу тулаад байхааргүй энэ өрөөнд Тэнгэр Диваажингийн хүнийг төрөхөд нь өлгийдөн авсан билээ. Байдал яг л тэр хэвээрээ. Гэхдээ нэг л зүйл дутаад байх шиг. Хөвдөн орон дээр үргэлж инээмсэглэж явдаг Диваажингийн хүний нүүр үхсэн хүнийх шиг цонхийн хэвтэнэ. Аан энэ золиг чинь инээмсэглэхгүй байгаа юм байна шүү дээ. Тэгээд л нэг юм үгүйлэгдээд байсан юм байна шүү гэж бодсон Тэнгэр орных нь хөлөн дээр өнцөгдөн суугаад:
- Хүү минь чи зүгээр үү? гэж асуув.
Диваажингийн хүн үл мэдэг мушийхаа аядан өндийх гэж оролдсоноо цээжээ даран ёолоод, амьсгаадан:
- Эцэг минь таньд хэлж чадаагүй өдийг хүрсэнд уучлаарай. Бүр бага байхаас л зүрх минь өвддөг байсан юм. Би таньд хэлж сэтгэлийг тань чилээгээд яахав гээд юу ч болоогүй мэт царайлж явсаар ийм болчихлоо...гэж энэ бүхэнд өөрөө л буруутай юм шиг гэмшингүй бувтнав.
Тэнгэр хөмсгөө зангидан санаа алдаад, гараа учир зүггүй түчигнэх Диваажингийн хүний зүрхэн дээрээ тавиад:
- Энэ чиний буруу биш ээ.
Диваажингийн хүн учрыг ойлгоогүй тул юу гэхээ мэдэхгүй, түүн лүү асуусан янзтай ширтэв.
- Хүү минь...Би чамайг анх бүтээхдээ л бусдын шаналал зовлон, нус нулимсыг үгүй хийхийн тулд зүрхийг чинь тэр хүмүүсийн энэлэл, эмтрэл, эцэс төгсгөлгүй шунал тачаал, хорсол бухмдал, хараал зүхлийг шингээх сав болгочихсон юмаа. Тэнэг хөгшин миний л буруу...
гэж Тэнгэр өөрөө өөртэйгээ ярьж байгаа юм шиг шал ширтэн өгүүлснээ, өвчиндөө шаналан ярвайх хүүгийнхээ хүйтэн хөлстэй духыг нь илээд, гэнэт шийдсэн янзтай ухасхийн босож:
- Тэгэхээр байна шүү. Ерөөсөө энэ ертөнцийн хүмүүст өөрсдөд нь тэр тамыг нь өгчихье...Тэд нар яаж шаналж зовох нь надад ямар хамаа байна. Хүү минь өвдөж зовохгүй бол болох нь тэр...Аль дээр л ингэдэг байж...гэлээ.
Диваажингийн хүн гайхсан янзтай эцэг рүүгээ хараад:
- Эцэг минь та тэдний дууг хүлцдэггүй шүү дээ...Би яах вэ? Таныг шаналж уурлахад энэ ертөнц яаж тэсэх билээ?
- Чөтгөр алгад...Хэрэв Бурхан байгаагүй бол би Чөтгөрт энэ тамыг бүгдийг нь өгчих байсан юм...
- Эцэг минь тэгвэл хөөрхий Чөтгөр ахын зүрх минийхээс ч илүү их өвддөг байхдаа...
- Үгүй дээ. Тэр чинь угийн ийм юмнаас л таашаал авдаг золиг...Харин чи бол тэдний өмнөөс шаналдаг. Ялгаа нь үүндээ л байгаа юм. Гэтэл Бурхан тамыг хүртэл Чөтгөрт өгч болохгүй. Тэр илүү их баярлах тусам бүр их хүчтэй болж хүмүүс бид хоёр итгэхээ больж, тэгээд л орчлон оршин тогтнохгүй гэж ятгаад байхаар нь л би Дагина эхээс чинь зөрж, чиний зүрхийг там болгосн юмаа...Ээ тэнэг толгой...
Диваажингийн хүний нүдэнд нулимс цийлэгнэв.
- Тэгэхээр ээж надад хайргүйдээ биш хайртайдаа л орхиж явсан байх нь ээ?
Тэнгэр буцаж орон дээр нь сандайлан суугаад гарыг нь атгаж, уруулаа хазан:
- Тиймээ хүү минь тэр чамд маш их хайртай. Тэгээд чамайг бусдын өмнөөс хэрхэн зовж шаналахыг харж тэсэхгүй гээд биднийг орхисон юм.
- Би түүнтэй хэзээ нэгэн цагт уулзах болов уу?
Тэнгэрийн нүүрэнд зөрүүдлэхэд нь илэрдэг аянга цахилгаан цахилж:
- Үгүй...Өөр олон юм надаас битгий асуу. Чи өөрөө шийд нэг бол энэ тамыг хүмүүст өгье. Үгүй бол ингээд л хэвтэж байхаас яахав...Ямар уух эм тан гэж байх биш...Би ч гэсэн энд ингээд л, хий дэмий чамайг худлаа хараад л сууж байхаас...хэмээн хөндий хахир дуугарлаа.
Диваажингийн хүн Тэнгэрийн гарыг чанга атгаад, сэтгэл догдлон харж:
- Та түүнд одоо хүртэл хайртай хэвээрээ юм байна шүү дээ...
- Үгүй ээ...За за өвдөж байж, битгий олон юм яриад бай. Сайхан амраад ав...
- Та ээжтэй очиж уулз л даа...Тэр бас таньд хайртай хэвээрээ байгаа даа...Эсвэл хоёулаа хамт очъё...
Тэнгэр хар шуурга босгон өндийгөөд:
- Хэзээ ч үгүй...Үхэж байсан ч үгүй. Харамсалтай нь үхэж чадахгүй юм даа...
- Яагаад? Аав аа...
- Намайг эцэг гэж дууд...Тийм хайр байдаг юм гэж үү? Тэр эх чинь очиж очиж ганц хүүгийн минь зүрхийг там болгохыг ятгасан Бурхантай нялуурч байгаа...
- Тийм гэж үү?
- ....
- Энэ өвдөлт өдөр ирэх бүр л нэмэгдээд байх юм. Үүрд мөнх ийм байх уу?
- Бурхан тэр юу юм бэ? Юу ч бүтээгээгүй. Тэр зөвхөн амалдаг. Хүмүүст жаргалыг л амалдаг. Гэтэл бид хоёр тэднийг жаргаах хамаг гол ажлыг бие сэтгэлээ тарчлаан сэмэлж хийдэг...
- За аав аа, та биш би л өвдөж байгаа шүү дээ...
- Юуны чинь чи өвдөж байгаа гэж...Чамайг яаж өвдөж байгаа бол гэж бодохоос төрсөн өдрөөс чинь хойш нэг өдөр бүтэн нойртой хоносонгүй. Өдөр шөнөгүй, өөрөө тамд унасан юм шиг өвдөж тарчилж, уурлаж уцаарлаж явна...
Диваажингийн хүн арайхийн босоод, аавынхаа ардаас инээмсэглэн тэврэхэд, Тэнгэрийн бие сулхан чичигнэж, дотроо уйлж байгаа нь мэдрэгдлээ.
- Аав аа та уйлж байна...
- Намайг эцэг гэж дууд гэсэн байхаа...Тэгээд ч би уйлаагүй...
- Аав аа битгий муухай аашлаад бай л даа. Хүүгийнх нь өвдөлт намдаж байна...Та яагаад уйлах дуу байтугай нулимс урсах чимээнд ч дургүйг хүү нь сая л ойлголоо...
- ....
- Та минь өөрөө үргэлж уйлж явдаг болохоор тэр чимээг үзэн яддаг юм байна шүү дээ...
Тэнгэр юу ч хэлэлгүй эргэж, жоохон хүүхэд шиг эхэр татан чичигнэж, хүүгийнхээ мөрөнд нүүрээ наан мэгшиж эхлэх нь тэр...Энэ мөчид орчлонгийн бүх зүйл эгэл хэвэндээ зохисож, дэлхийд намуухан бороо шивэрч, хүн амьтан айж түгшихгүй амар амгалан болох нь тэр...
2011/08/19