Tuesday, March 3, 2009

Та бүхэнд өөрийн шүлгийн дээжийг өргөн барья...

“Хүн би...бахархал”
Нарны тусах чөлөөнд цацлын дээжинд магнайдаж
Нөмгөн дээлтэй дэлхийд эхийн хэвлийд тарвалзаж
Найгал бүүвэйн аялгуунд ертөнцийг төсөөлөн анирдаж
Намайг гэсэн үнсэлтийн цор ганцхан эзэн нь байж
Хүн би...бахархал
Чөтгөр үргээсэн хонхтой, бойтогны халуун шивэр нь байж
Чөмөг нь хөрсөн эмгийнхээ элгийг нь дэвтээх илч нь болж
Чадал хүрэхгүй оргил нь үүдний элэгдсэн довжоо байж
Чамаар дутахгүй ертөнцөд чаддаг ганцхан тунирхал нь болж
Хүн би...бахархал
Эрдмийн өргөө, эмээлийн бүүргэнд наалдахдаа аавыгаа шархируулж
Эхний бөгөөд эцсийн дүнг өөрөө л зөвтгөж
Ахын цүнх хуучин бөгөөд хүндхэн санагдахад
Асуух хүнгүй гөлгөө тэвэрч чихэнд нь шивэгнэсэн
Хүн би...бахархал
Зэрвэс харсан тэр охины мэнгэ нь хүртэл над руу мишээх шиг
Зөрж өнгөрсөн замынх нь чулуу ч зөөлхөн санагдаж
Зурвас бичсэн тэр мөчид зүрх анх өвдөж
За...гэсэн үгний төлөө үхэхэд ч харамсах зүйлгүй
Хүн би...бахархал
Төрөхийн үүдэнд аргамжаатай морины зовлонг анх ойлгож
Тайвшруулж суусан ээжийнхээ тэвчээрийг ойлгох гэж оролдсон
Танил үнэртэй тэр л бойтогыг миний үр углахад
Тасалж болохгүй хүний тавиланд өөрөө номхорсон
Хүн би...бахархал
Дэргэдэх бурхдаа алдахад, дээдэх тэнгэр түшдэггүйд
Дээвэргүй юм шиг амьдралд даанчиг жаргааж чадсангүй гэж
Надад ирсэн ухаарлыг үр минь амсах тэр л цагт
Нөр их амьдралд дурсамж төдий үлдэх ч
Хүн би...бахархал
2009/03/03