Friday, April 30, 2010

Ален Арман "Дахиж гэрлэсэн нь"

/Ёгт өгүүлэл/

Энэ явдал чухам хэзээ болсныг Арман тод санадаггүй ч гэлээ, барагтаа л бол өөрөөсөө салгадаггүй, үргэлж энгэрийнхээ халаасанд чихчихсэн явдаг, хуудаснууд нь гарын арван хуруу шиг тал тал тйиш арзайсан ч, яг үнэндээ дэлгэсэн алганаас томгүй улаан бор “лидринэн” хавтастай тэмдэглэлийнхээ дэвтэрийн эхний хуудсан дээр “Энэ өдөр, би дахиж гэрлэлээ” хэмээн бага зэрэг тасалдсан цэнхэр тосон балаар дурайтал нь бичсэн байдаг юм.
Гудамных нь хөршүүд, за тэгээд ойр хавийн хэрэгт дуртай улс цөм, түүнийг дахин гэрлэсэн тухай нь, яагаав, өнгөрөгч 7 сарын дундуур гэв гэнэт “Гэгээн өдөр цэлмэг тэнгэрээс аянга цахих” шиг цахиж, аадар асгарч, айл, амьтан хүнийг “залгидаг” тэр өдрийн маргааш нь л олж мэдэцгээжээ.
Гэхдээ нууц огт санамсаргүйгээр задарсан бөгөөд урьд намын үүр, нэгдэл хоршоонд насаараа “хариуцлагатай алба” хашиж явсан, тэр тухай нь төрөөс олон түмнийг анзаарч хүндэлж яваг гэж шагнасан, “Ардын хувьсгалын 73 жилийн ойн медаль”- аа “уншлагатай сахиус” шиг үргэлж “гялалзуулж” явдаг “Медаль” Алтансүх гуайн бага зээ Занданбат, тэр өглөө ус уруйнд идэгдсэн гудмаар урт төмөр дэгээ барьчихаад, энд тэнд овоорсон бөөн лаг шавар шороог ухаж төнхөж яваад, өнөөх Арманы биеэсээ огт салгадаггүй хүрэн улаан дэвтэрийг, энэ гудманд 90 оны эхээр хаанаас ч билээ Дунд бил үү Дорно эсвэл Өмнө нэг бол Говь нь урдаа ороод Алтайгаас ч бил үү, ямарч байсан нэг говьтой нутгаас, ганцаархнаа гурван “гахай” хувцас, хогшилтой “нүүдэллэн ирсэн”-ээс хойш, нөхөр байтугай сүүдэр ч дагуулж “олны танил” болоогүй мөртөө, яг 3 жилийн зайтайгаар 5 хүүхэд “цувуулан” гаргасан Уянгаа гэдэг “аэробик”-ийн тамирчин шиг “чавхийсэн” биетэй ч, 10 буудалд нэг хуушуурны гуанзанд тогооч хийдэг царайлаг хүүхний, хуучин соц-ийн үед суртал ухуулгын самбар байсныг нь хэн ч хараад ойлгох, “Хүн бүр бага балчираасаа хир буртаг өчүүхэн ч үл халдаа...” гэх Ю. Цэдэнбал даргын хэлсэн үгийг, орос монгол хоёр хүүхдийн тагтаа тэврэн инээмсэглэсэн зурагны доор “тунхагласан”, хашааны төмөр хаалганых нь яг тэндээс олсоноор тэр гудманд амьдардаг хүн амьтан бараг л бүтэн өдрийн турш, айл гэрийн аз жаргалтай амьдрал, хайр сэтгэл, хүн чанар, салалт гэрлэлт, бутач болон өнчин өрөөсөн хүүхэд, бүр цаашлаад Цэдэнбалыг Филатова авгай, Оросын КГБ хоёрын хэн нь хордуулж “мангар” болгосон талаар, эцэс сүүлдээ ардчилал, зах зээл, эдийн засгийн хямрал, дараагийн Ерөнхий сайд хэн байвал зохилтой вэ гэхмэтчилэнгээр “түмэн үйл”-ийг “шүүн хэлэлцэх” “нээнтэг” өдөөгджээ.
- За даа, энэ нөгөө Арман...Яагаав манайх чинь ганц л Армантай шүү дээ...Цаадахь чинь харагдаж байгаа шигээ нэг их гэмгүй ариухан амьтан биш бололтой...
Амралтын өдөр таарсан болоод, тэгээд ч нэгд, гадаа өчигдрийн борооны самсаа зөөллөх чийг, энд тэнд шонгийн модны доор “байгалийн шалгарал”-аар “амьдарсан” багваахай, морин шарилжны үнэртэй холилдоод, дээр нь тэр гудамны ганц фермер Жунай гуайн хэзээ ч “сэрийсэн” дэлэн шигээ “таргалж” үзээгүй, ганц алаг эрээн үнээ үүрээр, хуучин Цагаан давааны хогийн цэг өөд “бэлчээр”-лэхээр гарахдаа, “жим маяг”- аар “нялгадсан” шинэхэн, хар ногоон баастай нийлээд, тийм гэхийн аргагүй хөдөө тал нутаг, малчин ахуйг сэм сэм санагдуулаад нэн таатай.
Хоёрт, бас өчигдрийн айхтар уруй, нөгөө өнгөрдөг 2008 оны сонгуулиар нэр дэвшигч хэн ч билээ, тэр л хаанаас ч юм, 21-р зуунд Монгол хүн лааны гэрэлд амьдарч болохгүй гэж бараг л нөгөө хэдийг “загнах” нь холгүй, яарч сандран авчирч, өнөө “Дошираг” Баяраагийн түц-ний зүүн талд мөн л хам хум, харуй бүрийгээр хоёр согтуу нөхрөөр “зоолгож”, “тог”-той залгуулсан “таранспорматор”-ыг нь “татаад унагасан” учир хэд хоногтоо мэдээ, мэдээллээс тасарч байгаагаа бүгд ойлгож байлаа.
Тэгээд л түрүүхэн дээ, Тэрбиш гуайн хашааны үүдэнд, мөн л саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Шинэ амьдрал” ч бил үү, “Шинэ тосгон” ч бил үү тийм нэг хөдөлгөөнөөс нэр дэвшигчдийн хэнийг нь ч билээ дэмжээрэй гэж “бэлэглэсэн”, сүүдрэвчтэй ширээ сандал дээр, тэр сүүдрэвчээс яг хоёр том алхамын цаана хэвтэх, нөгөө алаг үнээний шинэхэн баасан дээр шавах ногоон ялаанууд шиг “шавцгаагаад”, “Дошираг” Баяраагаас хэн нь ч билээ 14 хоногийн өмнө зээлээр авсан ч, хэн төлөх нь мэдэгдэхгүй байгаа нүүрэн тал нь “дойлуур” –ын зурагтай, халтар хөзрөөр “муушги”-дах үед Алтансүх өвгөн нэг их чухал царайлан хөмхийгөө зуун, хөзрөө ширтэж сууснаа ингэж дуугарсан юмаа...
- Тийм үү? Та яаж мэдээ вэ?
Өөрөөс нь зээлсэн хөзрөөр тоглож байгаа, тэгээд ч энд сууж байгаа улсыг сайн таньж мэддэг болохоороо л тэгж зээлүүлсэн юм шүү гэдгээрээ байнга түрий барин, тоглоомонд дээгүүр дуртай газраа суудаг “Дошираг” Баяраа ингэж асуух завсраа өвгөний модыг харчих санаатай, хялам хялам хийнэ.
- За даа би ч танил тал, холбоо сүлбээ ихтэй, та нарыг бодвол төрд олон жил хөлс хүчээ гарган зүтгэлээ...Мэдэхгүй чадахгүй юм ч ховор, ёстой “Далдыг хардаг Далай лам” л гэсэн үг...Хэ хэ...Хнн...хнн...Мэдээллийн эрин үед байна шүү таминь, мэдээлэлтэй хүн л баяжина гэж ярих юм билээ...Яагаав манай энэ түнжин толгойтын ээж, нөгөө санхүүгийн сургуулийн төгсөх курсын оюутан бага охин тэгж байна лээ. Бодвол тэр сургууль номын мундаг доктор, “порпосор”-ууд нь тэгж заагаа биз, хараажаар миний муу охин аавыгаа дуурайсан бол ийм лут тасарсан ухаантай байх ёсгүй...хэмээн Алтансүх өвгөн нөгөө хэдийнхээ дээгүүр алсыг ширтсэн шигээ, дээд сургуульд, тэр тусмаа зах зээл, санхүүгийн хямралын хүнд энэ цаг үед, санхүүгийн сургуульд дөрвөн удаа жилийн чөлөө авсан ч, үргэлжлүүлэн “төгсөх курстээ суралцаж” байгаа охиноороо “бахархал” – аа.
- Ээ чөтгөр...Би орохгүй, өнжлөө...Ер нь өнөө өглөөнөөс хойш бүх юм нэг л бүтэл муутай, баргар байх чинь...Болъё чи минь....Нээрэн Арман яасан гэнээ? Ямар нэг буруу хэрэг хийгээ юу? Уг нь надад гайгүй л залуу шиг санагддаг байсан юм. Муу хүн байсан юм бол, зээлсэн мөнгөө өгөхгүй байж болно гэсэн үг биз дээ , Алтансүх гуай ? Уг нь ч надаас хагас жил нэхээгүй л дээ...
Зөвхөн өнөөдөр биш бараг өдөр бүр. Мөнгө л олдвол “ногоортолоо” уудаг, тэрнээсээ болж маргааш нь хэзээ ч “гэгээлэг” байж үзээгүй, бас хэзээ ч энэ хөгшчүүлтэй “мушгиад” хожиж үзээгүй мөрт, шувт “Өнөөдөр л баргар байна, өнөөдөр л азгүй байна” гэж “өөдрөг” “гувганадаг”, цагтаа “толгой”-той ч , толгой нь ч “дээрээ” үстэй байсан, тэгээд хойно сурч байхдаа, нэг орос нөхөртэй хүүхэн булаацалдаж толгойг нь хагалсан хэргээр хөөгдөж ирсэн цагаас, амьдрал нь “өөдрөг” болж үзээгүй “Партизан” Цогоо ингэж асуулаа. “Медаль” Алтансүх хоёр гараа алдлан мөрөө хавчаад:
- Ишш Цогоо минь, хүнийг чинь шууд хараад таних аргагүй шүү дээ. Дан ялангуяа өнөө ийм цагт. Жишээ нь: Чамайг одоо танай Баярмаагаас өөр нэг ч хүүхэн, хойно онц сурч явсан, хэдийгээр хар амиа бодоод дув дуугүй сургууль соёлоо төгсөөд ирж болох байсан ч, эх орныхоо төлөө тэр бүхнээ золиослоод, оросуудыг монголоос гарч яв, ардчилал эрх чөлөө гэж Монголд ч тэр ардчилал гэдэг юм “иймпоорт”-логдож ирээгүй байхад, жагсаж цуглаж явсанаасаа болж “нутагтаа цөлөгдөж”, улмаар хавчигдаж, одоо хүртэл хүн шиг амьдарч чадахгүй байгаа гэдгийг мэдэхгүй шүү дээ...гэв.
- Мэдэх нь байтугай хэлсэн ч үнэмшихгүй юм чинь...Хи хи хи...гэж,

“Партизан” Цогоогийн эхнэр Баярмаатай ноднин намар нэг шөнө “Дошираг” Баяраагийн түц-ний дэргэд тэврэлдэж байгаад мань эрд “яг гардуулж”, нэг үүдэн шүд, таван шил “найрка”-гаар “төлбөр”-өө төлсөн, “Бензин” Ганаа нөгөө хугархай шүднийхээ ормыг хэлээрээ тэмтрэн байж инээлээ.
- За ардчиллын партизан айж байвал аравсал панзын хүү ордог хэрэг. Аз хүү байвал ёоз хүүгээр цохино...Тэгсэн чинь...Цааш нь яриач, Алтансүх гуай? Харин Цогоогийн хувьд ардчилалын төлөө амь хайргүй зүтгэж явсан “партизан” учир авилгачдад үйлчилдэг энэ “пээдгэр” сэтгүүлчээс зээлэх байтугай, за зодох нь юу юм бэ, зүгээр ардчилал бэлэглэснийхээ албан “татаас”-ыг хааяа авч байх нь, юу нь буруу байх билээ, тийм ээ таминь ээ...гэж,
“Дошираг” Баяраа гартаа атгасан тос хир болсон хөзрийг шүлсэдсэн хуруугаараа мөнгө имэрч байгаа мэт урд хойно нь шургуулан цэгцлэх зуураа өгүүлээд, нэг их чухал үг хэлсэн мэт нөгөө хэдийгээ тойруулан харж, дэмжлэг эрэв.
Түрүүнээс хойш тоглоомыг ч, яриаг ч үг дуугүй сонсонгоо, ажиглаж зогссон, хашаандаа 62 метр ухсан гүний худагтай, 5 чацарганы бут, худаггүй тэр гудамны ганц устай хашааны эзний “хүлэг” гэсэн шиг үргэлж зад угаагдчихсан “гялалзаж” байдаг, нэг саарал “Эксель”-тэй, бас зуны 6 сар болонгуут л энэ саарал эксельээ унаад, хаашаа ч юм алга болчихдог, тэгээд бас л 9 сарын 1 гэхэд гэв гэнэт хаанаас ч юм, машин нь тоос шороонд дарагдчихсан, өөрөө турчихсан хүрч ирдэг, тэгээд үлдсэн намар, өвөл, хаврыг нөгөө гүний худгаа засаж будах, түгжээг нь солих, чацарганы бутнуудаа усалж, тордох, эксельээ угаах, хамрыг нь онгойлгоод бүтэн 7 хоног ухах зэрэг учир битүүлэг байдлаар цаг нөхцөөдөг, “Чекист” Жигжид гэх 50 орчим насны арзгар нүүртэй эр энэ удаа нөхцөл байдлыг “орвонгоор нь эргүүлэв”.
- Арман хэзээ ч Баяраагийн дэлгүүрээс юм худалдаж авдаггүй учир, манай Баяраа орлогоо бодоод л ингэж “шургаж” байна.
Өөрийнх нь, дээр үед аль ч билээ, нэг автобаазын ажилчдын зуслангын байшин байсан, тэгээд өмч хувьчлал явагдах тэр үед, тэр жижигхээн байшинг хоёр айлын дунд хувьчилсан учир нөгөөх нөхөд хэл ам хийлгүй яг голоор нь хөрөөдөж суухад нь, эхнэртээ Их дэлгүүрээс австри гутал авах гэж халаасандаа бэлэн явсан 1200 төгрөгийг өнөө хоёрт хувааж өгөөд ачиж авчирсан тэр цагаас хойш огт гар хүрч үзээгүй, яг л нөгөө хөрөөний оромтой хэвээрээ хар цаасан дээвэртэй, “яажийсан” ягаавтар түцийг нь дэлгүүр гэж их л өндөрт өргөсөнд, сэтгэл нь нэн хөдөлсөн “Дошираг” Баяраа үл мэдэг хацар нь улайж, “ёолк”-оор өмсөх гоёлын гуталных нь оронд “амбаар” чирээд ирэхээр нь гомдсондоо, эхнэр Амаржаргалын шидсэн түлээнд оногдож тогтсон, хөрөөний ир шиг сорвитой духаа нэг илбээд, толгой сэгсрэн их л уриалгахан царайлж:
- Хүн хэлэхээс нааш гэж...Ухаантай хүн хүнийг яг л ингэж улаан нүүрэн дээр нь яг байгаагаар нь хэлээд тавих юм даа. Ийм үед үгүй гэж худлаа мэлзэх эрх та бидэнд байгаа гэж үү, найзууд аа?...хэмээн амаа ангайж, нүдээ том болгон зусардав.
“Чекист” Жигжид хөмсгөө атиралдуулан, уруулаа хазсан байдалтай, гэхдээ “Дошираг” Баяраа луу биш түүн дээгүүр даван, түрүүхэн гэрээсээ ногоон түмпэнтэй, угаасан дотуур хувцаснуудаа гаргаж ирэн, хашаан дахь хэцэн дээрээ тохох завсар залуу чийрэг сайхан шилбэ гуя нь, үе үе салхинд дэрвэх хормогчных нь хормой доогуур гялалзах, Тэрбиш гуайн дунд охиноос хараа салгасангүй, харц нь ч хувирсангүй. Харин ойр ойрхон шүлсээ гүдхийлгэн залгих нь төвөнхнийх нь хөдөлгөөнөөр мэдэгдэнэ.
- Манай залуучууд Баяраа шиг ийм л сайхан нээлттэй байх хэрэгтэй. Уг нь бид чинь ардчилсан, нээлттэй нийгэмд амьдарч байгаа шүү дээ...Гэхдээ мань хүнийг манай “Партизан” Цогоо дасгал сургууль хийлгүйгээр, ийм байдалтай шууд барчих нь юу л бол. Эртээр үүрээр дээ, Арман энэ Жунайгийн алаг үнээний хажуугаар гарахдаа нэг эвэрнээс нь солгой гараараа барьж аваад дугтархад, хөөрхий тэр муу бараг сөхрөх шахсан даг. Арайхийн хөл дээрээ тогтохдоо хөх мах нь чичирч байна лээ. Тэр чинь муу ч сайн ч үхэр шүү дээ. Таминь тийм биз. Бодоод байх нь ээ, тэр золиг Дорно дахины бие хамгаалах ямар нэгэн урлагаар хичээллэдэгээс зайлахгүй. Арай ч хойд зүгийнх биш байх. Тэгвэл би гадарлана. Урагшаа л болов уу. Аан гэхдээ тэр солгой гарыг нь аргалж чадвал ч манай Цогоо байтугай мань мэт нь хуучин цагийн “Бааяаны самбаа”-ны хэдэн үлдсэн мэхнээсээ ганц хоёрыг амсуулж болохсон.
Энэ үгийг сонсоод “Медаль” Алтансүх өвгөн золтой л өвөр дээр нь халуунд зүүрмэглэн сууж байсан нөгөө “4 жил төгсөх курст суралцаж” байгаа бага охиныхоо хүү Занданбатыг аваад шидчихсэнгүй.
- Аахаан...Одоо л учрыг нь ойлголоо. Тэр нөхөр тэгээд л тэр Дорно дахины бие хамгаалах урлагийнхаа ид шидийг гаргаж, хашаа хороон дээгүүр дүүлж нисээд биднийгээ хөөрхөн дөнгөж байжээ. Ийм учиртай байсан юм бий, муу хар хоёр нүүрт...гэх нь тэр.
Угаасаа тэр холилтон дээр хэнд нь ч олигтой мод ирээгүй учир, нөгөө хэд бөөн баяр хөзрөө ширээн дээр чулуудчихаад, Алтансүх өвгөнийг тойрон шалгааж, айлын гадаа бужигнах шаазгай шиг шаагилдаад эхлэв.
Яагаад тэрнийг нисдэг гэж бодов, хэн нэгэн хүн харсан уу? Хаашаа нисэж байсан бэ? Далавчтай байсан уу, үгүй юу? Хэрэв тийм бол далавч нь ургахдаа цамц, “пиджак”-аа урсан ор мөр байх ёстой биз дээ? Лам бөө хоёрын алингаар нь тэр “мангас”-ыг даруулах засал хийлгэх вэ? Ер нь тэр Арман яахаараа өдий олон жил нэг гудманд амьдарчихаад, биднийг өөрт нь муу зүйл огтхон ч хийгээгүй байхад, чулуу хөөлгөж, дөнгөөд байв? Ингэхэд гаднаас нь харахад зүв зүгээр л бидэн шиг том хар цүнхээ үүрчихээд, алхаж явдаг нүдний шилтэй өндөр залуугийн дүр эсгэж явдаг “нийгэмд онц аюултай этгээд”, ёстой мөрөөрөө амьдарч буй жирийн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байна.
Хууль, шударга ёс гэж байна уу? Хэн биднийг хамгаалах юм бэ? Тэр Жунай гуайн алаг үнээ хүний хэл мэддэгсэн бол цагдаад гомдол гаргуулаад, өдийд тэр мууг нөгөө “Ганц худаг” – т суулгачихсан байхгүй юу...
Гэвч ”Медаль” Алтансүх огт халгаасангүй. Тэр урьд залуу зандан ахуйгаасаа тасралтгүй улс орны онц чухал салбарт удирдах ажил хийж явахдаа, хэзээ ч бусдын үг дуусаагүй байхад дундуур нь орж яриаг нь тасалж, жинхэнэ бурангуй хоцрогдсон “пийдаалист” зан гаргаж сураагүй учир ”Чекист” Жигжидийг үгээ дууслаа гээд суусан хойно л, Арманы тухай мэдсэн бүхнээ ярьж өгнө гэв ээ.
Тэгэхдээ түүний талаар маш чухал зүйл мэднэ. Хүмүүсийн дунд ийм новш байдаг гэж дуулж явсанаас, амьдаар нь учирч таарч явсангүй, таарна ч гэж бодож явсангүй. Насны бөгсөнд юм юм үзэх нь. Тэр ингэж хэлчихээд, нүдээ хагас аниад, уруулаа үл мэдэг хөдөлгөн, ямар нэг маань мэгзэм бувтнаж байхдаа, уржнан жил залуудаа балетчин явсан болоод ч тэр үү байнга л нүүрээ “оодож” явдаг Сарангуа эмгэний жижиг сэгсгэр хаванд хазуулсан баруун гарын дунд хуруугаа үл мэдэг хөдөлгөж байсан даг. Харин тэр үед гудманд тоглож байсан хүүхдүүдийн гэрчилж байснаар бол “Медаль” Алтансүх өвгөн тэдний хашаанаас хавнаас дутуугүй гасалчихсан, нэг гараа нөгөө гараараа барьчихсан гүйн гарч ирэхэд, Сарангуа эмгэн араас нь ташаа тулан гарч ирээд “Нийгодай, нийгогда” гэж гадаадаар хэлээд, тас ширвэн өлмий дээрээ “балет”-ын гүйлтээр хашаа руугаа ороод хаалгаа түгжсэн гэнэ лээ.
Ингээд яах ч аргагүй болсон тэд “Чекист” Жигжидийг “индэрт урив”.
“Чекист” Жигжид, Тэрбиш гуайн дунд охиныг дахин гарч ирээд, угаасан хувцас өлгөх тэр л агшинг алдахгүйн тулд их л дуртайяа босож зогсоод, баруун зүүн тийш холхих завсар Тэрбиш гуайн хашаан доторхи бүх л юмс алган дээр тавьсан мэт сайхан харагдах нэгэн цэг олоод, тэндээ хөлөө алцайн бат зогсоод, яриагаа үргэлжлүүллээ.

- Ингэхэд цаад Арман чинь Алтансүх гуайн хэлдэг шиг их сэжигтэй хүн шүү. Хамгийн гол нь тэр нөхөр, за Баяраагийн дэлгүүрээс хүнсээ худалдаж авдаггүй юм байж. Гэтэл хаанаас уух усаа аваад байнаа. Энэ гудамны бүх л айл манай худагнаас усаа авдаг. Чанар, үнийн хувьд зах зээлээс доогуур. Бишээ, чанарын хувьд дээгүүр, үнийн хувьд боломжийн. Дээд гудамны нийтийн худаг литр нь 20 мөнгө байхад, доод гудамны худаг бас 20 мөнгө байгаа. Харин манайх яг дунд нь учир 30 мөнгө. Тэгээд ч та хэдээсээ өөр дээд, доод гудамны хэнд ч би өөрийн цэвэр уснаас зардаггүй. Ямар хар ус зарж, буяндаа бузар хийлтэй нь биш. Нэг гудамны та хэддээ ямар үгүй гэлтэй нь биш. Бас огт зүгээр өгөөд байж болохгүй байна. Та нар санаж байгаа байх. 5 жилийн өмнө энэ худгыг анх ухаж гаргахад нэг их том өрмийн машин авч ирээгүй юу? Тэр ч манай Монголд лав ганцхан л байдаг байх...
- “Катя-билээ” гэсэн байхаа...Би тэр үед “жоохон халчихсан” байсан болохоор жолоочтой нь баахан чалчиж, сайхан найзлаад авсан. Надад тэр машиныхаа зах зухаас нь ч тайлбарлаж өгсөн шүү...гэж,

Түрүүнээс хойш, тэр нөгөө солгой гараараа ганц дугтараад л үхэр сөхрүүлчихдэг, бас сүүлдээ нисэж мисдэг болоод байгаа, ядаж байхад 6 сарын өмнө зээлсэн 2350 төгрөгөө одоо болтол эргүүлэн өгөөгүй байгаа, магадгүй олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байж ч мэдэх онц аюултай Армантай “тулалдуулах” нь гэхээс “өмдөндөө аваад” байсан “Партизан” Цогоо, ярианы урсгалыг өөрчлөх сайхан далим гарсанд баярлан дуугарсан ч өнөө хэд тас загнаад, дуугүй болгов. Дан ялангуяа эхнэрийг нь аальгүйтэхээр нь тэвэрч зогсоод, үүдэн шүдээ хуга цохиулснаас хойш байнга л Цогоог зүхэж явах болсон, “Бензин” Ганаагийн идэвхитэй нь аргагүй өндөлзөх нь яана. Бүр:
- Цогоо чи энд зүгээр ярианд дурлаж суухаар явж, янз бүрийн дасгал хөдөлгөөний ном унших ч юм уу бүр болохгүй бол Жеки Чан, Жет Литэй кино үзэж байвал хойшдоо чамд л хэрэг болох вий ч...гэх шиг.
Хэр баргийн юманд хошуу нэмээд байдаггүй “Кама” Тэрбиш гуай хүртэл, соц-ийн үед том охиных нь нөхөр, оросын мафигаар дамжуулан монголд ганцхан ширхэг оруулж ирсэн, нисдэг нинжатай кино гэрт нь авдран дотор байгаа хийгээд, уг нь тэр хальсыг “уншиж” чаддаг тоглуулагч байх юм бол манай Цогоо тэр Арманаас юун дутах, аягүй бол бүр тохой дээгүүр нисдэг болж ч мэднэ гэж суулаа. Гэвч “Чекист” Жигжид өмднийхээ халааснаас гаргаж ирсэн “Эксель”-ийнхээ түлхүүрээр ширээг гурав балбаад, саяхан дахин түмпэнтэй хувцас барин гарч ирсэн, “Кама” Тэрбиш гуайн дунд охины зүг салхи жоохон сэвэлзэх төдийд л “нүд унагаах” мөрт, хөмсгөө атиралдуулан:

- Би ч тэрнийг эртнээс ажиглаад л байгаа...

Энэ үгийг бүгд үг дуугүй толгой дохин зөвшөөрөв. “Чекист” Жигжид хаана төрсөн, ямар сургуульд сурч байсан, юу хийж явсанаа хэнд ч хэлэх дургүй. Бас жил бүр зуны 3 сар хаашаа алга болоод, тийм их гуранхайлчихаад эргэн ирдэгээ ч хэлэх дургүй, хэрэв хэн нэгэн хэрэгт дурлавал долоовор хуруугаа урууландаа хүргээд:
- Чишш, хана хүртэл чихтэй байдаг юм. Улсын чухал ажлаар яваад ирлээ...гэж эргэн тойрноо их л хянамгай шалгаж хараад шивэгнэдэг.
Бас тэдний шавран байшинд орж үзсэн цорын ганц хүн болох “Медаль” Алтансүх гуайн бурханы нэрийг барин андгайлснаар, гэрт нь энгэрээрээ дүүрэн одон медальтай том генералын мөрдөстэй ёслолын хувцас өлгөөтэй байдаг юм гэсэн. “Медаль” Алтансүх гуай өөрөө ч төр засгийн хишгийг нэгэнтээ хүртэж, юм үзэж нүд тайлсан хүн ч гэлээ тэр олон одон медалийн гялтганахыг хараад бараг л ухаан алдах дөхсөн юм гэдэг.

Худлаа гэвэл тэр шөнө, “Медаль” Алтансүх гуай хоёр дахь, гурав дахь, бүр дөрөв тав дахь удаагаа Ерөнхийлөгч хэнээс ч билээ одон авч байна гэж зүүдлээд, зүүдэндээ ярьсныг нь, 33 жил хамт тогоотой хоолонд хошуу холбож, сайн муугаа мэдэх болсон Цэцэгмаа чавганц жоохон муудсан ч дэлдэн хэвээрээ байгаа хоёр чихээрээ сонссон бөгөөд мань эмгэний нотолж буйгаар өвгөн нь хэзээ ч оргүй хоосон зүйл, болж бүтэхгүй ч юм уу, хий хоосон юм мөрөөддөггүй, жишээ нь одоогоос яг 15 жилийн өмнө буюу өнөөх алдарт Ардын хувьгалын 73 жилийн ойн өмнөх өдөр бас л ингэж одон медалиар шагнуулж байна гэж зүүдэлсэн нь биелэлээ олж, энгэрт нь нэгэн сайхан төрийн хишиг байраа эзэлсэн гэнэ.

- За та бүхэн ч гэсэн наад нүд чихээ олигтойхон шиг нээлттэй байлгаж, түүнээс хараагаа бүү салга. Наанадаж та нарын амь нас эд хөрөнгө, цаанадаж манай гудамжны нэр нийслэлийн түүхийн хуудаснаас үүрд арчигдах уу, үлдэх үү гэдэг асуудал дээр бид тулж ирээд байна. За надад өөр хэлэх үг алга...Одоо харин Алтансүх гуай Арманы тухай баримт нотолгоогоо гаргаж, хуулийн дагуу хэргийг хэрхэн илрүүлсэн тухайгаа бидэнд илтгэнэ. Иргэнийхээ үүргийг үнэнч шударгаар биелүүлсэн иргэдийг шагнадаг “Шударга журам” гэдэг их сайхан одон байдаг юм шүү. За та үгээ хэлнэ үү?

“Кама” Тэрбиш гуайн дунд охин махлаг цагаан гуяа гялс гялсхийлгэн гурван ч удаа хувцас хатаах гэж орж гарснаас хойш дахиж үзэгдсэнгүй. Салхи ч намжиж, “Чекист” Жигжид ч удаан зогссондоо хөл нь чичирч, харааныхаа өнцгийг өнгө мөнгөтэй нь тааруулах гэж хэт их хичээснээс нь онигор нүд нь бүр час улайж.
Төр засгаас иргэнийхээ үүргийг шударгаар биелүүлсэн иргэдээ шагнадаг “Шударга журам” гэдэг одон байдаг тухай “Чекист” Жигжид санамсаргүй ч үг унагаагүй байх. Цаадахь чинь нууц ажилтан бүх л юмыг урьдчилан мэдэж таарна.
Тэнгэрт хоёр нар манддаггүй ч, энгэрт хоёр медаль “асаж” байж болно шүү дээ.
Ийн бодсон, “Медаль” Алтансүх өөрөө ч мэдэлгүй салгалан бослоо.
Зүрх нь дэлсэж, гар нь үл мэдэг салгалж, уруул нь хатжээ. Тэгээд тэрээр чичирхийлсэн баруун гараараа “пиджак”-ныхаа хармаанаас нөгөө зээ хүү Занданбатынхаа өнөө өглөө Уянгаа хүүхний гэрийн яг үүдэн дээрээс олсон, Арманы хүрэн улаан “лидринэн” дэвтрийг гаргаж ирээд, түүхийн чухал үнэнийг тэдэнд одоохон дэлгэх баримт нотолгоог бүгдэд нь харуулахаар өндөрт салгалан өргөв.
Ширээ тойрон суусан, зогссон хэд бүгд дуу алдав. Арга ч үгүй биз. Тэр дэвтэр угаасаа хуучирч навсайсан, дээр нь өчигдрийн үер уруйнд норж налбайж, шавар шавхай болчихсон хийгээд угаасаа үйлдвэрээсээ тэгж гарсан юм уу, эсвэл жалгаар урсаж ирээд тэр дэвтэртэй орооцолдчихсон юм уу, нэг гандмал шар хадаг бүр ч “сүр” оруулжээ.

- Энэ байна. Тэр баримт чинь. Энд тэрний тухай бүх баримт байгаа.









Салгалсан гар шигээ чичирхийлсэн хоолойгоор “Медаль” Алтансүх ингэж шивнээд хоёр гараараа тэр хадаг яндартай дэвтрийг дэргэдээ суусан, “Кама” Тэрбиш гуайд дамжуултал, өнөөх нь чөтгөр үзсэн мэт ухасхийн цочиж:
- Би наадахаар чинь яах юм бэ? Ядаж уншиж чадах, хэрэг илрүүлэх туршлага чадвартай хүнд өг...Амьд хүний гэрч болсноос, үхсэн хүний дэр болсон нь дээр...Ер нь орж аяга цай уухгүй бол толгой тархи янгинаад эхэллээ...Үе мөч ч янгинах шиг...Хөгширч ингэж бусдын гарт орох гэж...хэмээн бувтнасаар хоёрхон “харайгаад” хашаа руугаа орчихов.
“Медаль” Алтансүх дэвтрийг хоёр гардан барьсан хэвээр “Кама” Тэрбишийн цаана зогсож байсан, “Завууд” Ганаа руу дөхлөө. Цаадахь нь гэв гэнэтхэн гар утас нь дуугарсан мэт утсаа гаргаж ирээд, баахан кноп дарж байснаа:
- Аан уун...Одоохон очлоо, өө баларсан юм...гээд, тэдэнтэй баяртай ч гэж толгой дохилгүй, тэр чигээрээ гудам уруудаад алга болов оо.
“Партизан” Цогоо хэдийдээ ч архи уучихсан юм бүү мэд, согтоод унтчихсан, ширээ дэрлэн хурхирч гарлаа. Нэг ингээд хурхираад эхэлвэл хорооны цагдаа байтугай, хадам ээж нь ирээд орилсон ч сэрнээ л гэж гонж. Харин түүний цаана сууж байсан “Чекист” Жигжид улаан цайм “Медаль” Алтансүхийг анзаараагүй мэт царайлан:
- Өө хөө, Улаанаагийн хоёр бацаан ус авах гээд ирж явна. Муусайн хүүхдүүдийг хүлээлгээд яах вэ? Ингэхэд нөгөө “тог” засварынхан ирэх болов уу, сумогоо үзэхсэн...гэсээр өндийлөө.
- Тэгээд энэ хэргийн баримтыг яах юм бэ? Жигжид ээ...Би энэ хэргийг мөрдөж чадахгүй шүү дээ...гэж “Медаль” Алтансүх айсан янзтай асуулаа.
“Чекист” Жигжид их л нухацтай түүн рүү хяламхийснээ:
- Чи доторхыг нь уншсан уу? гэлээ.
- Үгүй чишш...Өглөө манай энэ сэгсгэр олж ирсэн юм. Ёстой харж ч амжсангүй...
- Чи үнэхээр уншаагүй хэрэг үү? Худлаа яривал хуультай шүү хөө...Чи тэгээд мань эрийн тухай бүхнийг мэднэ гээ биз дээ?
- Үгүй чишш...Би ганцхан эхний хуудсыг л уншсан

/үргэжлэл бий/
Ален Арман “Хуульгүй ченжүүд буюу СӨХ & ОСК”
Танайд хулгай орлоо. Тогийг чинь таслана. Ус тасарна. Цэвэрлэгээнд гар. Дандаа захиргаадсан мэдэгдлүүд. Инээдтэй нь маниусын мөнгөөр авгай хүүхдээ тэжээж, улстөрөө хийдэг байж Засаг даргын захирамж шахуу мэдэгдэл гаргана. Тэгээд бодлоо. Ер нь хэн эд нарт ийм эрх өгчихсөн юм бэ?
Байшин савтай холбоотой хууль журмуудыг цэгцлэх цаг болоогүй юу. Барьчихаад л хаядаг. Тэгээд дэлхийн зах зээлийн хямрал энээ тэрээ гэж дэмийртэл нь гасалж байгаад, хэзээ хаана хэнтэй байлдсан нь мэдэгдэхгүй баахан ахмад дайчинд тэр байраа шахна. Үнэхээр бидийн төлөө, эх нутгийнхаа төлөө байлдсан өвөг дээдсээсээ уучлал гуйя. Гэхдээ энд нэг хар төрөөд байгаа юм. Эртээр нэг өдөр тутмын сонин уншиж байх нь ээ, нэг эмгэн Дандар баатрын тогооч байсан гэнэ. Тэгээд үнээгээ саагаад, хувцас угааж байсан чинь онгоц бөмбөг хаяад л, танк толгойн дээгүүр нь тачигнаад бөөн юм боллоо гэж ярьсан байх юм. Тэгснээ намайг ингээд ярихаар манай ач зээ нар эмээ байлдаантай кино яриад л гэдэг гэж өөрөө өөрийгөө үгүйсгэсэн байх юм. Ойлгосонгүй. Ядаж логик алга. 90-ээд онд энэ ахмад дайчин гэсэн үнэмлэх хэдэн зуугаараа хэдхэн шил архинаас өгсүүлээд, хэдэн халтар төгрөгөөр зарагдсан гэж ярих юм билээ. Бурхан өршөөг буурал дээдсээ хардаж сэрдээд, булай юм их л хийж байна даа, гэхдээ л нэг л биш ээ. Социализмын үед энэ хүмүүсийг яагаад мартчихсан юм бол? Миний ойлгож байгаагаар 2 дайн баруун хязгаарын тулгаралтанд зүгээр л тогооч агтчин хийж байсан хүмүүсийг ч хүүхэд бид андахгүй хүндэлдэгсэн. Тэд ч энд тэнд уригдаж, байсхийгээд л тавгийн чихэр, улаан тамхиар тасардаггүй байсан санагддаг. Мэдээж бүгдэнд нь байр сав өгөх бололцоо байгаагүй байх л даа, гэхдээ л төр огт харж үздэггүй байсан гэж худлаа. Орос бол өөр хэрэг, тэд угаасаа фашизмыг дарсан, дэлхийн тэргүүлэх гүрний төлөө байнга цэрэг эрсээ жагсаах агуу бодлого. Харин бид уг нь энэ залуучуудаа, залуу гэр бүлүүдээ толгой хоргодох юмтай болгох талаар хичээвэл, хичнээн олон гэр бүл салж сарнихгүй, хэчнээн олон эр архинд орж, авилгачин болж, авгай хүүхэд нь биеэ үнэлэхгүй амар жимэр амьдрах бол...?
За орхиё...Сэдвээсээ халих нь. Учрыг тунгаавал СӨХ, ОСК гэж хоёр авилгачин системийг бид өөрсдөө бий болгожээ. Бид өөрсдөө нийлж байгуулсан төрийн бус байгууллагаа хэдэн нөхдийн шахааны бизнес болгочихож. Үгүй мөн сэргэлэн юмаа. Төр гэж данхайсан юманд татвар төлж хэрүүл хийж явах мөрт тэр хооронд гэмгүй царайлсан ченжүүд гэрт маань баахан юм шахаж сууна. Болоогүй ээ, гоё өнгөлөн далдлалтайгаар. Усаа хэмнэнэ гээд тоолуур бойлуур тавина. Урьд нь зүв зүгээр сайхан халуун ус шууд гоождог байсан бол одоо бараг 10-30 минут гоожуулж байж нөгөөх нь амь орсон мэт бүлээснэ. Ингэж усаа хэмнэдэг юм уу? Эсвэл бид тийм тэнэг мал юм уу? Уг нь малчин удамтай нь үнэн л дээ. Гэхдээ л мал малладаг болохоос өөрсдөө мал биш.
Хэн нь юуны ерөнхийлөгч, тэр нь их хурлын гишүүн болно болохгүй гэж хуцаж байснаас, нэг нүдээ нээгээд, амьдарч байгаа байшин саваа энэ хулгайчдаас цэвэрлэе. Эхлээд гэрээ янзлая. Биднийг ангайгаад сонгууль монгууль үнийн өсөлт хүүхдийн цэцэрлэг эмнэлэг гэж явах хооронд 13 жил баахан амьтан подийтлоо баяжлаа. Ердөө л бидний мөнгөөр. Ноолуурын ченж бол ёстой улаан нүүрэн дээр нь хэлээд авдаг юм. Харин энэ ченжүүд дээрэмдэж авдаг. Дамжуулж буй шонгийн модыг, газар доорхи шугам сүлжээг бидний бас өвөө эмээгийн маань татварын мөнгөөр барьсан. Гэтэл хэрээ хаанаас ч юм нисэж ирэн дээр нь суучихаад минийх гэчихсэн татвар аваад сууж байдаг. Хичнээн тэрбум төгрөг эргэлдэж байгаа бол жоохон тоо мэддэг нь өөрсдөө бодоод гаргаарай.
Бас наад зах нь энэ СӨХ, ОСК-ууд байрны хөлсөө нэхэхдээ хоёр ч удаа айл болгоны үүдэн дээр цаас наадаг шигээ халуун ус, тог таслахдаа мэдэгдэх үүрэгтэй. Яагаад гэвэл та нар бидний мөнгөөр амьдарч байгаа. Зөвхөн төрийн албан хаагчид татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа учир хүнд суртлаасаа салах биш ийм нөхдүүдийг бидний зарц байх нөхдүүдийг “арааманд” нь байлгамаар байна. Тэгж байж төр улс руугаа орцгооё. Талийгаач ардын жүжигчин Дамчаа гуай энэ ченжүүдээс болж байрныхаа халаалтыг авч чадахгүй хөлдөж үхсэнээс өлсөж үхэе гээд уйлж суусансан. Биокомбинатын хэ¬мээх тодотголтой хэдэн муу байрнуудад халуун ус, ха¬лаалт авахын тулд 200 гаруй өрхийг төлөөлөн тэр тэмцэл хийсэн хэрэг. Яасан гэхээр СӨХ нь төлөөд байсан мөнгүүдийг нь идээд байсан байна. Тэгээд дулааны сүлжээнд баахан өртэй болчихож, тэгээд тэр СӨХ-д ажиллаж байсан нөхөд та нар өөрсдөө энэ СӨХ-өө ажиллуул, би л лав явлаа гээд алга болчихно, цагдаад өгөх гэхээр эрүүгийн биш иргэний хэрэг учир шүүхэд асуудлаа тавь гэнэ. Учир нь бид өөрсдөө тэр СӨХ-ийн гишүүд байхгүй юу...Төрийн бус байгууллагын дотоод асуудал болчихож байгаа юм. Хотын захын хорооллын Амгалан, Төмөр зам, Био, Орбит, Нефть, Шархадны эцсийн байруудад ийм асуудалгүй байр бараг байхгүй. Тэгээд нөгөө мөнгө идсэн нөхөд шүүхээр ороод ч зүв зүгээр л явж байна. Төлөх юм байхгүй ээ. Ийм ч засвар хийсэн ч гэх шиг баахан тамгатай цаас үзүүлнэ. Шүүх тэрэнд итгэнэ. Энэ СӨХ, ОСК-той холбоотой хуулиа шинэчилье ээ. Дарга нараа...
Орон сууцтай болгосон Ардчилал орон сууцандаа айлд амьдарч байгаа мэт ийм эмх замбараагүй байж боломгүй байна. Эрхэм мэргэд энэ бүхнийг тунгаана буй заа.
Иргэний холбоо энэ талаар овоо дуугарах гэж байснаа таг чиг. Уг нь сонгуулийн өмнө СӨХ энээ тэрээ гээд л судалгаа явуулаад л боль л доо та нар гэж явсан Энхбат иргэнлиг бус ногоонтон болчихсон юм гэнэ. Хүн амьдардаг байшинг хөлжих хэрэгсэл болгож байгаа нөхдүүдтэй байлдсанаас хэлгүй дүлий тэгээд ч агаарын бохирдолттой тэмцэх үйлсэд хувьнэмрээ оруулсан нь дээр биз дээ, ямар ярьж сураагүй юм биш.
Одоо Орон сууцны конторуудын талаар яримаар байна.

Бүтцийн өөрчлөлт зөвхөн засагт төдийгүй нийс¬лэлийн орон сууцнуудыг ха¬маар-даг байгууллагуудад ч тулгамдсан асуудал болоод байна. "Социалист орнуудад л Орон сууцны контор гэж байсан. Хоёрхон улсад ийм бүтэц байснаа одоо ганцхан Улаанбаатарт үлдэх шиг бол¬лоо" гэж Дэд бүтцийн сайд асан одоо СӨХ-үүдийнхээ Дээд зөвлөл гэдэг нэг хөөрхөн ТББ байгуулж СӨХ-үүдээ удирдах эрхийг өөрөө өртөө өгсөн Б.Жигжид хэлж байсан юм, дээр дээ нэг сонин дээр.
Орон сууц хувьчлагдах үед ашиг¬лалт, үйлчилгээг нь хариуцаж байсан Орон сууцны кон¬торууд ус, дулааныг дамжуу¬лан түгээх үүргийг өөртөө авсан.
Мэдээж энэ аж¬лын¬хаа хөлсөнд тэд төлбөр, шимтгэл авдаг. Тэгсэн маниусаас мөнгө саадаг нөхдүүд аль уже нэг гоё үг бодож олоод “Менеж¬мен¬тийн гэрээ”- гээр “хувьчлалд” орж, нийтдээ 20-иод орон сууцны компани болон ажил¬лах болсон байна шүү дээ, таминь. Инээдтэй байгаа биз? Яахаараа хэн нь бидний ус цахилгаан дамжуулж байгаа сүлжээг хувьчилж авах эрхтэй юм бэ? Зүй нь байрны иргэд өөрсдөө нэгэнт төлбөрөө төлдөг учир тэр сүлжээнд хувь эзэмших ёстой. Угаасаа уул уурхайнаасаа хэзээ хувь хүртэх нь тодорхойгүй тэр чинь бас ашиг олохоосоо их зардал чирэгдэлтэй зүйл, уул уурхай. Харин бид энэ өөрсдийнхөө амьдарч байгаа газраас мөнгө босгох өмч хөрөнгөтэй болох маш их боломж байгаад хэдэн хүмүүс олж хараад инээгээд явж байна. Бид засгийн газраас юм горьдолгүй амьдралаа дээшлүүлэх стресснээс салах үй түмэн боломж байна. Өөрчлөх юм зөндөө байнаа.
Ус сувгийн удирдах газар гэж бий. Тэд ОСК-дад усаа бөөний үнээр нийлүүлдэг. Гэтэл өнөө хэд бидэнд жижиглэнгийн үнээр тү¬гээ¬дэг. "Бараг л хоёр дахин нугалаад цааш нь дамжуул¬даг" гэж нэрээ нуусан УСУГ-ын мэргэжилтэн шивэгнэв. Ноднин жил "Орон сууцны компаниуд 2.4 тэрбум төгрөгийн усны төлбөрийг төлөөгүй байгаа" гэж хэвлэлүүд дээр мэдээлж байжээ.
Ёо ёо. Биднээс бол нэхээд л хаалга балбаад, тог тасалж байгаад аваад л байдаг биз дээ.
"Орон сууцны компани дотоод ажлаас шалтгаалж усаа “зогсоодог”. Хэрэглэгчид гомдол мэдүүлэхээр ус суваг хаасан гэдэг. Тухайн оршин суугч байрныхаа мөнгийг төлсөн байхад, төлбөр нь ус сувгийн байгууллагад орж ирдэггүй. Орон сууцны кон¬тор тэрийг нь дулааны төлбөр эсвэл засвар үйлчилгээ гэх зэргээр өөр юманд зар¬цуул¬чихдаг" гэж УСУГ-хан надад зовлонгоо тоочиж байсаан.
Тэгэхээр нь Улаан¬баатар дулааны сүлжээ ямар байгааг сонирхов. Адилхан л юм сонсогдов.
ОСК олон байгууллагатай харьцдаг учир хариуцлагаас бултах боломжтой. Эцэст нь хэрэг¬лэгч бид л хохирч үлдэнэ.
Тэгэхээр та бүхэн "Өөрсдөө хэрэглэгчдэд эц¬сийн цэг хүртэл үйлчлэх талаар эхэлсэн ажлаа эрчимжүүлвэл бас их буянтай юм болох нь ээ. Үнэ ч буурна. Учир нь өнгөрсөн жилээс Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар дулааны сүлжээ ХК зарим хэрэг¬лэгчдээ “ченжгүйгээр” шууд үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм билээ. Улаанбаатар хо¬тын захирагчийн харьяа орон сууц нийтийн аж ахуйн удир¬дах газрынхан бол сэтгүүлчдэд хаалттай юм билээ. Баахан ажилтай гэсэн улс хэдэн үгийн солио хийх “завгүй”. Уг нь би биш хотын удирдлага л энэ удирдах газрынхан хэрэглэгч цаашлаад Хотын иргэн бүр цаашаа ХҮН бидэнд дарамт үүсгэдэг энэ дамжуу¬лагч нэртэй “ченж” байгууллагуудын үйл ажиллагаа бүтцийг өөрчлөх талаар санаа тавих ёстой биш үү? Би бол иргэн. Гэхдээ зари нь энэнийг уншаад юм бодох байлгүй дээ.
Дэлхийн зарим улс оронд нэг ийм журам хууль байх юм. Жишээ нь АНУ-д штатуудын хуулиасаа хамаараад, тухайн иргэний орон сууцанд төлж байгаа мөнгө цалингийнх нь 40 хувиас давсан тохиолдолд засгаас татаас өгдөг. ОХУ-д гурван хувиар татаас өгдөг юм байна. Харин бид бол баахан байр түрээслэгч тэгээд татвар төлдөггүй цагаан гартнуудын байранд цалингаасаа 2 дахин өндөр төлбөр төлж эхнэр хүүхдээ гудамд гагахгүй гэж авилгал авч архи ууна. Авч чадаагүй нь авгай хүүхдээсээ сална, тэгээд бас л нөгөө архиа ууна.
Орон сууцны үйл¬чил¬гээ үзүүлэгч компаниа сонгох эрхийг яагаад бидэнд өгч болдоггүй юм бол? СӨХ-өө өөрсдөө хэрхэн яаж ажиллуулах вэ зэрэг асуултуудыг нээлттэй үл¬дээе.
Надад Баянзүрх дүүргийн 7-р хорооны өндөр настан Ц.Эрдэнэчимэг гэдэг хүн ийм асуулт тавьсан юм.
- Улсаас орон сууцыг оршин суугчидад нь үнэ төлбөргүй хувьчилсан байхад, яагаад СӨХ гэдэг сайн дурын байгууллага гарч ирээд хувьчилан авсан талбайгаас хөлс аваад байгаа юм бэ? Иймээс СӨХ нь оршин суугчдаас талбайн хөлс авах нь маш буруугаас гадна хувьчилж авсаны ашиг хаана байна вэ?
- СӨХ-үүд нь талбайн хөлс авахаас гадна, хоёр орцны дунд нэг жижүүр ажиллуулан цалин өгч байна. Гэтэл жижүүр нь айлуудын тоолуур алдаж байх юм. Ямар хэрэгтэй гэж танил талаараа жижүүр авч байна вэ?
- СӨХ нь нийтийн эзэмшлийн подволд оюутнууд болон айлуудыг бэлэн мөнгөөр суулгаж байна. Энэ мөнгийг хэрхэн яаж зарцуулж байгаа тооцоог хэн мэдэх вэ? Хэн ч мэдэхгүй л байна.
- СӨХ нь хэрэгтэй хэрэггүй хашаа, өөрсдөө тэр орчинд гараш барих зэргээр, албан тушаалаа ашиглаж байна. Хуучин муу хашааг нь буулгаж, шинээр хашаа барих гэх мэтээр оршин суугчдаас авсан мөнгийг үр ашиггүй зарцуулж байна.
- Дээд айлаас нь ус алдаж (удаа дараа) СӨХ-д хэлэхэд хохирол төлүүлэх ямар ч эрх мэдэл байхгүй, суугчиддаа шаардлага тавьж чадахгүй танил тал татаж байх юм.
- Оршин суугчид нь сантехникийн засвар хийлгэх гэхээр заавал орон сууцандаа очиж усаа хаалгадаг. СӨХ нь тэр макстрал шугамыг эвдэж подволд байгаа айлуудаа халуун, хүйтэн ус, 00 өрөөтэй болгон эвдэж байна. Энэ бол маш буруу юм.
- СӨХ-ийн Дээд зөвлөл нь 300 гаруй СӨХ-өөс 50.000 төгрөг авдаг гэнэ. Энэ их мөнгийг адилхан ТББ нэгнээсээ авах эрхтэй юм уу?
Иймд СӨХ-ийн Дээд зөвлөлийг татан буулгаж СӨХ-үүдийг орон сууцанд нь өгөх нь зөв юм биш үү?

Эгч минь дээ Та өөрөө тэр СӨХ-ийнхөө гишүүн шүү дээ, та өөрөө тэрнийг яаж ажиллуулахаа шийдэх эрхтэй. Ихэнхи хүмүүс СӨХ гэхээр өөр хүнийх юм шиг ийм л бодолтой байгаа. Хуулиа унш л даа. Эрхээ мэд, бас үүргээ ухаар. Тэгсэн цагт энэ ченжүүд ингэж оодрохгүй.

Ингээд та бүхэнд хэрэг болох хэдэн нэр, дугаар болон СӨХ-ийн тухай Улсын Дээд Шүүхээс гаргасан хуулийн тайлбарыг танилцуулаад бичлэгээ өндөрлөе дөө. Өөрсдөдөө хэрэгтэй зүйлийг олж авна гэдэгт итгэж байна. Амжилт хүсье.

Орон нутгийн өмчийн нийтийн аж ахуйн байгууллагууд

Архангай аймаг НААҮ-ний "Ундарга" ХХК С.Нямдорж 01332 утас/факс-21404
99332888

Баян-Өлгий аймаг НААҮ-ний "Суат" ХХК Х.Хабай 01422 утас/факс-22112
99422882

Баянхонгор аймаг "Чандмань Баянхонгор" ОНӨҮГ С. Хосбаяр 01442 утас-22482
99442363

Булган аймаг НААҮ-ний "Булган мээж" ХХК Г.Баярсайхан 01342 утас/факс- 22730 , 22464, 99348655

Говь-Алтай аймаг НААҮ-ний "Ундарга-Алтай" ОНӨҮГ Г.Хүрэлхүү 01482 утас/факс-0148224162, 99482233

Говьсүмбэр аймаг НААҮ-ний "Ус-Ду" ХХК С.Лувсанвандан 01542 утас/факс-23270
99542115

Дархан-Уул аймаг "Нийтийн аж ахуйн газар" ОНӨҮГ Д.Баяраа 01372 утас/факс-33751, 99049410

Дархан-Уул аймаг "Дархан-ус суваг" ХК С.Элбэгбаян 01372 утас/факс-33702
99372202

Дархан-Уул аймаг. Шарын гол сум "Дулаан шарын гол" ХХК М.Билгээ утас-99093066, 0137432368 22521, 99730805, 99083111

Дорноговь аймаг "Чандмань-Илч" ХХК С.Сармандах 01522 утас/факс-22308,
99091763

Дорноговь аймаг. Замын-Үүд тосгон "Замын-Үүд НААҮ" ХХК Д.Ганзориг 0252415 утас/факс-21004, 96667878, 96669365 нябо

Дорнод аймаг НААҮ-ний "Дорнод НАА" ХХК Ч.Гантөмөр 01582 утас/факс-21496
99589875, 99589973, 99109875

Дундговь аймаг НААҮ-ний "Чандмань- Дундговь" ХХК О.Ганхуяг 01592 утас/факс -23685,99592059,

Завхан аймаг НААҮ-ний "Амь-ус трейд" ХХК Л.Цэдэнсодном 01462 утас/факс-1236, 23917, 99462040

Сэлэнгэ аймаг НААҮ-ний "Урсгал" ХХК Н.Даваа 01362 утас/факс-23741, 22298,
99492933

Сэлэнгэ аймаг. Мандал сум. Зүүнхараа тосгон. "Цант Орхон" ХХК Я.Жигжид
утас/факс-72837, 72937,99097017

Сэлэнгэ аймаг. Хөтөл тосгон. Хөтөлийн нийтийн аж ахуйн газар С.Балдорж утас/факс-22374, 2194, 99081179

Орхон аймаг "Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ" ХК Р.Гантулга 01352 утас/факс-20916, 99352119

Орхон аймаг "Эрдэнэт амьдрал" ХХК С.Даваасүрэн 01352 01352-73601, факс 01352-28822, 99351417

Орхон аймаг. Эрдэнэт үйлдвэр. Эрчим хүчний цех М.Шаравдорж 01352 976-1-352-71501,73501

Өвөрхангай аймаг. НААҮ-ний "Онги ус суваг" ОНӨҮГ О.Цэрэндаваа 01322 утас/факс-22963, 22642, 99329106

Өвөрхангай аймаг. Хархорин сум "Суврага-Өндөр" ОНӨҮГ Б.Энхсайхан утас-2353,
99085111

Өмнөговь аймаг "Гүнийн ус" ХК А.Жаргалсайхан 01532 утас-23903, 23915, 99111765

Сүхбаатар аймаг "Дөрвөлж" ХХК Л.Алтансүх 01512 утас/факс-21533, 21404
99512882,

Төв аймаг. "Төв Чандмань-ДЭХГ" ОНӨААТҮГ Г.Цогтсайхан 01272,утас/факс-23756, 23819, 99095119, 99302111, 99059004, dehg_2007@yahoo.com

Увс аймаг НААҮ-ний "Чандмань- Увс" ХХК Д.Төмөр-Өлзий 01452 утас/факс-22603
,99452001

Ховд аймаг "Шим-Ус" ХХК Ё.Адилбиш 01432 утас/факс-22472, 22026,99431155

Хэнтий аймаг "Хэнтий-Ус" ХХК Н.Базарханд 01562 утас/факс-22274, 99562027

Хөвсгөл аймаг "Ус суваг НАА-н компани" УҮГ Т.Алтангэрэл 01382 утас/факс-01382-22433, 99173945, 99382433

Хөвсгөл аймаг "Хөвсгөл дулаан" ХХК Л.Төмөрбаатар 01382, утас-22449, 22203, 22675, 99381818, 91382244, Лхамсүрэн ня-бо 50384551

Улаанбаатар хот. Багануур дүүрэг "Багануур-Ус" НӨҮГ М.Буддорж 0121 утас- 20141, 21627,99096579

Улаанбаатар хот. Налайх дүүрэг "Чандмань-Налайх" УҮГ Д.Бямбажав
0123 утас – 23359,99882311, 99082315

2. УБ хотын орон нутгийн өмчит орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагууд
Улаанбаатар хот "Хайрхан-Уул Өргөө" ХХК Н.Баасанжав 341845, 341880

Улаанбаатар хот "Сансар-Өргөө" ХХК С.Батмөнх 99110263, 450534

Улаанбаатар хот "Санкомфорт" ХХК Т.Болорчулуун 321448, 99096363

Улаанбаатар хот "Эцэг эх хүү" ХХК С.Батнасан 456671, 456603, 463620, 463621,
91916065

Улаанбаатар хот "Хаусинг Сервис" ХХК С.Наранцэцэг 453349, 452186, 91912433

Улаанбаатар хот "СИМС" ХХК Г.Эрдэнэцэцэг 301292, 300916, 361983, 55151364

Улаанбаатар хот "Ашид ундрах" ХХК П.Отгонбаяр 687495, 91919984

Улаанбаатар хот "Хөх асар" ХХК Б.Батхүү 360654, 369711, 99118648

Улаанбаатар хот "Дулаан өргөө" ХХК Ш.Цэдэндамба 321186, 324421, 320535, 325746,328183 факс 321186, 99092198

Улаанбаатар хот "Эма энд Би" ХХК Б.Лхагвасүрэн 328621, 99116713, www.ema.citumap.mn

Улаанбаатар хот "Санни хаус" ХХК Ц.Отгонбаяр 364632, 70124800, 91919920

Улаанбаатар хот "Өнөр хотхон" ХХК С.Энхтуяа 681110, 99114211

Улаанбаатар хот "Өнөр горхи" ХХК М.Ганбаатар 683532, 99119124

Улаанбаатар хот "Толгойт Инк" ХХК М.Баатар 70180008, 70180015, 99112174

Улаанбаатар хот "Опен хаус" ХХК Д.Мягмар 326483, 321251, 99190014

Улаанбаатар хот "Ивэн эх" ХХК Ц.Болдбаатар 354387, 350271 факс 350271,

Улаанбаатар хот "ГМ" ХХК М.Энхсайхан 454050, 480451, 451608, 95159899

Улаанбаатар хот "Батбаян бүрд" ОНӨААТҮГ Б.Оюунчулуун 252038, 91911164 Е.и-
254592, 91912364, Ах.ня-бо 252072,91915201

Улаанбаатар хот "Ганга өргөө" ОНӨААТҮГ М.Буддорж 244283, 245713, 243438

Улаанбаатар хот "Баянхошуу ус" ОНӨААТҮГ Т.Эрдэнэбат 631150


УДШ-ийн тайлбар
СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ ,
НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН
ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН
ЗАРИМ ЗҮЙЛ , ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

2008 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дугаар 26 Улаанбаатар хот
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал , нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зарим зүйл , заалтыг нэг мөр ойлгож , зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт , Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.- д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ :
1 . Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал , нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн / цаашид хууль гэх / 5 дугаар зүйлийн 5.1.- д “ Сууц өмчлөгчдийн холбоо / цаашид “ холбоо ” гэх / - ны эрх зүйн байдал нь Иргэний хуулийн 143 дугаар зүйл болон энэ хуулиар тодорхой лог доно ” гэж зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага бөгөөд Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.- д зааснаар иргэний эрх зүйн харилцааны оролцогч байна .
Иргэний эрх зүйн харилцааны оролцогчийн хувьд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн маргаанд , мөн Иргэний хуулийн 149 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч хуульд заасан үүргээ биелүүлэхгүй , зөрчил гаргасан тохиолдолд Сууц өмчлөгчдийн холбоо өөрийн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрхтэй .
2 . Хуулийн 5 дугаар зүйлийн 5.8.- д зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь “ засвар , үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрх ” - ийг дундын өмчлөлийн эд хөрөнгө , шугам сүлжээний засвар , үйлчилгээний ажлын онцлогоос шалтгаалан , тухайн ажил , үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх тусгай зөвшөөрөл авсан , эсхүл мэргэжлийн хувьд эрхлэн гүйцэтгэдэг байгууллагатай гэрээ байгуулах замаар , энэ ажлыг хууль болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр тодорхой байгууллагад эрхлэн хариуцуулаагүй тохиолдолд хэрэгжүүлнэ .
3. Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.- т заасан орон сууц өмчлөгчийн хүлээх үүргийг доорх байдлаар тайлбарласугай :
3 . 1 . Энэ зүйлийн 13.2.6.- д зааснаар сууц өмчлөгч нь “ сууцаа бусдад эзэмшүүлж , ашиглуулж байгаа бол эзэмшигч , ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг ” Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.6.- д зааснаар хамтран хариуцах хэлбэрээр гүйцэтгэнэ . Сууц өмчлөгч энэ үүргийг дангаар гүйцэтгэсэн тохиолдолд Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчээс өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй .
3.2. Сууц өмчлөгч нь энэ зүйлийн 13.2.7.- д зааснаар “ сууцныхаа зориулалт , төлөвлөлт , үндсэн бүтээц , хийц , инженерийн шугам сүлжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх ” гэдэг нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмаас гадуур орон сууцны зориулалт , төлөвлөлт , барилгын үндсэн бүтээц , хийц болон инженерийн шугам сүлжээг орон сууцны барилгын анхны зураг төслөөс өөрчлөхгүй байхыг хэлнэ .
3.3 . Мөн зүйлийн 13.2.8.- д зааснаар орон сууц өмчлөгч “ сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхдээ холбоонд мэдэгдэх үүрэг ” - ээ хэрэгжүүлснээр холбооноос зөвшөөрөл авах биш харин түүнд мэдээлэл өгөх үүргийг биелүүлэх тул уг үүрэг нь энэ зүйлийн 13 дугаар зүйлийн 13.1.2.- т заасан дангаар өмчлөх сууцаа холбооноос зөвшөөрөл авахгүйгээр захиран зарцуулах түүний эрхийг хязгаарлахгүй .
3.4 . Мөн зүйлийн 13.3.- т заасан “ сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг … холбогдох байгууллагуудаас магадлах ” гэдэгт Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.- д заасан халаалт , халуун , цэвэр , бохир ус , ариутгал , хог , цахилгаан , холбоо зэрэг ашиглалтын төлбөр , мөн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт , засвар , үйлчилгээтэй холбогдсон зардлыг эрх бүхий байгууллага болон сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн эсэхийг эдгээр байгууллага , эсхүл уг төлбөрийг гүйцэтгэдэг банк , тооцооны байгууллагаас лавлахыг ойлгоно .
3.5 . Мөн зүйл , заалтын “ уг үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагаварыг өөрөө бүрэн хариуцна ” гэж орон сууцны шинэ өмчлөгч уг орон сууцтай холбогдсон аливаа үүргийг өөрийн зардал , хөрөнгөөр гүйцэтгэхийг хэлнэ .
Орон сууцыг худалдан авсан этгээд өөрт учирсан хохирлыг худалдах - худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл , заалтын дагуу худалдагчаас шаардах эрхтэй .
4 . Хуулийн 15 дугаар зүйлд заасан орон сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгийн талаарх зарим зохицуулалтыг доорх байдлаар тайлбарласугай :
4.1. Уг зүйлийн 15.1.1- д заасан “ тэдгээртэй адилтгах байгууламж ” гэдэгт Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2- т заасан орон сууцны дэд бүтцэд хамаарах , энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6.- д заасан байгууламжийг хамааруулан ойлгоно .
4.2 . Мөн зүйлийн 15.5.- д заасан “ дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил , ашиглалтад шилжүүлж болно ” гэснийг сууц өмчлөгчдийн холбоо зөвхөн холбооны дүрэмд заасан тохиолдолд хэрэгжүүлэх бөгөөд уг эрх нь Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ зүйлийн 15.1.- д нэрлэгдсэн боловч эрх бүхий этгээдийн шийдвэрээр бусдын эзэмшил , өмчлөлд шилжсэн , тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд ордоггүй эд хөрөнгөд хамаарахгүй .
4.3 . Мөн зүйлийн 15.8.- д зааснаар “ орчны газрыг холбоо гэрээний үндсэн дээр ашиглана ” гэснийг энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4., Газрын тухай хуулийн 44 1 дүгээр зүйлд заасан журмын дагуу тухайн шатны Засаг даргын шийдвэрээр эрх бүхий этгээдтэй байгуулсан газар ашиглалтын гэрээгээр ашиглахыг ойлгоно .
5 . Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.- д “ дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар , хамгаалалт , үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөгө болгоно ” гэж зааснаар энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1.- д заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн эвдрэл , гэмтлийн засварын , мөн хэвийн байдал , ажиллагааг хангах хамгаалалт , үйлчилгээний зардлыг сууц өмчлөгч бүрт хуваарилах аргачлалыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасан зохицуулалтаар тогтооно .
Харин Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.4.- т дангаар өмчлөх талбайн хэмжээг тодорхойлох арга нь зөвхөн дээрх зардлыг сууц өмчлөгч нарт хуваарилах асуудалд хамааралтай тул үүнийг ажил гүйцэтгэх болон худалдах - худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны талбайн хэмжээг тодорхойлоход хэрэглэхгүй .
6. Хуулийн 20 дугаар зүйлд зааснаар сууц өмчлөгчдийн холбоог татан буулгахад Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан журмыг баримтална .

Найзуудаа бид л энэ нийгмийг өөрчилдөггүй юмаа гэхэд өөрчлөгдөх эх суурь нь шүү. За лоозогночихлоо.хэхэ