Friday, April 30, 2010

Ален Арман "Дахиж гэрлэсэн нь"

/Ёгт өгүүлэл/

Энэ явдал чухам хэзээ болсныг Арман тод санадаггүй ч гэлээ, барагтаа л бол өөрөөсөө салгадаггүй, үргэлж энгэрийнхээ халаасанд чихчихсэн явдаг, хуудаснууд нь гарын арван хуруу шиг тал тал тйиш арзайсан ч, яг үнэндээ дэлгэсэн алганаас томгүй улаан бор “лидринэн” хавтастай тэмдэглэлийнхээ дэвтэрийн эхний хуудсан дээр “Энэ өдөр, би дахиж гэрлэлээ” хэмээн бага зэрэг тасалдсан цэнхэр тосон балаар дурайтал нь бичсэн байдаг юм.
Гудамных нь хөршүүд, за тэгээд ойр хавийн хэрэгт дуртай улс цөм, түүнийг дахин гэрлэсэн тухай нь, яагаав, өнгөрөгч 7 сарын дундуур гэв гэнэт “Гэгээн өдөр цэлмэг тэнгэрээс аянга цахих” шиг цахиж, аадар асгарч, айл, амьтан хүнийг “залгидаг” тэр өдрийн маргааш нь л олж мэдэцгээжээ.
Гэхдээ нууц огт санамсаргүйгээр задарсан бөгөөд урьд намын үүр, нэгдэл хоршоонд насаараа “хариуцлагатай алба” хашиж явсан, тэр тухай нь төрөөс олон түмнийг анзаарч хүндэлж яваг гэж шагнасан, “Ардын хувьсгалын 73 жилийн ойн медаль”- аа “уншлагатай сахиус” шиг үргэлж “гялалзуулж” явдаг “Медаль” Алтансүх гуайн бага зээ Занданбат, тэр өглөө ус уруйнд идэгдсэн гудмаар урт төмөр дэгээ барьчихаад, энд тэнд овоорсон бөөн лаг шавар шороог ухаж төнхөж яваад, өнөөх Арманы биеэсээ огт салгадаггүй хүрэн улаан дэвтэрийг, энэ гудманд 90 оны эхээр хаанаас ч билээ Дунд бил үү Дорно эсвэл Өмнө нэг бол Говь нь урдаа ороод Алтайгаас ч бил үү, ямарч байсан нэг говьтой нутгаас, ганцаархнаа гурван “гахай” хувцас, хогшилтой “нүүдэллэн ирсэн”-ээс хойш, нөхөр байтугай сүүдэр ч дагуулж “олны танил” болоогүй мөртөө, яг 3 жилийн зайтайгаар 5 хүүхэд “цувуулан” гаргасан Уянгаа гэдэг “аэробик”-ийн тамирчин шиг “чавхийсэн” биетэй ч, 10 буудалд нэг хуушуурны гуанзанд тогооч хийдэг царайлаг хүүхний, хуучин соц-ийн үед суртал ухуулгын самбар байсныг нь хэн ч хараад ойлгох, “Хүн бүр бага балчираасаа хир буртаг өчүүхэн ч үл халдаа...” гэх Ю. Цэдэнбал даргын хэлсэн үгийг, орос монгол хоёр хүүхдийн тагтаа тэврэн инээмсэглэсэн зурагны доор “тунхагласан”, хашааны төмөр хаалганых нь яг тэндээс олсоноор тэр гудманд амьдардаг хүн амьтан бараг л бүтэн өдрийн турш, айл гэрийн аз жаргалтай амьдрал, хайр сэтгэл, хүн чанар, салалт гэрлэлт, бутач болон өнчин өрөөсөн хүүхэд, бүр цаашлаад Цэдэнбалыг Филатова авгай, Оросын КГБ хоёрын хэн нь хордуулж “мангар” болгосон талаар, эцэс сүүлдээ ардчилал, зах зээл, эдийн засгийн хямрал, дараагийн Ерөнхий сайд хэн байвал зохилтой вэ гэхмэтчилэнгээр “түмэн үйл”-ийг “шүүн хэлэлцэх” “нээнтэг” өдөөгджээ.
- За даа, энэ нөгөө Арман...Яагаав манайх чинь ганц л Армантай шүү дээ...Цаадахь чинь харагдаж байгаа шигээ нэг их гэмгүй ариухан амьтан биш бололтой...
Амралтын өдөр таарсан болоод, тэгээд ч нэгд, гадаа өчигдрийн борооны самсаа зөөллөх чийг, энд тэнд шонгийн модны доор “байгалийн шалгарал”-аар “амьдарсан” багваахай, морин шарилжны үнэртэй холилдоод, дээр нь тэр гудамны ганц фермер Жунай гуайн хэзээ ч “сэрийсэн” дэлэн шигээ “таргалж” үзээгүй, ганц алаг эрээн үнээ үүрээр, хуучин Цагаан давааны хогийн цэг өөд “бэлчээр”-лэхээр гарахдаа, “жим маяг”- аар “нялгадсан” шинэхэн, хар ногоон баастай нийлээд, тийм гэхийн аргагүй хөдөө тал нутаг, малчин ахуйг сэм сэм санагдуулаад нэн таатай.
Хоёрт, бас өчигдрийн айхтар уруй, нөгөө өнгөрдөг 2008 оны сонгуулиар нэр дэвшигч хэн ч билээ, тэр л хаанаас ч юм, 21-р зуунд Монгол хүн лааны гэрэлд амьдарч болохгүй гэж бараг л нөгөө хэдийг “загнах” нь холгүй, яарч сандран авчирч, өнөө “Дошираг” Баяраагийн түц-ний зүүн талд мөн л хам хум, харуй бүрийгээр хоёр согтуу нөхрөөр “зоолгож”, “тог”-той залгуулсан “таранспорматор”-ыг нь “татаад унагасан” учир хэд хоногтоо мэдээ, мэдээллээс тасарч байгаагаа бүгд ойлгож байлаа.
Тэгээд л түрүүхэн дээ, Тэрбиш гуайн хашааны үүдэнд, мөн л саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Шинэ амьдрал” ч бил үү, “Шинэ тосгон” ч бил үү тийм нэг хөдөлгөөнөөс нэр дэвшигчдийн хэнийг нь ч билээ дэмжээрэй гэж “бэлэглэсэн”, сүүдрэвчтэй ширээ сандал дээр, тэр сүүдрэвчээс яг хоёр том алхамын цаана хэвтэх, нөгөө алаг үнээний шинэхэн баасан дээр шавах ногоон ялаанууд шиг “шавцгаагаад”, “Дошираг” Баяраагаас хэн нь ч билээ 14 хоногийн өмнө зээлээр авсан ч, хэн төлөх нь мэдэгдэхгүй байгаа нүүрэн тал нь “дойлуур” –ын зурагтай, халтар хөзрөөр “муушги”-дах үед Алтансүх өвгөн нэг их чухал царайлан хөмхийгөө зуун, хөзрөө ширтэж сууснаа ингэж дуугарсан юмаа...
- Тийм үү? Та яаж мэдээ вэ?
Өөрөөс нь зээлсэн хөзрөөр тоглож байгаа, тэгээд ч энд сууж байгаа улсыг сайн таньж мэддэг болохоороо л тэгж зээлүүлсэн юм шүү гэдгээрээ байнга түрий барин, тоглоомонд дээгүүр дуртай газраа суудаг “Дошираг” Баяраа ингэж асуух завсраа өвгөний модыг харчих санаатай, хялам хялам хийнэ.
- За даа би ч танил тал, холбоо сүлбээ ихтэй, та нарыг бодвол төрд олон жил хөлс хүчээ гарган зүтгэлээ...Мэдэхгүй чадахгүй юм ч ховор, ёстой “Далдыг хардаг Далай лам” л гэсэн үг...Хэ хэ...Хнн...хнн...Мэдээллийн эрин үед байна шүү таминь, мэдээлэлтэй хүн л баяжина гэж ярих юм билээ...Яагаав манай энэ түнжин толгойтын ээж, нөгөө санхүүгийн сургуулийн төгсөх курсын оюутан бага охин тэгж байна лээ. Бодвол тэр сургууль номын мундаг доктор, “порпосор”-ууд нь тэгж заагаа биз, хараажаар миний муу охин аавыгаа дуурайсан бол ийм лут тасарсан ухаантай байх ёсгүй...хэмээн Алтансүх өвгөн нөгөө хэдийнхээ дээгүүр алсыг ширтсэн шигээ, дээд сургуульд, тэр тусмаа зах зээл, санхүүгийн хямралын хүнд энэ цаг үед, санхүүгийн сургуульд дөрвөн удаа жилийн чөлөө авсан ч, үргэлжлүүлэн “төгсөх курстээ суралцаж” байгаа охиноороо “бахархал” – аа.
- Ээ чөтгөр...Би орохгүй, өнжлөө...Ер нь өнөө өглөөнөөс хойш бүх юм нэг л бүтэл муутай, баргар байх чинь...Болъё чи минь....Нээрэн Арман яасан гэнээ? Ямар нэг буруу хэрэг хийгээ юу? Уг нь надад гайгүй л залуу шиг санагддаг байсан юм. Муу хүн байсан юм бол, зээлсэн мөнгөө өгөхгүй байж болно гэсэн үг биз дээ , Алтансүх гуай ? Уг нь ч надаас хагас жил нэхээгүй л дээ...
Зөвхөн өнөөдөр биш бараг өдөр бүр. Мөнгө л олдвол “ногоортолоо” уудаг, тэрнээсээ болж маргааш нь хэзээ ч “гэгээлэг” байж үзээгүй, бас хэзээ ч энэ хөгшчүүлтэй “мушгиад” хожиж үзээгүй мөрт, шувт “Өнөөдөр л баргар байна, өнөөдөр л азгүй байна” гэж “өөдрөг” “гувганадаг”, цагтаа “толгой”-той ч , толгой нь ч “дээрээ” үстэй байсан, тэгээд хойно сурч байхдаа, нэг орос нөхөртэй хүүхэн булаацалдаж толгойг нь хагалсан хэргээр хөөгдөж ирсэн цагаас, амьдрал нь “өөдрөг” болж үзээгүй “Партизан” Цогоо ингэж асуулаа. “Медаль” Алтансүх хоёр гараа алдлан мөрөө хавчаад:
- Ишш Цогоо минь, хүнийг чинь шууд хараад таних аргагүй шүү дээ. Дан ялангуяа өнөө ийм цагт. Жишээ нь: Чамайг одоо танай Баярмаагаас өөр нэг ч хүүхэн, хойно онц сурч явсан, хэдийгээр хар амиа бодоод дув дуугүй сургууль соёлоо төгсөөд ирж болох байсан ч, эх орныхоо төлөө тэр бүхнээ золиослоод, оросуудыг монголоос гарч яв, ардчилал эрх чөлөө гэж Монголд ч тэр ардчилал гэдэг юм “иймпоорт”-логдож ирээгүй байхад, жагсаж цуглаж явсанаасаа болж “нутагтаа цөлөгдөж”, улмаар хавчигдаж, одоо хүртэл хүн шиг амьдарч чадахгүй байгаа гэдгийг мэдэхгүй шүү дээ...гэв.
- Мэдэх нь байтугай хэлсэн ч үнэмшихгүй юм чинь...Хи хи хи...гэж,

“Партизан” Цогоогийн эхнэр Баярмаатай ноднин намар нэг шөнө “Дошираг” Баяраагийн түц-ний дэргэд тэврэлдэж байгаад мань эрд “яг гардуулж”, нэг үүдэн шүд, таван шил “найрка”-гаар “төлбөр”-өө төлсөн, “Бензин” Ганаа нөгөө хугархай шүднийхээ ормыг хэлээрээ тэмтрэн байж инээлээ.
- За ардчиллын партизан айж байвал аравсал панзын хүү ордог хэрэг. Аз хүү байвал ёоз хүүгээр цохино...Тэгсэн чинь...Цааш нь яриач, Алтансүх гуай? Харин Цогоогийн хувьд ардчилалын төлөө амь хайргүй зүтгэж явсан “партизан” учир авилгачдад үйлчилдэг энэ “пээдгэр” сэтгүүлчээс зээлэх байтугай, за зодох нь юу юм бэ, зүгээр ардчилал бэлэглэснийхээ албан “татаас”-ыг хааяа авч байх нь, юу нь буруу байх билээ, тийм ээ таминь ээ...гэж,
“Дошираг” Баяраа гартаа атгасан тос хир болсон хөзрийг шүлсэдсэн хуруугаараа мөнгө имэрч байгаа мэт урд хойно нь шургуулан цэгцлэх зуураа өгүүлээд, нэг их чухал үг хэлсэн мэт нөгөө хэдийгээ тойруулан харж, дэмжлэг эрэв.
Түрүүнээс хойш тоглоомыг ч, яриаг ч үг дуугүй сонсонгоо, ажиглаж зогссон, хашаандаа 62 метр ухсан гүний худагтай, 5 чацарганы бут, худаггүй тэр гудамны ганц устай хашааны эзний “хүлэг” гэсэн шиг үргэлж зад угаагдчихсан “гялалзаж” байдаг, нэг саарал “Эксель”-тэй, бас зуны 6 сар болонгуут л энэ саарал эксельээ унаад, хаашаа ч юм алга болчихдог, тэгээд бас л 9 сарын 1 гэхэд гэв гэнэт хаанаас ч юм, машин нь тоос шороонд дарагдчихсан, өөрөө турчихсан хүрч ирдэг, тэгээд үлдсэн намар, өвөл, хаврыг нөгөө гүний худгаа засаж будах, түгжээг нь солих, чацарганы бутнуудаа усалж, тордох, эксельээ угаах, хамрыг нь онгойлгоод бүтэн 7 хоног ухах зэрэг учир битүүлэг байдлаар цаг нөхцөөдөг, “Чекист” Жигжид гэх 50 орчим насны арзгар нүүртэй эр энэ удаа нөхцөл байдлыг “орвонгоор нь эргүүлэв”.
- Арман хэзээ ч Баяраагийн дэлгүүрээс юм худалдаж авдаггүй учир, манай Баяраа орлогоо бодоод л ингэж “шургаж” байна.
Өөрийнх нь, дээр үед аль ч билээ, нэг автобаазын ажилчдын зуслангын байшин байсан, тэгээд өмч хувьчлал явагдах тэр үед, тэр жижигхээн байшинг хоёр айлын дунд хувьчилсан учир нөгөөх нөхөд хэл ам хийлгүй яг голоор нь хөрөөдөж суухад нь, эхнэртээ Их дэлгүүрээс австри гутал авах гэж халаасандаа бэлэн явсан 1200 төгрөгийг өнөө хоёрт хувааж өгөөд ачиж авчирсан тэр цагаас хойш огт гар хүрч үзээгүй, яг л нөгөө хөрөөний оромтой хэвээрээ хар цаасан дээвэртэй, “яажийсан” ягаавтар түцийг нь дэлгүүр гэж их л өндөрт өргөсөнд, сэтгэл нь нэн хөдөлсөн “Дошираг” Баяраа үл мэдэг хацар нь улайж, “ёолк”-оор өмсөх гоёлын гуталных нь оронд “амбаар” чирээд ирэхээр нь гомдсондоо, эхнэр Амаржаргалын шидсэн түлээнд оногдож тогтсон, хөрөөний ир шиг сорвитой духаа нэг илбээд, толгой сэгсрэн их л уриалгахан царайлж:
- Хүн хэлэхээс нааш гэж...Ухаантай хүн хүнийг яг л ингэж улаан нүүрэн дээр нь яг байгаагаар нь хэлээд тавих юм даа. Ийм үед үгүй гэж худлаа мэлзэх эрх та бидэнд байгаа гэж үү, найзууд аа?...хэмээн амаа ангайж, нүдээ том болгон зусардав.
“Чекист” Жигжид хөмсгөө атиралдуулан, уруулаа хазсан байдалтай, гэхдээ “Дошираг” Баяраа луу биш түүн дээгүүр даван, түрүүхэн гэрээсээ ногоон түмпэнтэй, угаасан дотуур хувцаснуудаа гаргаж ирэн, хашаан дахь хэцэн дээрээ тохох завсар залуу чийрэг сайхан шилбэ гуя нь, үе үе салхинд дэрвэх хормогчных нь хормой доогуур гялалзах, Тэрбиш гуайн дунд охиноос хараа салгасангүй, харц нь ч хувирсангүй. Харин ойр ойрхон шүлсээ гүдхийлгэн залгих нь төвөнхнийх нь хөдөлгөөнөөр мэдэгдэнэ.
- Манай залуучууд Баяраа шиг ийм л сайхан нээлттэй байх хэрэгтэй. Уг нь бид чинь ардчилсан, нээлттэй нийгэмд амьдарч байгаа шүү дээ...Гэхдээ мань хүнийг манай “Партизан” Цогоо дасгал сургууль хийлгүйгээр, ийм байдалтай шууд барчих нь юу л бол. Эртээр үүрээр дээ, Арман энэ Жунайгийн алаг үнээний хажуугаар гарахдаа нэг эвэрнээс нь солгой гараараа барьж аваад дугтархад, хөөрхий тэр муу бараг сөхрөх шахсан даг. Арайхийн хөл дээрээ тогтохдоо хөх мах нь чичирч байна лээ. Тэр чинь муу ч сайн ч үхэр шүү дээ. Таминь тийм биз. Бодоод байх нь ээ, тэр золиг Дорно дахины бие хамгаалах ямар нэгэн урлагаар хичээллэдэгээс зайлахгүй. Арай ч хойд зүгийнх биш байх. Тэгвэл би гадарлана. Урагшаа л болов уу. Аан гэхдээ тэр солгой гарыг нь аргалж чадвал ч манай Цогоо байтугай мань мэт нь хуучин цагийн “Бааяаны самбаа”-ны хэдэн үлдсэн мэхнээсээ ганц хоёрыг амсуулж болохсон.
Энэ үгийг сонсоод “Медаль” Алтансүх өвгөн золтой л өвөр дээр нь халуунд зүүрмэглэн сууж байсан нөгөө “4 жил төгсөх курст суралцаж” байгаа бага охиныхоо хүү Занданбатыг аваад шидчихсэнгүй.
- Аахаан...Одоо л учрыг нь ойлголоо. Тэр нөхөр тэгээд л тэр Дорно дахины бие хамгаалах урлагийнхаа ид шидийг гаргаж, хашаа хороон дээгүүр дүүлж нисээд биднийгээ хөөрхөн дөнгөж байжээ. Ийм учиртай байсан юм бий, муу хар хоёр нүүрт...гэх нь тэр.
Угаасаа тэр холилтон дээр хэнд нь ч олигтой мод ирээгүй учир, нөгөө хэд бөөн баяр хөзрөө ширээн дээр чулуудчихаад, Алтансүх өвгөнийг тойрон шалгааж, айлын гадаа бужигнах шаазгай шиг шаагилдаад эхлэв.
Яагаад тэрнийг нисдэг гэж бодов, хэн нэгэн хүн харсан уу? Хаашаа нисэж байсан бэ? Далавчтай байсан уу, үгүй юу? Хэрэв тийм бол далавч нь ургахдаа цамц, “пиджак”-аа урсан ор мөр байх ёстой биз дээ? Лам бөө хоёрын алингаар нь тэр “мангас”-ыг даруулах засал хийлгэх вэ? Ер нь тэр Арман яахаараа өдий олон жил нэг гудманд амьдарчихаад, биднийг өөрт нь муу зүйл огтхон ч хийгээгүй байхад, чулуу хөөлгөж, дөнгөөд байв? Ингэхэд гаднаас нь харахад зүв зүгээр л бидэн шиг том хар цүнхээ үүрчихээд, алхаж явдаг нүдний шилтэй өндөр залуугийн дүр эсгэж явдаг “нийгэмд онц аюултай этгээд”, ёстой мөрөөрөө амьдарч буй жирийн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байна.
Хууль, шударга ёс гэж байна уу? Хэн биднийг хамгаалах юм бэ? Тэр Жунай гуайн алаг үнээ хүний хэл мэддэгсэн бол цагдаад гомдол гаргуулаад, өдийд тэр мууг нөгөө “Ганц худаг” – т суулгачихсан байхгүй юу...
Гэвч ”Медаль” Алтансүх огт халгаасангүй. Тэр урьд залуу зандан ахуйгаасаа тасралтгүй улс орны онц чухал салбарт удирдах ажил хийж явахдаа, хэзээ ч бусдын үг дуусаагүй байхад дундуур нь орж яриаг нь тасалж, жинхэнэ бурангуй хоцрогдсон “пийдаалист” зан гаргаж сураагүй учир ”Чекист” Жигжидийг үгээ дууслаа гээд суусан хойно л, Арманы тухай мэдсэн бүхнээ ярьж өгнө гэв ээ.
Тэгэхдээ түүний талаар маш чухал зүйл мэднэ. Хүмүүсийн дунд ийм новш байдаг гэж дуулж явсанаас, амьдаар нь учирч таарч явсангүй, таарна ч гэж бодож явсангүй. Насны бөгсөнд юм юм үзэх нь. Тэр ингэж хэлчихээд, нүдээ хагас аниад, уруулаа үл мэдэг хөдөлгөн, ямар нэг маань мэгзэм бувтнаж байхдаа, уржнан жил залуудаа балетчин явсан болоод ч тэр үү байнга л нүүрээ “оодож” явдаг Сарангуа эмгэний жижиг сэгсгэр хаванд хазуулсан баруун гарын дунд хуруугаа үл мэдэг хөдөлгөж байсан даг. Харин тэр үед гудманд тоглож байсан хүүхдүүдийн гэрчилж байснаар бол “Медаль” Алтансүх өвгөн тэдний хашаанаас хавнаас дутуугүй гасалчихсан, нэг гараа нөгөө гараараа барьчихсан гүйн гарч ирэхэд, Сарангуа эмгэн араас нь ташаа тулан гарч ирээд “Нийгодай, нийгогда” гэж гадаадаар хэлээд, тас ширвэн өлмий дээрээ “балет”-ын гүйлтээр хашаа руугаа ороод хаалгаа түгжсэн гэнэ лээ.
Ингээд яах ч аргагүй болсон тэд “Чекист” Жигжидийг “индэрт урив”.
“Чекист” Жигжид, Тэрбиш гуайн дунд охиныг дахин гарч ирээд, угаасан хувцас өлгөх тэр л агшинг алдахгүйн тулд их л дуртайяа босож зогсоод, баруун зүүн тийш холхих завсар Тэрбиш гуайн хашаан доторхи бүх л юмс алган дээр тавьсан мэт сайхан харагдах нэгэн цэг олоод, тэндээ хөлөө алцайн бат зогсоод, яриагаа үргэлжлүүллээ.

- Ингэхэд цаад Арман чинь Алтансүх гуайн хэлдэг шиг их сэжигтэй хүн шүү. Хамгийн гол нь тэр нөхөр, за Баяраагийн дэлгүүрээс хүнсээ худалдаж авдаггүй юм байж. Гэтэл хаанаас уух усаа аваад байнаа. Энэ гудамны бүх л айл манай худагнаас усаа авдаг. Чанар, үнийн хувьд зах зээлээс доогуур. Бишээ, чанарын хувьд дээгүүр, үнийн хувьд боломжийн. Дээд гудамны нийтийн худаг литр нь 20 мөнгө байхад, доод гудамны худаг бас 20 мөнгө байгаа. Харин манайх яг дунд нь учир 30 мөнгө. Тэгээд ч та хэдээсээ өөр дээд, доод гудамны хэнд ч би өөрийн цэвэр уснаас зардаггүй. Ямар хар ус зарж, буяндаа бузар хийлтэй нь биш. Нэг гудамны та хэддээ ямар үгүй гэлтэй нь биш. Бас огт зүгээр өгөөд байж болохгүй байна. Та нар санаж байгаа байх. 5 жилийн өмнө энэ худгыг анх ухаж гаргахад нэг их том өрмийн машин авч ирээгүй юу? Тэр ч манай Монголд лав ганцхан л байдаг байх...
- “Катя-билээ” гэсэн байхаа...Би тэр үед “жоохон халчихсан” байсан болохоор жолоочтой нь баахан чалчиж, сайхан найзлаад авсан. Надад тэр машиныхаа зах зухаас нь ч тайлбарлаж өгсөн шүү...гэж,

Түрүүнээс хойш, тэр нөгөө солгой гараараа ганц дугтараад л үхэр сөхрүүлчихдэг, бас сүүлдээ нисэж мисдэг болоод байгаа, ядаж байхад 6 сарын өмнө зээлсэн 2350 төгрөгөө одоо болтол эргүүлэн өгөөгүй байгаа, магадгүй олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байж ч мэдэх онц аюултай Армантай “тулалдуулах” нь гэхээс “өмдөндөө аваад” байсан “Партизан” Цогоо, ярианы урсгалыг өөрчлөх сайхан далим гарсанд баярлан дуугарсан ч өнөө хэд тас загнаад, дуугүй болгов. Дан ялангуяа эхнэрийг нь аальгүйтэхээр нь тэвэрч зогсоод, үүдэн шүдээ хуга цохиулснаас хойш байнга л Цогоог зүхэж явах болсон, “Бензин” Ганаагийн идэвхитэй нь аргагүй өндөлзөх нь яана. Бүр:
- Цогоо чи энд зүгээр ярианд дурлаж суухаар явж, янз бүрийн дасгал хөдөлгөөний ном унших ч юм уу бүр болохгүй бол Жеки Чан, Жет Литэй кино үзэж байвал хойшдоо чамд л хэрэг болох вий ч...гэх шиг.
Хэр баргийн юманд хошуу нэмээд байдаггүй “Кама” Тэрбиш гуай хүртэл, соц-ийн үед том охиных нь нөхөр, оросын мафигаар дамжуулан монголд ганцхан ширхэг оруулж ирсэн, нисдэг нинжатай кино гэрт нь авдран дотор байгаа хийгээд, уг нь тэр хальсыг “уншиж” чаддаг тоглуулагч байх юм бол манай Цогоо тэр Арманаас юун дутах, аягүй бол бүр тохой дээгүүр нисдэг болж ч мэднэ гэж суулаа. Гэвч “Чекист” Жигжид өмднийхээ халааснаас гаргаж ирсэн “Эксель”-ийнхээ түлхүүрээр ширээг гурав балбаад, саяхан дахин түмпэнтэй хувцас барин гарч ирсэн, “Кама” Тэрбиш гуайн дунд охины зүг салхи жоохон сэвэлзэх төдийд л “нүд унагаах” мөрт, хөмсгөө атиралдуулан:

- Би ч тэрнийг эртнээс ажиглаад л байгаа...

Энэ үгийг бүгд үг дуугүй толгой дохин зөвшөөрөв. “Чекист” Жигжид хаана төрсөн, ямар сургуульд сурч байсан, юу хийж явсанаа хэнд ч хэлэх дургүй. Бас жил бүр зуны 3 сар хаашаа алга болоод, тийм их гуранхайлчихаад эргэн ирдэгээ ч хэлэх дургүй, хэрэв хэн нэгэн хэрэгт дурлавал долоовор хуруугаа урууландаа хүргээд:
- Чишш, хана хүртэл чихтэй байдаг юм. Улсын чухал ажлаар яваад ирлээ...гэж эргэн тойрноо их л хянамгай шалгаж хараад шивэгнэдэг.
Бас тэдний шавран байшинд орж үзсэн цорын ганц хүн болох “Медаль” Алтансүх гуайн бурханы нэрийг барин андгайлснаар, гэрт нь энгэрээрээ дүүрэн одон медальтай том генералын мөрдөстэй ёслолын хувцас өлгөөтэй байдаг юм гэсэн. “Медаль” Алтансүх гуай өөрөө ч төр засгийн хишгийг нэгэнтээ хүртэж, юм үзэж нүд тайлсан хүн ч гэлээ тэр олон одон медалийн гялтганахыг хараад бараг л ухаан алдах дөхсөн юм гэдэг.

Худлаа гэвэл тэр шөнө, “Медаль” Алтансүх гуай хоёр дахь, гурав дахь, бүр дөрөв тав дахь удаагаа Ерөнхийлөгч хэнээс ч билээ одон авч байна гэж зүүдлээд, зүүдэндээ ярьсныг нь, 33 жил хамт тогоотой хоолонд хошуу холбож, сайн муугаа мэдэх болсон Цэцэгмаа чавганц жоохон муудсан ч дэлдэн хэвээрээ байгаа хоёр чихээрээ сонссон бөгөөд мань эмгэний нотолж буйгаар өвгөн нь хэзээ ч оргүй хоосон зүйл, болж бүтэхгүй ч юм уу, хий хоосон юм мөрөөддөггүй, жишээ нь одоогоос яг 15 жилийн өмнө буюу өнөөх алдарт Ардын хувьгалын 73 жилийн ойн өмнөх өдөр бас л ингэж одон медалиар шагнуулж байна гэж зүүдэлсэн нь биелэлээ олж, энгэрт нь нэгэн сайхан төрийн хишиг байраа эзэлсэн гэнэ.

- За та бүхэн ч гэсэн наад нүд чихээ олигтойхон шиг нээлттэй байлгаж, түүнээс хараагаа бүү салга. Наанадаж та нарын амь нас эд хөрөнгө, цаанадаж манай гудамжны нэр нийслэлийн түүхийн хуудаснаас үүрд арчигдах уу, үлдэх үү гэдэг асуудал дээр бид тулж ирээд байна. За надад өөр хэлэх үг алга...Одоо харин Алтансүх гуай Арманы тухай баримт нотолгоогоо гаргаж, хуулийн дагуу хэргийг хэрхэн илрүүлсэн тухайгаа бидэнд илтгэнэ. Иргэнийхээ үүргийг үнэнч шударгаар биелүүлсэн иргэдийг шагнадаг “Шударга журам” гэдэг их сайхан одон байдаг юм шүү. За та үгээ хэлнэ үү?

“Кама” Тэрбиш гуайн дунд охин махлаг цагаан гуяа гялс гялсхийлгэн гурван ч удаа хувцас хатаах гэж орж гарснаас хойш дахиж үзэгдсэнгүй. Салхи ч намжиж, “Чекист” Жигжид ч удаан зогссондоо хөл нь чичирч, харааныхаа өнцгийг өнгө мөнгөтэй нь тааруулах гэж хэт их хичээснээс нь онигор нүд нь бүр час улайж.
Төр засгаас иргэнийхээ үүргийг шударгаар биелүүлсэн иргэдээ шагнадаг “Шударга журам” гэдэг одон байдаг тухай “Чекист” Жигжид санамсаргүй ч үг унагаагүй байх. Цаадахь чинь нууц ажилтан бүх л юмыг урьдчилан мэдэж таарна.
Тэнгэрт хоёр нар манддаггүй ч, энгэрт хоёр медаль “асаж” байж болно шүү дээ.
Ийн бодсон, “Медаль” Алтансүх өөрөө ч мэдэлгүй салгалан бослоо.
Зүрх нь дэлсэж, гар нь үл мэдэг салгалж, уруул нь хатжээ. Тэгээд тэрээр чичирхийлсэн баруун гараараа “пиджак”-ныхаа хармаанаас нөгөө зээ хүү Занданбатынхаа өнөө өглөө Уянгаа хүүхний гэрийн яг үүдэн дээрээс олсон, Арманы хүрэн улаан “лидринэн” дэвтрийг гаргаж ирээд, түүхийн чухал үнэнийг тэдэнд одоохон дэлгэх баримт нотолгоог бүгдэд нь харуулахаар өндөрт салгалан өргөв.
Ширээ тойрон суусан, зогссон хэд бүгд дуу алдав. Арга ч үгүй биз. Тэр дэвтэр угаасаа хуучирч навсайсан, дээр нь өчигдрийн үер уруйнд норж налбайж, шавар шавхай болчихсон хийгээд угаасаа үйлдвэрээсээ тэгж гарсан юм уу, эсвэл жалгаар урсаж ирээд тэр дэвтэртэй орооцолдчихсон юм уу, нэг гандмал шар хадаг бүр ч “сүр” оруулжээ.

- Энэ байна. Тэр баримт чинь. Энд тэрний тухай бүх баримт байгаа.









Салгалсан гар шигээ чичирхийлсэн хоолойгоор “Медаль” Алтансүх ингэж шивнээд хоёр гараараа тэр хадаг яндартай дэвтрийг дэргэдээ суусан, “Кама” Тэрбиш гуайд дамжуултал, өнөөх нь чөтгөр үзсэн мэт ухасхийн цочиж:
- Би наадахаар чинь яах юм бэ? Ядаж уншиж чадах, хэрэг илрүүлэх туршлага чадвартай хүнд өг...Амьд хүний гэрч болсноос, үхсэн хүний дэр болсон нь дээр...Ер нь орж аяга цай уухгүй бол толгой тархи янгинаад эхэллээ...Үе мөч ч янгинах шиг...Хөгширч ингэж бусдын гарт орох гэж...хэмээн бувтнасаар хоёрхон “харайгаад” хашаа руугаа орчихов.
“Медаль” Алтансүх дэвтрийг хоёр гардан барьсан хэвээр “Кама” Тэрбишийн цаана зогсож байсан, “Завууд” Ганаа руу дөхлөө. Цаадахь нь гэв гэнэтхэн гар утас нь дуугарсан мэт утсаа гаргаж ирээд, баахан кноп дарж байснаа:
- Аан уун...Одоохон очлоо, өө баларсан юм...гээд, тэдэнтэй баяртай ч гэж толгой дохилгүй, тэр чигээрээ гудам уруудаад алга болов оо.
“Партизан” Цогоо хэдийдээ ч архи уучихсан юм бүү мэд, согтоод унтчихсан, ширээ дэрлэн хурхирч гарлаа. Нэг ингээд хурхираад эхэлвэл хорооны цагдаа байтугай, хадам ээж нь ирээд орилсон ч сэрнээ л гэж гонж. Харин түүний цаана сууж байсан “Чекист” Жигжид улаан цайм “Медаль” Алтансүхийг анзаараагүй мэт царайлан:
- Өө хөө, Улаанаагийн хоёр бацаан ус авах гээд ирж явна. Муусайн хүүхдүүдийг хүлээлгээд яах вэ? Ингэхэд нөгөө “тог” засварынхан ирэх болов уу, сумогоо үзэхсэн...гэсээр өндийлөө.
- Тэгээд энэ хэргийн баримтыг яах юм бэ? Жигжид ээ...Би энэ хэргийг мөрдөж чадахгүй шүү дээ...гэж “Медаль” Алтансүх айсан янзтай асуулаа.
“Чекист” Жигжид их л нухацтай түүн рүү хяламхийснээ:
- Чи доторхыг нь уншсан уу? гэлээ.
- Үгүй чишш...Өглөө манай энэ сэгсгэр олж ирсэн юм. Ёстой харж ч амжсангүй...
- Чи үнэхээр уншаагүй хэрэг үү? Худлаа яривал хуультай шүү хөө...Чи тэгээд мань эрийн тухай бүхнийг мэднэ гээ биз дээ?
- Үгүй чишш...Би ганцхан эхний хуудсыг л уншсан

/үргэжлэл бий/

No comments: