Friday, February 10, 2012

Ален Арман “Амьдралын мод”

/Зүрх сэтгэлийн минь гүнж, зүс оюун төгөлдөр Аврорадаа төрсөн өдөрт нь зориулж оёсон нэгэн шинэ малгай энэ буюу/

Нэг сайхан цурхиртлаа уйлах юмсан гэсэн бодлоороо бороо шүхэрлэж, тэнгэрээс унах дусал болгонд атаархан, тэдэнтэй хамт газарт шингэн уусаж, наран ургахад цацрагийг нь тосон дэлбээлэх онгог цэцгийг амилуулах юмсан, ганц амьдарсны хэрэг юун, хэнд ч гомдож гутрах билээ гэж гуниглан гэлдэрч явлаа, Сэтгэл.

Үнэндээ бол элсэн цөл шиг эзэнгүй хатсан сайраа жоохон ч болов норгох гэсэндээ л, уйлахыг хүсэж явсан, тэр.
Чадахгүй болоод, нэг их мундаг юм шиг бусдын нулимс болохыг хүссэн, тэр.

Үүл халхалсан ч үнэнийг олж чадвал чиний өмнөх бүх зүйлс гэрэлтэн гийж, эргэн тойронд юу ч өөрчлөгддөггүй.

Гагцхүү цээжин доторх Зүрх яг л харанхуй өрөөнд хоригдсон ангасан араатан хана мөргөн архирах шиг хавиргаа дэлдэн түчигнэж, хатаж үхэхээсээ өмнө хаашаа ч хамаагүй гарч гүйх гэж тэлчлэн тэчъяадах тэр мөчид, чийг үнэртсэн салхи чих гижигдэн амьсгаадаж ирээд:
- Бурхан минь байз, чи тийшээ хараач...
Хаврын үнэр цоргих тэр агшинд ганцхан дусал Гүнжийн нулимс харангадсан Зүрхэн дээр дуссан.
- Сэтгэл чинь дэвтэв үү?
- Үгүй ээ...Зүрх л амь орлоо...

Аз жаргал гарт нь атгагдсан хойно л, хүн хамгийн аз жаргалгүй амьтан болж хувирдаг. Урьд нь түүнийг олж, өөрийн болгохын төлөө юу ч хийхээс буцахгүй зоригтой байдаг байсан бол, одоо харин цаг мөч тутамд түүнийг алдахаасаа айн эмээж, арчаагүйтэж эхэлдэг. Шөнө зүүдэндээ хүртэл харуулд гарна. Сэтгэл сэлмээ атган, Зүрхийг хүчээр чирээд, хайртын минь зүрх, сэтгэлийг өөр нэгэн үлгэр шиг зүүд эзэгнэх вий гэж, бусдын ямар ч буруугүй зүүдийг хүртэл буруу хар хэмээн бухимдан элдэн хөөж, зүгээр ч нэг амар тайван нойрсож чадахаа болино.

- Би ганцхан чинийх...Надад үлдсэн ганцхан дуслыг зөвхөн чамдаа л зориулна.

Гүнжийн нулимсыг ийн аминчлан шивнэхийг сонссон Зүрх, шөнөжин дайтаад ядарсан Сэтгэлийг дуг хийх тэрхэн зуур, Гүнжийн нулимсыг алс холын Аз жаргалын оронд хүргэж өгье гэж ятгана.

- Чи ингээд сүүлчийн дуслаа унагавал хатчихна шүү дээ, түүнээс л би айж байна. Хар л даа. Намайг хичнээн их туйлдаж, цөхөрснийг. Чамайг байгаагүй бол энэ нөхөр намайг аль хэдийн үхүүлчихээд, өөрөө бусдын нулимс болно гээд бурхадтай хэрүүл хийж явах байсан даа...

Гүнжийн нулимс нэвт гэрэлтэх болор тунгалаг харцаараа зүрхийг зэмлэсэн янзтай ширтээд:
- Юун дэмий зүйл ярина вэ, чи. Би түүнд яг л чам шиг итгэж байна.

Сэмхэн сэрсэн мөртлөө унтсан дүр үзүүлэн хэвтэж байсан Сэтгэл, Гүнжийн нулимсыг мөрөөдлийн цэцэг түүхээр чимээгүйхэн гарсан хойно Зүрхийг загнан зандчив.

- Чи муу хар тэнэг. Түрүүхэн үхлээ гээд гаслаж гангинаад байснаа мартжээ...Юу гээд солиороод байгаа юм бэ? Хохь чинь шүү...
Зүрх энэ удаа огт айсангүй, ёжтой гэгч нь инээмсэглээд:

- Хонгор минь чи л хохирно доо. Би угаасаа хүсэж явсан өөрийн дуслаа хүртчихсэн. Миний хувьд үүнээс илүүг нэхэхгүй ээ. Харин чи, чи одоо болтол хатсан сайр хэвээрээ байх чинь. Гайхмаар юм. Өнөө бусдын нулимс болж ертөнцийг ургуулах чинь яалаа, баатар минь...

Буруугаа ойлгосон Сэтгэл юу ч дуугарсангүй. Зүрх ч гэсэн түүнийг тайван орхин, Гүнжийн нулимсны ардаас явлаа.
Сэтгэл гэв гэнэт, хэрэв энэ бүхэн ингээд энэ хэвээрээ үргэлжлэх л юм бол, Гүнжийн нулимс сүүлчийн дуслаа унагаж, өөрийнх нь төлөө гэсэн ертөнцийн хамгийн үзэсгэлэн төгс нулимс, орчлонгын хамгийн гүн гунигын боол болно гэдгийг ухаараад балмагдан цочив.

Энэ мөчид бороо орохын өмнөх шиг зөөлхөн чийг ханхалж эхлэх нь тэр. Тэгээд тэр, өөрийнхөө хамаг сайн сайхан бүхнээ эрж олох гэж, яг л нэг уранхай дээлээ нөхөх даавууны өөдөс хуучин хэмхэрхий модон авдарнаасаа хайн, самгардаж суугаа зөнөсөн эмгэн шиг, дотроо байгаа бүхнээ сандчин онгичлоо.

Элдэв хог новшоор дүүрсэн тэр агуйн гүн ёроолд, Сэтгэлийн хэзээ ч юм анзааралгүй унагачихаад мартаж орхисон, урьдын нэгэн анхилам сайхан жимст модны үр, түүний нэгэн дусал нулимсыг хүлээн, тэнгэр өөд тэмүүлэн амилахад бэлэн хэвтэж байв.

Баярлаж догдолсон Сэтгэлийн дотор нэг л хачин юм дээшээ огшоод, учиргүй уйлах гэтэл дусал ч унасангүй. Нэг л их бороо орох гэж байгаа юм шиг үүл нүүгэлтэж, нүүгэлтэж юу ч бололгүй тойроод алга болдог шиг. Цээжинд нь бөөн хар юм бөглөөд байгаа мөртлөө л хичнээн хүчлээд ч болсонгүй, зангирсан үүлсийг хүчит шуурга элдээд оддог шиг.

- Зүрх минь ээ би чадашгүй нь. Чи түүнийг Аз жаргалын оронд хүргэж өгөөд, тэнд хамт үлд дээ. Эргэж ирэх хэрэггүй. Би даанч чадахгүй нь. Чадахгүй нь уучлаарай...
Сэтгэл ийн орилоод, газар өвдөглөж толгойгоо барин гаслан уухилтал:

- Би хаашаа ч явахгүй ээ. Чамтай хамт байх гэж ирчихээд, зөвхөн Зүрхийг чинь л аваад явахгүй. Үхэл ч намайг чамаас минь салгаж чадахгүй. Сэтгэл дотор чинь үүрд хамт байвал л болох нь тэр. Тэгэхээр энэ сүүлчийн дуслыг минь аваад, амьдралын модоо усал, хайрт минь. Чи намайг ямар их хайрладаг шиг чинь, би ч гэсэн чамдаа тийм их хайртай юм шүү дээ. Май энэ дуслыг ав...

Гүнжийн нулимс ийн шивнээд, Сэтгэлийг тэврэн энгэртээ наахад, тэр өөрийнх нь төлөө үхэж чадах тэр хайрын өмнө, яг л нялх хүүхэд шиг, үхэл хүртэл нүүр буруултал, цурхиран асгаруулах нь тэр. Зүрх харин инээж зогссон юм гэдэг, золиг чинь. Тэр муу хатсан сайрыг тэгж нуур болтлоо мэлмэрүүлэхийг нь хараад, уртаа гэгч нь сайхан санаа алдсанаа мөрөө үл мэдэг хавчаад, амандаа ингэж бувтнасан юм гэнэ лээ.

- Амьдралын мод ургах нь дээ, амрах цаг минь болж...гэж.

Тийм ээ. Яг л ингэж хэлсэн гэдэг юм даа. Тэр модны онгон нахиа яав ч худлаа ярихгүй дээ.

2012/02/09

No comments: