Friday, February 10, 2012

Ален Арман “Амьдралын мод”

/Зүрх сэтгэлийн минь гүнж, зүс оюун төгөлдөр Аврорадаа төрсөн өдөрт нь зориулж оёсон нэгэн шинэ малгай энэ буюу/

Нэг сайхан цурхиртлаа уйлах юмсан гэсэн бодлоороо бороо шүхэрлэж, тэнгэрээс унах дусал болгонд атаархан, тэдэнтэй хамт газарт шингэн уусаж, наран ургахад цацрагийг нь тосон дэлбээлэх онгог цэцгийг амилуулах юмсан, ганц амьдарсны хэрэг юун, хэнд ч гомдож гутрах билээ гэж гуниглан гэлдэрч явлаа, Сэтгэл.

Үнэндээ бол элсэн цөл шиг эзэнгүй хатсан сайраа жоохон ч болов норгох гэсэндээ л, уйлахыг хүсэж явсан, тэр.
Чадахгүй болоод, нэг их мундаг юм шиг бусдын нулимс болохыг хүссэн, тэр.

Үүл халхалсан ч үнэнийг олж чадвал чиний өмнөх бүх зүйлс гэрэлтэн гийж, эргэн тойронд юу ч өөрчлөгддөггүй.

Гагцхүү цээжин доторх Зүрх яг л харанхуй өрөөнд хоригдсон ангасан араатан хана мөргөн архирах шиг хавиргаа дэлдэн түчигнэж, хатаж үхэхээсээ өмнө хаашаа ч хамаагүй гарч гүйх гэж тэлчлэн тэчъяадах тэр мөчид, чийг үнэртсэн салхи чих гижигдэн амьсгаадаж ирээд:
- Бурхан минь байз, чи тийшээ хараач...
Хаврын үнэр цоргих тэр агшинд ганцхан дусал Гүнжийн нулимс харангадсан Зүрхэн дээр дуссан.
- Сэтгэл чинь дэвтэв үү?
- Үгүй ээ...Зүрх л амь орлоо...

Аз жаргал гарт нь атгагдсан хойно л, хүн хамгийн аз жаргалгүй амьтан болж хувирдаг. Урьд нь түүнийг олж, өөрийн болгохын төлөө юу ч хийхээс буцахгүй зоригтой байдаг байсан бол, одоо харин цаг мөч тутамд түүнийг алдахаасаа айн эмээж, арчаагүйтэж эхэлдэг. Шөнө зүүдэндээ хүртэл харуулд гарна. Сэтгэл сэлмээ атган, Зүрхийг хүчээр чирээд, хайртын минь зүрх, сэтгэлийг өөр нэгэн үлгэр шиг зүүд эзэгнэх вий гэж, бусдын ямар ч буруугүй зүүдийг хүртэл буруу хар хэмээн бухимдан элдэн хөөж, зүгээр ч нэг амар тайван нойрсож чадахаа болино.

- Би ганцхан чинийх...Надад үлдсэн ганцхан дуслыг зөвхөн чамдаа л зориулна.

Гүнжийн нулимсыг ийн аминчлан шивнэхийг сонссон Зүрх, шөнөжин дайтаад ядарсан Сэтгэлийг дуг хийх тэрхэн зуур, Гүнжийн нулимсыг алс холын Аз жаргалын оронд хүргэж өгье гэж ятгана.

- Чи ингээд сүүлчийн дуслаа унагавал хатчихна шүү дээ, түүнээс л би айж байна. Хар л даа. Намайг хичнээн их туйлдаж, цөхөрснийг. Чамайг байгаагүй бол энэ нөхөр намайг аль хэдийн үхүүлчихээд, өөрөө бусдын нулимс болно гээд бурхадтай хэрүүл хийж явах байсан даа...

Гүнжийн нулимс нэвт гэрэлтэх болор тунгалаг харцаараа зүрхийг зэмлэсэн янзтай ширтээд:
- Юун дэмий зүйл ярина вэ, чи. Би түүнд яг л чам шиг итгэж байна.

Сэмхэн сэрсэн мөртлөө унтсан дүр үзүүлэн хэвтэж байсан Сэтгэл, Гүнжийн нулимсыг мөрөөдлийн цэцэг түүхээр чимээгүйхэн гарсан хойно Зүрхийг загнан зандчив.

- Чи муу хар тэнэг. Түрүүхэн үхлээ гээд гаслаж гангинаад байснаа мартжээ...Юу гээд солиороод байгаа юм бэ? Хохь чинь шүү...
Зүрх энэ удаа огт айсангүй, ёжтой гэгч нь инээмсэглээд:

- Хонгор минь чи л хохирно доо. Би угаасаа хүсэж явсан өөрийн дуслаа хүртчихсэн. Миний хувьд үүнээс илүүг нэхэхгүй ээ. Харин чи, чи одоо болтол хатсан сайр хэвээрээ байх чинь. Гайхмаар юм. Өнөө бусдын нулимс болж ертөнцийг ургуулах чинь яалаа, баатар минь...

Буруугаа ойлгосон Сэтгэл юу ч дуугарсангүй. Зүрх ч гэсэн түүнийг тайван орхин, Гүнжийн нулимсны ардаас явлаа.
Сэтгэл гэв гэнэт, хэрэв энэ бүхэн ингээд энэ хэвээрээ үргэлжлэх л юм бол, Гүнжийн нулимс сүүлчийн дуслаа унагаж, өөрийнх нь төлөө гэсэн ертөнцийн хамгийн үзэсгэлэн төгс нулимс, орчлонгын хамгийн гүн гунигын боол болно гэдгийг ухаараад балмагдан цочив.

Энэ мөчид бороо орохын өмнөх шиг зөөлхөн чийг ханхалж эхлэх нь тэр. Тэгээд тэр, өөрийнхөө хамаг сайн сайхан бүхнээ эрж олох гэж, яг л нэг уранхай дээлээ нөхөх даавууны өөдөс хуучин хэмхэрхий модон авдарнаасаа хайн, самгардаж суугаа зөнөсөн эмгэн шиг, дотроо байгаа бүхнээ сандчин онгичлоо.

Элдэв хог новшоор дүүрсэн тэр агуйн гүн ёроолд, Сэтгэлийн хэзээ ч юм анзааралгүй унагачихаад мартаж орхисон, урьдын нэгэн анхилам сайхан жимст модны үр, түүний нэгэн дусал нулимсыг хүлээн, тэнгэр өөд тэмүүлэн амилахад бэлэн хэвтэж байв.

Баярлаж догдолсон Сэтгэлийн дотор нэг л хачин юм дээшээ огшоод, учиргүй уйлах гэтэл дусал ч унасангүй. Нэг л их бороо орох гэж байгаа юм шиг үүл нүүгэлтэж, нүүгэлтэж юу ч бололгүй тойроод алга болдог шиг. Цээжинд нь бөөн хар юм бөглөөд байгаа мөртлөө л хичнээн хүчлээд ч болсонгүй, зангирсан үүлсийг хүчит шуурга элдээд оддог шиг.

- Зүрх минь ээ би чадашгүй нь. Чи түүнийг Аз жаргалын оронд хүргэж өгөөд, тэнд хамт үлд дээ. Эргэж ирэх хэрэггүй. Би даанч чадахгүй нь. Чадахгүй нь уучлаарай...
Сэтгэл ийн орилоод, газар өвдөглөж толгойгоо барин гаслан уухилтал:

- Би хаашаа ч явахгүй ээ. Чамтай хамт байх гэж ирчихээд, зөвхөн Зүрхийг чинь л аваад явахгүй. Үхэл ч намайг чамаас минь салгаж чадахгүй. Сэтгэл дотор чинь үүрд хамт байвал л болох нь тэр. Тэгэхээр энэ сүүлчийн дуслыг минь аваад, амьдралын модоо усал, хайрт минь. Чи намайг ямар их хайрладаг шиг чинь, би ч гэсэн чамдаа тийм их хайртай юм шүү дээ. Май энэ дуслыг ав...

Гүнжийн нулимс ийн шивнээд, Сэтгэлийг тэврэн энгэртээ наахад, тэр өөрийнх нь төлөө үхэж чадах тэр хайрын өмнө, яг л нялх хүүхэд шиг, үхэл хүртэл нүүр буруултал, цурхиран асгаруулах нь тэр. Зүрх харин инээж зогссон юм гэдэг, золиг чинь. Тэр муу хатсан сайрыг тэгж нуур болтлоо мэлмэрүүлэхийг нь хараад, уртаа гэгч нь сайхан санаа алдсанаа мөрөө үл мэдэг хавчаад, амандаа ингэж бувтнасан юм гэнэ лээ.

- Амьдралын мод ургах нь дээ, амрах цаг минь болж...гэж.

Тийм ээ. Яг л ингэж хэлсэн гэдэг юм даа. Тэр модны онгон нахиа яав ч худлаа ярихгүй дээ.

2012/02/09

Ален Арман “Гишүүнтэйгээ золгоё”

Зах дээр мах өнөөдөр 8000 гарчихжээ, хөөрхий. Мал сүрэг төрийн хамгаалалтанд байдаг улсад махных нь үнэ өсөлгүй яахав. Ямааныхаа ноолуурт дээр үед 34 тэрбумыг өгсөн бол одоо хониныхоо ноосонд 300 тэрбумыг өгөх нь ч зөв. Ер нь хонио уучлаад ууц тавихаа ч болих хэрэгтэй. Сайхан даа сайхан.

Ногоон цагаан хоолтон болвол ядаж биед тустай гэж байгаа шүү дээ. Ер нь мал бол монгол хүнээс үнэтэй. Хүүхдүүдэд А гепатитынх байг гэхэд ханиадны вакцин ч тарих боломжгүй мөртлөө нөгөө шүлхийн вакцинаар бол бүх салаа туурайтанг бүрэн хангасан гэж байгаа юм шүү дээ. Ашгүй дээ, хөөрхий муу мал минь хэдэн мянган жил маниусыг тэжээх вэ. Одоо л нэг амрах цаг нь ирж. За тэр худаг ус, хашаа хороо яахав. Малгай цас оронгуут л нэг боодол лаа, нэг боодол өвс заавал аваачиж өгөх энэ тэр асуудлыг бол бүүр тоож яриад яах юм бэ. Асуудал ойлгомжтой.

Тэгээд бодлоо. Энэ цагаан сараар махан бууз хийж идэх хэрэггүй. Идье гэсэн ч чадал хүрэхгүй юм чинь. Яахав төмстэй бууз, байцаатай банш бол хийх нь ойлгомжтой. Тэрнийгээ нөгөө тахиа гахайны бульоноор амталчихвал бараг л мах гэсэн үг л дээ. Гэхдээ нэгэнт монгол хүн байна даа. Бид чинь махан идэштэй. Тэгээд ч цаашдаа мах идэх нь байтугай олж үнэрлэх ч хөг өнгөрч байгаа юм чинь, ядаж сүүлчийн удаа нэг сайхан гэдэс гарч авах нь зөв.

Тийм арга ч байна.

Яаж махан бууз идэх вэ гэвэл төсвөөс төрсөн тэрбумтан дарга нар, сонгогдсон болон сонгогдох горьдлого тээж яваа, ирээдүйн их хурлын гишүүдийнхээрээ золгуут хийж, хэдэн үмх махтай бууз цохихгүй юу. Тэд чинь амьдрал сайхан байна, эдийн засаг эрс өсөж байна гэдэг юм чинь, маниусыг бодвол хэдэн хийл махан бууз худалдаад авчихтайгаа л байж таарна.

Хүн өөрөө хаалгыг нь тогшоод ороод ирж байгаа нь сонгуулийн хууль ч зөрчихгүй, бас монголын ёс юм чинь оруулахгүй байх муухай. Ороод ирсэн хойно хэдэн жигнүүр буузандаа голоо цохихгүй байлгүй дээ. Урд зүгийн хөршүүддээ маниусаас 3 дахин хямд нүүрс өгөхдөө, ганц ч үг ганхийдэггүй, хүн чанартай нөхдүүд юм чинь.

За харин нөгөө хувьсгал энэ тэр ярьдаг нөхдүүд больж үз. Цөөхөн монголчууд зүгээр л сайхан дарга нартайгаа золгуут хийгээд л явцгаая л даа. Эвтэй найртай сайхан шүү дээ. Энэ л бидний хувьд энэ цагаан сараар махтай бууз идэх маш том боломж. Бас тэд маань маниусыг ямар их өлсөж явдгийг нэг сайн хараг дээ, ядаж.
Эдийн засгаа хөгжүүлж, ижил тэгш хувиарлах гээд толгой өндийхгүй, хэдэн толгойгоо бодоод, ажил ихтэй яваа улс, бидний амьдралыг хэдий завандаа хэрхэн, яаж анзаарах билээ.

Гишүүнтэйгээ золгоё оо хө, гээд л яваад орчих. Далимд нь малаа 100 саяд хүргээд, Гиннесийн номонд бүртгүүлчихвэл бас аятайхан юм биш үү.

За сайхан шинэлээрэй.

2010/02/10