Wednesday, March 14, 2012

Ален Арман"Эгэл бөгөөд энгүй Амьдралын философи"

Амьдрал бол ердөө л идэш тэжээлээ зөв тохируулж тааруулна гэсэн үг ш дээ. Нэг их цатгалан байвал холестирин ихэсдэгтэй адил хэт их баяжих нь хүний хараал, зүхэл хорлолыг төрүүлнэ. Байнга өлсөөд л явбал бие турж, сульддагийн адил ядуу гуйлгачин явбал траарсан болгон дээрэлхээд, юу нь сайхан байхав. Яг л сайхан жингээ бариад, хааяа сайхан цохиод, хэрэгтэй бол хэсэг өлсөөд гэлдэрч байх бол ер нь бол хамгийн төгс шийдэл мөн. Тиймээ амьдрал бол идэш тэжээлээ хэрхэн зөв тааруулах вэ гэсэн энгийн бөгөөд эгэлгүй философи дээр тогтож байдаг юм даа гэж ккк

Friday, February 10, 2012

Ален Арман “Амьдралын мод”

/Зүрх сэтгэлийн минь гүнж, зүс оюун төгөлдөр Аврорадаа төрсөн өдөрт нь зориулж оёсон нэгэн шинэ малгай энэ буюу/

Нэг сайхан цурхиртлаа уйлах юмсан гэсэн бодлоороо бороо шүхэрлэж, тэнгэрээс унах дусал болгонд атаархан, тэдэнтэй хамт газарт шингэн уусаж, наран ургахад цацрагийг нь тосон дэлбээлэх онгог цэцгийг амилуулах юмсан, ганц амьдарсны хэрэг юун, хэнд ч гомдож гутрах билээ гэж гуниглан гэлдэрч явлаа, Сэтгэл.

Үнэндээ бол элсэн цөл шиг эзэнгүй хатсан сайраа жоохон ч болов норгох гэсэндээ л, уйлахыг хүсэж явсан, тэр.
Чадахгүй болоод, нэг их мундаг юм шиг бусдын нулимс болохыг хүссэн, тэр.

Үүл халхалсан ч үнэнийг олж чадвал чиний өмнөх бүх зүйлс гэрэлтэн гийж, эргэн тойронд юу ч өөрчлөгддөггүй.

Гагцхүү цээжин доторх Зүрх яг л харанхуй өрөөнд хоригдсон ангасан араатан хана мөргөн архирах шиг хавиргаа дэлдэн түчигнэж, хатаж үхэхээсээ өмнө хаашаа ч хамаагүй гарч гүйх гэж тэлчлэн тэчъяадах тэр мөчид, чийг үнэртсэн салхи чих гижигдэн амьсгаадаж ирээд:
- Бурхан минь байз, чи тийшээ хараач...
Хаврын үнэр цоргих тэр агшинд ганцхан дусал Гүнжийн нулимс харангадсан Зүрхэн дээр дуссан.
- Сэтгэл чинь дэвтэв үү?
- Үгүй ээ...Зүрх л амь орлоо...

Аз жаргал гарт нь атгагдсан хойно л, хүн хамгийн аз жаргалгүй амьтан болж хувирдаг. Урьд нь түүнийг олж, өөрийн болгохын төлөө юу ч хийхээс буцахгүй зоригтой байдаг байсан бол, одоо харин цаг мөч тутамд түүнийг алдахаасаа айн эмээж, арчаагүйтэж эхэлдэг. Шөнө зүүдэндээ хүртэл харуулд гарна. Сэтгэл сэлмээ атган, Зүрхийг хүчээр чирээд, хайртын минь зүрх, сэтгэлийг өөр нэгэн үлгэр шиг зүүд эзэгнэх вий гэж, бусдын ямар ч буруугүй зүүдийг хүртэл буруу хар хэмээн бухимдан элдэн хөөж, зүгээр ч нэг амар тайван нойрсож чадахаа болино.

- Би ганцхан чинийх...Надад үлдсэн ганцхан дуслыг зөвхөн чамдаа л зориулна.

Гүнжийн нулимсыг ийн аминчлан шивнэхийг сонссон Зүрх, шөнөжин дайтаад ядарсан Сэтгэлийг дуг хийх тэрхэн зуур, Гүнжийн нулимсыг алс холын Аз жаргалын оронд хүргэж өгье гэж ятгана.

- Чи ингээд сүүлчийн дуслаа унагавал хатчихна шүү дээ, түүнээс л би айж байна. Хар л даа. Намайг хичнээн их туйлдаж, цөхөрснийг. Чамайг байгаагүй бол энэ нөхөр намайг аль хэдийн үхүүлчихээд, өөрөө бусдын нулимс болно гээд бурхадтай хэрүүл хийж явах байсан даа...

Гүнжийн нулимс нэвт гэрэлтэх болор тунгалаг харцаараа зүрхийг зэмлэсэн янзтай ширтээд:
- Юун дэмий зүйл ярина вэ, чи. Би түүнд яг л чам шиг итгэж байна.

Сэмхэн сэрсэн мөртлөө унтсан дүр үзүүлэн хэвтэж байсан Сэтгэл, Гүнжийн нулимсыг мөрөөдлийн цэцэг түүхээр чимээгүйхэн гарсан хойно Зүрхийг загнан зандчив.

- Чи муу хар тэнэг. Түрүүхэн үхлээ гээд гаслаж гангинаад байснаа мартжээ...Юу гээд солиороод байгаа юм бэ? Хохь чинь шүү...
Зүрх энэ удаа огт айсангүй, ёжтой гэгч нь инээмсэглээд:

- Хонгор минь чи л хохирно доо. Би угаасаа хүсэж явсан өөрийн дуслаа хүртчихсэн. Миний хувьд үүнээс илүүг нэхэхгүй ээ. Харин чи, чи одоо болтол хатсан сайр хэвээрээ байх чинь. Гайхмаар юм. Өнөө бусдын нулимс болж ертөнцийг ургуулах чинь яалаа, баатар минь...

Буруугаа ойлгосон Сэтгэл юу ч дуугарсангүй. Зүрх ч гэсэн түүнийг тайван орхин, Гүнжийн нулимсны ардаас явлаа.
Сэтгэл гэв гэнэт, хэрэв энэ бүхэн ингээд энэ хэвээрээ үргэлжлэх л юм бол, Гүнжийн нулимс сүүлчийн дуслаа унагаж, өөрийнх нь төлөө гэсэн ертөнцийн хамгийн үзэсгэлэн төгс нулимс, орчлонгын хамгийн гүн гунигын боол болно гэдгийг ухаараад балмагдан цочив.

Энэ мөчид бороо орохын өмнөх шиг зөөлхөн чийг ханхалж эхлэх нь тэр. Тэгээд тэр, өөрийнхөө хамаг сайн сайхан бүхнээ эрж олох гэж, яг л нэг уранхай дээлээ нөхөх даавууны өөдөс хуучин хэмхэрхий модон авдарнаасаа хайн, самгардаж суугаа зөнөсөн эмгэн шиг, дотроо байгаа бүхнээ сандчин онгичлоо.

Элдэв хог новшоор дүүрсэн тэр агуйн гүн ёроолд, Сэтгэлийн хэзээ ч юм анзааралгүй унагачихаад мартаж орхисон, урьдын нэгэн анхилам сайхан жимст модны үр, түүний нэгэн дусал нулимсыг хүлээн, тэнгэр өөд тэмүүлэн амилахад бэлэн хэвтэж байв.

Баярлаж догдолсон Сэтгэлийн дотор нэг л хачин юм дээшээ огшоод, учиргүй уйлах гэтэл дусал ч унасангүй. Нэг л их бороо орох гэж байгаа юм шиг үүл нүүгэлтэж, нүүгэлтэж юу ч бололгүй тойроод алга болдог шиг. Цээжинд нь бөөн хар юм бөглөөд байгаа мөртлөө л хичнээн хүчлээд ч болсонгүй, зангирсан үүлсийг хүчит шуурга элдээд оддог шиг.

- Зүрх минь ээ би чадашгүй нь. Чи түүнийг Аз жаргалын оронд хүргэж өгөөд, тэнд хамт үлд дээ. Эргэж ирэх хэрэггүй. Би даанч чадахгүй нь. Чадахгүй нь уучлаарай...
Сэтгэл ийн орилоод, газар өвдөглөж толгойгоо барин гаслан уухилтал:

- Би хаашаа ч явахгүй ээ. Чамтай хамт байх гэж ирчихээд, зөвхөн Зүрхийг чинь л аваад явахгүй. Үхэл ч намайг чамаас минь салгаж чадахгүй. Сэтгэл дотор чинь үүрд хамт байвал л болох нь тэр. Тэгэхээр энэ сүүлчийн дуслыг минь аваад, амьдралын модоо усал, хайрт минь. Чи намайг ямар их хайрладаг шиг чинь, би ч гэсэн чамдаа тийм их хайртай юм шүү дээ. Май энэ дуслыг ав...

Гүнжийн нулимс ийн шивнээд, Сэтгэлийг тэврэн энгэртээ наахад, тэр өөрийнх нь төлөө үхэж чадах тэр хайрын өмнө, яг л нялх хүүхэд шиг, үхэл хүртэл нүүр буруултал, цурхиран асгаруулах нь тэр. Зүрх харин инээж зогссон юм гэдэг, золиг чинь. Тэр муу хатсан сайрыг тэгж нуур болтлоо мэлмэрүүлэхийг нь хараад, уртаа гэгч нь сайхан санаа алдсанаа мөрөө үл мэдэг хавчаад, амандаа ингэж бувтнасан юм гэнэ лээ.

- Амьдралын мод ургах нь дээ, амрах цаг минь болж...гэж.

Тийм ээ. Яг л ингэж хэлсэн гэдэг юм даа. Тэр модны онгон нахиа яав ч худлаа ярихгүй дээ.

2012/02/09

Ален Арман “Гишүүнтэйгээ золгоё”

Зах дээр мах өнөөдөр 8000 гарчихжээ, хөөрхий. Мал сүрэг төрийн хамгаалалтанд байдаг улсад махных нь үнэ өсөлгүй яахав. Ямааныхаа ноолуурт дээр үед 34 тэрбумыг өгсөн бол одоо хониныхоо ноосонд 300 тэрбумыг өгөх нь ч зөв. Ер нь хонио уучлаад ууц тавихаа ч болих хэрэгтэй. Сайхан даа сайхан.

Ногоон цагаан хоолтон болвол ядаж биед тустай гэж байгаа шүү дээ. Ер нь мал бол монгол хүнээс үнэтэй. Хүүхдүүдэд А гепатитынх байг гэхэд ханиадны вакцин ч тарих боломжгүй мөртлөө нөгөө шүлхийн вакцинаар бол бүх салаа туурайтанг бүрэн хангасан гэж байгаа юм шүү дээ. Ашгүй дээ, хөөрхий муу мал минь хэдэн мянган жил маниусыг тэжээх вэ. Одоо л нэг амрах цаг нь ирж. За тэр худаг ус, хашаа хороо яахав. Малгай цас оронгуут л нэг боодол лаа, нэг боодол өвс заавал аваачиж өгөх энэ тэр асуудлыг бол бүүр тоож яриад яах юм бэ. Асуудал ойлгомжтой.

Тэгээд бодлоо. Энэ цагаан сараар махан бууз хийж идэх хэрэггүй. Идье гэсэн ч чадал хүрэхгүй юм чинь. Яахав төмстэй бууз, байцаатай банш бол хийх нь ойлгомжтой. Тэрнийгээ нөгөө тахиа гахайны бульоноор амталчихвал бараг л мах гэсэн үг л дээ. Гэхдээ нэгэнт монгол хүн байна даа. Бид чинь махан идэштэй. Тэгээд ч цаашдаа мах идэх нь байтугай олж үнэрлэх ч хөг өнгөрч байгаа юм чинь, ядаж сүүлчийн удаа нэг сайхан гэдэс гарч авах нь зөв.

Тийм арга ч байна.

Яаж махан бууз идэх вэ гэвэл төсвөөс төрсөн тэрбумтан дарга нар, сонгогдсон болон сонгогдох горьдлого тээж яваа, ирээдүйн их хурлын гишүүдийнхээрээ золгуут хийж, хэдэн үмх махтай бууз цохихгүй юу. Тэд чинь амьдрал сайхан байна, эдийн засаг эрс өсөж байна гэдэг юм чинь, маниусыг бодвол хэдэн хийл махан бууз худалдаад авчихтайгаа л байж таарна.

Хүн өөрөө хаалгыг нь тогшоод ороод ирж байгаа нь сонгуулийн хууль ч зөрчихгүй, бас монголын ёс юм чинь оруулахгүй байх муухай. Ороод ирсэн хойно хэдэн жигнүүр буузандаа голоо цохихгүй байлгүй дээ. Урд зүгийн хөршүүддээ маниусаас 3 дахин хямд нүүрс өгөхдөө, ганц ч үг ганхийдэггүй, хүн чанартай нөхдүүд юм чинь.

За харин нөгөө хувьсгал энэ тэр ярьдаг нөхдүүд больж үз. Цөөхөн монголчууд зүгээр л сайхан дарга нартайгаа золгуут хийгээд л явцгаая л даа. Эвтэй найртай сайхан шүү дээ. Энэ л бидний хувьд энэ цагаан сараар махтай бууз идэх маш том боломж. Бас тэд маань маниусыг ямар их өлсөж явдгийг нэг сайн хараг дээ, ядаж.
Эдийн засгаа хөгжүүлж, ижил тэгш хувиарлах гээд толгой өндийхгүй, хэдэн толгойгоо бодоод, ажил ихтэй яваа улс, бидний амьдралыг хэдий завандаа хэрхэн, яаж анзаарах билээ.

Гишүүнтэйгээ золгоё оо хө, гээд л яваад орчих. Далимд нь малаа 100 саяд хүргээд, Гиннесийн номонд бүртгүүлчихвэл бас аятайхан юм биш үү.

За сайхан шинэлээрэй.

2010/02/10

Tuesday, January 10, 2012

Ален Арман "Уучлал битгий гуй, хонгор минь"

Надаас уучлал битгий гуй, хонгор минь
Нартад энэнээс долоон дор юм зөндөө бий.
Зүс бие төгөлдөр залуухан бүсгүйг
Зүгээр л хараад өнгөрөх эр үгүйм чинь
Өөрийгөөн зүхэж,өршөөл битгий гуй амраг минь
Өнгө, мөнгөний хорвоод энэ юу ч биш
Тормолзсон танхилхан янаг бүсгүйг
Тэвэртээн багтаах зайгүй эр үгүйм чинь
Уучлал гуйн өвдөг бүү сөхөр, хайрт минь
Увайгүй орчлонд өдий хүртэл юу эс үзэв
Уяхан урьхан чам шиг бүсгүйг
Уургалахыг хүсэхгүй эр үгүйм чинь
Нулимс унаган нүглээн бүү наманчил амраг минь
Нүүдлийн шувуу хүртэл нуурандаа эргээд ирдгийм
Үүлэн борооны мананд хайр дурлалаа гээчихээгүй бол
Үнэндээ надаас уучлал гуйхын хэрэг юун
Зүрх сэтгэлийг чинь л тэр хулгайлчихаагүй бол
Зүгээр дээ, Надаас битгий уучлал гуй хайрт минь

2005/07/11

Friday, September 2, 2011

Ален Арман “Диваажингийн зүрхэнд Там байдаг”


Диваажингийн хүний зүрх өвдөж гэнэ гэж шувууд үүрийн бүдэг гэгээ Тэнгэрийн хормойноос үл мэдэг манхайхтай зэрэгцэн сандралдан шулганалдаж эхлэв. Цочирдсон Дэлхий эргэхээ мартсанаас, Сар яахаа мэдэхгүй бас л байрандаа зогтусаж...Нар хиртэж, хар бараан өнгөнд булуулсан амьдрал зогсох шиг болж, ертөнцийн төгсгөлөөс эмээсэн, амьтан бүгд орох байх газраа олж ядан, хөл толгойгоо олохгүй үймэн бужигналдаж эхлэв.
- Чөтгөр гэж...Хэн, хаанаас юу олж дуулаад, хорвоогийн амар амгаланг эвдэн бусниулна вэ? гээд, сүүлийн тэрбум жаран нэг ч олигтой дугхийж үзээгүй ч худал унтсан дүр эсгэн хэвтэж байдаг, бас үргэлж л уурлаж бухимдаж явдаг Тэнгэр дэрлэж хэвтсэн гурван солироо шагай мэт няслаж хаятал, тэр гурвын нэг нь Диваажингийн хүний тухай бодон шаналсан Дэлхий дээр, нөгөөх нь угийн хүйтэн цустай юм болохоор үргэлж л хөдөлж байж гэмээ нь сая бие нь бүлээцдэг, өдийг хүртэл ингэж удаан хөдлөлгүй хөших нь байтугай түр ч атугай амсхийж ч үзээгүйгээс, эрүү ам нь тачигнатал чичирч зогссон Сарыг, үлдсэн нь харин хэрэгт дурлан тэр хоёрыг сэмхэн ажиглаж байсан Нарыг онож бөөн гал, утаа униар болох нь тэр.
- Хараал ид гэж...
Тэнгэр огцом хайхрамжгүй байдлаасаа болж, түгшиж бачимдсан түмэн амьтныг бүр ч түйвээгээд хаясандаа гэмшсэн үү, дагзаа нэг маажсанаа гэмгүй царайлан ийн амандаа бувтнаад, өөрөөс нь өршөөл эрж, ертөнцийн хөндийгөөр цуурайтах уйлан гаслах дууг дарахын тулд хүссэн хүсээгүй, хүү Диваажингийн хүний гэрт нь очихоос өөр замгүй боллоо.
Уйлан шаналж гасласан дуу Тэнгэрт яг л тэртээ тэрбум жарны өмнө дунд дүү Бурхан нь бага дүү Чөтгөрийг зоддог байсан гашуун түүхийг нэхэн сануулдаг учир тэр нулимс чимээгүй урсах анирыг ч тэсэж үл төвдөн, чихээ даран, өөрөө ч мэдэлгүй уурлаж уцаарладаг. Тэнгэр ингэж бусдад ярьдаг ч үнэн хэрэгтээ тэс өөр учиртайг түүнээс өөр хэн ч мэдэхгүй.
Уйлах дууг гагц түүний хүү Диваажингийн хүн л намжаах эрдэм чадалтай.
Хаалгыг тогших гэж гараа явуулснаа хэзээ эцэг нь хүүгийнхээ гэрт зөвшөөрөл авч ордог байлаа гэж бодоод, шууд л түлхээд орчихов. Мөнхийн модны хөндийд илүү дутуу юмгүй, элбэг сайхан нүдэнд дулаахан тохижуулсан умгар ч гэлээ уужуухан, амарч хэвтэхэд, хөл нуруу тулаад байхааргүй энэ өрөөнд Тэнгэр Диваажингийн хүнийг төрөхөд нь өлгийдөн авсан билээ. Байдал яг л тэр хэвээрээ. Гэхдээ нэг л зүйл дутаад байх шиг. Хөвдөн орон дээр үргэлж инээмсэглэж явдаг Диваажингийн хүний нүүр үхсэн хүнийх шиг цонхийн хэвтэнэ. Аан энэ золиг чинь инээмсэглэхгүй байгаа юм байна шүү дээ. Тэгээд л нэг юм үгүйлэгдээд байсан юм байна шүү гэж бодсон Тэнгэр орных нь хөлөн дээр өнцөгдөн суугаад:
- Хүү минь чи зүгээр үү? гэж асуув.
Диваажингийн хүн үл мэдэг мушийхаа аядан өндийх гэж оролдсоноо цээжээ даран ёолоод, амьсгаадан:
- Эцэг минь таньд хэлж чадаагүй өдийг хүрсэнд уучлаарай. Бүр бага байхаас л зүрх минь өвддөг байсан юм. Би таньд хэлж сэтгэлийг тань чилээгээд яахав гээд юу ч болоогүй мэт царайлж явсаар ийм болчихлоо...гэж энэ бүхэнд өөрөө л буруутай юм шиг гэмшингүй бувтнав.
Тэнгэр хөмсгөө зангидан санаа алдаад, гараа учир зүггүй түчигнэх Диваажингийн хүний зүрхэн дээрээ тавиад:
- Энэ чиний буруу биш ээ.
Диваажингийн хүн учрыг ойлгоогүй тул юу гэхээ мэдэхгүй, түүн лүү асуусан янзтай ширтэв.
- Хүү минь...Би чамайг анх бүтээхдээ л бусдын шаналал зовлон, нус нулимсыг үгүй хийхийн тулд зүрхийг чинь тэр хүмүүсийн энэлэл, эмтрэл, эцэс төгсгөлгүй шунал тачаал, хорсол бухмдал, хараал зүхлийг шингээх сав болгочихсон юмаа. Тэнэг хөгшин миний л буруу...
гэж Тэнгэр өөрөө өөртэйгээ ярьж байгаа юм шиг шал ширтэн өгүүлснээ, өвчиндөө шаналан ярвайх хүүгийнхээ хүйтэн хөлстэй духыг нь илээд, гэнэт шийдсэн янзтай ухасхийн босож:
- Тэгэхээр байна шүү. Ерөөсөө энэ ертөнцийн хүмүүст өөрсдөд нь тэр тамыг нь өгчихье...Тэд нар яаж шаналж зовох нь надад ямар хамаа байна. Хүү минь өвдөж зовохгүй бол болох нь тэр...Аль дээр л ингэдэг байж...гэлээ.
Диваажингийн хүн гайхсан янзтай эцэг рүүгээ хараад:
- Эцэг минь та тэдний дууг хүлцдэггүй шүү дээ...Би яах вэ? Таныг шаналж уурлахад энэ ертөнц яаж тэсэх билээ?
- Чөтгөр алгад...Хэрэв Бурхан байгаагүй бол би Чөтгөрт энэ тамыг бүгдийг нь өгчих байсан юм...
- Эцэг минь тэгвэл хөөрхий Чөтгөр ахын зүрх минийхээс ч илүү их өвддөг байхдаа...
- Үгүй дээ. Тэр чинь угийн ийм юмнаас л таашаал авдаг золиг...Харин чи бол тэдний өмнөөс шаналдаг. Ялгаа нь үүндээ л байгаа юм. Гэтэл Бурхан тамыг хүртэл Чөтгөрт өгч болохгүй. Тэр илүү их баярлах тусам бүр их хүчтэй болж хүмүүс бид хоёр итгэхээ больж, тэгээд л орчлон оршин тогтнохгүй гэж ятгаад байхаар нь л би Дагина эхээс чинь зөрж, чиний зүрхийг там болгосн юмаа...Ээ тэнэг толгой...
Диваажингийн хүний нүдэнд нулимс цийлэгнэв.
- Тэгэхээр ээж надад хайргүйдээ биш хайртайдаа л орхиж явсан байх нь ээ?
Тэнгэр буцаж орон дээр нь сандайлан суугаад гарыг нь атгаж, уруулаа хазан:
- Тиймээ хүү минь тэр чамд маш их хайртай. Тэгээд чамайг бусдын өмнөөс хэрхэн зовж шаналахыг харж тэсэхгүй гээд биднийг орхисон юм.
- Би түүнтэй хэзээ нэгэн цагт уулзах болов уу?
Тэнгэрийн нүүрэнд зөрүүдлэхэд нь илэрдэг аянга цахилгаан цахилж:
- Үгүй...Өөр олон юм надаас битгий асуу. Чи өөрөө шийд нэг бол энэ тамыг хүмүүст өгье. Үгүй бол ингээд л хэвтэж байхаас яахав...Ямар уух эм тан гэж байх биш...Би ч гэсэн энд ингээд л, хий дэмий чамайг худлаа хараад л сууж байхаас...хэмээн хөндий хахир дуугарлаа.
Диваажингийн хүн Тэнгэрийн гарыг чанга атгаад, сэтгэл догдлон харж:
- Та түүнд одоо хүртэл хайртай хэвээрээ юм байна шүү дээ...
- Үгүй ээ...За за өвдөж байж, битгий олон юм яриад бай. Сайхан амраад ав...
- Та ээжтэй очиж уулз л даа...Тэр бас таньд хайртай хэвээрээ байгаа даа...Эсвэл хоёулаа хамт очъё...
Тэнгэр хар шуурга босгон өндийгөөд:
- Хэзээ ч үгүй...Үхэж байсан ч үгүй. Харамсалтай нь үхэж чадахгүй юм даа...
- Яагаад? Аав аа...
- Намайг эцэг гэж дууд...Тийм хайр байдаг юм гэж үү? Тэр эх чинь очиж очиж ганц хүүгийн минь зүрхийг там болгохыг ятгасан Бурхантай нялуурч байгаа...
- Тийм гэж үү?
- ....
- Энэ өвдөлт өдөр ирэх бүр л нэмэгдээд байх юм. Үүрд мөнх ийм байх уу?
- Бурхан тэр юу юм бэ? Юу ч бүтээгээгүй. Тэр зөвхөн амалдаг. Хүмүүст жаргалыг л амалдаг. Гэтэл бид хоёр тэднийг жаргаах хамаг гол ажлыг бие сэтгэлээ тарчлаан сэмэлж хийдэг...
- За аав аа, та биш би л өвдөж байгаа шүү дээ...
- Юуны чинь чи өвдөж байгаа гэж...Чамайг яаж өвдөж байгаа бол гэж бодохоос төрсөн өдрөөс чинь хойш нэг өдөр бүтэн нойртой хоносонгүй. Өдөр шөнөгүй, өөрөө тамд унасан юм шиг өвдөж тарчилж, уурлаж уцаарлаж явна...
Диваажингийн хүн арайхийн босоод, аавынхаа ардаас инээмсэглэн тэврэхэд, Тэнгэрийн бие сулхан чичигнэж, дотроо уйлж байгаа нь мэдрэгдлээ.
- Аав аа та уйлж байна...
- Намайг эцэг гэж дууд гэсэн байхаа...Тэгээд ч би уйлаагүй...
- Аав аа битгий муухай аашлаад бай л даа. Хүүгийнх нь өвдөлт намдаж байна...Та яагаад уйлах дуу байтугай нулимс урсах чимээнд ч дургүйг хүү нь сая л ойлголоо...
- ....
- Та минь өөрөө үргэлж уйлж явдаг болохоор тэр чимээг үзэн яддаг юм байна шүү дээ...
Тэнгэр юу ч хэлэлгүй эргэж, жоохон хүүхэд шиг эхэр татан чичигнэж, хүүгийнхээ мөрөнд нүүрээ наан мэгшиж эхлэх нь тэр...Энэ мөчид орчлонгийн бүх зүйл эгэл хэвэндээ зохисож, дэлхийд намуухан бороо шивэрч, хүн амьтан айж түгшихгүй амар амгалан болох нь тэр...
2011/08/19

Wednesday, July 13, 2011

Ален Арман “Би дайнд дургүй”

Баатар хөвгүүн мангасыг дарж үзэсгэлэнт гүнжийг авраад, ард олноо амар сайхан жаргуулжээ... Энэ бол нялх балчир байхдаа сонсож бас уншиж байсан ихэнхи үлгэрт гардаг үйл явдал. Тэгээд тэдэн шиг мундаг хүн болох юмсан гэж мөрөөддөгсөн.

Хүн гэдэг амьтан анх бусдын хоол байсан ч, хожим нь хүчээ нэгтгэн сүрэглэн явж, мод чулуу атган, морь нохойг сурган байж, араатны хоол нь биш харин ангууч нь болсон.

Хүүхэд байхдаа би үеийнхээ хөвгүүдтэй байлдаж тоглодог байлаа. Ер нь буу, сэлэм эргүүлэн тоглож үзээгүй эрэгтэй хүүхэд гэж байхгүй биз дээ. Нэг нэгнийгээ аймхайгаар нь дуудан байж, нүүр гараа хөх няц болгон, шалбалж гэмтээх бол энүүхэнд. Гэвч хулчгар бишээ харуулах гэж шалбархайгаа нэг долоочихоод, бусдыгаа уриалан “дайснуудтай тулалддагсан”. Байрны юм уу, ангийн охидууд харж байвал, тэдний бахадсан ч юм уу, айсан дууг сонссон бол бүр өнгөрөө.

Арай том болоод, бокс, кёкушинкай карате гэх мэтээр дугуйлан секцэнд явж, дайн байлдаантай кино үзэх дуртай болсон. Одоо ч хааяа хүч сорьсон тэмцээн сонирхож, түүхэн юм уу, тулаантай кино шимтэн үздэг. Гэхдээ би ясны яахаас ч буцахгүй алуурчин шиг цусанд дуртайдаа биш, оюун ухааны минь тэртээ харанхуй буланд түлхүүрийг нь аль дээр гээчихсэн торонд хашигдсан зэрлэг адгуусны, хэн нэгний цусыг урсган амьдралыг нь таслан байж, ялан дийлэхийн баяр бахдалыг амталдаг нэг тийм амьтны зөн совингоо бүүр түүрхэн эргэн санагалзаж байгаа царай нь тэр биз гэж боддог.

Зүгээр хараад суух амар бөгөөд аюулгүй. Хэн нэгэн миний өмнөөс хөгийн новшийг үхтэл нь балбаж, эрх чөлөө, итгэл үнэмшлийнхээ төлөө эцсийн амьсгалаа зориулахыг харах юу нь муухай гэж. Миний хэлэх дуртай үг, бид ямар хүй нэгдэл, хүннүгийн үед амьдарч байгаа биш, энэ чинь 21-р зуун шүү дээ.

Эхлээд хоолоо олж идэхийн тулд, дараа нь хүний хоолыг булаахын тулд, сүүлд нь бусдыгаа хооллож байгаагаа харуулахын тулд хүмүүс бие биентэй зодолдох байтугай улс гүрнүүд бие биентэйгээ дайтдаг.

Учир нь Бид Бурхан байхыг хүсдэг. Амжилт, алдар хүндийн оргил руу өгсөх тусам бусдын амь амьдралыг өөрийнхөө өчүүхэн нэр хүндийг гутаасны төлөө цааш нь харуулах бол юу ч биш. Гэмгүй хүнийг алсан алуурчин, түүнийг цаазаар авч байгаа төр ч адилхан. Эсрэгээрээ хүн аллаа гэж төр нь шагнадаг тийм үе байдаг.
Дайн тулааны үед л дээ. Тийм үед ийм алуурчдыг өөрсдөө хүсээгүй байхад нь л мянга мянгаар нь үйлдвэрлэнэ. Май чи энэ сэлмээр тэрнийг цавч, энэ буугаар түүнийг бууд гэж, юугаа ч мэдэхгүй үлгэр уншиж, кино л үзэж, дайнд эр хүн эрэлхэг гавъяа байгуулдаг гэдэгт итгэсэн сая сая хөвгүүдийг үхлийн өөдөөс өчүүхэн ч болов эмзэглэлгүй илгээнэ.
Тэгээд өөрсдөө ялвал яах уу, ялагдвал яах уу, тэнцвэл тэгнэ, энэ тэр гэчихсэн, яг л одооны жаалууд “писи”-д бөөнөөрөө байлдаантай тоглоом тоглож байгаа юм шиг инээж хөхрөлдөн, харааж зүхэн, тэр буланд хэдэн зуун мянга үхчихлээ, өө хулгайч одоо яах уу ч гэх шиг, эсвэл П... минь чи наад хэдээ наанаа хаяад өөр газар очооч ч гэх шиг...Аймшигтай.
Аль ч Армийн жанжин штабт ийм л яриа болж байдаг юм. Өнөөгийн “писи”-ний өрөөнд бужигналдаж байгаа хүүхдүүд ч өөрсдийг нь Бурхан гэж бодогдуулдаг учраас ийм тоглоомонд шунаж бүр сүүлдээ мэдрэл нь мууддаг. Тээр дээр ч цусанд шунасан нөхдүүд яг л ийм байдаг юм даа.

Тэгэхдээ тоглоом тоглож байгаа бацаануудаас нэг ялгагдах юм нь, үхсэнийх нь ар гэрт нэг эмгэнэл, төмөр зүүлт өгнө. Хүү чинь эрэлхэгээр тулалдсан гэхээ мартахгүй ээ...Ичих ч үгүй. Ээж ээ гээд үхэж байгаа амьтан ямар юмных нь эрэлхэгээр тулалдах вэ дээ?

Яг үнэндээ дайнд хэзээ ч кинон дээр гардаг шиг сүрлэг ая эгшиглэдэггүй юм, дүү нар минь. Бас үхэж байхдаа чи юуг ч бодож, хайртай ээж, дурлалт бүсгүйгээ ч санаж амжихгүй. Зөвхөн цус, нулимс, тарчлаан, орилоон, айдас, амьд үлдэхийн хүслэнд л живнэ. Амьдрал там байсныг чи сая л ухаарна. Юуны төлөө тулалдаж байгаагаа, ямарч буруугүй, танихгүй, өөр шигээ адилхан л ээжийн хүүг юуны учир алах ёстойгоо чи ойлгохгүй.

Амсхийх зуураа бүгд энэ тухай боддог ч, ахиад л байлдаж эхлэхэд мартахаас өөр аргагүй. Учир нь ихэнхи хүн эх орныхоо төлөө ч юм уу, эрэлхэг зоригтойгоо харуулахын тулд биш, харин амьд үлдэхийн тулд эсвэл аргаа бараад тулалддаг юм.
Үгүй бол чамайг урвагч гэнэ. Хүүхэд байх үеийнх шиг чинь зүгээр нэг шоолоод өнгөрөхгүй. Тойрч зогсоод, дүүжлүүрт санжигнуулж, урвагчийг хар даа гэж, хүүхдүүдэд үзүүлэн болгоно. Жоохон ухаан муутай бол аав чинь ч чамайг үзэн ядна. Эсвэл гутарч амиа хорлоно.

Тэгэхгүйн тулд чи тулалдаж, гэмгүй хүнийг, хэний төлөө юуны учир хороож байгаагаа ч тунгаах хэрэггүй, зөвхөн гохоо дарж, өмнөөс чинь гарч ирсэн тэр нэгэн хүнийг өөдгүй новш, энэ бүхний буруутан гэж цааш нь харуулахаас өөр замгүй. Тэр хүн болсон нь, бас энд чиний өмнөөс буу бариад ирсэн нь, дээр нь чамайг ийм тамд унагасны буруутан. Өөр хэн ч биш. Хүн хүнээ алдаг нь хүн болж төрснийх нь буруу. Ингэж л өөрийгөө тайтгаруулахаас өөр замгүй. Тэр үедээ чи соёл иргэншилтэй хүн, үхдэл булаацалдсан цөөвөр хоёр ямар ч ялгаагүйг ойлгоно.

Тиймээ харамсалтай нь дайн бол соёлын салшгүй бөгөөд хамгийн том үзүүлэлт. Учир нь бид хамгийн анх зэвсэг хийж сурсан. Түүнийгээ ашиглан амиа хамгаалах төдийгүй, амьтан агнаж махыг нь идэж, өвсөн биш холимог тэжээлтэн болсон. Дээр нь ухаан нь задарсан гэж байгаа. Ээ хөөрхий хамгийн сүүлд тэр зэвсгээсээ болж сөнөх биз дээ. Дэлхий дулаарч юм уу хөлдөж, харь гаригийнхан ч юм уу хаа нэг газраас сүүлт од ирж мөргөтөл...Хүн ганцхан хүнийг хормыг дотор амилуулж чадахгүй байтлаа сая сая хүнийг хормын дотор сөнөөх зэвсэг бүтээсэн нь нотлох баримт нь. Уг нь цус алдалт юм уу, задарсан салсан биеийн хэсгүүдийг хормын нийлүүлэх технологи бий болвол дэлхий дээр жам бус үхэл байхгүй болно гэж эрдэмтэд нотолдог. Дахиад л санаа алдая.

Бид техник биш биднийг зөвхөн шал угаалгах гэж угсардаггүй, программчилдаггүй бөгөөд сэтгэл зүрх маань биш юмаа гэхэд, сэмхэн нуугдсан бусдыг ялан дийлэхийн ид бахыг амтлах туйлын хүслэн, том жижиг гэлтгүй бүх л амьтанд байдаг хойно санаа алдахаас өөр яалтай ч билээ. Гэхдээ...

Цагийн дотор цаасан дээр гэрээ байгуулж, гарын үсэг зурахын тулд сая сая хүн үхэх ёстой юм бол бидэнд соёл иргэншил ямар хэрэгтэй юм бэ? Зүгээр л зэрлэг чигээрээ алалцаад, агуйдаа хэвтэж байвал барав биш үү?

Намайг эх хүн л ойлгоно. Хэсэгхэн тасархай овоолсон мах болгохын тулд тэд үр хүүхдээ баярлаж гуниглан, зовж шаналан, ядарч зүдрэн, хайрлаж харамлан байж тээж төрүүлэн, өсгөж өндийлгөдөггүй юм. Харин эрэгчингүүд ойлгохгүй. Тэд ямар Хүнийг бий болгох шидтэй Бурхад биш. Харин алж чадна. Тиймээ би дайнд дургүй. Бүр түүнийг үзэн яддаг.

2011/07/13

Sunday, June 19, 2011

Ален Арман “Амьдарна гэдэг сэтгэнэ гэсэн үг”

/Vivere est cogitare/

Тийм ээ хонгор минь, чиний зөв. Амьдарна гэдэг сэтгэнэ гэсэн үг. Вольтер ингэж хэлдэг байсан юм гэл үү? Тэр өөрийнх нь мэндэлсэн тэр өдрөөс яг 315 жилийн дараа намайг нэг хүн загнана гэж мэдээгүй байх даа. Нэг хүн ч юу байхав. Нэг бүсгүй. Тэр боловсролтой, чадалтай, хэд хэдэн хэлтэй /тэр англи герман оросоор тэднээс огт ялгагдахгүй ярьдаг ч шар арьс нь цагаан болоогүй л юм даа/, устай /мартахаа шахаж тэднийх зуслангийн хашаандаа зөвхөн тэднийхэн л хэрэглэдэг гүний худагтай/, удам угсаа сайтай гэр бүлээс гаралтай /аав ээж нь тэгж ярьдаг/ тийм л бүсгүй. Тийм мундаг удам угсаа нь өвөөгөөс нь цааш нэр усгүй бол би өөрөөсөө дээш 15 өвгөө мэднэ. Тэд юу хийж явсныг нь, ямар түүхтэйг нь хүртэл мэднэ. Тэгсэн мөрт би хүмүүсийг дуурайж удам ярих дургүй.

За орхиё. Тэгсэн түүнд гэр орноо цэвэрлэж, аяга таваг, шалаа угааж, хогоо асган, хоол хийж, хүүхдээ асарч гэртээ суудаг эр хүн таалагддаггүй юм гэнэ. Тэгээд надаас асуусан чи өөрөөсөө ичихгүй байна уу гэж...
- Юунд ичих юм бэ?

Би яг зам хөндөлдөн зогссон бухан бяруу шиг духайн хараад ингэж асуусан. Түүний хэлснээр эр хүн гэр орноо цэвэрлэх биш гэр орноо авч явах ёстой юм гэнэ? Аймаар бас залхуутай юм. Тэгээд л малчин монгол гээд л нааш цааш нүүгээд байх хэрэг үү? Чингисийн үед байсан бол хамаа алга, тэр үед газар нутаг бэлчээрээ тэлэх ёстой.
Үгүй юм гэнэ. Авч явна гэдэг өөр утгатай юм байх. Юм хумаар дутаахгүй байлгахыг хэлдэг гэнэ.

Гайхлаа. Би түүнийг тэрбум тэрбум хүмүүсийн уйлан хайлан нулимсаа цувуулан, шүлсээ савируулан байж хайдаг хайраар уг нь дутаагаагүй юмсан. Тэгэхээр хоргодох байшин, хөл мөрөндөө углах бас чихний нүх болон хумсаа будсан хуруунд углах есөн жорын төмөр болон түрийвчин дотор багсайсан цааснууд хайраас үнэтэй юм байлгүй дээ.

Бүхэл бүтэн Монгол улсад нисдэг, шинэ 2 нисдэг тэрэг бэлэглэе гэж даналзсан Өвөрмонгол эрд анхны хайр нь бас ингэж хэлсэн юм гэнэ лээ. Эр хүн эхнэрээ тэжээх мөнгөтэй байх ёстой. Тийм учир би чамтай суухгүй гэж. Хөөрхий тэр үед хармаа нь хов хоосон байж. Надтай нэг тааралдахдаа энэ түүхээ ярьж өгсөн юм.
Харин өнөөдөр тэр авгай юу бодож суугаа бол. Эхнэрээ тэжээх мөнгөтэй нөхөр нь түүнийг хайрлаж байгаа болов уу? Инээдтэй ч юм даа.

Гадаадад гарч, хятад биш дээр нь хятадтай хамгийн их харшилтай монгол мөртлөө хятадаараа дуудуулан аяга таваг угаах, гэртээ ажилгүй тэнэгээрээ дуудуулан байж алив өвгөн нь угаая гээд угаах хоёр юуны ялгаа. Аяга угаахын төлөө заавал далай тэнгис дээгүүр нисэх хэрэгтэй гэж үү? Миний ухаан хүрэхгүй байна. Бас би нисэхээс айдаг. Хэт өндөрт нисэж яваад унавал яана. Аймаар өвдөнө дөө, үхдэггүй юмаа гэхэд.
За тэгээд түүний хэлснээр гэр бүлээ баян цатгалан амьдруулах ёстой юм гэнэ. Өлсгөөгүй дээ. Уг нь жоохон мацаг барьсан бол өөрт нь л хэрэгтэй байхсан. Байнга л турна гэж үглэж мөнгө, цаг, “нервээ” үрж явдаг амьтан.

Идэх хоолны тухайд гэвэл магадгүй би социализмын үед хүмүүжсэн бас ах дүүс олуулаа өссөн. Аяга будаа, зүсэм талхаа дараачийн нэгнээ өлсөж байгаа гээд өөрөө гэдэс хэр дундуурхан хонхолзох мөрт идэлгүй үлдээдэг учраас таргалж ч бас баяжиж ч чаддаггүй юмаа гэж.
Бас нэгхэн гарын үсэг энэ цаасан дээр зуруулаад өгвөл 4 өрөө байр бас унаж яваа жипээ өгье гэсэн хүнийг өрөөнөөсөө хөөгөөд гаргаж байсан учраас баяжиж чадаагүй. Өвөг дээдэс минь энэ газар шорооны төлөө цусаа урсгаж явсан юм. Намайг тэрнийг нь зараад жип унаж, хаузанд амьдраг гэж бодоогүй нь лав.
Хайргүй мөртлөө нүдээ анин “сексдэж”, хэн нэгний зүрх бас амьдралыг няц гишгэж, хохь чинь хэн та нараас гуйсан юм гэж хожим нь хөл дээрээ тогтсоныхоо дараа хог шаар шиг загнахгүйн тулд, хөөрхийсийг доромжлохгүйн тулд би баяжих боломжоо орхиж байсан.

Бусдын амьдралыг сүйтгэж байж баяждаг. Би тэгэхийг хүсээгүй ээ.
Дээр нь тэнэг ч гэсэн хэдэн ном уншсан юм. Одоо ч олдвол уншиж байдаг. Амьдралын утга учир бол ертөнцийн жамыг танин мэдэж, түүнийг ухаарч, хэнд ч гомдоллохгүй, хэнээс ч илүүг хүсэхгүй, чадлынхаа хирээр бусдад гэрэл гэгээг бэлэглэх юм гэдгийг ойлгосон бас ойлгосондоо баярласан.

Он цагийн түчигнээн дунд олж уншиж чадсан хэн нэгний төлөө амиа өгөхөөс ч үл эмээн үхэл амьдралын төлөөх тулалдаанд орохын өмнө эгнэн жагссан цэргүүд шиг олон олон номны мөр дундаас, тэр цэргүүдийг эргэж ирэхийг нь хүлээж харуулдан суугаа энхрий залуу бүсгүйн дуу хоолой шиг ийм л сайхан ухаарлыг олсон л юм даа...

Тэнгэр, Бурхдын нэрийг бузарлаж шавь нь гэж өөрсдийгөө ичих ч үгүй нэрлэх лам, бөө сэтэртэн хохимой толгойтнууд хойд насандаа тамд ч унахаас үл айна. Тэд булан тохой болгонд яг л жоом, бясаа шиг үүрлэжээ. Нөгөө хэд нь өөрсдөө тэднийг өсгөж өндийлгөөд тэжээгээд байх юм. Сонирхолтой нь, намайг аяга хоол ид гэж гэртээ урихгүй мөрт надаас дор төвд, санскриттай нөхрийг сар болгон шахуу дайлж цайлна. Нөгөөх нь гүсүнтүгийн мандал, сандуйн жүд, ногоон дарь эх 3-ыг хольж хутган бувтнана. Тэгээд бас л нэг юмыг ойлгосон. Би хүний амь амьдралыг үргэлж өөрийнхөөс илүүд үнэлж дээдэлж явдаг учир тэдэн шиг хүн луйвардаж чадахгүй. Тэгэхээр баяжихгүй юм байна. Энэ төрөлдөө лав.
Бурхан багш, би бурхан бишээ гэж хэлдэг байсан юм гэнэ лээ. Христ хүртэл Мухаммед ч гэсэн тэгж л хэлдэг байсан. Харин тэдний залгамжлагч нар нь, маань залбирлаас өгсүүлээд, сүм дуган, туг далбаа, бүрээ бишгүүр бас өргөл барьцыг хүртэл марталгүй бий болгосон. “Артхашастра” дээр бил үү “Махабхаратад” бил үү ямарч байсан тэр үеийн эх сурвалжууд дээр ийн тэмдэглэсэн байдаг.
Би л лав бурхан тэнгэрийн өмнөөс чиний нүглийг арилгалаа гэж сүнсээ хүртэл тамд унаган, худлын худал бүр гутамшигийн туйл болж “буян үйлдэх тэнгэр бурханы шавь” бишээ.

Хов хоосон, байгаа нь байхгүй мэт, байхгүй нь байгаа мэт энэ ертөнцөд эцсийн дүндээ амьдрал залгуулах гэж л идэж уух ёстой юм шүү дээ, хүн бид.
За орхиё. Тэгээд бодлоо эр хүний ажил гэж юу вэ? Нөгөө юу яах уу? Үгүй дээ тэрнийг чинь хоёулаа л хийдэг. Тэгээд ч нэр нь эр эмийн ажил. Хамгийн инээдтэй нь амьтан дур ханахын тулд биш үр удмаа үлдээх гэж л “сексддэг”.

Хүн - Сээр нуруутан, хөхтөний аймаг, сүүн тэжээлтэн мөн байхаа. Үгүй бил үү?
Би буруу уншсан юм болов уу? Миний толгой ажиллахгүй байна. Тэнгэр өршөөг. Гомдол болон бухимдал цайрав.

2010/08/05