Sunday, November 23, 2008

/үргэлжлэл, түрүүч нь ангийн блог дээр/

Номын бүлэг: “Та биднийг юу хүлээж байгаа вэ?”

Дэд сэдэв: “Гэр бүл, гэрлэлт

Та анзаарсан бол дэлхийн аль ч улс орнууд гэр бүлийг дэмжих жил, залуу гэр бүлийн амьжиргааг дээшлүүлэх гэх мэт зорилт тавьдаг, ямар ч чиг баримжаатай нам эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөртөө энэ талаар олон амлалт оруулдаг. Эсбөгөөс /саяхан оросын нтв телевизээр цацаж байсан даа/ гэр бүлтэй хүн, ганц бие хүнээс 7 жилээр урт насалдаг гэх мэтийн аймаар реклам цацаж, гэр бүлгүй /уг нь хувь хүний эрхийн асуудал баймаар/ хүн бол хүн биш гэсэн нийгмийн нэгэн итгэл үнэмшилийг бий болгодог. Хамгийн инээдэмтэй нь энэ итгэл үнэмшил нь өөрөө явсаар байгаад ижил хүйстэн буюу аль ч шашин, ямар ч бурханы номлолд хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй ёс бус донтонгууд хүртэл албан ёсоор /АНУ-ын Калифорни муж, Голланд улс гэх мэт/ гэрлэж хуримаа хийдэг өрөвдөм хэв маягыг та биднээр хүртэл хүлээн зөвшөөрүүлэх нь. Уг нь цахилгаан соронзон долгион хүртэл (+) ба (-) цэнэгтэй, наад захын ялаа хүртэл эр эм байх юм даа гэж бодохоор. Гэвч жалга довны итгэл үнэмшилд баригдалгүй, их л уужим сэтгэх гэж хичээвэл, дэлхий дээр үүссэн анхны амьд биет болох хар ногоон замаг /2,5-3 тэрбум жилийн өмнө үүссэн/ эсийн хуваагдлаар үрждэг /одоо ч ингэж үрждэг эст амьтад тоо томшгүй бий/, улбаалаад Христийн номлолд Еваг Адамын хавиргаар бүтээдэг, цаашлаад Бурхан багшийн сургааль болон холбогдох домог зүйд Бурхан эр эм хоёр хүний дүрсийг шавраар бүтээгээд мөнхийн рашаанд явдаг гэж хүртэл гардаг. Тэгэхээр Христийн номлол ёсоор Ертөнцийн эзэн эхлээд эрэгтэйг нь бүтээчихээд дараа нь тэрнийхээ нэг хавиргыг сугалж аван өөрийн мэддэг чаддагаараа /одоогийнхоор бол тусгай лабораторид/ эмэгтэй хүн болгон ургуулжээ. Харин Буддын сургаалиар бол Бурхан /Гэхдээ Сиддхарт Гаутам биш шүү/ нэг л газраас авсан нэг л төрлийн шавраар /мэдээж хэрэг нэг түмпэнд л зуурсан байж таарна/ эрэгтэй эмэгтэй хоёрыг бүтээсэн байна. Үгүй бол энэ домгуудад эрийг нь ертөнцийн урд зүгээс авчирсан шороогоор, эмийг нь хойд зүгийн ертөнцөөс авчирсан шороогоор бүтээв гэж яригдах ёстой бус уу? гэх мэтчилэн нэгэн бие хоёр болон үржих процесс ямарч байж болох тухай зөндөө олон таамнал бий бөгөөд энэ домог үлгэр бүхэн одоо нэгэнт оргүй хоосон яриа биш, Английн эрдэмтэдийн гарган авсан Долли хонь болон майлж, эсийн хуваагдлын аргаар зөвхөн эд эрхтэнг ургуулах төдийгүй эрт дээр сөнөсөн динозавр, арслан заан бүр хүнийг хүртэл хувилах бололцоотой гэж яригдаж буй өнөө үед ижил хүйстнүүдийн гэрлэлтийг ёс бус гэж зарлах нь магадгүй өчүүхэн миний уншсан харсаныхаа тогоон дотор будилж яваагийн шинж биз. Нөгөө бол ирээдүйд гэр бүл гэдэг өнөөгийн ойлголт бүрмөсөн устаж, Хүн хэн юу дуртайтайгаа гэр бүл болдог /заавал эсрэг юм уу, ижил хүйстэнтэйгээ биш/ тийм санаанд багтамгүй гэрлэлтийн хэв маяг тогтоно. Яагаад гэвэл ирээдүйд та амьд амьтны амьдарч байгаа эцсийн зорилго болох үр удмаа үлдээхийн тулд заавал эсрэг хүйсний хэн нэгнийг дагаж гүйн цаг зав, мөнгө төгрөгөө үрж, сүүлд нь хамаг эрх, эрх чөлөөгөө боолгуулж, найзуудтайгаа хонуутаар уучихаад ирэхэд, харааж загнахгүй төгс төгөлдөр гэр бүлтэй байх бололцоотой. Дээр дурьдсанчлан та шинжлэх ухаан, технологийн гайхамшигт үр дүнг эдэлж, өөрийнхөө “ихэр”-ийг хэдийг бол хэдийг захиалж гарган авч болно. Та дөнгөж төрсөн хүүхдээ надтай адилхан болов уу, миний хүүхэд мөн болов уу гэж эрэгчин амьтан бүрийн хэдэн зуун сая, мянган жил түгшсэн түгшилтийг амсахгүй байх азтай нөхөр. Өөрөө өөрөөсөө “ургуулах” учир хаанаас нь ч харсан та л байна. Тэгэхээр эргэлзэж тээнэгэлзэх хэрэг огт үгүй. Ийм боломж бололцоотой болсон цаг үед /500-1000 жилийн дараа гэхэд ийм хувилах үйлчилгээ ердийн шүдний эмнэлэг шиг булан бүрд байх болно./ хүн роботтой ч юм уу, хайртай мод эсвэл хайртай амьтантайгаа гэр бүлээ батлуулдаг болоход гайхах зүйл алга. Жишээ татвал: ДОХ-оор нас бардаг “КУЙН” хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркури өөрийнхөө тэжээвэр 7 бил үү 8 мууранд 3 сая фунт стерлинг /6 сая орчим доллар/ гэрээслэн үлдээсэн. Энэ нөхөр бас нөгөө ижил хүйстэн байсныг энд сануулъя. Монголд л ийм гэрээслэл огт дуулдаагүй болохоос биш барууны улс орнуудад өөрийнхөө тэжээдэг муур нохой, загас жараахайнд хүртэл эд хөрөнгө гэрээслэн үлдээх нь ердийн үзэгдэл болоод байна. Тэр хайртай амьтанд нь зориулсан эмнэлэг, зоогийн газар, хувцас захиалга, асрагч бүр үсчин хүртэл байдаг гэвэл та итгэх үү. Хамгийн гайхамшигтай үйлчилгээг нь мартах шахлаа. Хайртай амьтнаа алдсан хүний /ихэвчлэн ганц бие хөгшчүүл/ сэтгэл дотрыг засаж саятан болсон нөхөд улс орон болгонд шахуу байна. Тэд тэр мажийчихсан амьтныг нь яг л амьд юм шиг сайхан чихмэл хийж өгдөг аж. Та энэ бүхнээс нэг зүйл олж харав уу? Хэдийгээр яг өнөөдөр хүн өөрийгөө хувилах бололцоогүй байгаа мөртлөө өөрөө үржихээсээ сайн дураараа татгалзаж, зөвхөн өөрт таалагдсан сэтгэл ханамжийг юунаас ч хамаагүй авахад л амьдралынх нь утга учир оршдог болсон аймаар цаг үед бид амьдарч байна. Жишээ дурьдвал: 2010 он гэхэд АНУ-д нийт гэр бүлийн 60 хувь нь үр хүүхэдгүй байх урьдчилсан таамнал байна. Боловсрол, амьдралын түвшин, хотжилт, шинжлэх ухаан, технологи улам боловсронгуй болж хөгжих тусам, тэр нүсэр хүнд техникийн түчигнэх чимээ, хүн төрөлхтөний хамгийн гайхамшигтай хөг аялгуу болох нялх хүүхдийн цангинан уйлах дууг няц даран булшилж байна. /үргэлжлэл бий/

No comments: