Thursday, November 27, 2008

А. Арман “Төрийн захиргаа юу, Нийтийн захиргаа юу?”

А. Арман “Төрийн захиргаа юу, Нийтийн захиргаа юу?”
...Хэн нэгний хувьд үнэт зүйл нь бусад хүний үйл ажиллагааг хязгаарласан албадлага дээр тулгуурлаж байдаг...
/John Stuart Mill, On Liberty, 130-р хуудас/
Төрийн захиргаа болон нийтийн захиргаа гэсэн 2 ойлголтын талаар ярихаасаа өмнө төрийн тухай, хүмүүс яагаад “төрийн эрхэм дээд хаанчлах эрхийг дуртай дургүй хүлээн зөвшөөрч” байдаг тухай ганц хоёр үг дурьдсуу. Эртнээс нааш хүн төрөлхтөн нийгэмших үйл явцдаа чухам 20-р зууны дунд хагас хүртэл гагцхүү эзэн боол, хаан албат, удирдагч удирдуулагч, төр иргэн /хэдийгээр тэр төрөө үзэмжийн төдий сонгодог байсан ч/ гэсэн дээрээс доош чиглэсэн босоо удирдлагатай явж иржээ.
Энд тэгш эрхийн тухай, хувь хүний эрх, эрх чөлөө төрөөс дээгүүр болох тухай сургадаг нийгмийн гэрээний онол болон, утопи социалистууд, либерал болон анархи онолыг үндэслэгчид болон цааш нь хөгжүүлсэн философичдийн хичээл зүтгэлийг дурьдалгүй өнгөрөх нь зүйд үл нийцнэ. Гэвч тэд “хэрэв тэдэнд идэх талхных нь төлөө ажиллах боол, тэднийг нь харгалзах манай цэргүүд байгаагүй бол тэд хэрхэн хэдий завандаа ертөнцийн аливаа юмс үзэгдлийн тухай бодож маргалдах нь битгий хэл, төр /сенат болон консул/ эзэн хаан гурвын хэн нь илүү эрхтэй байх талаар мэтгэлдэн чалчих зав олдох билээ”1 хэмээн Ромын Анхдугаар эзэн хаан Гай Юлий Цезарь Октавиан Август /бүтэн алдар нь Их эзэн хаан, Тэнгэрлэг Цезарийн хүү, Август, Агуу Понтифик, 13 удаагийн Консул, 21 удаа Их Эзэн хаан, 37 удаа Ардын Хурлаас Эрх авагч, Эзэнт Гүрний Эцэг/ шоолсончлон тэд өөрсдөө төрийн хамгаалалтан дор эрх чөлөөтэй байх ёстой хүмүүсийг боолчлох юм уу зарцалж, тэр завшаанаар хүн төрөлхтөний эрх, эрх чөлөөний тухай сургаалиудаа бий болгожээ.
Сая Октавиан Цезарийн бүтэн алдрыг нь зориудаар тэмдэглэв. Учир нь жирийн хүн Болдбаатарын Амарзаяа гэж дуудагдах бол, тайж язгууртан юм уу нийгмийн дээд хэсгийн хүн бол Түшээт хан аймгийн засаг ноён, чин бишрэлт ван Чахундорж гэх юм уу, одоо цагт “Эрэл”-ийн Эрдэнэбат, “Фортуна” Батбаяр хэмээн цол гуншин нь их л уртсаж ирдэг бөгөөд үүгээрээ өөрийн зэрэг дэв, хөрөнгө чинээгээ бусдыг захирах нэгэн сурталчилгааны хэрэгсэл болгодог байна. Манай сүүлийн 8-р Богд хаан бас л гиннесийн номонд орохоор урт /зөвхөн нэр нь л Агваанлувсанчойжнямбалсамбуу гэдэг байж. За тэгээд түмэн наст нарангэрэлт төрийг бадруулагч гэхчилэн үргэлжилнэ/2 цол гуншинтай байсан. 1991 оноос өмнө БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын Улс төрийн товчооны гишүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг байв. Ингэж урт “шошго”-оороо өөрсдийгөө зэвсэглэсэн төрийн эрх баригчид юуны өмнө төрийг дээдлэх, төрийг ёсчлон дагах ёс суртахууны үүргийг ард олонд тулгаж иржээ. Түүнчлэн “Төрийг хамгаалагчид түүнийг ёс суртахууны утгаараа зөв гэдгийг үзүүлэхийн тулд өөр илүү эерэг үндэслэл олно гэдэгт итгэлтэй байдаг. Энэ нь төрийг даган дээдэлж байх ёс суртахууны үүрэгтэй гэдгийг үзүүлэх явдал юм. Төр хүчин чадлаа алдах юм бол хуучин социалист орнууд задрахад тохиолдсон шиг явдал тохиолдож болно гэдгийг бид ёс суртахууны үүргээ ухамсарласан үндсэн дээр ойлгох болно.”3 Гэтэл “бидний өмнө үзсэнчлэн, хүн байгалиасаа чөлөөтэй, тэгш, бие даасан байдалтай төрдөг учраас угаасаа л хэн нэгний эрхшээлд байдаггүй гэсэн үг. Тэгэхээр төр засаг гэдэг маань зарим утгаараа хиймэл, хүний зохион бүтээсэн зүйл юм. Жон Локкийнхоор нөгөө хүн нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л хүний эрх мэдэл боломжтой. Ер нь эрх мэдлийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол өөр хүнийг эрх мэдэлтэй байхыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Гэхдээ та тухайн нөхцөл байдлыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л нөгөө хүн таниас илүү их байгаа эрхээ эдлэх болно.”4 Тэгэхээр Локкийнхоор хувь хүн төрийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л төр оршин байх, засаглах эрхтэй юм байна.Гэвч энэ бол зөвхөн сайхан онол юм. Яагаад гэвэл бидэнд та бидний өөрсдийн бодит жишээ буюу манай улсын нөхцөл байдал дээр дурьдсан бүхэн зөвхөн цаасан дээрх бичиг болох нь харагдаж байна.
Жишээ нь: МУ-ын Үндсэн хууль 2-р бүлэг. 14-р зүйлийн 1-д
- Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна.
Мөн бүлгийн 9-р зүйл
- Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхтэй.
Мөн бүлгийн 12-р зүйл
- Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.
гэж тус тус заажээ. Та бүхэн анзаарсан бол бүгд тэгш эрхтэй гэж заасан мөртлөө төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй, сонгогдох эрхтэй гэсэн мөртлөө өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх болоход төрийн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэх нь /өөрийнхөө үзэмжээр гэж хэлэхэд буруудахгүй байх/. Өөрөөр хэлвэл бид эрхийг нь сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөгөө төрийн байгууллага, албан тушаалтан бидний өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх юм байна. Зүй нь энэхүү заалт нь “Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг тэдэнтэй зөвлөлдөж, шуурхай шийдвэрлэх үүрэгтэй” гэсэн бол төрийн захиргаадалтаас, нийтийн захиргаа руу шилжих том алхам болох байсан болов уу?
Гэвч энд бас нэгэн алдаатай асуудал бий. Юу гэвэл иргэдийн улс төрийн амьдралыг сонирхох идэвхи юм. Оросын улс төр судлаач К. Б. Холдовский улс төрийн амьдралыг сонирхох сонирхолд нөлөөлдөг 3 бүлэг хүчин зүйлүүдийг үндэс болгон хүмүүсийг нийгэм улс төрийн амьдралыг сонирхож буй байдлаар нь:
1. Идэвхтэй сонирхогчид
2. Идэвхгүй сонирхогчид
3. Ерөөс огт сонирхдоггүй хүмүүс гэж ангилжээ. Ийм ангилал шалгуурыг Польшийн эрдэмтэн Ежи Вятр судалгаандаа ашиглажээ.5
Манайд сүүлийн үед энэ 3 дахь бүлгийн хэв шинж нийт ард иргэдийн дунд зонхилох болсон нь, саяхан болж өнгөрсөн, ирэх ням гаригт дахин явагдах /2008 он 11 сарын 30 нд/ орон нутгийн ИТХ-ын сонгуулиас илт харагдаж байна.
Тэгэхээр эндээс иргэд өөрсдөө төрийн эрх барилцах үүргээсээ татгалзаж байгаа юм бол яагаад төрийг өөрсдөдөө үйлчлэх ёстой гэж шахаж шаардах ёстой юм бэ? Гэсэн асуулт гарч ирнэ. Энэ нь зайлшгүй бөгөөд тэдний үндсэн хэрэгцээ учир тэдэнд төрийг эс хүндэтгэх эсвэл санал өгөх эсэх нь огт хамаагүй гагцхүү тэд өөрсдөд нь ус агаар мэт хэрэгтэй төрийн үйлчилгээг нэхэж суух нь чухал байгаа юм. Өөрөөр хэлвэл өнөөдрийн та бидний төрийн захиргаа юу, нийтийн захиргаа юу гэсэн сэдэв маань манай нийт ард иргэдийн ердийн олонхийн ухамсарт ердөө л нийгмийн халамж үйлчилгээ, цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, гэрлэлтийн мөнгө, өвөл даарахад автобус, сургуульд сурахад төлбөрийн зээл гэсэн байнгын халамжийн улс гэж л бууж байгаа юм. Уг нь Вестминстрийн буюу Шинэ Зеландын төрийн /нийтийн/ захиргааны шинэтгэлийг олон сайхан нэртэй төслүүдээр Монголд хэрэгжүүлэхдээ хэлбэрийн төдий бус, хэрхэн яаж өөрсдөө төрийн өндөрлөгт үлдэхийн тулд бус, үнэхээр шинэчлэе, бас өөрчлөн байгуулъя гэж зорьсон бол өдийд ийм өрөвдөм дүр зураг буухгүй байсан юм. Зөвхөн гадны томоохон донорын шахалтаар, зөвхөн хуулиуд баталснаар /засаж өөрчилснөөр/, зөвхөн цахим хэлбэрт шилжсэнээр, зөвхөн төр иргэддээ үйлчлэх тухай лоозогносноор төрийн захиргаа нийтийн захиргаа руу шилжихгүй юм. Энэ нь нийгмийн эд эс болсон иргэдийнх нь тархинд нийгмийн халамж авах хүсэл /бэлэнчлэх/ мөрөөдлийнх нь оронд нь гүн бат шингэсэн цагт л сая манай улс нийтийн захиргаатай болно. Бас төрийн бус байгууллагууд буюу иргэний нийгмийн гэх тодотголтой сайн дурынхны идэвхи санаачлагаар л нийтийн захиргаа хөгжин цэцэглэнэ гэвэл учир дутагдалтай. Ард иргэдийн өмнөөс хэдхэн хүн бичиг цаас чулуудаж, жагсаж цуглахдаа бус ард иргэд өөрсдөө өөрийнхөө өмнөөс явж хөөцөлддөг болсон тэр цагт төрийн захиргаанаас нийтийн захиргаа луу шилжинэ. Мөн түүнчлэн сонгуулиас сонгуулийн хооронд сонгогчидоо хэрхэн “тархийг нь угаах тухай” бодож явдаг улс төрчид, нам эвсэл, засгийн газрын зарласан “нүд хуурах төдий хэмнэлт, нүүр хуурах төдий инээмсэглэх” мөрийн хөтөлбөр, амлалтаар төрийн захиргаа нийтийн захиргаа болчихгүй юм. Гагцхүү шинэтгэлийг хийх итгэл үнэмшил, урам зориг, эрч хүч, ухаан мэргэн, ноён нуруутай лидерүүд, улстөрийн хүчнүүд байсан цагт л энэ бүхэн бололцоотой юм. Төгсгөлд нь бид санаа авууштай хоёр суутны үгийг иш татсуу.
“Ганц ажил олгогч нь төр байдаг улс оронд сөрөг хүчин байна гэдэг бол алгуурхан өлбөрч үхнэ гэсэн үг юм. Ажил хийдэггүй хүний ам хөдлөхгүй гэсэн хуучин зарчмыг, дуулгаваргүй хүн хоол идэхгүй гэсэн шинэ зарчмаар сольж байна” Оросын алдарт меньшевик Лев Тройцкий6
“Улсаа диваажин болгох ажлыг төрөөр хийлгүүлэх гэх нь төрийг улсын там болгох ажил юм” Ф. Гельдерлин



Ном зүй:
1. “Ром” Ром хотын веб сайт /Дашрамд дурьдахад мань эр 11 сартай байсан он тооллыг 12 сартай болгож, өөрийнхөө Август нэрээр 8-р сарыг нэрлэснийг дуулгавал сонин байх болов уу?/
2. “Миний нэр” Г. Энхтуяа, Б. Өнөрсайхан 2007 он. УБ. 25-р хуудас.
3. “Улс төрийн философийн удиртгал” Жонатан вольф 2002 он. УБ. Орчуулагч Б. Батчулуун 53-р хуудас.
4. Мөн ном. 54-р хуудас
5. “Социология политических отношений” Москва. 1979 г. 278-283-р хуудас Ежи Вятр.
6. “Сонирхолтой улс төр” Р. Ууганбаатар 2006 он. УБ. 72-р хуудас

No comments: