Sunday, July 12, 2009

Ален Арман “Наадмын комисс дээр хэлсэн үг” /фельетон/

- Нөхдөө наадмын тухай хэлэх хэдэн үг байна.
Нэгд: Наадам дөхлөө. Манай Эрийн гурван наадам нэр эртнээс улбаатай ч орчин үетэйгээ хөл нийлүүлж өөрчлөхгүй бол болохгүй нь. Энэ нэр манай ЗГ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй "Жендерийн тэгш бус байдлын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эмэгтэйчүүдэд оруулах хөрөнгө оруулалтаар дамжуулан хямралаас гарах тогтвортой арга замыг бүсчилэн хөгжүүлэх нь" төслийн үйл ажиллагаатай зарчмын хувьд зөрчилдөж байна. Тэгэхээр энэ жилээс эхлэн Эрийн 3-н наадам гэлгүй Жендерийн тэгш наадам гэж нэрлэх санал оруулж байна. Эсвэл Иргэний 3-н наадам гэвэл бүр догь сонсогдож байгаа биз. Нөгөө иргэний нийгмийнхэн ч тайвширна даг.
Хоёрт: Манай үндэсний бөх бол 8-80 настнууд бүгд барилдаж болдог хамгийн шударга нээлттэй хатуу өрсөлдөөнтэй тэмцээн билээ. Гэхдээ энэ тэмцээний сайхан нэр хүндийг сүүлийн үеийн залуу бөхчүүд маш их унагаж байна. Учир нь тэд гадны хиймэл уураг, булчинтай мэт харагдуулдаг силиконон хөх шиг материал биендээ шахуулсан байдаг учир Баянмөнх, Мөнхбат, Цэрэнтогтох, Балжинням гэх мэт цагтаа шуугиулж явсан ч одоо арайхийн хөл дээрээ тогтож байгаа өвгөчүүл ганц татахад л тэрий хадан унаад байна. Тийм болохоор нэг бол тэр залуу бөхчүүдийн допингийн шинжилгээтэй хамт силиконон булчин шахуулсан эсэхийг нь шалгах, нөгөө бол ахмад бөхчүүдийг ятгаж тэр залуучуудтай золгонгуутаа унаад өгч бай гэж үүрэгдэх нь зөв.
Гурав: Сур харвааны талаар нэг үг байна. Одоогоос 3 жилийн өмнө Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн наадмын нээлтэн дээр урилгаар ирсэн гадны нэг том төлөөлөгч /би улс орны дипломат ёсыг бодож энэ удаа нэрлэхээс татгалзав./ надаас сур харвалтан дээр ингэж асуулаа.
- Чингис хааны үед дайснууд чинь дандаа окопонд байсан юм уу?
- Яасан?
- Тэр та нарын харваад байгаа бай чинь окопонд нуугдсан цэргийн толгой шиг л юм.
Та бүхэн энэ ярианаас чухам юу хэлэх гээд байгааг минь анзаарсан байхаа. Энэ байг жоохон дээшлүүлж өлгөөд морьтой биш юмаа гэхэд ядаж явган цэргийн хэмжээнд хүргэх арга байхгүй юу нөхдөө. За бас нэг Японоос ирсэн нүдний хараа маш их муу бараг – 20 зүүдэг нөхөр ингэж асууж байна.

- Танайхан ч аргагүй л зэрлэг нүүдэлчин хэвээрээ юмаа. Амьд байтай. Тэр хүмүүс оногдвол хэд, оногдохгүй бол хэдэн доллар авдаг вэ?
- Юу? Хэн?
- Яагаав тэр хоёр хэсэг бөөнөөрөө зогссон оногдох ёстой, бас онохгүй болохоор нь оносонгүй ээ гэж орилоод байгаа хүмүүс...Танай энэ харваачид чинь дан сохор хүмүүс байдаг юм уу хаашаа юм? Бараг сохор надаас долоон дор юм. Би ч шил зүүлгүй сум тоолно доо.
За тэгэхээр тэр уухайчдын өмнүүр тусгай сум нэвтэрдэггүй шилэн хаалт тавих мөнгө наадмын төсөвт суугаагүй юмаа гэхэд ядаж мотоцикльчдоос каска малгай ч юм уу, хоккейн холбооноос хувцас хэрэглэл түр авчирч өмсгөх хэрэгтэй байна. Юмыг яаж мэдэх вэ? Манайд ямар зун хоккей тоглох биш. Хувцасаа амбаар саванд далд хийчихээд олоход хэцүү байж магад. Тэгэхээр ер нь Замын цагдаагийнхан уухайчдын тоогоор каска малгай олж ирсэн нь зөв байх.
Дөрөвт: Энэ жилээс эхлэн хурдан морины бүх насны уралдааны хажуугаар автомашины бартаат замын улсын уралдааныг зэрэг явуулахаар боллоо. Тэгтэй тэргүй машинаар дагахыг хориглоод хориглоод нэмэргүй байгаа учир нэг сумаар хоёр туулай буудаж, хурдан морины нас тус бүртэй зэрэг уралдах машиныг мотороор нь ялгаж машины уралдааныг явуулсан нь зүйтэй. Жишээ нь даагатай 1000 хүртэлх мотортой жижиг тэрэгнүүд гэх мэтээр. Нас ахих тусам мотор нь томрох юм. Тэгээд ч гадна дотны морь үзэх сонирхолгүй зочид машины лав үзэх биз...гэхдээ машин морь хоёрыг барианд яаж оруулах вэ? Зэрэг ороод ирвэл яах вэ гэх мэт аар саар асуудлыг хурдан морь, автомашины уралдааны хамтарсан комисс одоо хуралдаад шийдчих...
2009/07/10

No comments: