Wednesday, August 26, 2009

А. Арман “Барын нүд буюу Үл таних бүсгүй”

“Үл таних бүсгүй”
Түмпэн дотор өнгө өнгийн гадуур дотуур хувцас хийгээд, будаг шунхыг нь холилдтол нь хөөсөртөл савандаад хаясан мэт толгой минь эмх замбараагүй бодлуудаа цэгцэлж амжихгүй өвдөж байна.
Сайхан бороо дахиж орвол гадагш гарч ч магад. Гараад сайхан алхаж магад. Алхаж байгаад сайхан уумаар санагдвал нэг рестораны хаалгыг салхи сэвэлзтэл нь татаж ороод, хөлөө ширээн дээр нь шидэнгээ:
- Хүүе миний дүү менюгээ аваад ир дээ...гэж чангаар хашгирна даа...
Тэгээд нэг шил улаан дарс өмнөө тавьчихаад, гудамжаар холхиж буй хүмүүсийг цонхоор ажигласан шигээ тэр л хүмүүсийн амьдралыг би л шийдэж, миний хүссэнээр хорвоо оршин буй мэт, урам зориг уух тусам улам ихсэх нь юутай сайхан.
- Хүүе ээ чи Арман мөн үү?
Миний сууж байсан ширээний дэргэд өндөрдүү нуруутай, нөгөө Опра Уйнфра маягийн хагас тайрсан буржгар үстэй, цайвар гөлгөр арьстай, нүүрээ халхалсан том хар шил зүүсэн, нимгэн хөх ягаан ноолууран задгай цамцтай, залуухан бүсгүй зогсож байна. Надад түүний зөв хэмтэй тэгш хэлбэртэй чих, бас хүзүүндээ зүгээр л утсаар зүүчихсэн барын нүд чулуу таалагдлаа.
- Тийм ээ...Би байна.
- Ямар сонин учрал вэ? Ямар олон жил өнгөрөө вэ? Би энд түр суучих уу?
Хэн бэ гэдгийг нь санахгүй байсан ч би шуудхан татгалзаж чадсангүй. Ёсыг бодож өндийн түүнийг суухыг урилаа. Тэгээд ч ямар ч эр хүн огт танихгүй ч сайхан бүсгүй өөртэй нь яриа өдвөл дуртай л байдаг шүү дээ. Гэтэл энэ бүсгүй намайг таньж байна.
- Би Италид бараг 10 жил амьдарлаа. Саяхан наадмаар нутагтаа нөхөр охин хоёртойгоо ирээд тэгээд удахгүй буцна. Чи яг л хэвээрээ байна, гэхдээ мэдээж хэрэг жоохон банди биш эр хүн болжээ. Харин би их өөрчлөгдөж үү?
Уучлаарай, би ингэж хэлэх гэсэн ч чадсангүй...Амыг нь дагуулаад, “давхилаа”.
- Өө чи ч гэсэн хэвээрээ байна. Гэхдээ мэдээж жоохон охин биш, сайхан бүсгүй болжээ. Аан Италид амьдарч байгаа юм уу? Сайхан газар байхаа...
- Тийм ээ, гэхдээ төрсөн нутгыг бас сайхан дурсамжуудыг яаж гүйцэх билээ?
Миний санаа дагаад ч тэр үү? Тэр үл таних гоо бүсгүйн хоолой чичрэх шиг. Даанч том хар шилний цаанаас түүний бодлыг мэдэрнэ гэдэг тас харанхуй шөнө уулын цаана байгаа гэр дотор бурханы өмнө бадамлаж байгаа цор ганцхан зулыг олж хар гэсэнтэй л адил юм.
Яриагаа дүйвүүлэх гэж:
- Ойрд бороо их орж байгаа...
- Харин тиймээ хүүхэд шуухад хүртэл үхэж үрэгдсэн гэж сонссон...
- Харин тийм ээ...Өө мартсанаас чи юу уух вэ?
- Өөрийнхөө уух дуртай юмаа л ууя...
- Уучлаарай...?
Нөгөөх бүсгүй гэнэт тачигнатал инээд алдав. Тэр ресторанд сууж байсан хүмүүсийг эргэж хартал нь намайг хацраа улайж байгааг мэдэртэл хөхрөв. Тэгээд өндийж, юу ч болоогүй мэт намайг огт танихгүй хүн мэт гараад явчихав. Би дагах ёстой юу, үгүй юу.
Би үлдэв. Тэгтэй тэргүй хогийн тантан шиг амьдралын их холион бантан дунд учир начир байтугай урдахь замаа ч олж харахад хэцүүхэн тийм л мөчид тэртээх он цагийн өмнөх дурсамж...Энэ бүсгүй хэн юм бол?
Дурсамж гэснээс, тэр бүсгүйн хүзүүнд түрүүхэн зүүлттэй байсан барын нүд чулуу ширээн дээрх хоосон цагаан тавган дээр хэвтэж байх нь тэр. Мултраад уначихсан юм болов уу? Араас нь аваачиж өгөх хэрэгтэй...
Сандран тэр чулууг автал, дээр нь санамсаргүй зурчихсан гэмээр а дээр нэмэх б гэж жижигхээн сийлсэн байлаа. Тээр он жилүүдийн өмнөх шиг бүдэг бадаг гэхдээ бүүр түүрхэн нэгэн дурсамж сүүмэлзэж эхэллээ.
2009/07/30

1 comment:

erdenetuya said...

Sonirholtoi yum aa. Tegeed urgeljleliig ni bichihgui yum uu? Ingehed ooroo choloot setgelgeenii duulal yaruu nairgiin naadamd oroltsoj bsan Arman mon uu?