Wednesday, August 26, 2009

А. Арман “Би массажинд дуртай”

“Би массажинд дуртай”
- Тэгэх юм уу?
- Юу?
- Хэрэв тэгэх юм бол 40 мянга шүү...
- Хүүе чи ядаж наад хуруунуудын үеийг дуугаргаадах...
Нөгөөх бүсгүй хирэндээ л “уран” хөдөлгөөнөөр хуруунуудыг минь татсан ч болсонгүй. Дахиад л жоохон “Жонсон бэйби” нялж аваад, шаварт суусан машин татаж байгаа аятай “угзарч” эхэллээ.
- За, за болъё...
Юун үенийхээ шар ус гаргуулах, үе үеэр нь салгаад хаях нь.
- За яахав 30- аар тэгвэл тэг...
- Би чамтай тэгэх гэж ийшээ орж ирээгүй ээ, хөө...Тэгээд ч ах нь түрүүхэн тэгчихсэн. Баярлалаа.
Ядаж байхад хаа ч юм асаалттай байгаа “ЭФ Эм”-ээр “НҮБ” гэнэ үү? “НҮДЭ” ч гэнэ үү, нэг төслийн дарга авгай хөөрхий эм хүйстэн бэлгийн мөлжлөгт өртөн хэрхэн яаж зовж байсныг бараг л өөрсдөө ч юм уу өөрөө ч юм уу яаж сайхан болгосон тухайгаа амаа мэдэхгүй авч өгнө. Очиж, очиж бэлгийн мөлжлөг шүү. Ямар хямдхан орчуулга вэ дээ?
Нөгөөх маань дурамжхан нь аргагүй алчуур, тосоо аваад өрөөнөөс гарав.
Сайхан бүсгүй юмаа. Хүүхдээрээ шахуу царай, чилгэр тэгшхэн хөл, чийрэг сэргэр хөх, бараг “бенз” шахуу “гаагаа” ч юм уу, мини ч юм уу?
Даанч харц нь хотын төвийн подвальд байх тэр саун шигээ бөөн “манан будан, уур цан”, юу бодож байгаа нь ч “харагдахгүй”, обойдож өнгөлсөн тэр хананы цаана эцэс төгсгөлгүй үргэлжилсэн бохир, цэвэр усны хонгил шиг хаанаас хаа хүрэх нь ч таагдашгүй.
Би уг нь “тэгэх” гэж нэрлээд байгаа тийм “массаж”- нд дуртай. Ганцхан тэр бүсгүй маань гимнастикчин ч юм уу, эмнэг сургагч шиг биш байлаа ч, үл мэдэг чичирхийлж байгаа тийм л биеийг илбэх дуртай.
Нэг их хайр асаж дүрэлзээд байдаггүй юмаа гэхэд, үнсэлт хүлээсэн тийм л харцыг мэдрэх дуртай. Нарт ертөнцийн түг түмэн эрчүүдээс намайг гэж урин хүсэж байгаа нь гэрэлтэж байдаг тийм харцанд би дуртай. Олон олон бүсгүйтэй оддын дор нуугдаж яваагүй ч тоотой хэдхэн учрал болгон тодоос тод, одноос ч хурц гэрэлтэж байдаг юмаа. Би тийм харцанд зүрхээ “массаждуулах” дуртай.
2009/07/27

А. Арман “Би эмэгтэй хүнд дуртай”

“Би эмэгтэй хүнд дуртай”
Бурханы авралаар би эмэгтэй хүнд дуртай. Тэд ойлгомжгүй байх тусам гайхамшигтай санагддаг. Тарган туранхай, өндөр нам, мисс юм уу цэвэрлэгч хийдэг нь хамаа алга. Эмэгтэй хүн л бол би тэднийг хайрладаг.
Яагаад гэвэл би эрэгтэй хүн. Бурхан эр эм гэж хоёр эсрэг хүйс заяасан учир нөгөө хүйснийхнээ хайрлахгүй бол яах гэж хүн тэр тусмаа эрэгтэй хүн болж төрөх юм бэ? Бас хорчин, худалч, хулгайч юу ч бай, нөгөө бол биеэ үнэлэгч, эсбөгөөс нөхрөө эзгүйчилдэг ч бай хамаа алга. Тэдэнд бидний хийж чадахгүй амьдрал ургуулах ид шид бий учир нөхдүүд минь тэдний өмнө бөхөлзөх нь зүйтэй.
Ингэхэд би хэдийнээс эсрэг хүйсээ сонирхож эхлэв. 3-р ангид байхаа. Манай ангид Налайхаас хэдэн хүүхэд шилжиж ирсэний дотор Амартүвшин гэдэг нэг их урт гэзэгтэй хацран дээрээ мэнгэтэй охин байлаа. Хайр дурлал гэж юу болох тухай мэдэхгүй ч гэлээ тэр яагаад ч юм надад маш их таалагдсан.
Анх удаа би эсрэг хүйсний хүнээ сонирхсон минь тэр.
Миний таньж мэддэг ангийн болон байрны охидуудаас их л өөр зүгийн амьтан мэт санагдаж байсан. Бодлыг минь уншсан мэт багш хажууд суулгаж, би эмээгийнхээ өглөө өгсөн ганц ширхэг чихрийг түүнд өгч билээ. Тэр үед чихэр ховор бараа байсан юм шүү дүү нар минь.
Даанч манай ангийн Нандиа гэдэг хамгийн аманцар ховч охин харчихаад ангиар нэг тараав аа...Арман шинэ ирсэн охинд чихэр өгсөн гээд л...Манай ангийн охидууд муухай хараад л, банди нар аан энэ тэгвэл чиний авгай гэлцэн нүүр хийх газаргүй болгов. Би хичнээн эсэргүүцээд тэд тэр охиныг миний авгай гэж нэрлэхээ больсонгүй. Тэгтэл нэг нь сонин санаа гаргав.
Арман чихэр өгсөн охиноо өөрөө зодох ёстой гэж...
Зодно гэхээр аймаар балбана гэсэн үг биш л дээ. Ямар ч байсан цохих ёстой байлаа. Манай ангийн хөвгүүд тэр тэнэг санааг дэмжлээ. Би авгайтай гэдэг нэрнээс салахын тулд юу ч хийхээс буцахгүй байв. Хэдий тэр охиныг өрөвдөж байсан ч, тэр надад маш их таалагдаж байсан ч би тэр охин руу очоод хөл рүү нь өшиглөж билээ.
Тэр миний эмэгтэй хүнд гар хүрсэн анхны бөгөөд эцсийн хуншгүй тохиолдол байсан юм.
Тун ч удалгүй манайх байранд орж, би өөр сургууль руу шилжсэн. Гэхдээ л би харамсаад байлаа. Бодоод л яваад байлаа. Яасан муухай юм хийв дээ гэж...Одоо хүртэл тэр тухай боддог. Хэрэв тэр хаа нэгтээ амьд мэнд байдаг бол уулзаж уучлал гуйх юмсан. Түүнээс хойш маш олон жил өнгөрч, олон ч үйл явдал болж, амьдралд минь сайн муу олон бүсгүй зөрж өнгөрлөө.
Ажил дээрээ ч юм уу амраг хайрын асуудлаас болж, аргаа баран цохиод авмаар санагдаж байсан үе таарсан ч, би гаднах нь хачин байдалтай байгаа ч дотоод мөн чанар нь гайхамшигтай эмэгтэй хүний өөдөөс нударгаа зангидаж чадахгүй юм билээ. Тэгсэнд орвол наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдийн хоол нь буцалж байгаа тогоотой зуухыг гүйж очоод өшиглөөд хаясан нь дээр...
Хамгийн анхны Эр хүн бүсгүйгээ галзуу зэрлэг араатнаас хамгаалах гээд ч юм уу, эсвэл тэр хүүхнийг өөрийн болгохын тулд юу ч хийхээс буцахгүй болтлоо галзуурчихсан ирээдүйн нөхрийнх нь гарт амиа алдсан байх даа.
Тиймээ би эмэгтэй хүнд дуртай. Гудамжинд эмэгтэй хүн цохиж байгаа хоёр гурван нөхөртэй нударга зөрүүлэв. Даанч нөгөө өмөөрсөн хүүхэн маань нөхөртэйгээ нийлэн над руу дайраад жоохон тиймхэн юм болно гээч. Бүгд л тэгдэг. Хөөрхийс гэртээ хэзээ нэгэн цагт харихаас хойш нөхрөөсөө айдаг байх л даа. Аягүй бол нөгөө нөхөр нь сайхан өлгөж аваад надаар далимдуулан дахиж балбах биз...
Бүсгүйчүүд бидэнд зодуулахын тулд биш биднийг зодолдуулахын төлөө төрсөн юм шүү л гэж хэлэх гээд дэвэн дэлхийгээр нисэв ээ...Эрчүүд ээ, гар чинь загатнаад байвал бокс гэж нэг гоё спорт байдаг юм шүү дээ. Олимпийн аварга болчих ч юм бил үү?
2009/07/14. Улаанбаатар

А. Арман “Тэрбумтан болохыг мөрөөдөгсдөд”

“Тэрбумтан болохыг мөрөөдөгсдөд”
Эрхэм та 9 тэгтэй мөнгөн хөрөнгийн эзэн болохыг хүсвэл, дараахь 9 зарчмыг уншаад үз. Би ямар нэгэн номноос орчуулаагүй бөгөөд магад уншсан олон номны мөрүүд холилдсон байхыг үл үгүйсгэнэ:
1. “Хүн бол хамгийн чухал капитал бөгөөд хүнд оруулсан бүхий л хөрөнгө оруулалт эргэж нөхөн төлөгддөг.” Карл Маркс хэлжээ. Намайг хоцрогдсон социалист юм ярилаа гэх хүмүүн байх ахул дөнгөж энэ хавар АНУ-д Карл Марксын эдийн засгийн онолыг судлах жил бүрийн ОУ-ын эрдэмтэн судлаачдын ээлжит бага хурал болсныг тэмдэглэх нь зүйтэй байх. Тэгэхээр хүн хамгийн чухал капитал гэдгийг үргэлж санаж яв. Учир нь чи хүний бодсон зүйл дээр, хүн ажиллуулж, хүнд зориулсан юм хийгээд, хүн тэрнийг чинь худалдан авснаар зөрүү мөнгөн дүн нь чамд ашиг болох учир хэзээ ч хоосон цифрэнд битгий утга учир өг. Тэрэнд орвол бага ангийн хүүхдийнхээ тооны хичээлд тусал.
2. Нэмүү өртөгийн онолыг дээр дурьдсан эр бас л оновчтой тодорхойлсон. Хэлээд хэлээд ойлгохгүй юм бол хэлэхээ болъё оо гэдэг шиг бид ч тэр дундаа ирээдүйн тэрбумтан та ч гэсэн нэмүү өртөг шингэсэн талх худалдан авч байгаа учир талоноо битгий хая. Бас талоноор үйлчилдэггүй дэлгүүр лангуунаас юм битгий худалдан ав. Жил бүрийн санхүүгийн тайлангийн улиралд багтаан өөрийн дэлгүүрт үйлчлүүлсэн талонуудаа цуглуулан авч очоод нэмүү 10%-ийн татвараа буцаан авч болдог. Жоохон залхуутай бас ичмээр ч юм шиг. Гэхдээ баяжихыг хүсэж байгаа бол тэр хүний сэтгэл хөдлөлийн янз бүрийн булчирхайнуудаа “авхуулсан нь” дээр шүү. Үүгээр юу хэлэхийг хүсэв гэхээр, Чи өөрөө ч нэмүү өртөг гэгддэг энэ банкнаас гадуурх ямар ч хүүгүй мөнгөн хуримтлалын санг арвижуулахын оронд түүнээс зугатах боломж бололцоог эртнээс судалж байгаарай гэсэн үг.
3. Мөн түүнчлэн татварын багц хуулиудын дундаас зөвхөн хөнгөлөлт урамшуулалттай хэсгийг тогтоогоод ав. Маань мэгзэм шиг.
4. Асар их баялаг зүгээр нэг ороод ирдэггүй учир улстөрчидтэй найзал. Тэдэнд мөнгө өгч болно. Харин зээлдэүүлж болохгүй гэдгийг үргэлж сана. Хэрэв тэднээс тус гуйх юм бол тэд чамаас зайгаа барина. Тийм учир ажил хэргийн шинжтэй л яриагаа эхэлж ажил хэрэгчээр наймаагаа дуусга бай.
5. Хууль бус наймаанд оролцож гэв гэнэт баяжих санал үргэлж ирнэ. Чи орох гэж огт бодохгүй байна гэсэнд орвол одоохондоо мөнгөөөр муу байна гэж худал хэл. Хэрэв нөгөө нөхөд азаар контрабанд нь амжилттай болоод “дороо томорвол” чамайг овоо хараандаа оруулна. Чи “бууны нохой” ч юм бил үү? Тийм учир сонинууд дээр өртэй байгаагаа, компани чинь урагшилахгүй байгаа мэтээр жоохон бичүүлж анхаарлыг өөрөөсөө холдуулж болох юм. Хэрэв нөгөө нөхөр бүр “Дон Корлеоне” болчихвол, ажлын өдөр ч хамаагүй ганц шил юм бариад зүгээр л амьдрал хүүхэд насаа ч юм уу, анх танилцаж байсан тэр үеэ ярьж чалчих гэж оч...тэр гайхна. Сэжиглэнэ. Тэгээд чамайг шал согтуу гарч явсан хойно. Өөрөөс нь юу ч гуйх гэж ирээгүйг ойлгоод тайвширна. Харин хүмүүс чамайг түүнтэй их ойр гэж бодно. Өөрөөр хэлвэл бусад жижиг гарууд чамайг оролдохгүй.
6. Хэн нэгэн улстөрчийн ах дүүс эсвэл нууц амраг нь түр зуур эргүүлэх асар их мөнгөн боломжийн тухай санамсаргүй мэт ам алдана. Хэрэв чи үүнийг шүүрээд авбал хохь чинь. Уг нь чамайг овоо тул юм бодож байсан чинь харин жараахай байж. Ийм хүмүүс хэзээ ч мөнгийг чинь эргүүлж өгөхгүй дээ. Шүүхэдвэл чи л өөрөө “бөгсөө ухуулна”. Нөгөө улстөрч дээр орвол, надад та нарын асуудал ямар хамаатай юм бэ гээд суучихна. Аягүй л бол мань эр чам руу дэгээ шидсэн дээ.
7. Бүх төрлийн бизнес рүү хөрөнгө оруулаад маш хурдан хөрөнгөө татан авч байх хэрэгтэй. Өөрөөр хэлвэл одооныхоор хувьцаа эзэмшээд зарна гэсэн үг. Гэхдээ зарим нэг нь “Баавгай” болох гээд бамбаруушхан болчих тохиолдол бий. Би энд шууд утгаар нь хөрөнгийн зах бизнес ярьсангүй. Түүн шиг л мөнгөө байнга эргэлдүүлж нэгээс нөгөөд шилжиж бай гэх гэсэн юм. Энэ нь урт хугацааны лизингээс илүү богинохон хугацаатай ломбард ашигтай байдгаар харагдана.
8. Хувьсгалыг хүртэл зээлээр л хийдэг юм шүү. Ленин Германаас 14 сая марк зээлсэн нь саяхан нэхэгдээд бөөн юм болж билээ. Тэгэхээр хүнээс зээлэх гуйхдаа зоригтой байгаарай. Чи тэрбумтан болохоос хойш тэрмуугаас хэдэн цааас түр л авч байгаа болохоос. Өгөхгүй бол болино л биз...Гэхдээ мартахгүй ээ...Өөрөөр хэлвэл чи мөнгө зээлэхийг хүсэж байгаа тэр үедээ харц дээгүүр нэг их гүн бөгөөд чи тэр хүнээс биш тэр хүн чамаас зээлэх гэж байгаа мэт асуусан үл итгэсэн харцтай бай...
9. Хамгийн хямд төсөр зүйл хэрэглэж бай...тэгэхдээ ажилтнуудаа хамгийн гоё хувцаслахыг шаардаж, сайхан үнэтэй оффист суулгаж, үнэтэй ресторанд дайлж бай. Тэр том хүлээн авалтны эзэн бусдаасаа эрс ялгагдаж харагдана. Нэг Зөөгч тэнд андуураад суучихсан гэмээр. Дэлгүүрт байж л байдаг хямдхаан костюмтай. Үгүй мөн энэ тэрбумтнууд нэг бодлын маягтай нэг бодлын ямар энгийн байх юм бэ?
За хэрэв та бүхэнд сонихолтой санагдвал өчүүхэн надад зурвас илгээгээрэй. Чадан ядан бичвэрлэсүү...
2009/07/21

А. Арман “Интернэт байхад машинаар яах юм бэ?”

“Интернэт байхад машинаар яах юм бэ?”
Өнөө өглөө “өнөөдүүл чинь” бензиний үнийг дахиж 90 төгрөгөөр нэмчихэж. “Өнөөдүүл”-ийн “зовлон зүдгүүр”-ийг эх орныхоо төлөө хэрхэн яаж “зүтгэж” байгааг “ойлгосон”, Засгийн газар 7 сарын 8 наас бензинийг онцгой албан татвараас чөлөөлсөн. Ингэхдээ импортын үнэ өмнөх 6-р сараас 11-33 хувиар өссөн учир Монголчууддаа 360-470 төгрөгөөр нэмэгдсэн бензин хэрэглүүлэхгүй чухам цагаа олсон “Эх оронч” шийдвэр гэж “гоншигнож” байсан. Даанч тэр үед уг нь бидэнд огт падгүй ч хамгийн үнэтэй “бензин” тэр тусмаа, “Өнөөдүүл”-ийн жишээ авах дуртай “Бренд” бишээ “брент” Лондонд 2 хувиар, харин Нью Йорк дээр 2,3 хувь хавьцаа өссөн гэж одоо цагийн хэл мэддэг “бацаан”- ууд хүртэл ойлгохоор мэдээ явж л байх чинь билээ. Гэтэл саяхан даа 10-аад хоногийн өмнө бас бензиний үнээ нэмсэн.
Гэтэл “Өнөөдүүл” чинь “нөгөөдүүл”-ээ өөрсдийнх нь “найрка”-г уусаар байгаад юмны наад цаадахыг ухаарахгүй маанаг болсон, аль эсвэл юм мэддэг хэд нь бүгд гараад явчихсан учир юу ч мэддэггүй, чадалгүй “нөгөөдүүл” нь эндээ үлдсэн юм чинь яав л гэж инээд алдан суудаг бололтой. Ядаж байхад “Өнөөдүүл” чинь мартамхай юм. Улс орны төлөө “нойр хоолгүй зүтгэж” байгаа ёстой манай Ж. Бат-Оргилын хэлдгээр “Улс орныг авч явж сурсан учир унахгүй байгаа” өнөөдүүл өөрсдийнх нь мөнгийг арвижуулсан “Цахим монгол” хөтөлбөрийн буянаар, “нөгөөдүүл” нь интернэт гэдэг юмтай болчихсоныг таг мартчихаж. Баярлаад л байх юм булан тохой бүрт “Мэдээлэл” байдаг болжээ.
Амралтын улирал болохоор юмны үнийг нэмдэг нь, айлын нөхрийг томилолтооро явсан хойгуур эхнэр лүү нь мөлхдөгөө хогийн “монгол гүндүүгүй” чанар гэдгээрээ халхавчилна. Саяхан даа, бас хэдэн “Өнөөдүүл” зун болонгуут хүмүүсийг наадамлаж байх үеэр “тог”-ны үнээ нэмэх гэж “нөгөөдүүл”- ийн нөгөө юу руу нь “мөлхөж” байгаад “гардуулж” тэгс ингэсхийн “хээгүй царайлж” байгаад мөрөө буруулсан.
Яг л нэг хулгайч шиг. Хүүхний “хормой сөхөх”- дөө хүртэл эр хүн шиг бай л даа. Сайхан хийморьтой эр хүнд салхи хүртэл тусалдаг юм л даа, уг нь. Бүсгүй ч өөрөө хүлээж байдаг юм л даа, уг нь.
Гэтэл хулгайч. Харанхуй шөнө, хүн бүлгүй айлын тотгоор тэмтрэн дайрах, арчаагүй хар шаар.
Бүсгүйчүүд минь ийм зүйрлэл авсанд намайг өршөөж үзээрэй. Энэ “Өнөөдүүл” чинь юмны үнийг яг л албан тушаал, алт мөнгө, ажил сургууль амлан хөөрхий зарим “тэдний охин шиг бүсгүйчүүдийн хормойг хулгайч шиг сөхдөг” шигээ нэмээд байгаа учир л “нөгөөдүүл”-ийн нэг нь ийм зүйрлэл авлаа.
Ийм үед эр хүн гэж өөрийгөө бодож буй “нөгөөдүүл” минь, “адуу”-ндаа явмаар байсан ч, явах ёстой байсан ч гэрээсээ бүү холд. Хулгайчийг бүү өөгшүүл. Тэр гахай хоншоорыг нь тас өшиглөөд хая. Тэр бензинийг нь бүү ав. Үр хүүхэд чинь өнөөдөр чамайг хоол олж ирээгүйд өлсөж болно, уйлж болно. Тэглээ гээд тэр “өнөөдүүл”-ийн боол болж, насан туршдаа өлсөж, уйлахгүй ээ.
Өмнөөс тосох их ирээдүй харин чамайг инээмсэглэн угтах болно. Хүүхдүүд чинь ч гэсэн хүмүүнлэг ардчилсан нийгэмд хүн шиг амьдарч, Хүннү Сүннүгийн түүхтэй эх орныхоо бүрэн эрхт эзэд нь болно. Харин “өнөөдүүл” Швейцарийн дансан дахь хадгалмжаа “тэврээд”, аль нэг улсаас иргэншилэл “гуйлгачилан” “жаргах” цаг удахгүй. За орхиё.
Интернэт байхад машинаар яах юм бэ? Байгаль орчин, улсын төсөв гээд ямар их хэмнэлт гарна гээч...Би эдийн засагч биш ч мах, талхны үнэ 2 дахин бууна даа. Хэрэв бид “адуу”-ндаа “явахгүй”, “голомт”-оо манаж чадах юм бол...
2009/08/10

А. Арман “Хойч үеэсээ уучлал гуйн сөгдөх нь”

“Хойч үеэсээ уучлал гуйн сөгдөх нь”
Биднийг өршөө. Чадвал битгий зүхээрэй. Яаж ч чадаагүй нь түмэн буруу.
Эцсийн нэг өдөр биднийг шүүх, эрхэм Эх орны эздээс энэ цаг үеийнхээ 2 сая 700 мянган хүний нэрийн өмнөөс уучлал гуйя.
Хойч үеийн Монгол улсын бүрэн эрхт эзэн таниас, эрх ямба, идээ будаа, өнгө мөнгөнд “цатгалдаж” эх орон байтугай эцэг эх, элгэн саднаа ч “өвөр зуураа” эсбөгөөс “өрөөл бусдад” зарж суугаа, нэгэн он тоолол дор арьс ширний цехийн хог хаягдалтай нэг голын уснаас цуг ундаалж, “Освенциум” – оос дутахгүй яндангын утаанд хамт хордож байгаа өнөө цагийн “Ардчилсан сонгууль”-аар гарч ирдэг 76 удирдагчдын нэрийн өмнөөс уучлал гуйя.
Архи ууж мансуурахдаа л эх оронч болчихдог ааг омог нь багтаж ядсан мэт ч, арааны чинь ч пянг даахгүй арчаагүй зальтай новшнуудад, хонины морь шиг хазаарлуулан номхорсон түг түмэн хийморь нь үхчихсэн эрчүүдийнхээ нэрийн өмнөөс уучлал гуйя.
Би Чингисийн удам гэж Лондон ч юм уу Сан Франциско, Сөүлийн бааранд нус нулимсаа унаган “гоншигнох” хар амиа бодон, эх орноо хаяад одсон 130 мянган “элит”-үүдийн нэрийн өмнөөс уучлал гуйя.
Жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй атал, жинхэнэ “улстөрч”, нутгийн ахын буянаар харанхуй хөмөрсөн тогоон дотроос гэв гэнэтхэн хуучин хүү шинэ хүү болон хувирч, аймгийн төв, хот суурин бүр алгасаад хөгжингүй баруунд хөл тавьсан ч, өнөөх л өчигдөр “Улаан хацартай” явсан шигээ эх орныхоо газар шороог “Улаанаар нь эргүүлэх” орчин цагийн бизнесмен нэртэй гадны боссуудын түүхий эд бэлтгэгчдийн нэрийн өмнөөс уучлал гуйя.
Уучлаарай, ирээдүйн Иргэн та...
Увайгүй энэ захидлыг уншиж буй тэр агшинд чинь Монголын их говь шанхийн нутагт гурав дөрвөн асар том хар нүх ангайж харлаад, ийм болно тийм болно гэсэн гоё гоё рекламтай зурагт самбарууд руу нь ганц нэг золбин нохой шээж харагдах байх.
Уг нь наад хар нүхнүүд чинь алт эрдэнэсээр дүүрэн байсан юм. Бидний энэ үед. Харийхан биш харийханаас ч дор харалган “энэ цагийн эзэд бид” хамтдаа хамж аваачаад харийханд өгчихсөн юм.
Та нарын үед алт зэс, одооны алт зэснээс хэдэн зуу дахин үнэтэй болчихсон, Антарктид тив дээр дайны гал дүрэлзэж байгаа биз.
Айлын ус буцалгагчаас атомын бөмбөг хүртэл алт, зэсгүй бол ажиллахгүй гэдгийг амьдран буй энэ цаг үед маань харамсалтай нь ойлгох хүн ховор байна.
Бидэнд өвөг дээдэс байгаагүй мэт биднээс та нар төрж үлдэхгүй мэт аашилж байна.
Тэгээд л би “найз”-уудынхаа өмнөөс уучлал гуйя. Намайг ч гэсэн оруулаад бид бүгдийг уучлаарай.
2009/08/06

А. Арман “Барын нүд буюу Үл таних бүсгүй”

“Үл таних бүсгүй”
Түмпэн дотор өнгө өнгийн гадуур дотуур хувцас хийгээд, будаг шунхыг нь холилдтол нь хөөсөртөл савандаад хаясан мэт толгой минь эмх замбараагүй бодлуудаа цэгцэлж амжихгүй өвдөж байна.
Сайхан бороо дахиж орвол гадагш гарч ч магад. Гараад сайхан алхаж магад. Алхаж байгаад сайхан уумаар санагдвал нэг рестораны хаалгыг салхи сэвэлзтэл нь татаж ороод, хөлөө ширээн дээр нь шидэнгээ:
- Хүүе миний дүү менюгээ аваад ир дээ...гэж чангаар хашгирна даа...
Тэгээд нэг шил улаан дарс өмнөө тавьчихаад, гудамжаар холхиж буй хүмүүсийг цонхоор ажигласан шигээ тэр л хүмүүсийн амьдралыг би л шийдэж, миний хүссэнээр хорвоо оршин буй мэт, урам зориг уух тусам улам ихсэх нь юутай сайхан.
- Хүүе ээ чи Арман мөн үү?
Миний сууж байсан ширээний дэргэд өндөрдүү нуруутай, нөгөө Опра Уйнфра маягийн хагас тайрсан буржгар үстэй, цайвар гөлгөр арьстай, нүүрээ халхалсан том хар шил зүүсэн, нимгэн хөх ягаан ноолууран задгай цамцтай, залуухан бүсгүй зогсож байна. Надад түүний зөв хэмтэй тэгш хэлбэртэй чих, бас хүзүүндээ зүгээр л утсаар зүүчихсэн барын нүд чулуу таалагдлаа.
- Тийм ээ...Би байна.
- Ямар сонин учрал вэ? Ямар олон жил өнгөрөө вэ? Би энд түр суучих уу?
Хэн бэ гэдгийг нь санахгүй байсан ч би шуудхан татгалзаж чадсангүй. Ёсыг бодож өндийн түүнийг суухыг урилаа. Тэгээд ч ямар ч эр хүн огт танихгүй ч сайхан бүсгүй өөртэй нь яриа өдвөл дуртай л байдаг шүү дээ. Гэтэл энэ бүсгүй намайг таньж байна.
- Би Италид бараг 10 жил амьдарлаа. Саяхан наадмаар нутагтаа нөхөр охин хоёртойгоо ирээд тэгээд удахгүй буцна. Чи яг л хэвээрээ байна, гэхдээ мэдээж хэрэг жоохон банди биш эр хүн болжээ. Харин би их өөрчлөгдөж үү?
Уучлаарай, би ингэж хэлэх гэсэн ч чадсангүй...Амыг нь дагуулаад, “давхилаа”.
- Өө чи ч гэсэн хэвээрээ байна. Гэхдээ мэдээж жоохон охин биш, сайхан бүсгүй болжээ. Аан Италид амьдарч байгаа юм уу? Сайхан газар байхаа...
- Тийм ээ, гэхдээ төрсөн нутгыг бас сайхан дурсамжуудыг яаж гүйцэх билээ?
Миний санаа дагаад ч тэр үү? Тэр үл таних гоо бүсгүйн хоолой чичрэх шиг. Даанч том хар шилний цаанаас түүний бодлыг мэдэрнэ гэдэг тас харанхуй шөнө уулын цаана байгаа гэр дотор бурханы өмнө бадамлаж байгаа цор ганцхан зулыг олж хар гэсэнтэй л адил юм.
Яриагаа дүйвүүлэх гэж:
- Ойрд бороо их орж байгаа...
- Харин тиймээ хүүхэд шуухад хүртэл үхэж үрэгдсэн гэж сонссон...
- Харин тийм ээ...Өө мартсанаас чи юу уух вэ?
- Өөрийнхөө уух дуртай юмаа л ууя...
- Уучлаарай...?
Нөгөөх бүсгүй гэнэт тачигнатал инээд алдав. Тэр ресторанд сууж байсан хүмүүсийг эргэж хартал нь намайг хацраа улайж байгааг мэдэртэл хөхрөв. Тэгээд өндийж, юу ч болоогүй мэт намайг огт танихгүй хүн мэт гараад явчихав. Би дагах ёстой юу, үгүй юу.
Би үлдэв. Тэгтэй тэргүй хогийн тантан шиг амьдралын их холион бантан дунд учир начир байтугай урдахь замаа ч олж харахад хэцүүхэн тийм л мөчид тэртээх он цагийн өмнөх дурсамж...Энэ бүсгүй хэн юм бол?
Дурсамж гэснээс, тэр бүсгүйн хүзүүнд түрүүхэн зүүлттэй байсан барын нүд чулуу ширээн дээрх хоосон цагаан тавган дээр хэвтэж байх нь тэр. Мултраад уначихсан юм болов уу? Араас нь аваачиж өгөх хэрэгтэй...
Сандран тэр чулууг автал, дээр нь санамсаргүй зурчихсан гэмээр а дээр нэмэх б гэж жижигхээн сийлсэн байлаа. Тээр он жилүүдийн өмнөх шиг бүдэг бадаг гэхдээ бүүр түүрхэн нэгэн дурсамж сүүмэлзэж эхэллээ.
2009/07/30

А. Арман “Баавгай замаа зассан нь”

“Баавгай замаа зассан нь”
Удахгүй дэлхийд өвөл болно. Ганцхан өөрийнх нь амьдарч буй ой тайгад ч биш бүхий л дэлхий тэр аяараа хүйтэрнэ гэдгийг болхи хөдөлгөөнтэй ч амттанд дуртай Бор баавгай сайн мэднэ.
Тэгэхээр хөлд нь орооцолдсон хэнийг ч ээжээ ааваа болтол нь, эргүүтэж дэмийртэл нь алгадах тэнхээ тамиртай байгаа дээрээ Өлөн Саарлын амьдардаг тал газраас идэх уух юм ахиухан базаагаад авбал ч болох нь тэр.
Өлөн Саарал гэдэг нь өнөөх Бор баавгай гэв гэнэт “улаан” өнгөтэй болж, ойн бүхий л амьтад “эв хамт” амьдарна гэж “аймаар шударга” хууль гаргасан 70 гаруй жил, хэл ус, арьс өнгө өөр бүр өөр тивд амьдардаг ч “ах дүүс” болсон Польшийн музейд “бэлэглэсэн” - 4 метр урт Дэлхийн хамгийн том чоно гэсэн тодотголтой өвөг дээдсээсээ биеэр өчүүхэн амьтан л даа. Юун тэр эртний тэнгис далайгаар сэлээд ирсэн Бөртэ чонотой нь харьцуулах.
Уг нь Бор баавгайн ичээ өвөлжөөг тойроод, идэх уух юм байтугай эрдэнэс, эрдэс их бий. Гэвч өөрийгөө тэнгэрийн Луу гэж бүлтэрдэг ч үнэндээ ердийн нэг тарианы Хөх Тагтаа болох нэг нөхөр өдөр шөнөгүй юм юм зууж ирээд, өнөөх Өлөн Саарлыг өөрийгөө хэн болохоо марттал нь “бэлэн бөгөөд эрүүл хоол”-оор хооллож, эргэж нисэхдээ ээрэм талыг хоосортол нь тонших болсонд Бор баавгай дургүйцэж ийн холыг зорьжээ...
Тарианы Хөх тагтаа даанч олуулаа. Нэг шаагилдаад эхэлвэл муухан зодсоноос дээр юм болно.
Өлөн Саарал өөрөө идэх хоолгүй байсан ч зочиндоо хамаг байдгаа гаргадаг зочломтгой бас сүүлийн үед том том амьтад тэднийд ирэхдээ үдийн цай, унаа юүлэх гэх мэтээр хальт бууж мордсоныгоо их юманд бодох боллоо гэж ганцаараа унтууцаж уурлах болсон гэдгийг гадарлах болсон учир энэ удаа өнгөрсөн хавар бас л хальт мордоод гарсан дарга найз Бор баавгайгаасаа арай удаан зочлохоор шийджээ. Цагаан толгойт бүргэд хүртэл тийш зүглээд байхад...
Бэлтгэлээ ч ахиухан базаав. Өлөн Саарал гар цайлгах юманд нугасгүй. Ямар сайндаа Өлөн нэр зүүхэв. Сэтгэл цагаахан. Гарыг нь л цайлгачихвал газар доор нуусан ганц үмх өөх, бүр бүхэл бүтэн хонины сүүлээ ч гаргаад өгч мэднэ.
Ингээд Бор баавгай замдаа гарчээ.
Ойгоос тал зүглэсэн жим бараг балрах гэж байсныг сая л гэнэт ухаарч. Тэгээд замаа засахаар шийдэж. Ямар Өлөн Саарлаас авах идэх уух юмаа үүрээд мод чулуу тойрч баахан цаг хүч заралтай нь биш. Сайхан шулуухан зам засчихаад:
- Ай даа анд минь би ор мөргүй алга болох гэж байсан энэ сайхан замыг нөр их хүч хөрөнгөөр заслаа даа...Хэн энэнд санаа тавив. Би л санаа тавилаа. Цаад Цагаан толгойт бүргэд байтугай тарианы Хөх тагтаа хүртэл өчнөөн олон жил чамайг сайхан үлгэрээр хуурлаа. Ер нь тэгээд ч жигүүртнүүдэд итгээд хэрэггүй. Тэд чинь биднээс огт өөр төрлийн амьтад. Харин бид бол ах дүүс, аягүй бол нэг гарал угсаатай байх ч мэднэ. Энэ жигүүртнүүдийг Луу байх үед шүү дээ. Эрэлхэг саарал чоно минь энэ замыг, одоо ингээд, зүгээр л нэг харж суух гэж би бариагүй юм шүү. Алив наашаа наадуулаа өнхрүүлээд байгаарай...Би буцаагаад өнхрүүлье. Гэхдээ нааш ирсэн юм буцахдаа арай багасах байх. Өнхөрч явахдаа элэгддэг гэдгийг мэднэ биз дээ...
Сэтгэлийг нь уургалвал бие нь хаа холдох...
Энэ үгийг уг нь Өлөн Саарлын өвөг дээдэс нь тарианы Хөх тагтааны өвөг дээдсийг балбаж хаячихаад, Бор баавгайн өвөг дээдэстэй нударга зөрүүлж явахдаа хэзээ ч юм хэлсэн гэдэг.
2008/08/25

А. Арман “Хааны хайрын түүх”

Халуун байлаа. Хөлс урсаад л...НТВ телевиз дээр барууны түүхэн сэдэвтэй кино эхэлж байна. Гол дүрд нь бидний мэдэхээр нөгөө “садар сэгсүүхэй” /секс символийг ийн хөрвүүлэв. зохиогч/ Мерилин Монрог “өөрөөсөө дор” хэмээн шуугиан дэгдээсэн, анх “Орчуулгын түүх” үе мултарсан хоёрын хайрын тухай кинонд тоглож алдаршсан Скарлет Йоханссон байна.
Ерөнхий утга нь “6 хатан сольсон 8-р Генри Тюдор буюу Англи улс, Ромын сүм хийдээс тусгаарласан түүх”.
8-р Тюдор ямар хүн байв. Яагаад 6 эхнэр солив. Энэ үзүүлэлт одоо ч томхон “Геннис”.
Хоёрыг нь цаазалж, хоёроос нь салаад, нэгийг нь “цааш нь харуулж”, бараг сүүлийн ганцтай нь “хүн ёсоор” амьдарсан хачирхалтай түүхийг та бүхэнд чадан ядан уншсан сонссоныхоо тогооноос хүргэсүү.
Тэр нэг бүсгүйгээс салж, нөгөө хүүхэнтэй суухын тулд бүх дэлхийн улстөр, шашны түүхийг өөрчилж.
Тэгсэн мөрт нөгөө түүхийг өөрчилсөн хүүхнээсээ салахын тулд цаазалсан байх юм.
Харин кинон дээрээ бол нэг айлын эгч дүү хоёртой учир ургуулах маягтай. Нээрэн кино л юм чинь дээ.
“Зүрхний массаж”- гүй бол явж өгдөггүй дайнч эр байв уу? Зүгээр л хөнгөн, шалиг дүр эсгэсэн, харгис хэрцгий дарангуйлагч байв уу?
Тэр үед бүсгүйчүүд түүнийг бүчиж байлаа.
Яг л түмэн өнгийн төгөлдөр тансаг цэцэгс хивс мэт зулсан, төгсгөл үгүй мэт уудам тал дунд, дураар идээшлэн давхих эрх дураар эмнэг хангал, халтар азарга шиг, цатгалдсан мөрт үнэр агь тансаг цэцэгсийг туурайгаараа тас тас няцалж, нэг бол дээр нь хөрвөөж, туучиж...
Олох нь ч амар, орондоо оруулах нь ч амар, одоо яв гээд хөөх нь ч амар байж. Учир нь тэр бол Хаан. Хааны таалалд нийцнэ гэдэг их юм байхгүй юу, тэр үед.
Хоч нь “Хуузат”. VII-р Генрихийн бага хүү. Багаасаа овоо ч ном уншиж, нанчилдаанд ч нилээдгүй суралцаж, тэр бүхэнд өөрийнхөө зорьсон зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй, хатуужил тэвчээртэйг харуулжээ.
Өнгөц харахад гэрлэлтүүд нь түүнийг хувийн зугаа цэнгэл хөөсөн, амиа бодсон “ханаж цадашгүй донтон” мэт сэтгэгдэл төрүүлэвч, ачир дээрээ зүгээр л нэг Европын улс орнуудын гадаад, дотоод бодлого, Англи улсын тэргүүлэх ноёдуудын ураг төрөл, удам угсаагаа “хамгийн дээд сэнтий”-д дөхүүлэх гэсэн увайгүй оролдлого, яг үнэндээ нөгөөх нь албан тушаал, алт эрдэнэс, эзэмшил газар, аймаар муухай шуналын үр дүн л байжээ.
Тэр олон эхнэр сольсон шигээ, олон янзын нөхцөл байдалд дасаж хувирч өөрчлөгдөж чаддаг байж. Ажиглаад байхад, түүн шиг хатуу чанга хүмүүст ийм чанар маш ховор тохиолддог.
Уг нь тэр биш, түүний том ах Артур хаан ширээнд суух ёстой байсан ч гэв гэнэт үхсэнээр “Бурхан хаадыг ивээдэг” гэсэн үг үнэн болов. Одоо бол “Бурхан Америкийг ивээдэг” гэх болж. Ахтай нь сүйлсэн, уруулан дээрээ жижиг ургацагтай болохоос бусдаар үзэсгэлэн төгс Арагоны Катеринатай суучихав.
1524 онд Арагоны Катерина буюу авааль эхнэрээсээ “аль уже” уйдчихсан хааны нүдэнд шадар түшмэлүүдийнх нь нэг болох Томас Болейн гүнгийн охин, лорд Персигийн залуухан гэргий Анна Болейн өртжээ. Зүгээр ч нэг өртсөнгүй, өр зүрхийг нь булаажээ.
Хааны зүрх үнэтэй бөгөөд хэн ч тэр зүрхний хэмнэлээр амьдарч, амьсгалах ёстой. Бас баярлах. Лорд Перси чухам эхнэрээ хаанд “бэлэглэж”, салахыг зөвшөөрөхдөө баярласан болов уу?
Хуримаа ч товлов. Гэтэл нээрэн мань эр айл гэр салгаж явах мөрт өөрөө тэр тухай бодоогүй явж. 8-р Генрих Тюдор хаанд Мария буюу ирээдүйд 1-р Мария бүр цаашилвал Цусан Мария гэх хочтой хатан хааныг төрүүлж өгсөн Катеринагаас салах зөвшөөрлийг дэлхийн Католик шашны төв Ватиканы хамба өгөх ёстой.
“Тэд” юунаас ч юм удаад байв.
Дургүй нь хүрсэн Генрих 1530 онд парламентын “ээлжит бус чуулган” хуралдуулж, Английн сүм хийдийг Ром бюу Ватиканы захиргаанаас чөлөөлсөн хийгээд Английн хаан нь Английн сүм хийдийн тэргүүн Хамба байх тухай хуулийн төслийг “хэлэлцүүлэн батлуулсан”- аар өнөө бидний Протестант урсгалын эх суурь тавигдсан байх юм.
Эрх чөлөөгөө иймэрхүү замаар олсон Английн сүм хийдийн “Тэргүүн Хамба” “тэр хоёр”-ын хуучин гэрлэлтийг нь тэр дор нь “салгаад хаяв”. Эрх чөлөөтэй болсон гоонь эр ч шинэ эхнэртэйгээ 1533 онд хуримлав. Намрын 9 сард охинтой болсон бөгөөд Елизавета гэж нэрлэсэн тэр охин та бидний, яагаав нөгөө худалч хуурамч эр нөхөрт гарахгүй хэмээгээд “хаан сэнтий”-тэйгээ “хуримладаг” хатан хааны тухай нэг кино байдаг даа, тэр 1-р Елизавета юм.
Анна Болейн хоёр жил ч бололгүй хааныг “уйдаав”.
Сайхан Джейн Саймуртай амьдарвал сая нэг юм хүн болж төрсөний хэрэг бүтнэ гэж бодсон байх, тэр хүүхнийг хараад Генрих. Гэвч анхныхаас нь салгаж, хоёрдахь нь болж наалдсан Аннаг салахыг зөвшөөрүүлэхээс улайрсан бух руу цэцэг бариад очих амар мэт санагдаж.
Мөрөөрөө холдоод өгөхгүй бол мулт цохиж хаяна гээч болов.
Эзэн хааныг эзгүйчилнэ гэнээ. Ямар муухай хатан бэ? Тэгээд хэнтэй тэр вэ?
Ордонд болсон нэг удаагийн бүжгэн дээр эртнээс хатан хаанд дурлаж явсан Генри Норис хатан хааны газарт унагасан бээлийг авч өгөх төдийд түүнтэй янаг амрагийн явдалтай бүр цаашлаад хааныг хороож, төр шашныг эзэнгүй болгох гэж байсныг “үнэнч нохдууд” нь дор нь “илрүүлэв”. Бас төрсөн дүү Рошфор лордтой хийгээд бас бус ордны нилээн хэдэн нөхөдтэй нэг бол “явсан” нөгөө бол “хайрласан” байв. Бас тэдний нэг Смитокс нь “хэргээ” өөрөө “сайн дураар хүлээв”.
Үнэхээр байж болшгүй. Эзэн хааныг хуурч.
1536 оны 5 сарын 15 нд Аннагийн толгойг авав. Харин охин Марияг хааны ширээ залгамжлах эрхгүй болгов. Гэвч түүх яаж өөрчлөгдсөнийг дээр товч дурьдсан.
“Зөрүүд эхнэрээ номхотгосон” бэлэвсэн эр маргааш нь л, Джейн Саймуртай сүй тавив.
Хөөрхий хүүхэн бас л жаргал үзсэнгүй. Төрөх гэж 2 долоо хоног тарчилсаны эцэст эмч нар хаантай нууцаар зөвлөлдөв. Хатныг уу? Хүүхдийг үү?
- Хүүхдийг амьд гаргаж авч болох л юм бол тэр хүүхэн яах вэ? Би хэдийг бол хэдийг, хаанаас бол хаанаас ч олно...
Тэр эдгээр үгийг тайван бөгөөд шийдмэг хэлсэн гэж түүхэнд тэмдэглэжээ.
Хэнээс ч юунаас айлгүй, хэнийг ч юуг ч тоолгүй хайрлаж явсан хатдууд нь харин ч хэнээс ч юунаас ч долоон дор “амьтад” байв, 8-р Генрих Тюдорт.
Бодоод байх нь ээ, нөгөө нэг азарга ямар сайхан түмэн өнгийн цэцэгс хивс мэт зулсан тал дунд давхиж яваагаа ухаарсандаа бус, зүгээр л бөөн идэх уух юм, хоолон дунд орчихоод баярлан тонгочиж давхидаг байж. Тас тас татаад л...
Европ даяар түүний тухай одооны аймшгийн кино шиг яриа ам дамжина.
Харин 4 дэх “сонголт” нь болсон, герцог Иоанн Клевскийн охин Анна “азтай” байв.
Тэнэг хүн тэг дундуур нь гэдэг дээ. Төрөлхийн маанагдуу Анна хуримын шөнөө үсэндээ өндөгний шар түрхчихээд, өвөрт нь орсон хийгээд, эр эм хоёрын үүрэг бол нойрсохын өмнө гараа үнсээд, бие биендээ:
- Сайхан амраарай, сайхан зүүд зүүдлээрэй хонгор минь ...гэж хэлээд л боллоо гэж барагдуухан ойлгодог, бүдүүн хадуун бүсгүй байж.
Энэ хүүхнийг протестантын “Сарнайн хүлэг баатрууд”-ын үлдэгдлийн нэг, Хааны ерөнхий сайд Томас Кромвель “олж иржээ”. 1539 онд 8-р Генрих шинэ эхнэртэйгээ “хөрөг зураг”-аар нь танилцаж. Зураач хэтэрхий гоё зурсан гэдгийг мэдээгүй, сэтгэл нь хөдөлсөн, 48 настай Генрих гар нь салгалан:
- Аваад ир, одоохон аваад ир...гэж. Удаа ч үгүй:
- Чи энэ муухай мануухайг хаанаас олоод ирээв? Төрхөмд нь хурдхан буцаа...гэж Кромвель руу хашгичлаа.
- Гэгээн дээдэс минь хэрэв та хурим хийх тохироогоо зөрчвөл бүх Европ бидний эсрэг, өршөөгөөрэй Английн эсрэг дайн зарлавал яана.
- Чөтгөр гэж...гэхдээ тэр үсэндээ өндөгний шар түрхдэг тэнэг мануухайтай чинь би л лав ойртохгүй шүү...
Салах хүсэлтийг Анна зөвшөөрөв. Хэл ам ч дэгдээсэнгүй. Энийг авна, тэрийг авна гэх мэтээр харин ч нэг хөрөнгө зоорьтой болоод авав. Хэд хэдэн бэхлэлт цайз болон “гэр бүлээ цуцлуулсаны төлөө” жил бүр 4000 фунт “шагнуулах”-аар болов. Одоогийнхоор лав 4 сая хавьцаа байхаа, фунтээрээ шүү дээ.
19-хөн настай зүс бие төгс Катерина Говард, энэ удаа буюу 5 дахь удаа хатан нь болох хувь тавилангаар хөгшин Генрихийн овоо хараанд өртөв. Ирээдүйд юу болохыг насны залуугийн харгайгаар ухаараагүй аальгүй “бяцхан охин” “цаазын тавцан” руу инээд алдан өгсөв. Хааны хатан гэдэг сайхан титэм. Харамсалтай нь их л эрт “эр эмийн ажил”-д дуртай болсон тэр жоохон охин олон ч нууц амрагтай байж. Хаанаас өмнө нь ч, хойно нь ч. Олон жилийн өмнө “хэлмэгдсэн” Анна Болейнийг бодвол үнэхээр цаазлуулахад ч багадам “гэмт хэрэг” олныг үйлджээ. Ямар Генрихт хүүхэн олдохгүйн биш.
Сүүлчийн буюу 6 дахь эхнэр нь, хөгшин лорд Невилийн бэлэвсэн гэргий, мөн л хөгшин Латимер бэйсийн бэлэвсэн гэргий, бээлийн авхай Катерина Парр байв.
Сонирхолтой гуншин шигээ тэр хэнтэй ч хэл амаа ололцож чаддаг ухаалаг хүүхэн байв, явж явж нэг юм ашгүй дээ.
Тэр хэл ам, хэрүүл уруул, албан тушаалын наймаа, авилгал, атаа хорсол, хааны галзуу мэт ааш араншин, урьдын хатдын хүүхдүүдийн хар сэрийг өөрөөсөө маш чадварлагаар тойруулна.
Дээр нь үнэнч гэж...Генрихийн нөгөө “үнэнч нохой”-нууд түүнийг 4 жилийн турш “мөрдөж мөшгисөн ч огт мөр олсонгүй”.
1547 онд гуравдахь удаагаа бэлэвсэрхэд нь нэг юм орхив. “Экс” хааны хатныг одоо хэний даалгавраар хэн мөрдөх вэ дээ? Ингэж л Англи Ватиканаас, эхнэр нь Генрихээс салсан юм даа.
2008/08/22
/ Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлахыг хориглоно. /