Wednesday, April 27, 2011

Ален Арман “Би жагсана...”

“Өнөөдөр тэр хөдөлгөөний тийм тэргүүн тэнд хэвлэлийн бага хурал хийж, тийм тийм муу муухай бузар булай юмыг эсэргүүцэж, тэнд тулган шаардах бичиг өглөө. Хариугаа тэдэн гэхэд өгөхгүй бол тэгж ингэж тэмцэнэ, тэмцлийн хамгийн тийм хэлбэрийг сонгоно, ингэнэ.”

Бид өдөр тутмын ийм усан мэдээг, ус цаг уурын мэдээнээс ч доогуур үнэлдэг болоод удаж байна. Хальт хараад л өнгөрдөг. Харамсалтай нь тэд үүнийг ойлгодоггүй. Тэмцэл тэдний яс маханд шингэсэн болохоор тэр юм болов уу, гэтэл?

Хатуухан үнэнийг хэлэхэд, энэ шударга бус, эрх тэгш биш байдал, хээл хахууль улсын мөнгө идэх, эрх мэдлээ ашиглах, ард түмнээ басамжлах бол хуучнаар капитализмын соёлтойгоор хэлвэл ардчилалын байдаг л, жирийн нэг үзэгдэл юм шүү дээ. Бүгд социализмын муу муухайг гайхан тоталитар, авторитар, тиран энэ тэр гэсээр сталин, чойбалсангаас цэдэнбал хүртэл үхтэл нь харааж зүхэн байж ийшээ баяжих тухай мөрөөдөн мөлхөж, ирсэн.

“Мөнгөтэй л бол болох нь тэр”
Мэдээж мөнгөөр хамгийн их дутагдаж байсан, люмпен болон жирийн айлуудын хүүхдүүд түүн рүү дундаж сэхээтнүүдээс илүү шунан, ханцуй шамлан орсон.
Харин хар ажил хийж сураагүй дундаж сэхээтнүүдийн дийлэнхи нь золиосонд гарав. Тэд наснаасаа эрт тэтгэвэрт хөөгдөх нь хөөгдөж, наймаа хийж олсон мөнгөө найздаа хулхидуулаад, өгсөн архийг нь ууж уучлаад, архинд орж, амьдралаа сүйтгээд ихэнхи нь одоо байхгүй.

Шинэ монгол, ингэж 37 оны хэлмэгдүүлэлтээс, 60-70 оны сэхээтний төөрөгдлөөс илүү олон мянган хүнээр амьдаар нь “туг тахин” байж ардчиллыг сонгосон. Тэд сонгосон нийгмийнхээ золиос болсны учрыг хэн нь ч ойлгоогүй, зөвхөн “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Чи л өөрөө буруутай”, “Тийм ухаантай юм бол мөнгө чинь хаана байна” гэх мэт хатуу үгийг зөв хэмээн бодож өөрсдөдөө бурууг өгсөн.

Харин мөнгөний амт үнэрийг хоосон ходоодондоо дүүртэл нь чихэж эхэлсэн залуус 20-р тогтоолоос эхлээд л, энэ юун луйвар вэ гэж гасалж эхлэв. Тэднийг гахай зөөж, спирт найруулж байх хооронд анх удаа ард түмнээ байтугай АИХ-ын депутатуудаа, хэдхэн бага хурлын гишүүд нь хулхидсан байлаа.

Ромын сенаторууд энэ үгийг хэлэх дуртай байж.
“Өөрчилж болохгүй шийдвэр бол хамгийн муу шийдвэр”
Харин манайд хэн ч энэ шийдвэрийг өөрчлөхийг хүссэнгүй. Ингэж эхэлсэн тэмцлийн түүх их, бага хувьчлал, байр мал, сонгууль энэ тэр гэсээр өнгө хэлбэрээ өөрчилсөн ч, нөгөө л агуулга бол хэвээрээ. Энэ хэлбэрийн хувьслын нэгээхэн илрэл бол хувьсгалд уриалан дуудагч тэмцэгч нэртэнгүүд юм.

“Мөнгө бүхнээс хүчтэй”
Бид мэдсээр байж энд ирсэн. Тэмцлийн нэр хүндийг өдрийн 5000 төгрөгөөр гутаасан, одоо бол зангиа зүүж, хэвлэлийн бага хурал зарлах мөнгөтэй, салж нийлж ханадаггүй авгай нөхөр шиг тийм тийм холбоо үндэсний нэгдсэн энэ тэр гэж орилж хашгичих нөхдүүд бол зүгээр бухимдсан ард түмэн биш.

Ард нь нөгөө 5000-гаар нь уриаг нь бариад зогсох 100 хүрэхгүй өвгөн эмгэн ч ард түмэн биш юм.
Ард түмэн энэ бүхнээс үнэхээр залхсан учраас улстөрчдөд ч, увиагүй худалч дараагийн улс төрчдөд ч итгэж, хүүхдээ хоосон хонуулж байснаас гээд 21 мянган төгрөгөндөө дугаарлаж зогсоно.

21 оны тэмцэгчдэд 90 жилийн дараа 21000 төгрөг ард түмэндээ бэлнээр өгдөг болно гэж хэлсэн бол баярлаад, үр хойч минь бидний буянаар жаргах юм байна гэж нулимс унагах байсан.
Учир нь тэдний ихэнхи нь хятад пүүс дэлгүүрт л хэдэн хув цай, хуй торго, хэдэн шаазан архины өртэй байснаас дэлхий дээр мөнгөний ханш гэж нэг юм байдаг. Тэр бол өсөж үржиж, унаж босож байдаг тухай зүүдлээ ч үгүй. Юун энэ үнэт цаас энэ тэр.
Өрийн дансыг шатаагаад л хаявал болох нь тэр гэж бодож явсан. Өрийн дансыг шатааснаар биш өөрийнхөө дотоод сэтгэлгээг “шатааж шинэчлэхгүй” бол үргэлж мөнхөд өртэй байсаар байх болно.

Тиймээ мөнгө бүхнээс хүчтэй. Тийм учраас өөрөө унасан хүүхэд уйлах ёсгүй.
Учир иймд юмны үнэ нэмэгдэхэд жагсдаг, тэр жагсаалыг ивээн тэтгэх тийм хүн гарч ирсэн цагт, тэгээд тулган шаардах бичиг сүртэйгээр өгдөг болох тэр цагт бид харин зөв юмныхаа төлөө тэмцэж эхлэх нь тэр.
Тийм жагсаалын төлөө би л лав мөнгө өгөхгүй байсан ч жагсана.

Ромын консулууд ингэж хэлдэг байж. Ажлаа өгөөд буухдаа:

- Feci,quod potui, faciant meliora potentes...

“Би чадах бүхнээ хийсэн. Цаашид хэн чадна, тэр нь илүү сайн хийг л дээ”. Бас ингэж нэг хэлээд сурчих юмсан.

2011/02/24

No comments: