Wednesday, April 27, 2011

Ален Арман “Замаа алдсан бүсгүй, зам харуулдах эмгэн, замаа олоогүй залуу гурав”

Бүүдийсэн баргар өдөр. Сэмжин үүл, сахилгагүй нэгний тавьсан түймрийн утаа хоёрын аль нь мэдэгдэхгүй нэг тийм саарал тэнгэр. Саяхан даа, уржигдархан амралтын өдөр манай зуслангийн байрны дэргэдэх хашааны, урьдын цэнхэр өнгөө нар салхинд гээсэн, нимгэн банзан “амбааранд” нэг хуучин “цагаан пүрштэй” ор, жижиг зурагт, тогоо шанага гэх мэтхэнтэй ирж төвхнөсөн, яг л энэ бүүдгэр тэнгэр шиг був буурал үстэй, залуудаа нуруулаг байсан нь илт ч, нас тавилан хоёрт уу, эс бөгөөс нэг л өдөр ирсэн гай зовлонгоос уу, бүү мэд, нуруу нь нэг тийм хачин бөгтгөр туранхай эмгэн, гав ганцаар довжоон дээрээ өдрийн турш тамхи ороон баагиулсаар зам ширтэж хоёр хонов.
Хэдийдээ ч цай унд уудаг юм, хэнийгээ ч хүлээж суугаа юм, бүү мэд.

- Сайн байна уу, эмээ?
- Сайн сайн хүүхээ, наадах чинь юу юм бэ?
- Аан энэ жоохон сүү. Манайх тээр доод улаан тугтай манаачийнхаас өглөө болгон авдаг юм. Та цайгаа сүлж уугаарай...
- Өө хүү минь баярлалаа. Гэхдээ яах гэсэн юм бэ? Эмээд нь нөгөө цаасан савтай сүүнүүд байгаа. Та нар өөрсдөө хэрэглэ. Их баярлалаа.

Гандсан хүрэн улаан дээл шигээ ганцаардмал бас гашуу оргитол савсуулах дүнсэн тамхи шигээ ааг омогтой нь илт тийм нэг ертөнц. Авах шинжгүй, бас намайг хүн гэж анзаарсан янзгүй алсыг ширтэх эмгэний “элэгдсэн бор нэхий дээл” шиг нүд, зөөлхөн салхийг ч даахгүй нулимсаа “барна”.

Буцъя даа. Тавхан алхам газар. Гэхдээ тэртээ хол дуудаад дуулаад, уйлаад учирлаад ч эргэж ирэхгүй одсон эмээгээс минь ялгаа юу байхав. “Бидонтой” сүүгээ дэргэд нь “хаячихаад”, дуудах вий гэсэндээ ганцхан харайгаад гэртээ орлоо.

Хаа нэг салхи эргэхэд, уржигдраас дасал болсон өнөөх улаан тамхины утаа үл мэдэг “зөвшөөрөлгүй гэрт дайран орж” ирэх нь, эмгэн үүдэн дээрээ сууж байгааг мэдэгдэнэ.

Ай хөөрхий амьдрал чи энэ тамхи шиг гашуун бөгөөд уугисан юм санж уу. Тийм ам заваартуулсан, ийм цээж хорсгосон байх нь чиний бах тав уу?
Дэлхий нар буруу эргэж байж, нар жаргадаг юм байна. Тэнэг нээлт хийчихээд, үүдээрээ шагайвал эмгэн алга, хөнгөн цагаан “бидон” маань одоо харин тэдний довжоог сахин намайг харуулдана.

Зөрүүд ч эмгэн бол доо. За яахав. “Бидоноо” авах гээд дөхвөл тэднийхээс тэс өмнөө дуу хоолой цангинах нь тэр.

- Тэгсэн чинь би тэр залууд юу гэж хэлсэн гээч...Ха ха ха...Намайг ийм хямдхан гэж бодоо юу? Наад мөнгөөрөө өөртөө оймс авч өмс гээд тэр мөнгийг нь нүүр лүү нь шидчихсэн...Ха ха ха...Нүд нь ямар том болсон гээч...Та харсан ч болоосой...Ха ха ха...

Залуухан бас уянгалаг хоолой. Харин ярьж, инээж байгаа нь засаршгүй бөгөөд увайгүй.

- Тэгээд тэр байна шүү...Ёо ёо элэг хөшлөө. Хэрэв чамд багадаад байгаа бол би нэмээд өгье л дөө, хэд хэрэгтэй юм гэнээ...Ха ха ха...Тэгэхээр нь би, чамайг тэгж хоосруулж, хэдэн хүүхдийг чинь гуйлгачин болгоод яах вэ гэчихсэн...Ха ха ха...Маргааш над руу ярьж л таарна...ха ха ха...Хоёулаа тэгээд сайхан өөрсдийн гэсэн зуслангийн “хаустай” болноо...

Эмгэн энэ охиныхоо араас л тийм эцэж цуцахыг үл хайхран зам ширтдэг байж. Ийм замаа алдсан хүний араас санаа зовохоос өөр яах ч билээ гэх мэтийг бодсоор “бидоноо” аваад эргэтэл, хаалга нь цэлсхийтэл нээгдлээ.

Бүрхүүлгүй чийдэнгийн гэрэлд эрэгтэй хүүхэд шиг богинохон халимагтай, уран гоолиг хүзүүтэй, чийрэг тэгшхэн бие нь өө сэвгүй нь илт тодрох, нимгэн “сарафан” ёс төдий нөмөрсөн залуухан бүсгүй зогсож байлаа. Даанч царай нь харагдахгүй юм.

- Хэн бэ?
- Уучлаарай, би “бидоноо” л авсан юм.
- Аан...зөв зөв. Харин эмээг маань уучлаарай. Угаасаа тэр хүнээс юм авах дургүй муухай ааштай. Баярласан шүү. Хайран сүү. Ёстой уучлаарай.
- Зүгээр ээ. Сайхан амраарай.
- Чи ч гэсэн сайхан амраарай. Бас дахин уучлаарай.

Гайхаж хоцорлоо. Түрүүхэн эх захгүй, шалиг замбараагүй зүйлийг хэнээс ч ичилгүй чалчиж байсан бүсгүй тэр мөн үү? Мөөн мөн байлгүй яахав. Хоолой нь яг мөн. Гэхдээ үнэхээр харамссан өнгөтэй байсан, сая надтай ярихдаа. Бас тэр уучлал гуйж чаддаг юм байна. За за бурхан өршөөг. Жүжигчин юм болов уу? Ямар сайхан бие хаатай юм бэ? Ёстой л нээрэн мөнгөтэй хүн бол мөнгө хаяхаас ч өөр аргагүй...Царайг нь харж чадаагүй нь тоогүй юм боллоо. Маргааш яаж ийж байгаад түүний царайг харах хэрэгтэй. Ямар үзэсгэлэн гоо бол? Нүд нь тас хар болов уу эсвэл...Амьдрахын эрхэнд л тэгж муу муухай юм хийж байгаа биз дээ? Тэрнээс биш хэн ч тийм замаар амьдрахыг хүсэхгүй....Ер нь тэр зүгээр л жүжигчин байх. Тэгээд нэг тийм хөгшин хүнээс мөнгө салгадаг дүрийнхээ бэлтгэлийг хийж байхад нь би сонсоо биз. Яг тэгсэн байж таарна. Тэрнээс ийм сайхан хоолойтой ийм сайхан бие хаа зүс царайтай бүсгүй биеэ үнэлэгч байж таарахгүй...Бурхан минь би түүний царайг нь хараагүй шүү дээ. За тэр тийм чухал биш. Сарнайн иш өргөстэй ч дэлбээ нь ямар зөөлхөн билээ...

2010/05/04

3 comments:

zaya said...

goe blog boljee naizaa amjilt husie zaka

Anonymous said...

Үнэхээр сайхан болжэээ.... Хэлэх ч үг алга :)

ZULE said...

goy blogtoi yumaa amjilt (^_^)